Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 379

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо Энгэршандын 7 дугаар гудамж 6 тоотод оршин суух Боржигон овогт Төрмөнхийн Дашцэрэн /РД:УС97011369/-гийн

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Ихнарангийн 10 дугаар гудамж 11 тоотод оршин суух Боржигон баарай овогт Ганхуягийн Хосбаяр /РД:УП95100212/-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр  сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Дашцэрэн, хариуцагч Г.Хосбаяр, нарийн бичгийн дарга М.Одгэрэл  нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Дашцэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Хосбаяр бид хоёр 2012 онд танилцаад тусдаа гараагүй байхдаа 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Номин-Эрдэнийг төрүүлсэн. Зан харьцааны таарамжгүй байдлаас 2016 оны 2 дугаар сараас тусдаа амьдарсан. Энэ хугацаанд охин миний асрамжид байсан. Цаашид хамтран амьдрах боломгүй тул Г.Хосбаяраас хүүхдийн  тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Хосбаяр шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Номин-Эрдэнэдээ тэтгэлэг төлнө гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Дашцэрэн нь хариуцагч Г.Хосбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардсаныг хариуцагч Т.Хосбаяр зөвшөөрсөн.

Г.Хосбаяр, Т.Дашцэрэн нарын дундаас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр охин Номин-Эрдэнэ төрж, тэд захиргааны журмаар хүүхдийн эцэг, эхийг тогтоолгож 1113000022 дугаартай төрсний гэрчилгээ авчээ. /хх-9/

Хүүхдийн эцэг, эх зан харьцааны таарамжгүй байдлаас 2016 оны 2 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид эвлэрч амьдрах боломжгүй үндэслэлээр нэхэмжлэгч Т.Дашцэрэн хүүхдийн эцэг Г.Хосбаяраас хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг шаарджээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх,  хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, тэдний эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй бөгөөд хүүхдээс тусдаа амьдарч байсан ч энэ үүргээс эцэг эхийн хэн ч чөлөөлөгдөхгүй.

Иймд хариуцагч  Г.Хосбаяраас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Номин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг төлүүлэхээр  шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч Т.Дашцэрэн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 31.233 төгрөг ёстойгоос 101.450 төгрөг буюу 70.217 төгрөгийг илүү төлснийг улсын төсвийн данснаас буцааж, төлөх ёстой 31.233 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 31.233 төгрөгийг төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118. дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Хосбаярын Номин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Боржигин баарай овгийн Ганхуягийн Хосбаяраас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Т.Дашцэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.450/нэг зуун нэг мянга дөрвөн зуун тавь/ төгрөгнөөс илүү төлсөн 70.217 /далан мянга хоёр зуун арван долоо/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгчид, үлдэх 31.233 /гучин нэгэн мянга хоёр зуун гучин гурван/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Хосбаяраас 31.233 / гучин нэгэн мянга хоёр зуун гучин гурван / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Дашцэрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон талууд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

ДАРГАЛАГЧ                                Л.ЭНХБИЛЭГ