| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2017/0361/И |
| Дугаар | 345 |
| Огноо | 2017-11-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1979 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Налайх дүүргийн 6 дугаар хороо, Усан сан 5 дугаар гудамж 03 тоотод оршин суух Сүмчин овогт Цэнд-Аюушийн Мөнхцэцэг /РД:НУ83081727/
Хариуцагч: 1979 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, ам бүл 1, Налайх дүүрэг, 6 дугаар хороо, Шилжрээ 4 дүгээр гудамж 09 тоотод оршин суух Олгонууд овогт Норовсамбуугийн Лхагвасүрэн /РД:УР79071172/-гээс
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг, хариуцагч Н.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Н.Лхагвасүрэнтэй 2005 онд танилцаж, 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2 хүүхэд төрсөн. 2012 оноос хувийн таарамжгүй байдлаас тусдаа амьдарч байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй бөгөөд Н.Лхагвасүрэн нь архи уухаараа агсам тавьж удаа дараа намайг зодож, хоолойг маань боож ална гэж сүрдүүлдэг. Сүүлд 2007 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр намайг боомилж 2 хүүхдийг маань зодно гэж хөөсөн. Намайг 2 хүүхэдтэй маань хамт ална гэж гэрээ хүртэл шатааж хүчирхийлдэг учраас цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд Н.Лхагвасүрэнгээс гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Н.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Мөнхцэцэгийн ярьж байгаа бүгд үнэн. Хэдэн жил эхнэр хүүхдээсээ тусдаа амьдарлаа. Ганц бие амьдрал бол амьдрал биш юм байна. Цаашид архи уух асуудлаа таслан зогсоогоод эхнэр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдрах хүсэлтэй. Энэ хүсэлтийг эхнэр маань хүлээж авахгүй бол гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ эхийнх нь асрамжид өгч тэтгэлэг төлнө гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг хариуцагч Н.Лхагвасүрэнгээс “архи ууж агсан согтуу тавьдаг, удаа дараа зодож, ална гэж сүрдүүлдэг” үндэслэлээр гэрлэлтийг цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Н.Лхагвасүрэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрч амьдарна гэж маргасан.
Шүүх энэхүү маргааныг Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хянан шийдвэрлэв.
Хариуцагч Н.Лхагвасүрэн, нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэг нар 2005 онд танилцан эр эмийн харьцаанд орж 2007 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсноо 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 0068535-313 дугаарт бүртгүүлж гэрлэлтийн баталгаа авчээ./хх-6/
Гэрлэгчид ханилан суух хугацаанд 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр охин Л.Хонгорзул, 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр охин Л.Алтанзул нарыг төрүүлжээ./хх-8-9/
Хариуцагч Н.Лхагвасүрэн нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгтэй ханилан амьдрах хугацаанд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, улмаар эхнэр Ц.Мөнхцэцэгийн эрх чөлөөнд удаа дараа халдаж хүч хэрэглэсний улмаас 2012 оноос тусдаа амьдарч байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Хариуцагч Н.Лхагвасүрэн гэр бүлдээ хүчирхийлэл үйлддэг, үүний улмаас гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан цагдаагийн байгууллагын хайлтын системээс авсан торгуулийн хуудасны бүртгэл/хх-11-19/, Налайх дүүргийн 6 дугаар хорооны хамтарсан багийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3 тоот тэмдэглэл/хх-20-21/ зэрэг баримтуудаар тогтоогдсон учраас шүүх Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан ажиллагааг явуулахгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Н.Лхагвасүрэн эхнэр Н.Мөнхцэцэгийг удаа дараа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байснаа хүлээн мэдүүлж архи согтууруулах ундаа хэрэглэхгүй гэр бүлээ тэжээж хамт амьдрах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч 2012 оноос хойш эхнэртэйгээ эвлэрч амьдрах талаар санаачлага гаргаагүй, тусдаа амьдарч байх хугацаандаа ч архи ууж агсан согтуу тавьж эрх чөлөөнд нь халдаж байсан байна.
Түүний энэ үйлдэл нь гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй байх тул гэрлэгчдийг эвлэрлүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн.
Гэрлэгчдийг тусдаа амьдрах хугацаанд охин Л.Хонгорзул, Л.Алтанзул нар эх Н.Мөнхцэцэгийн асрамжид байсан, тэд цаашид эхийнхээ асрамжид байх саналтай зэрэг байдлыг үндэслэн хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн байжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалаг, үүргээ биелүүлэх нь туслах үүрэгтэй.
Гэрлэлт цуцлагдсан ч энэ үүрэг хэвээр үлддэг учраас эцэг Н.Лхагвасүрэн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасан хэмжээгээр сар бүр тэжээн тэтгэх үүрэгтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгож хуульд заасан журмын дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118, 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасныг баримтлан Сүмчин овогт Цэнд-Аюушийн Мөнхцэцэг, Олгонууд овогт Норовсамбуугийн Лхагвасүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д заасныг баримтлан 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Л.Хонгорзул, 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Л.Алтанзул нарыг эх Ц.Мөнхцэцэгийн асрамжид тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Л.Хонгорзул, 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Л.Алтанзул нарт 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Лхагвасүрэнгээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Н.Лхагвасүрэнгээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан хариуцагч Н.Лхагвасүрэн шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202.866 /хоёр зуун хоёр мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагч Н.Лхагвасүрэнгээс 202.866 /хоёр зуун хоёр мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мөнхцэцэгт олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