Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 378

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар       

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо Нарлагийн 2 дугаар гудамж 07 тоотод оршин суух Алагадуун овогт Цэвэгмэдийн Цэцэгмаа /РД:УЮ69010608/-гийн

Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1969 онд төрсөн, 48 настай. Хүнд, хортой нөхцөлд ажиллаж байсан шалтгаанаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нээгдээд байгаа боловч 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн 283110 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт эцгийн нэрийг Цэгмид, 1995 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нээлгэсэн 422961 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт эцгийн нэрийг Цэгмэд, 2005 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нээлгэсэн 089453 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт эцгийн нэрийг Цэвэгмяд гэж буруу бичсэн зөрчлийн улмаас мөн 1987 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд илгээлтээр “Багануур дахь Монгол ажилчдын захиргаа”-д туслах ажилтнаар орж ажилласан тухай хөдөлмөрийн дэвтэрт бичилт байгаа боловч тушаал нь архивт байхгүй, мөн 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дүүргийн АХ-ын гүйцэтгэх захиргааны 74 дүгээр тогтоолын дагуу “Нүүрсний уурхай”-н мэдэлд шилжүүлсэн 42 дугаар тушаал архивт байхгүй, 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Багануурын нүүрсний уурхай”-д будагчнаар ажиллаж байсан тухай хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн, тушаал архиваас олдсон боловч эцгийн нэр  Цэгмид гэж буруу бичигдсэн. 1994 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл “Багануурын ШТС №1”-д түгээгчээр ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн, тушаал архиваас олдсон хэдий ч мөн эцгийн нэрийг Цэвэгмид гэж буруу бичсэн. Мөн тушаалд түгээгч операторч гэж бичигдээгүйгээс хүнд хортой нөхцөлд орж чадахгүй хохирч байна.

Иймд хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Цэвэгмэдийн Цэцэгмаа мөн болохыг тогтоож, 1987 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл “Багануур дүүргийн Монгол ажилчдын захиргаа”-д туслах ажилтнаар, 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Багануурын нүүрсний уурхай”-д будагчнаар, 1994 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл “Нефть импорт хангамжийн нэгтгэлийн харъяа Улаанбаатар хот дахь Нефть хангамжийн Багануурын ШТС №1”/одоогийн “Петровис” ХХК/-д түгээгч операторчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа 1969 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 45 нас хүрч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т заасан нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардагдах баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа шалтгаанаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 163 тоот тушаалаар батлагдсан Тэтгэвэр тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмын 3.1.5-д заасан ... “ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тухай тушаал ...нь архивын үндсэн баримтаар нотлогдоогүй тохиолдолд уг хугацааг шүүхээр сэргээн тогтоолгосон шийдвэрийг хавсаргана”  гэснийг үндэслэн  хөдөлмөрлөж байсан үйл баримтаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн 283110 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт ажилтны эцгийн нэрийг Цэгмид, 1995 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нээлгэсэн 422961 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт даатгуулагчийн эцгийн нэрийг Цэгмэд, 2005 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нээлгэсэн НДД № А089453 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт даатгуулагчийн эцгийн нэрийг Цэвэгмяд гэж зөрүүтэй бичсэн нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгч Цэцэгмаагийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт /хх-5/, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн төв архивын 1-01/013840 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх-6/-гаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, фото зураг нь дээр дурьдсан иргэний үнэмлэхний хуулбар, ТҮЦ машины лавлагаа, архивын тодорхойлолтод бичигдсэн нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, фото зурагтай тохирч байхын зэрэгцээ хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажлын тухай мэдээ, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлд бичигдсэн бичилтүүд нь хэрэгт авагдсан ажил олгогчийн гаргаж байсан тушаалын хуулбаруудтай цаг хугацааны хувьд таарч байгаагаас үзэхэд ажил олгогч дээрх дэвтэрүүдийг нээж бичилт хийхдээ нэхэмжлэгч Цэцэгмаагийн эцгийн нэрийг Цэгмид, Цэгмэд, Цэвэгмяд гэж зөрүүтэй бичсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нээсэн 283110 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нээсэн 422961 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нээсэн НДД № А089453 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь УЮ69010608 регистрийн дугаартай Алагадуун овгийн Цэвэгмэдийн Цэцэгмаа мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа 1987 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл “Багануур дүүргийн Монгол ажилчдын захиргаа”-д туслах ажилтнаар, 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Багануурын нүүрсний уурхай”-д будагчнаар, 1994 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл “Нефть импорт хангамжийн нэгтгэлийн харъяа Улаанбаатар хот дахь Нефть хангамжийн Багануурын ШТС №1” /одоогийн “Петровис” ХХК/-д түгээгч операторчноор ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн.

