| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 166/2017/0138/Э/ |
| Дугаар | 2017/ШЦТ/139 |
| Огноо | 2017-05-16 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2017/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0138/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Иргэдийн төлөөлөгч Ж.Н-,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Ө-,
Хохирогч З.Б-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Г-,
Шүүгдэгч Т.Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан гэмт хэрэгт Т.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201709000122 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1969 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, халх, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эх, дүү, охины хамт урьд 1987 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Дархан хотын 1 дүгээр хэсгийн ардын шүүхийн 7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169.б-д зааснаар 1 жил 6 сарын тэнсэн харгалзах ялаар, 1991 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Дархан хотын шүүхийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90.а дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 1998 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 198 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар 6 жилийн хорих ялаар, 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 254 дугаартай шйитгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т.Б-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэн Д.Д.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хоолойн тус газар өшиглөж төвөнхийг нь гэмтээн бусдыг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017.02.15-ны өдөр би Б-ынд очиход М.-, Г- нар байсан. Биднийг сууж байхад Талийгаач орж ирсэн. Талийгаачийг орж ирсний дараа М.- архи авсан. Архиа ууж дуусаад гарах гэтэл миний бээлий байхгүй байсан, би бээлийгээ баруун халаасанд хийсэн байсан болохоор тэр талд сууж байсан Д.Ж-д миний бээлийг аваад ир гэж хэлсэн чинь Д.Ж- би аваагүй гэж хэлээд босоод ирсэн тэгээд бид хоёр барилцаж авсан. Намайг бариад авахаар нь би талийгаачийн мөр лүү нь цохиод, газарт унахаар нь цээж рүү нь өшиглөсөн. Гэтэл удалгүй Г-ыг гаднаас орж ирэхэд М.- миний бээлийг энэ байна гэж авч ирээд өгсөн. Би бээлийгээ олчихлоо гээд талийгаачаас уучлал гуйсан. Д.Ж- явахаасаа өмнө хоолой эвгүй болчихлоо гэж байсан.” гэх мэдүүлэг,
Хохирогч З.З.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Талийгаач тэр өдөр тэтгэврээ авсан. 15 цагийн үед надаас 10,000 төгрөг аваад салсан. 18 цагийн үед гэртээ хүүгээрээ хүргүүлсэн байсан. Намайг гэртээ очиход Талийгаач гэртээ орсон байсан. Намайг ороход хүнд зодуулаад хоолой сонин болчихлоо гэж дуугарсан. Тэгээд цустай шүлс хаяхаар нь би угаадсаа гадаа асгачхаад ороод иртэл талийгаач нас барсан байсан. Талийгаач 2 ачтайгаа гэртээ байсан. 18 цаг өнгөрөөд л талийгаач нас барсан. Талийгаач хөл муутай дугуй түрээд явдаг байсан. Талийгаач 1964 онд төрсөн 3 хүүхэдтэй, хүүхдүүдээ дээд сургууль төгсгөсөн, хүүхдийнхээ ачийг үзэж чадаагүй нас барсанд харамсалтай байна. Зуурдаар ханиа алдсандаа харамсаж байна. Гомдолтой байна. Оршуулгын зардал нэлээн их байсан боловч би 5,900,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгчийн ар гэрээс бидэнд оршуулгын зардалд 2,000,000 төгрөг төлсөн. Одоогоор би өмгөөлөгчийн хөлсийг нэмээд 4,416,000 төгрөг нэхэмжилж байгаа. Хань ижлээ алдсандаа хохиролтой байна.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Т.Т.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг гэрт нь ороход Ө-, Г-, А-, А-э нар архи уугаагүй зүгээр сууж байсан. Миний араас талийгаач дугуйтайгаа орж ирээд дугуйгаа гутлын хайрцаг түшүүлээд тавьсан. Тэгээд миний хажууд ирээд буйдан дээр суусан. Тэгээд сууж байхад М.- дэлгүүр гарч нэг шил “Түмний хишиг” гэсэн шошигтой 0,75-н архи авч ирсэн. Тэр архийг бид нар хувааж уугаад дуусгасан. Тэгээд сууж байхад Б- бид нарыг гэрээс гарцгаа гээд байсан. Бид нар гэрээс нь гарах гээд босоцгоосон. Би босоод савхин 5 хурууны бээлийгээ өмсөх гэхэд халаасанд бээлий алга байсан. Миний хажууханд сууж байсан хохирогч Д.Ж-ыг “чи бээлий авсан гаргаад өг” гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач би бээлийг чинь аваагүй гээд бид хоёр маргалдсан. Би талийгаачтай барьцалдаж авсан байхдаа мөр рүү нь түлхээд шалан дээр унагасан. Талийгаачийг газарт унасан байхад нь нэг удаа цээж рүү нь солгой буюу зүүн хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд Б-, М.- нар бид хоёрыг салгасан. Удаагүй буйдангийн хажуу талаас, хогийн савны орчим М.- миний савхин бээлийг аваад, энэ байна гээд надад өгсөн. Би талийгаачаас уучлалт гуйгаад гар барьсан. Би талийгаачаас гайгүй юу гэж асуухад гайгүй гэж хэлсэн. Би талийгаачийг гэр рүүгээ явлаа гэхэд нь Б- ахын гэрээс гаргаж өгсөн... “Би талийгаачийн цээж рүү нь өшиглөлөө гэж бодсон. Харин хальт өшиглөөд хоолой руу орсон байж болзошгүй...”Би талийгаачийг өшиглөж байснаа хүлээн зөвшөөрч байна. Би үхэлд хүргэе гэж бодоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 140-142/,
Хохирогч З.З.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хохирогч З.З.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэртээ 18 цагийн үед очсон болов уу гэж бодож байна. Гэрт очиход манай нөхөр ирчихсэн архи үнэртүүлчихсэн, нүүр нь улайчихсан гал тогооны өрөөнд сандал дээр сууж байсан бөгөөд “ миний хоолой руу хүн өшиглөчихлөө” гээд хоолой нь нээх сонин сөөнгө дуугараад байж байсан. Тэгээд би согтуу байхаар нь нэг их юм бодоогүй. Тэгээд урдаа муу усны хувин тавьчихсан, шүлсээ хаяад сууж байсан бөгөөд хувинтай усыг нь харсан чинь цустай шүлс гарсан байсан. Тэгээд манай нөхөр хойд өрөө рүү орон дээрээ очиж хэвтмээр байна гэхээр нь би түшиж оруулж орон дээр суулгачхаад хувинтай муу усыг асгачхаад гэртээ ороод ирсэн чинь орны урд доошоо хараад уначихсан нүүр нь хөхөрчихсөн байсан. Тэгээд би бага хүү болох Хишигдоржийг аав чинь сонин болчихлоо хиймэл амьсгаа хий, цээжин дээр нь дар гэж хэлээд би амыг нь нээж байгаад ам руу нь үлээсэн чинь хамраас нь ус гараад байсан. Тэгээд сандраад том хүү Хишигжаргалыг дуудаад бас эмнэлэг дуудсан. Бас нөхрийнхөө эгч О-ыг дуудсан. Тэгээд хүү ирээд, эмнэлгээс эмч ирээд манай нөхрийг нас барсан талаар хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан...”
“...Хувцас нь бол нэг их урагдсан, ханзарсан, муухай болсон зүйл байгаагүй. Царай нь улайчихсан тэгээд хоолой нь хэрчигнээд сонин дуугараад байхаар нь би хоолойг нь харсан чинь төвөнхнийх нь тэнд шалбарчихсан ч юм шиг байсан. Тэгээд би хараад төвөнх нь гайгүй юм байна даа гэж бодсон. Төвөнхийг нь барьж үзэхэд хажуу талдаа болчихсон ч юм шиг тухайн үед санагдсан. Өөрөөр биед нь ил харагдах гэмтэл, шарх харагдаагүй ээ тэгээд ч согтуу байхаар нь бас маяглаад байгаа юм болов уу гэж бодсон. Гэхдээ их сонин дуугараад байсан. Хоолойгоо шахаж ярьж байгаа юм шиг... ”
“...Яг нэрийг нь бол надад хэлээгүй ээ, ямар ч байсан хүн төвөнх рүү өшиглөчихсөн гэж байсан. Тэгээд том хүү Хишигжаргалд хэлсэн, хүү мэдэж байгаа гээд байсан. “О”-р эхэлсэн нэртэй л хүн хэлсэн. Надад хүмүүстэй маргалдаж муудсан гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21/,
Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б- ахын гэрт ороход талийгаач гэрийн үүдэнд дугуйгаа урдаа тавиад суусан. Харин Б- ах та нар гэрт хэрүүл маргаан хийлээ гээд уурласан байж байсан. Би хананд байсан толийг нь аваад жижиг өрөөнд оруулаад тавьсан. Тэгэхэд том өрөөний орны араар хос 5 хурууны савхин бээлий унасан байсан. Би тэр бээлийг аваад энэ хэний бээлий вэ? Гэхэд М.- “ өө Оти ах бээлий чинь энд унасан байна гээд аваад өгсөн. Тэгэхэд Б- ах Б- эд зүйлдээ хямгатай байхгүй гээд талийгаач болон Т.Б- нарт уурласан. Тэгээд та нар гэр орондоо ингэж маргалдаж, зодолдохгүй биз дээ гээд уурлаад, явцгаа гээд байсан. Тэгэхэл талийгаач унадаг дугайгаа аваад гэрээс ганцаараа гараад явсан. Тэгэхэд гаднаас 10 орчим минутын дараа Г-э ах орж ирээд юу болсон бэ? гээд Б- ахаас асууж байсан. Би Г-э ахтай зөрөөд охиноо сургуулиас нь гээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62/,
Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Б- ах ганцаараа байсан болохоор тэдний гэрт хамт байгаа юм. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгаас Г-э ирж хоносон. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өглөө бид гурав босож байхад гаднаас М.- хоол, боов бариад ороод ирсэн. Бид нар хоол, цайгаа уучхаад мөнгө нийлүүлж байгаад 0,75 л түмний хишиг гэсэн архи аваад хуваагаад уусан. Тэгээд хоорондоо ярьж суусаар байгаад өдөр 14 цагийн орчим Б- ах, Г-э, М.- гурав гараад явсан. Би гэр хараад ганцаараа жижиг өрөөнд ороод унтаад өгсөн. Би урд өдөр нь бас архи уусан болохоор толгой өвдөөд, өглөө уусан архиндаа согтоод унтаад өгсөн. Намайг жижиг өрөөнд унтаж байхад М.- нэг архи авч ирээд сэрээгээд өгсөн. Би түүнийг нь уучхаад эргээд хэвтээд өгсөн. Тэгээд орой нэг мэдэхэд Цагдаа нар гэрт ороод ирсэн бос гээд сэрээсэн. Бид нар бүгд гутал хувцсаа өмсөөд гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63/,
Гэрч Ч.Г-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...замд Оти буюу Т.Б- нэлээд халамцуу таараад хамт Б- ахын гэрт очсон. Тэгээд Б- ахын гэрт Ө-, М.-, талийгаач, Т.Б- нарын хамт тавуулаа нэг шил архи уусан. Харин жижиг өрөөнд А- унтаж байсан. Бид нар хаяа нэг дуудаж байгаад нэг татуулаад байсан. Тухайн үед Ө- ах надаас цаг асуухад 16 цаг 20 минут болж байна гэж хэлэхэд Ө- ах зээ хүүгээ цэцэрлэгээс нь авах цаг болсон байна гэж хэлээд гараад явсан. Тухайн үед архи дууссан байсан. Тэгээд зөрөөд Б- ах орж ирээд гэр архи уугаад гээд жаахан дургүй байсан. Миний эхнэр залгаад байхаар нь согтуу хүмүүсийн дуу сонсгоод яах вэ гэж бодоод утсаар ярих гээд гараад явсан. Би эхнэртэйгээ утсаар яриад зогсож байхад танил ах Э- ах ирсэн. Би Э- ахын машинд суугаад хоёулаа 30 орчим минут хоорондоо ярьсан. Тэгээд буцаад Б- ахын гэрт ороход хананд байдаг толь нь байхгүй байсан. Би харахад жижиг өрөөнд оруулаад тавьсан байсан. Мөн тольны доод шургуулга сугараад өрөөний голд доторх эд зүйл нь асгарсан байдалтай байсан. Тэр үед талийгаач байхгүй гараад явсан байсан. Би юу болсон талаар Б- ахаас асуухад гэр орон доромжилж байгаа юм шиг талийгаач, Т.Б- хоёр хоорондоо хэрэлдээд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66/,
