| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2018/0309/Э |
| Дугаар | 313/ШЦТ/2018 |
| Огноо | 2018-07-11 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 11 өдөр
Дугаар 313/ШЦТ/2018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг
улсын яллагч Г.Энхмаа
шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баяр
шүүгдэгч С.Б, Д.Б, Г.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаарТөв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн Дархад овгийн С.Б, Боржигон овгийн Д.Б, Гомбо Дорги овгийн Г.Б нарт холбогдох эрүүгийн 1834007940372 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч С.Б, Д.Б, Г.Б нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр С.Бгийн адуунд нийлсэн Ц.Гийн 3 тооны адууг 2018 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө зарж борлуулах зорилгоор нядалж, завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: : “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас:
Хохирогч Ц.Гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 01 дүгээр сарын сүүлээр байх яг өдрийг нь санахгүй байна. Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багт Очир толгойн булан гэх газраас 11 тооны адуу алдсан юм. 2018 оны 03 сарын эхээр алдсан энэ 11 тооны адуунаас 2 тооны хар морь, цоохор байдас нь эргэж ирсэн. Одоог хүртэл хайгаад олохгүй байна. Саяхан цагдаа нар мал хулгайлсан хүмүүс баригдсан гэхээр нь адуугаа сураглахад миний алдсан 3 адууны зүс нь таарсан. Би зээрд зүстэй шүдлэн байдас, хар зүстэй шүдлэн үрээ, хээр зүстэй хязаалан байдас алдсан. Дээрх адуу нь тамгагүй юм. Би нийт 80 гаруй тооны адуутай юм...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... Бадамсамбуу нь миний алдсан байдас, үрээ нарын мөнгийг өгсөн. 1.800.000/Нэг сая найман зуун мянга/ төгрөгийг Хаан банкинд дансанд хийсэн байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19 тал/,
Шүүгдэгч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны орой харанхуй бүрий болж байхад Бадамсамбуугийн хээр азаргатай адуунд 2018 оны 04 дүгээр сараас хойш байгаа гэх 3 тооны байдсан гүүг Бадамсамбуу, мөн тус сумын малчин Буяа гэх залуугийн хамт Бадамсамбуугийн гэрийн урд талд нядлаад цус бохирыг нь жалга руу булж Улаанбаатар хот руу явах замд толгой гэдсийг нь зам дагуулан хаяад Цанын бааз гэх газарт цагдаад саатуулагдсан ...Би хэний адууг мэдэхгүй байна. Бадамсамбуу 2018 оны 04 сард манай адуунд 3 тооны эзгүй адуу байна гэж яриад тэгээд өчигдөр орой бид 3 ярилцаж байгаад нядалхаар болж Бадамсамбуу адуугаа хурааж авчран хашиж халтар байдсан гүү, хүрэн, хээр зүсмийн байдсан адуунуудыг барьж үлдэн нядалсан. Уг 3 адууны мах арьсыг нь зараад 1.130.000 төгрөг болсон. Хохирогч Ганхуягт уг мөнгөн дээр нь нэмээд 670.000 төгрөг нэмээд өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 41-42 хуудас/,
Шүүгдэгч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Хавар 4 сарын эхээр байх. Манай хээр азаргатай адуунд гурван байдас ирж нийлээд адуу дагуулаад байсан. Тэгээд хашаанд байж байхад 19 цагийн орчим байх.Манай саахалт айл буюу манай найз Буянбат нь ирээд намайг адуугаа яагаад хашсан юм бэ гэж хэлэхээр нь хавар нийлсэн гурван байдас адуу дагуулаад байна гэж хэлсэн. Тэгтэл Буянбат наад гурван адуугаа махлаад зарчихгүй юу гэж хэлэхээр нь Базаррагчаа, Буянбат нарын хамт гэрээсээ гараад гурван байдсаа барьж уяад гэрийн урд байдаг модон шонгоос уяад хашсан адуугаа гаргаад явуулсан. 2018 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө буюу 00 цаг өнгөрч байхад бид 3 гэрээс гараад Базаррагчаад махалсан адуугаа ачуулаад Улаанбаатар хот руу явуулаад замдаа толгой шийрийг нь хаячих гэж хэлээд явсны дараа нь Буянбат бид хоёр мал гаргасан газраа цэвэрлэж янзалсан юм ...Хээр зүстэй хязаалан настай Ө үсгэн тамгатай, халтар, хүрэн зүстэй шүдлэн байдас нар нь тамгагүй байсан... Гарал үүслийн бичиг Базаррагчаа 2018 оны 10 дугаар сарын 03-нд малын эмч Нэргүй эгчээс авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23, 47-48 хуудас/,
