Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/342

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,

-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Энхболд,

-иргэдийн төлөөлөгч Ц.Баасансүрэн,

-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанзагас, түүний өмгөөлөгч С.Энх- Эрдэнэ,

-шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар,

-шүүгдэгч Д._Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралда; танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д._Б-д холбогдох эрүүгийн 1834000000015 дугаартай 2 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймаг Жаргалант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, айлын туслах малчинаар ажилладаг байсан, ам бүл 4, эцэг, эх, 1 дүүгийн хамт Төв аймгийн Жаргалант сум Өгөөмөр 2 дугаар баг 07-04 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай /хх-100-106 тал/, урьд ял шийтгэлгүй, байсан . овогт Д. Б гэв.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д._Б нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын нутаг Буурал 1 дүгээр багийн нутаг “Буйлаастын ар” гэх газар модон дотор талийгаач Н.Алтанзамтай маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд “баруун доод 2 дугаар шүдний булгаралт, уруулд шарх, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт” хөнгөн хохирол учруулж, хоолойг нь боож алсан” гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д._Б "Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанзагас: "Талийгаач дүүгээ хайж эхэлсэн нь 05-06 цагийн хооронд хонь маань хотондоо орж ирдэг хотондоо орж ирэхгүй байсан. Тэгээд өөдөөс нь охиныхоо хамт явж талийгаачийг малтайгаа хайсан. Гэтэл мал гарч ирдэг замаараа гарч ирээгүй. Талийгаачийн хань болох Нармандах гэдэг залууг дуудаад гурвуулаа болоод явсан. 19 цаг 40 минутын хувьд Батаагийн ороход танай хонийг тасдаад Б өөрийнхөө хойно байдаг хоосон өвөлжөөнд орхиод гэрлүүгээ орчихсон гэж хэлсэн. 09 цагийн үед гурвуулаа яваад очсон. Манай хонь байсан газраас 100 гаран метрийн цаана эдний гэр байсан. Гэрэл гараад хөдлөөд байсан. Тэгэхээр нь энэ айлын гадаа хүн байна гээд дуудаад асууя гээд дуудсан. Тэр үед Б ирсэн. Тухайн үед хараагүй хүн байсан. Таньдаггүй одоо л харж байна. Харанхуй шөнө болохоор нь царай зүсийг нь ажиглаагүй. Асуухад танай хонийг хараагүй. Танай дүүг ч хараагүй. Мэдэхгүй, мэдэхгүй гэсэн мэдэгдэвэл энэ дугаар луу залгаарай гэж хэлсэн. Тэгээд 09 цаг 20 минут болж байсан байх. Тал хонио туугаад явж байхад өөдөөс цагаан маздаа гараад ирсэн. Дүүгээ нас барсан талаар тэр орой ёстой сэтгэлд бууж орж ирээгүй. Малаа тасалчихаад хагас малаа хайгаад яваад байгаа болов уу гээд уулаар хайгаал сумын цагдаатай цуг хайсан. Д._Бтай уулзаад асуухад хонийг маань тууж гаргаж ирсэн талаар хэлээгүй. Манай тал хонь байна гэхэд энийг мэдэхгүй юм байна гэж хэлсэн. 12 цаг болж байхад төлөөлөгчид Д._Б би тууж гарч ирсэн гэж хэлсэн. Д._Б нь гэмт хэргээ нууж байгаа. Хэргийг удаашруулж өдий хүртэл надад дарамт учруулж байна. Оршуулгын зардал нь 2 сая гаран төгрөг байсан. Энэ бол ер нь хагас дутуу л баримтгүй өчнөөн зардал гаргасан. Тэрийг бол нэхээгүй өдий хүрсэн. Гомдолтой байгаа. Гарсан зардлыг Д._Б-аар төлүүлэх болно”гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /5-15тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Н.Алтанзагасын мэдүүлэг /хх-42-43 тал/, гэрч Н.Алтанзагас /хх-71 тал/, С.Алтансүх/хх-47 тал/, Ч.Энхдалай/хх-48 тал/, М.Баттулга/хх-49тал/, Л.Батзориг/хх- 56тал/, О.Болормаа/хх-81 тал/, Э.Баярмаа/хх-83 тал/, Б.Даш-Очир/хх-196 тал/ нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-57-58тал/, шинжээч эмч Э.Эрхэмбаярын мэдүүлэг /хх-94 тал/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-89 тал/ шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 2 сарын 7-ний өдрийн 13 дугаартай дүгнэлт /хх-87-89 тал/, шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн 109 дугаартай дүгнэлт /хх-102-105 тал/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д._Бы өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-142- 147 тал/, гэрч Пүрэвбарс, Мөнх-алдар нарын мэдүүлэг, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж болон хэрэгт авагдсан бусад баримтууд болно.

 

Шүүх дээрхи баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Д._Б нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цагийн орчим Төв аймгийн Жаргалант сумын нутаг Буурал 1 дүгээр багийн нутаг “Буйлаастын ар” гэх газар модон дотор Н.Алтанзамтай маргалдаж улмаар түүний хоолойг боосны улмаас Н.Алтанзам амьсгалын цочмог дутагдалаас амь нас нь хохирсон болох нь:

Д._Б яллагдагчаар өгсөн “Би хоёр морь хайгаад гэрийн урд талын модон дотор ганцаараа явж байгаад Улаанаа гэх эмэгтэйтэй таарахаар нь би хайж явсан морио асуусан чинь тэр намайг хөөе тэнэг мангар минь яах гээд байгаа юм, зайл чи гээд барьж явсан модоороо 2-3 удаа цохьсон. Би мориноос буугаад модонд морио уячихсан байсан. Тэгээд цохихоор нь би Улаанааг барьж аваад зүүн талын гараараа хоолойг нь боосон чинь үхчихсэн, тэгээд би айсандаа болоод 2 хөлнөөс нь чирээд боосон газраасаа цааш яваад жалганд аваачаад цасанд булсан. Тухайн үед Алдараа, Нохой хоёр хажууд байгаагүй,би ганцаараа байсан.”гэх мэдүүлэг

Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-146,147 тал/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанзагасын “гомдолтой байна. Оршуулгын зардал 3020000 төгрөг, сэтгэл санааны зардал 30000000 төгрөг нэхэмжилнэ. Зүйчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Алтанзагасын: ”Манай талийгаач шилбүүртэй ойролцоо хэмжээний уяагүй мод тулж явдаг байсан. Уг мод нь улиасны төрлийн нарийн мод. Хонь, ямаа тоондоо бүрэн таарч байсан.” гэх мэдүүлэг /хх-72 тал/,

Хэрэг учрал гарсны дараа Д._Быг мал тууж явахыг харсан гэрч С.Алтансүхийн:” ..Б буюу Улаанаа Улаастын араас хонгор морьтой 100 гаран хонь ямаа туучихсан гарч ирээд зам гараад хонь ямаагаа орхичихоод гэрлүүгээ давхиад явчихсан. Улаанаа тухайн үед улаан өнгийн курткатай байсан.” гэх мэдүүлэг /хх-47 тал/,

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан гэрч Ч.Энхдалайгийн: “Цогцосоо олчихоод 12 цагийн үед Улаанаа буюу Быг сэжиглээд дахиж очоод Быг гэрээс нь аваад Жаргалант сумын Цагдаагийн хэсэг дээр авчираад шалгаад Баас асуухад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би боож унагаагаад алаад цасан дунд булчихсан гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх-“48 тал/, гэрч М.Баттулгын: “ Быг сэжиглээд гэрт дахиж очоод Быг аваад Жаргалант сумын Цагдаагийн хэсэг дээр авч ирээд шалгаад асуухад “намайг хэл амаар доромжлоод байхаар нь боож алаад цасанд булчихсан”гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-49 тал/,

Хэрэг учрал хэрхэн гарсан талаар шүүгдэгчийн хэлж байсныг гэрчилсэн гэрч О.Болормаагийн: “ талийгаач эмэгтэй намайг тэнэг мангараар нь дуудаад байхаар нь би айлгах гээд араас боож унагаатал нөгөө эмэгтэй нас барчихсан”гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг/хх-81 тал/,

Д._Бы сэтгэцийн өвчнийг эмчлэгч эмч гэрч Э.Баярмаагийн: “Манай нэгдсэн эмнэлэгт 2013 онд оюуны хөнгөн хомсдолтой гэж хяналтанд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоож, хянагдаж бйагаа. Б нь төрөлхийн оюуны хомсдолтой, уналт өгдөг 4-5 удаа сард тогтмол унадаг. Өөрийнхөө сэтгэцийн хүрээнд ойлгох чадвартай.” гэх мэдүүлэг/хх-83 тал/

Хэрэг учрал гарсны дараа цагдан хорих байранд хоригдож байхдаа Д._Б нь татаж унасан талаар мэдүүлсэн гэрч Б.Дашдоржийн:” цагдан хоригдож байх хугацаандаа сандрал, сэтгэл хөдлөлөөсөө болоод цочирдоод татаж унадаг. Байх хугацаандаа 4-5 удаа унаж байсан.” гэх мэдүүлэг /хх-196 тал/,

гэрч Б.Мөнх-Алдарын "... Гэртээ очоод оройн хоолоо идчихээд байж байтал Улаанка буюу Б надруу залгаад турж үхлээ чи надад мах шөлний юм уу идэх юм дөхүүлээд өгөөч гэж хэлсэн тэгэхээр нь би надад унаа байхгүй шүү дээ гэж хэлтэл Улаанка буюу Б надад чи нэг аргалаад хүрээд ирээч гэж хэлсэн. Би Нохой ах руу залгаад та завтай бол хоёулаа Улаанка буюу Б дээр очоод идэх юм дөхүүлж өгчихөөд ирье гэж хэлсэн. Тэгтэл Нохой ах тэгье ах нь хөдөөнөөс Буйраас орж ирж байна гэж хэлсэн. Удалгүй Нохой ах манай гэрийн гадна ирээд миний утас руу залгаад намайг гэрээсээ гараад ир гэж хэлсэн би гэрийнхэндээ гарчихаад ирье гэж хэлээд гэрээсээ гартал манай хашааны гадна Нохой ах өөрийн Мазда маркийн цагаан өнгийн ачааны машинтай ирчихсэн хажуудаа Мө гээд нэг өндөр ахыг суулгачихсан явж байсан. ... Д._Бы гэрт 21 цаг 40 минутын үед очоод Бд хиам ундаа өгчихөөд явах гэтэл Б буюу Улаанка энд миний нэг ямаа байгаа юм тэрийг ачаад төв оруулаад өгөөч гээд хонины пингээсээ улаан зүсмийн ямаа гаргаж ирээд машин дээр ачаад явуулсан” гэх мэдүүлэг/хх-64 тал/,

Гэрч А.Пүрэвбарсын "2018 оны 1 сарын 8-ны өдөр Улаака буюу Б над руу залгаад та хонь мал авах уу гэхээр нь би юун хонь мал хэнийх вэ гэхэд Б миний хонь би 600 гаруй бог маллаж байгаа гэхээр нь зарах гэж байгаа хонь чинь хүний юм биш биз дээ гэтэл Б миний хонь байгаа юм гэхээр нь би тэгвэл очиж үзэж байгаад үнэ ханшаа тохироё гэсэн. Тэгээд би Алдараатай яриад Бяарсайхан над руу залгаад яриад байх юм миний утсыг хэнээс авсан юм гэхэд Алдараа би өгөөгүй гэж хэлсэн. Б юун хонь яриад байгаа юм найдвартай юм уу гэж асуухад найдвартай гэсэн. ... Д._Бы гэрээс нь гараад хот руу нь ортол 600 гаруй бог байгаа гээд байсан 100 гаруй бог мал л байсан. Б надад хоёр том хонь зааж өгсөн тэгэхээр нь би авахгүй гэж хэлсэн хулгайн хэрэгт орно гэж Бд хэлсэн. Тэгтэл Д._Б хоосон буцаад яахав нэг ямаа аваад яв гээд надад хотноосоо нэг улаан ямаа барьж өгсөн. Уг ямааг би Баас хэдэн төгрөгөөр өгөх юм би чамд идэх юм авч ирсэн, нааш цааш явсан зардлаа хасаад 30000 төгрөг өгье гэхэд Улаанаа за гэж зөвшөөрөөд мөнгийг нь Алдараад өгөөрэй гэсэн. Би маргааш нь 10 цагийн орчим Алдараагийн данс руу 30000 төгрөгийг нь шилжүүлсэн” гэх мэдүүлэг/1 хавтас хх-62 тал/,

Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 13 дугаартай дүгнэлтэд: "Н.Алтанзагасын биед багалзуурдуулалтын улмаас баруун жолоо булчинд цус харвалт, гүрээний артерт цэгчилсэн цус харвалт, гүрээний артерийн гадна өөхлөлт цус харвалтын голомт, баруун доод 2-р шүдний булгаралт, уруулд шарх, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун тохойд

зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

Талийгаач нь механик бүтэлт буюу багалзуурдалтын улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ.” гэж/хх-87-89тал/,

Шинжээч эмч Э.Эрхэмбаярын "талийгаачийн хүзүүнд дарагдалтын ором буюу цамцны ором үүссэн, хүзүүний арьсыг нээж жолоо булчин, гүрээний артерийг шалгахад цус харвалтын голомтуудтай байсан. Уг шинж тэмдгүүд нь багалзуурдалтын улмаас үүсэх боломтой”гэх мэдүүлэг /хх-94 тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-58 тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд "...хэргийн газраас хураан авсан гэх хохирогч Н.Алтанзамын авч явж байсан эсэхийг таньж олуулах зорилгоор ...яллагдагч Д._Быг оруулж ирэн асуухад 2 гэсэн дугаарын модыг зааж Н.Алтанзамын хонио хариулж явж байхдаа барьж явсан мод мөн байна” гэж заав. Энэ модоор намайг 2 удаа цохисон юм тэгээд сайн таньж байна..” /хх-59-60тал/,

Шүүх сэтгэц гэм судлалын 109 тоот шинжээчийн дүгнэлтэд "Д._Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ оюуны хөнгөн хомсдол хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан. Одоо оюуны хөнгөн хомсдол хэмээх сэтгэцийн эмгэгтэй. Тухайн үед өөрийгөө удирдах чадвартай байсан байна. Сэтгэцийн хувьд гэмт үйлдэлээ хариуцах чадвартай. Болсон үйл явдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. "гэжээ. /хх-102 тал/

Биологийн шинжээчийн 1208 дугаартай дүгнэлтэд: ”шинжилгээнд хохирогч Н.Алтанзагасын гарын хумснуудад цус болон биологийн ул мөр илрээгүй.” гэж, Биологийн шинжээчийн 1309 дугаартай дүгнэлтэд: "шинжилгээнд ирүүлсэн талийгаач Н.Алтанзагасын өмсөж явсан гэхягаан өнгийн дотоожинд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй.” гэж,

Биологийн шинжээчийн 1310 дугаартай дүгнэлтэд: " яллагдагч Д._Бы өмсөж явсан гэх хар өнгийн дотоожинд эр бэлгийн эс, үрийн шингэн илээргүй.” гэж, ДНХ-ийн 1188 дугаартай дүгнэлтэд: "шаргал өнгийн ноосон малгайнд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүний цус байна” гэж тусгагдсанаар болон эд мөрийн баримтаар шүүхэд ирүүлж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн эд мөрийн баримтууд бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүх шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь "оюуны хөнгөн хомсдол” хэмээх сэтгэцийн эмгэгтэй боловч / шүүх гэтгэц гэм судлалын дүгнэлт 1 хавтас хх-106 тал/ болсон үйл явдлыг тусган авч мэдүүлэг өгөх, сэтгэцийн хувьд гэмт үйлдэлээ хариуцах чадвартай талаар шинжээчийн дүгнэлт гарсан тул яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нар "Д._Б нь өөртөө болон бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор хүний амь нас хохироосон тул зүйчлэлийг зөвтгөх” тухай хүсэлт гаргаснийг хүлээн авах боломжгүй байна.

Хэрэгт авагдсан гэрч Б.Мөнх-Алдарын “Гэртээ очоод оройн хоолоо идчихээд байж байтал Улаанка буюу Б надруу залгаад турж үхлээ чи надад мах шөлний юм уу идэх юм дөхүүлээд өгөөч гэж хэлсэн тэгэхээр нь би надад унаа байхгүй шүү дээ гэж хэлтэл Улаанка буюу Б надад чи нэг аргалаад хүрээд ирээч гэж хэлсэн. Би Нохой ах руу залгаад та завтай бол хоёулаа Улаанка буюу Б дээр очоод идэх юм дөхүүлж өгчихөөд ирье гэж хэлсэн. Тэгтэл Нохой ах тэгье ах нь хөдөөнөөс Буйраас орж ирж байна гэж хэлсэн. Удалгүй Нохой ах манай гэрийн гадна ирээд миний утас руу залгаад намайг гэрээсээ гараад ир гэж хэлсэн би гэрийнхэндээ гарчихаад ирье гэж хэлээд гэрээсээ гартал манай хашааны гадна Нохой ах өөрийн Мазда маркийн цагаан өнгийн ачааны машинтай ирчихсэн хажуудаа Мө гээд нэг өндөр ахыг суулгачихсан явж байсан. ... Д._Бы гэрт 21 цаг 40 минутын үед очоод Бд хиам ундаа өгчихөөд явах гэтэл Б буюу Улаанка энд миний нэг ямаа байгаа юм тэрийг ачаад төв оруулаад өгөөч гээд хонины пингээсээ улаан зүсмийн ямаа гаргаж ирээд машин дээр ачаад явуулсан” гэх мэдүүлэг/хх-64 тал/,

Гэрч А.Пүрэвбарсын “2018 оны 1 сарын 8-ны өдөр Улаака буюу Б над руу залгаад та хонь мал авах уу гэхээр нь би юун хонь мал хэнийх вэ гэхэд Б миний хонь би 600 гаруй бог маллаж байгаа гэхээр нь зарах гэж байгаа хонь чинь хүний юм биш биз дээ гэтэл Б миний хонь байгаа юм гэхээр нь би тэгвэл очиж үзэж байгаад үнэ ханшаа тохироё гэсэн. Тэгээд би Алдараатай яриад Бяарсайхан над руу залгаад яриад байх юм миний утсыг хэнээс авсан юм гэхэд Алдараа би өгөөгүй гэж хэлсэн. Б юун хонь яриад байгаа юм найдвартай юм уу гэж асуухад найдвартай гэсэн. ... Д._Бы гэрээс нь гараад хот руу нь ортол 600 гаруй бог байгаа гээд байсан 100 гаруй бог мал л байсан. Б надад хоёр том хонь зааж өгсөн тэгэхээр нь би авахгүй гэж хэлсэн хулгайн хэрэгт орно гэж Бд хэлсэн. Тэгтэл Д._Б хоосон буцаад яахав нэг ямаа аваад яв гээд надад хотноосоо нэг улаан ямаа барьж өгсөн. Уг ямааг би Баас хэдэн төгрөгөөр өгөх юм би чамд идэх юм авч ирсэн, нааш цааш явсан зардлаа хасаад 30000 төгрөг өгье гэхэд Улаанаа за гэж зөвшөөрөөд мөнгийг нь Алдараад өгөөрэй гэсэн. Би маргааш нь 10 цагийн орчим Алдараагийн данс руу 30000 төгрөгийг нь шилжүүлсэн” гэх мэдүүлэг/1хавтас хх-62 тал/,

Д._Бы яллагдагчаар өгсөн: “Би хоёр морь хайгаад гэрийн урд талын модон дотор ганцаараа явж байгаад Улаанаа гэх эмэгтэйтэй таарахаар нь би хайж явсан морио асуусан чинь тэр намайг хөөе тэнэг мангар минь яах гээд байгаа юм, зайл чи гээд барьж явсан модоороо 2-3 удаа цохьсон. Би мориноос буугаад модонд морио уячихсан байсан. Тэгээд цохихоор нь би Улаанааг барьж аваад зүүн талын гараараа хоолойг нь боосон чинь үхчихсэн, тэгээд би айсандаа болоод 2 хөлнөөс нь чирээд боосон газраасаа цааш яваад жалганд аваачаад цасанд булсан. ..Тэгээд булчихаад хонийг нь модон дотроос туугаад гаргаж ирээд явж байгаад ...гэрийнхээ наад талын машин өгсдөг жалганд хонийг нь орхиод гэр лүүгээ очсон. Би хониноос нь Нохой, Алдраа хоёрт өгөх гэж байсан юм. Тугал үхэрнүүдээ тэжээлийг нь өгчихөөд гараад ирсэн чинь харанхуй болчихсон байсан би хонинуудыг гэр лүүгээ явчихсан байх гээд хайгаагүй.”гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт: “Нохой хэрэгт хамаагүй, Алдараа надаас 100000 төгрөг хэрэгтэй байна. Уураг авах хэрэгтэй байна гээд байсан.

Улаанааг алсан эсэхийг мэдэхгүй. Хүн алах талаар надад хэлээгүй. Би хоёр морио хайх гэж явсан. Би Улаанаагаас хонь нэхээгүй, модон дотор ороод юу байна гэсэн чинь тэнэг мангараар дуудаад байхаар боочихсон юм” гэж мэдүүлсэн тул хэргийн зүйчлэлийг хүндрүүлэн зүйчлэх үндэсгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь өөртөө болон бусад этгээдэд эдийн буюу эдийн бус баялаг олж авах зорилгыг ойлгох бөгөөд уг сэдэлт нь хэрэг үйлдэгдэхээс өмнө үүссэн байхыг шаардах бөгөөд хэрэгт цугларсан баримтаар Д._Б нь Н.Алтанзамтай хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдсаны улмаас хоолойг нь боож алсаны дараа буюу хэрэг учрал төгссөний дараа түүний хариулж явсан хонийг гэр лүүгээ тууж явсан нь хүнийг алахын өмнө өөртөө болон бусад этгээдэд эдийн буюу эдийн бус баялаг олж авах зорилготой байсан гэж үзэх үндэсгүй байна.

Мөн шүүгдэгч Д._Б нь Мөнх-Алдарын хүсэлтээр түүнд эдийн ба эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор Н.Алтанзамыг санаатай алсан гэж үзэх үндэслэл, хэрэгт нотлох баримтаар нотлогдоогүй тул тэдгээрийн хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.

Түүнчлэн Прокурорын газраас шүүгдэгч Д._Быг хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан гэж хэд хэдн гэмт хэрэг үйлдсэнээр буюу хөнгөн хохирол учруулж, хоолойг нь боож хүнийг санаатай алсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар Д._Б нь “хохирогчийн хоолойг боож санаатай алсанхаа дараа цогцосыг 15 метр газар чирж цасаар булсан, чирэгдсэн мөрөн дээр гарсан цасан дээр шаргал өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон байсан талаар хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд /хх-5 хуудасны ар тал/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүдэд тус тус тусгагдсан байна.

Шүүгдэгч Д._Б “хоолойг нь боосны дараа үхсэн учраас айсандаа нуусан.” гэж мэдүүлдэг тул шүүгдэгчийн хохирогчийн амь насыг хохироосон үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул Д._Быг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, “Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт”

Төв аймгийн Прокурорын газраас Д._Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт "Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”- ийн шинжийг тус тус тогтоон хуульчилсан бөгөөд Д._Бы хохирогч

Н.Алтанзамтай маргалдан түүний хоолойг боож алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно. "Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг”

Шүүгдэгч Д._Б нь өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д._Быг "хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанзагас нь оршуулгын зардалд 3020981 төгрөг, сэтгэл санааны хохирол 30000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байна.

Шүүх амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал 3020981 төгрөгийг шүүгдэгч Д._Баас гаргуулж, хохирогчийн хуульь ёсны төлөөлөгч Н.Алтанзагасад олгож, Сэтгэл санааны хохирол 30000000 /гучин сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасан нотлох баримтгүй, сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байсан эсэх, эмчийн зөвлөгөө авч байсан эсэхийг нотолсон баримтгүй тул сэтгэл санааны хохирол 30000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д._Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд Прокурорын гарзаас ирүүлсэн эрүүгйин хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлтийг харгалзлаа.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон болно.

 

Шүүгдэгч Д._Б нь 2018 оны 1 сарын 12-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд нь оруулан тооцвол зохино.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд мөрийн баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журамд зааснаар устгахыг Төв аймгийн шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй.

Хэрэгт хавсарган ирүүлсэн яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан болон мэдүүлэг авах ажиллагааны явцыг бэхжүүлсэн бичлэг бүхий 2 ширхэг саарал өнгийн СД-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д._Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Д. Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д._Б-ыг 14/арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д._Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Д._Б-ы цагдан хоригдсон 315 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож ял эдлэх хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тооцсугай.

6.Хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нарийн 1 метр 18 см урттай хүрэн бор өнгийн мод 1, бариулгүй нийт 24 см, ажлын хэсэг нь 13.5 см урттай, бариул хэсэгтээ 3 ширхэг нүхтэй хутга 1 ширхэг, шаргал ноосон малгай 1 ширхэг, ягаан өнгийн эмэгтэй хүний түрүүвч 1 ширхэг, хар цоохор өнгийн зүүн гарын ноосон бээлий 1 ширхэг, цэнхэр эмжээртэй, цайвар өнгийн таван хурууны ажлын бээлий 1 ширхэг, шаргал өнгийн ултай хар өнгийн зүүн хөлийн эмэгтэй хүний цасны гутал 1 ширхэг, хар өнгийн эрэгтэй дотоож 1 ширхэг, ягаан өнгийн эмэгтэй дотоож 1 ширхэг, улаан өнгийн тагтай вакум тенер шаргал өнгийн шингэн, улаан тагтай 2 хуванцар савтай цус мэт хүрэн улаан өнгийн шингэн, саарал өнгийн гялгар ууттай саарал өнгийн шингэн, 4 4 ширхэг ууттай гарын хумс зэргийг устгахыг Төв аймгийн шүүхийн тамгын газарт даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан болон мэдүүлэг авах ажиллагааны явцыг бэхжүүлсэн бичлэг бүхий 2 ширхэг саарал өнгийн СД-ийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

  1. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн оршуулгатай холбогдон гарсан 3020981 /гурван сая хорин мянга есөн зуун наян нэг/ төгрөгийг Д._Баас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанзагасад олгож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, сэтгэл санааны хохирол 30000000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүхийн        шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
  1. Давж         заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
  2. Анхан       шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д._Б-д авсан цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Ц.ОТГОНЖАРГАЛ

Text Box: Ц.ОТГОНЖАРГАЛДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ

 

 

Ш.ГАНДАНСҮРЭН

 

ШҮҮГЧИД

Text Box: ШҮҮГЧИДБ.ДУЛАМСҮРЭН