Тэрээр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6., Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Ажилласан хугацааг тооцох журмын 6-д зааснаар шүүхээр ажилласан хугацааг тогтоолгох шаардлага гаргах эрхтэй.

1987 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл “Багануур дүүргийн Монгол ажилчдын захиргаа”-д туслах ажилтнаар ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тухай тушаал шийдвэрийг ажил олгогч “Багахангай дүүргийн архив”-т шилжүүлж өгөөгүйгээс нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн ажиллаж байсан байдал нь архивын үндсэн баримтаар нотлогдохгүй байгаа нь “Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газар”-ын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 4/91 дүгээр тодорхойлолт /хх-42/-оор нотлогдож байна.

Архиваас ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэр нь олдоогүй ч  1988 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нээсэн 283110 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд ажлын тухай мэдээний 1, 2-т “1987 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ЕБСургууль төгсөөд Налайхын районы ХНХ-ын 22 тоот томилолтоор ирсэн тул “Зөвлөлтийн барилгын байгууллагын ЖКК”-д туслах ажилтнаар томилон ажиллуулав. Багануур дахь Монгол Ажилчдын захиргааны даргын 1987 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 62-р тушаал гэсэн, 1991 оны 8 сарын 20-ны өдрийн Дүүргийн АХ-ын Гүйцэтгэх захиргааны 74-р тогтоолын дагуу Нүүрсний уурхайн мэдэлд шилжүүлэв. МАЗ-ын даргын 1991 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 42-р тушаал гэсэн бичилт /хх-7/ хийгдсэн байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа хүсэлтээр түүнтэй  хамт ажиллаж байсан Ц.Цэцгээ, Д.Туяахүү нараас гэрчийн мэдүүлэг авахад тэд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн үйл баримтын талаар гэрчлэн мэдүүлсэн. 

Мөн нэхэмжлэгч 1994 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл “Нефть импорт хангамжийн нэгтгэлийн харъяа Улаанбаатар хот дахь Нефть хангамжийн Багануурын ШТС №1” /одоогийн “Петровис” ХХК/-д түгээгч операторчноор ажилласан талаар хөдөлмөрийн дэвтрийн 8-13 хуудсанд, нийгмийн даатгалын дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд ажил олгогч тэмдэглэл үйлдэж тамга дарагдсан байх бөгөөд хэрэгт НИХН харъяа Улаанбаатар хот дахь НХГ-ын даргын 1994 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 тоот тушаал/хх-19/, “НИК”  ХК-ний ерөнхий захирлын 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 40 тоот тушаалын хуулбар /хх-20-21/-ыг хэрэгт ирүүлсэн. Мөн гэрч Б.Оюунчимэг нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн ажиллаж байсан байдлыг гэрчлэн мэдүүлсэн.   

Нэхэмжлэгч Ц.Цэцэгмаа ажиллаж байсан байдлаа шүүхийн журмаар тогтоолгож өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх бөгөөд үүнээс өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй нь дээр дурьдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр баримтууд нь нэхэмжлэлд дурьдсан үйл баримтыг нотолсон үнэн зөв, эргэлзээгүй, хэрэгт хамааралтай баримтууд байх тул шүүх хэрэгт авагдсан баримуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.-т зааснаар  1988 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нээсэн 283110 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нээсэн 422961 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, 2005 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нээсэн НДД № А089453 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь УЮ69010608 регистрийн дугаартай Алагадуун овгийн Цэвэгмэдийн Цэцэгмаа мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар УЮ69010608 регистрийн дугаартай Алагадуун овгийн Цэвэгмэдийн Цэцэгмааг 1987 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл “Багануур дүүргийн Монгол ажилчдын захиргаа”-д туслах ажилтнаар, 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Багануурын нүүрсний уурхай”-д будагчнаар, 1994 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл “Нефть импорт хангамжийн нэгтгэлийн харъяа Улаанбаатар хот дахь Нефть хангамжийн Багануурын ШТС №1” /одоогийн “Петровис” ХХК/-д түгээгч операторчноор ажиллаж байсныг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ                                 Л.ЭНХБИЛЭГ