Шүүгдэгч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Бадамсамбуу надад манай хээр азаргатай адуунд хавар ирсэн эзэнгүй гурван тооны адуу, адуу дагуулаад алга болчих гээд байна. Энэ гурвыг яах вэ гэж надаас асуухаар нь би эзэнгүй адуу юм чинь нядлаад хот руу аваад яваад зарчихъя гэж хэлсэн. Тэгээд намайг очиход Бадамсамбуугийн адуу хашаатай байсан. Тэгээд бид 3 гэрээс гараад хашаатай байсан Бадамсамбуугийн хээр азаргатай адуунаас гурван тооны эзэнгүй адууг нь барьж аваад гэрийн урд байсан модон шонгоос уясан. Тэгээд бид гурав 2018 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө гэрийн урд байсан жалганы хажууд хийгээд махыг нь Базаррагчаа ах өөрийн цагаан өнгөтэй пронтер маркийн машинд ачаад Бадамсамбуу бид хоёр үлдээд гурван тооны адуу нядалсан газраа цэвэрлэж янзалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22,53-54 хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “Адууны мах ачиж явсан гэх авто машин нь 2002 онд Солонгос улсад үйлдвэрлэсэн 2012 оны 07 дугаар сарын 08-нд Монгол Улсад импортоор орж ирсэн ...тээврийн хэрэгслийн дугаар нь 35-09 УНТ, цагаан өнгийн пронтер маркийн тээврийн хэрэгсэл байв...ачааны тэвш болон шатахуун хийдэг сав нь цус мэт зүйлээр бохирлогдсон. Ачаа ачдаг тэвш дээр...мах ачааны хойд хэсэгт цагаан өнгөтэй даавуугаар бүтээсэн байв...бүтээлгийг авахад адууны хаа, гуя...3 ширхэг адууны шир байв. Уг 3 шир нь зээрд, хээр, халтар зүстэй байв...адууны махыг тоолоход хаа 6, гуя 6, 3 өвчүү байв” гэснээр болон үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8 хуудас/,
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “3 тооны адуу нядалсан гэх газар нь Төв аймгийн Өндөрширээт сумыны төвөөс урд зүгт 12 км-т зайд ...тус сумын Хайрхан 2 дугаар багийн Майхан бор толгой гэх газар байдаг Суурь овогтой Бадамсамбуугийн гэрийн үүдэнд нядалсан гэх ..жалганы ирмэг дээр...хэсэг газар цус мэт зүйлээр бохирлогдсон, жалганы хэсэг газрыг ухаж цэвэрлэсэн байдалтай хажууд нь малын сэвс байв” гэснээр болон үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-15 хуудас/,
Орон нутгийн үнэлгээний комиссоос уг 3 тооны адууг 1,800,000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч С.Б, Д.Б, Г.Б нарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б, Д.Б, Г.Б нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр С.Бгийн адуунд нийлсэн Ц.Гийн 3 тооны адууг 2018 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө зарж борлуулах зорилгоор нядалж, завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч С.Б, Д.Б, Г.Б нарын мэдүүлэг, хохирогч Ц.Гийн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, орон нутгийн үнэлгээний комиссын үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б, Д.Б, Г.Б нарын үйлдэлд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Б, Д.Б, Г.Б нарыг алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос шүүгдэгч Д.Бд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, шүүгдэгч С.Бд 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, шүүгдэгч Г.Бад 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.
Хохиролын талаар:
Шүүгдэгч С.Б, Д.Б, Г.Б нар нь хохирогч Ц.Гт 3 адууны төлбөр болох 1.800.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь баримтаар тогтоогдож хохирогч Ц.Г нь шүүгдэгч нарт гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
5.Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч С.Б, Д.Б, Г.Б нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.Бгийн Пронтер маркийн 2002 онд Бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 35-09УНТ улсын дугаартай 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж зааснаар улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч С.Б, Д.Б, Г.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дархад овгийн С.Б, Боржигон овгийн Д.Б, Гомбо Дорги овгийн Г.Б нарыг алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000/ долоон зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч С.Бг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000/ нэг сая/ төгрөгөөр, шүүгдэгч Г.Быг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.200.000/ нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч С.Б, Д.Б, Г.Б нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б, Д.Б, Г.Б нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Д.Б, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч С.Б, Д.Б, Г.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.Бгийн Пронтер маркийн 2002 онд Бүгд найрамдах Солонгос улсад үйлдвэрлэгдсэн 35-09УНТ улсын дугаартай 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгож улсын орлого болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч С.Б, Д.Б, Г.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч С.Б, Д.Б, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА