Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/29

 

Шийтгэх цагаатгах тогтоол Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга ******* овогт *******ийн Пүрэвдорж Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох 2023000370021 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , эх, дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын баг хэсэг тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан. ******* овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: /ИЭ76112074/ Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын баг Залуучууд хэсэг 5-7 тоотод оршин суух иргэн Ё.гийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга, “Советское” нэртэй оргилуун дарс хулгайлахыг завдаж 257.500 төгрөгийн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын баг Залуучууд хэсэг 5-7 тоотод оршин суух иргэн Ё.гийн гэрийн хаалганы цоожийг хөшиж орон гэрт нь байсан мөнгөн аяга, “Советское” нэртэй оргилуун дарсыг нууц далд аргаар авч гарах үед гэрийн эзэд нь болох Ё., Н. нар гэртээ орж ирсэн хэргийн үйл баримт нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд: Хохирогчийг гэртээ орж ирэхэд нь шүүгдэгч Д.******* мөнгөн аяга оргилуун даравсан байсан талаар мэдүүлсэн Ё.гийн “...2020 оны 02 дугаар сарын 05-ны ...орой 19 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд ...манай гэрийн гэрэл асчихсан, хаалганы даруулга татагдаад хүн орсон бололтой байсан. Тэгээд нөхөр бид 2 гэрийнхээ хаалгыг түлхүүрээр нь онгойлгоод гэртээ ороход манай гэрийн хойморт нэг танихгүй залуу зогсож байхаар нь би айгаад орилсон. Энэ үед манай нөхөр чи юун хүн бэ гээд нөгөө хүнээс асуух хоорондоо цагдаад дуудлага өгсөн. Уг хулгай хийсэн хүн нь манай гэрээс миний эдэлж хэрэглэж байсан хуучины дунд гарын мөнгөн аягыг куртикнийхээ зүүн гарын ханцуйнд, “Советское” нэртэй оргилуун дарсыг өмднийхөө тэлээнд хавчуулсан байсан. ...Тухайн үед гэрээ цоожилсон байсан. Манай гэр цоожтой үед хаалгыг татахад шууд онгойх боломжгүй, тухайн үед хаалганы даруулгыг дардаг хэсгээр нь тэр залуу эргүүлж орсон байсан. Одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Н.ийн “...орой 19 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. ...манай гэрийн гэрэл асчихсан хаалганы даруулга татагдаад хүн орсон бололтой байхаар нь хулгай орсон юм биш байгаа гэж бодоод хаалгаа онгойлгоод яваад ортол манай гэрийн хойморт манай шинэ хороо орчмоор яваад байдаг залуу зогсож байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...манай гэрээс манай эдэлж хэрэглэж байсан хуучны дунд гарын мөнгөн аягыг куртикнийхээ зүүн гарын ханцуйнд, “Советское” нэртэй оргилуун дарсыг өмднийхөө тэлээнд хавчуулсан байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ё.ийн “...би хүүхэдтэйгээ гэртээ байж байгаад 18 цагийн үед гэрээсээ гараад өөрийн аавындаа хоол идэхээр ирсэн. Гэрээс гарахад манай хадам аавынх эзэнгүй байсан. Тэгээд өөрийн аавындаа байж байтал 19 цагийн үед манай хадам ээж над руу утсаар залгаад бид 2-ыг гэртээ орж ирэхэд манай гэрт хулгайч орж ирсэн байхаар нь бид 2 барьж аваад цагдаа дуудчихсан байж байна гэж хэлэхээр нь би яваад очиход манай хадам аавынд шинэ хороонд байдаг хэлгүй залуу байж байсан. Тэгэхэд хадам аав, ээж хоёр нөгөө хэлгүй залууг заагаад энэ нөхөр манай гэрийн хаалганы даруулгыг хөшиж онгойлгоод мөнгөн аяга, оргилуун дарс хулгайлаад байж байхад нь бид хоёр орж ирлээ, танай гэр рүү орсон байна уу шалгаад үз гэхэд би өөрийн гэрээ шалгаж үзэхэд манайх руу гадны хүн нэвтрээгүй байсан. Тэр хүн манай хашааны хойд талын нэг банзыг ховх татаж аваад орж ирээд манай хадам аавын гэрийн хаалганы даруулгыг хөшөөд гэрт нь орсон бололтой байсан. Тэгээд цагдаа ирээд уг хүнийг болон хулгайлсан байсан мөнгөн аяга, оргилуун дарсыг нь аваад явсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар байцаахдаа бичиж мэдүүлсэн Д.ийн “...Би 02 дугаар сарын 05-нд шинэ хороонд байдаг Доржддэрэм ахынд ороход хүнгүй байсан. Тэгэхээр нь мөнгөн аяга, шанпанск аваад зогсож байтал хүн орж ирсэн. Тухайн үе харанхуй болсон байсан, би цоожгүй байна гэж бодоод татаад орсон, цоожтой байсныг би мэдээгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Буруу, өөр ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид нийт 257.500 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний төвийн “...5.5 инчийн мөнгөн аяга 250.000 төгрөгийн , “Советское” нэртэй оргилуун дарс 7.500 төгрөгийн, нийт 257.500 төгрөгийн...” гэсэн хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдож байна. Гэрч, хохирогчийн мэдүүлгүүд нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан бодит хохирол, мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай хууль ёсны баримтууд байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч Д.******* нь хохирогч Ё.гийн гэрт нэвтрэн орж гэрт байсан мөнгөн аяга оргилуун дарсыг авч гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн идэвхитэй үйлдэл хийсэн боловч түүний үйлдэл нь шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу гэрийн эзэд гэртээ орж ирснээр таслан зогсоогдож Д.******* үйлдлээ төгсгөөгүй нь хулгайн гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлөгдсөн, хохирогч шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна. Шүүгдэгч Д.ий үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч байгаа бөгөөд уг хэргийг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. Шүүгдэгч Д.******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Ийнхүү Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Иймд шүүгдэгч Д.ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Д.ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна гэж үзээд. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн ийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ******* овогт *******гийн ийг 01 /нэг/ жил 6/ зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д ногдуулсан 01 /нэг/ жил 6/ зургаан/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Д.*******д 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

5.Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хувьд ногдох хөрөнгөөс битүүмжилээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА