| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 500/2019/0057/Э |
| Дугаар | 213 |
| Огноо | 2019-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 213
А.С-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Жаргалсайхан,
хохирогч У.М,
шүүгдэгч А.С,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 145 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Жаргалсайханы бичсэн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлээр А.С-д холбогдох 1810 0146 70727 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц овгийн А-н С, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ....... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “А” хамгаалалтын албанд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......... дүүргийн ..... дугаар хороо, ..... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......../;
А.С нь 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “G t” хотхоны автомашины зогсоол дээр иргэн У.М-н нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...яллагдагч, хохирогч нараас гаргасан гомдол, санал, хүсэлт, прокурор, шүүгдэгч, хохирогч нарын тайлбар зэрэгтэй холбогдуулан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчим хангагдаагүй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг /1.2-т гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.4-д Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал/ бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байх тул дараах ажиллагаануудыг хийж гүйцэтгэн, нэг мөр шалгасны эцэст яллагдагчийн гэм буруутай эсэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч У.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Г гэх эмэгтэй намайг цохиж, миний нүүр рүү удаа дараа цохисон. С, Г гэх эмэгтэйг хутганд явуулсан. Би цагдаа дуудсан. Г гэх эмэгтэйг хутга хайж байх хугацаанд цагдаа нар ирсэн. ...Г гэх эмэгтэй нь намайг “чи муу янхан биз дээ, чи гарч ирээд бид хоёрыг зодсон биз дээ” гэж маш их доромжилсон... Миний хувьд энэ хэрэгт 2 хүн бүлэглэн оролцсон гэж үзэж байна ...Би мөрдөгчид энэ талаар хэлэхэд “энэ хүмүүс бүлэглэсэн нь тодорхой байна. Гэхдээ эхлээд С-д холбогдуулан хэрэг үүсгэхгүй бол болдоггүй юм” гэж хэлсэн ...энэ хэрэгт хамтран оролцсон Г-н үйлдлийг тодруулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна...” гэж мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн үйлдэлд Б.Г-н үйлдэл, оролцоо байгаа эсэхийг шалгах нь зүйтэй.
Хэрвээ Б.Г-н үйлдэл оролцоо байгаа гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг нягтлан шалгах, мөн хохирогч У.М-с гаргаж байгаа бичлэгийг хэрэгт хавсаргах шаардлагатай байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцааж, дээрх мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол А.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Т.Жаргалсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.
Хохирогч У.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...2018 оны 6 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө 03 цаг 25 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “General town” хотхоны 2 дугаар орцны орчимд явж байхад нь үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн “хурдан яваач, буудна шүү” гэж айлгасан юм шиг байсан. Над руу утсаар залгахаар нь би гарч очоод машинтай хажууд нь зогсоод цонхоо онгойлгоод “яагаад эмэгтэй хүн айлгаад байгаа юм” гэсэн чинь машинд сууж байсан халзан толгойтой эрэгтэй хүн машинаасаа шууд бууж ирээд цонхоор миний цамцнаас татаад хоолой боогоод “алчихъя” гээд нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Хажуугаар нь эмэгтэй нь мөн адил нүүр лүү гараараа 4-5 удаа цохисон” гэх мэдүүлгийг өгсөн. Уг мэдүүлгийн дагуу хохирогчийн биед учирсан “ ...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт доод уруулын зулгаралт, зүүн шуу, баруун нүдний гадна булан, хүзүүний зулгаралт” бүхий гэмтлүүд нь хэний үйлдлийн улмаас учирсан болох, дээрх гэмтлүүдээс аль гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг тодруулахаар шинжээч эмч н.Амгаланболдыг байцаахад “...хохирогчийн биед учирсан гэмтлүүдээс хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарч, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаагаар уг гэмтлийг А.С учруулсан болох нь тогтоогддог бөгөөд шүүгдэгч энэ талаар маргадаггүй тул Г-ыг бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Уг гэмт хэрэг үйлдэгдэн гарах болсон шалтгаан нь хохирогчийн танил А.Уртнасанг байрны гадна явж байхад нь машин дотроос үл таних хүмүүс “хурдан гүйгээч, хурдан гүйхгүй бол буудлаа шүү” гэж хэлсний улмаас, А.С, Г нарын сууж байсан машин дээр очиж, машины цонхоор утсаар бичлэг хийсний улмаас маргалдан, маргаан хийх үедээ хохирогч руу шууд чиглэсэн үйлдэл хийж, гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдсон.
Хууль тогтоогчоос олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн агуулгыг тайлбарлахдаа тухайн гэмт хэрэг үйлдэж буй гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлийн шинжийг агуулсан байх тухай тодорхойлжээ. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулах гэмт хэргийн хувьд тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн таарамжгүй харьцаа, эр, эмийн хардлага, хохирогчийн зүй бус үйлдэл, үйл ажиллагаа зэргээс шалтгаалан өөр хоорондоо маргалдсан, зодолдсоноор бусдын бие махбодид гэмтэл учруулах гэмт хэргийн материаллаг бүрэлдэхүүний шинжээр илэрдэг тухай нарийвчлан тайлбарласан байна. Мөн танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцоолон төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлздэг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргээс ялгагддаг.
А.С-н гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилго, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд, түүний үйлдэл нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахад чиглээгүй, бөгөөд тодорхой сэдэлттэй маргааны явцад хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан байна. Мөн Г-г А.С-н үйлдлийг хориглож, таслан зогсоогоогүйн төлөө түүнийг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах үндэслэлгүй болно. Хохирогч У.М-с шүүх хуралдаан дээр тухайн үед болсон маргааны талаар гар утасны бичлэг шинээр гаргаж өгөх хүсэлт гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтийг хүлээн авч нотлох баримтаар тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байсан. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс буцаахаар зохицуулсан бөгөөд гагцхүү мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “ Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ “ гэж заасны дагуу шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх боломжтой.
А.С-д холбогдох хэрэгт оролцогч талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай санал хүсэлт гаргаагүй тул шүүх 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гэм буруугийн хуралдааныг зарлан хэргийг хянан хэлэлцсэн атал шүүгчийн захирамжид “ ...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт талуудын гаргасан санал, хүсэлт, тайлбар зэрэгтэй холбогдуулан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад ... яллагдагчийн гэм буруутай эсэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй...” гэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, уг хэлэлцүүлэгт оролцогчдоос гомдол, хүсэлт гаргасан мэтээр тусгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээж, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг шийдвэрлэнэ”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй” шийдвэр гаргахаар заасан байхад “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж гаргаж, хуулийн дээрх заалтыг зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч У.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С нь ганцаараа үйлдээгүй. Анх машинтайгаа зогсоод яагаад эмэгтэй хүнийг буудна гээд айлгаад байгаа юм бэ гээд дайрахаар нь бичлэг хийж эхэлсэн. Гар утсан дээр бүх процесс бичигдсэн. Эмэгтэй бол эрэгтэйгээсээ илүү миний биед халдаж байсан. Гэтэл тэр эмэгтэй нь зүгээр үлдэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна” гэв.
Яллагдагч А.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэм буруутайгаа мэдэж байгаа. Би машинаас буугаагүй, юу ч хэлээгүй. Намайг машиндаа сууж байтал У.М ирээд шууд зураг дараад бичлэг хийгээд эхэлсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд А.С-д холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн заасан бөгөөд А.С-д холбогдох хэрэгт тэдгээр байдлыг хөдөлбөргүй нотолсон гэж дүгнэх боломжгүй, эргэлзээ бүхий байна.
Тухайлбал, хохирогч У.М-н “...Халзан толгойтой эрэгтэй хүн машинаасаа шууд бууж ирээд цонхоор миний цамцнаас татаад хоолой боогоод мөргөөд “алчихъя” гээд нүүрлүү гараараа хэд хэдэн удаа цохисон. Хажуугаар эмэгтэй нь мөн адил гараараа нүүр лүү 4-5 удаа цохисон. Тэгээд машины хянах самбар болон хүрд лүү цохиод байсан. Эмэгтэй нь намайг “чи муу хүүхэн зардаг хулгайч байна ш дээ” гээд намайг цохиод байсан...” /хх 7/, гэрч А.У-н “...Намайг болон ахыг маань хэл амаар доромжилж байсан ... эмэгтэй нь намайг “муу янхан чинь” гэж доромжлоод, М ахыг “чи янхан зардаг юм байна” гэж хэлж байсан. С нь эмэгтэйгээ “хутга аваад ир” гэж хэлэхэд эмэгтэй машин луугаа явсан, тэр үеэр цагдаа ирсэн ... Ахыг хоёулаа нийлээд цохиж байсан. Эрэгтэй нь мөргөөд, эмэгтэй нь цохиж аваад, маажаад байсан...” /хх 9-10/ гэсэн мэдүүлгүүд хэрэгт авагджээ.
Дээрх мэдүүлгүүдээс үзвэл А.С-тай хамт явж байсан эмэгтэй гэх Б.Г-н үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй эсэх, мөн А.С, Б.Г нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорьдугаар бүлэгт заасан олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг тус тус шалгах зайлшгүй шаардлагатай. Эдгээр асуудлуудыг нэг мөр шалгахгүйгээр А.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.
А.С-д холбогдох хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй байх ба шүүх яллагдагчийг шилжүүлэх тухай захирамж гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар гомдол, хүсэлтийг хэлэлцэхгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болохыг тэмдэглэвэл зохино.
Иймд прокурор Т.Жаргалсайханы бичсэн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 5 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.