Гэрч Н.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.Б- ах архи ч дуусчихлаа гэрлүүгээ явъя гээд босоод куртикнийхээ халаасыг дарж үзээд миний савхин бээлий алга байна гэсэн. Тэгээд өөрөө орон дээгүүр хараад байхгүй болохоор нь хажууд нь сууж байсан талийгаач руу чи авсан байна гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач би ерөөсөө бээлий аваагүй гэхэд Т.Б- “хулгайч минь чамаас өөр хэн авдаг юм” гэхэд талийгаач би юу гэж авдаг юм гэж хэлээд, уурлаад орон дээрээс босоод ирсэн. Т.Б- ах талийгаачийн зүү мөр рүү баруун гараараа нэг удаа цохиод авахад талийгаач газарт унаад өгсөн. Талийгаачийг газарт унасан байхад Т.Б- ах баруун хөлөөр хоолой руу нь өшиглөөд авсан. Тэгэхэд талийгаач хурдан босож ирээд Т.Б-тэй “би бээлий аваагүй” гээд зууралдаад авсан. Тэр үед Б- ах 00 өрөөнөөс гарч ирээд талийгаачаас салгах гээд Т.Б-ийг хойш нь татаад орон дээр суулгасан...” “...Талийгаач Б- ахын гэрээс гарах үедээ миний хоолой сонин болчихлоо гээд сонин сөөнгө хоолойгоор дуугараад байсан. Талийгаач гэрийн үүдэнд байсан дугуйгаа түрээд Б- ахын гэрээс ганцаараа гараад явсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 68-69/,
Гэрч Л.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...найз Г-ийн гэрт 19 цаг болж байхад орсон. Тэгэхэд Г- ээж Д-гийн хамт хоёулаа байсан. Би найз Г-ийн хамт ахынх нь гэрээс буйдан авч ирэх гээд гэрээс нь гарах гэхэд ээж нь Б- ахдаа хоол оруулаад замаараа өгчих гэж хэлсэн. Тэгээд Г- хоолоо аваад хамт нэг давхарт буухад Г- намайг үүдэнд хүлээж бай би Б- ахад хоол оруулж өгчхөөд гараад ирье гээд гэр лүү нь орсон. Би гадагшаа гарах гээд орцны үүдэнд ирэхэд 3-4 цагдаа орцны гадна зогсож байсан. Намайг чи хаанаас гарч ирсэн юм. Гэж асуухад нь би хоёр давхрын найз Г-ийн гэрээс гарч ирсэн гэж хэлсэн. Удаагүй найз Г- миний араас гараад ирэхэд цагдаа нар биднийг буцаагаад аваад Б- ахын гэрт орсон. Тэгэхэд Б- ахын гэрт Г-э, Б- ах, А-, Б.Г-, М.- нар байсан. Тэгэхэд Б- ах цагдаа нарт Л.Г-, Б.Г- нар зодоон болох үед ерөөсөө байгаагүй, хамаагүй хүмүүс гэж хэлсэн. Надаас нэг цагдаа чи Оти гэж таних уу? гэхээр нь би танина, манай байрны 3-р орцны 3 давхар 50 тоотод байдаг Т.Б-ийг Оти гэж дууддаг юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71/,
Гэрч Т.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би шууд 00 өрөөнд ороод бие засаж байхад том өрөөний үүдэнд түжигнэх дуу гарсан. Би 00 өрөөнөөс гараад ирэхэд Т.Б- том өрөөний үүдэнд талийгаачийн дээр дарсан байж байсан. Би Т.Б-ийн араас нь хувцасны захан дээрээс нь бариад татаж босгох гэж байгаад ардаа байсан толио шалан дээр унагасан. Би Т.Б-ийг орон дээр аваачиж суулгасан. Талийгаач манай гэрийн үүдэнд дугуйныхаа хажууд сууж байхад гаднаас Г- орж ирээд том өрөөнд явж байгаад энэ бээлий байна гэсэн. Тэгэхэд Т.Б- талийгаачийг уучлаарай миний бээлий энд байна гэж хэлсэн...”,
“... Манай гэрээс талийгаач гарахдаа миний хоолой эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээл ярихдаа хоолойгоо шахаад хачин яриад байсан. Тухайн зодоон маш хурдан болоод өнгөрсөн. Би 00 өрөөнөөс гарч ирээд Б- салгаад орон дээр аваачиж суулгасан...”,
“...Талийгаачийг манай гэрээс гараад 30 орчим минут болж байхад наднаас нэг залуу орж ирээд О- гэж хэн бэ гэж асуухад М.- О- гэдэг чинь би байна гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө залуу уурлаад хөгшин хүнийг яахаараа зодож байгаа юм гээд М-ийг гараараа нэг цохиод унагаасан. Тэгэхэд хажуу талаас Г-э О- гэж тэр байна гээд Т.Б-ийг орон дээр дээшээ хараад хэвтэж байхад нь заасан. Тэр залуу Т.Б-ийн хажууд очоод гараараа 2-3 удаа цохиод явсан. Тухайн үед гаднаас манай дээд талын Г- орж ирээд талийгаачийн хүүг салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73/,
Гэрч Б.Х- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...аав ширээн дээр байсан аяга руу шүлсээ хаяад мөн угаадасны хавин руу шүлсээ хаяад байхаар нь ээж тэр аяга, угаадсыг аваад гарсан хойгуур аав ор луугаа явж байгаад шалан дээр уначихсан юм...”,
“...Намайг ахынхаас гарч ирэхэд аав орцны үүдэн дээрх сандал дээр сууж байсан. Намайг яасан юу болов гэж асуухад аав надад 2 давхар шар өнгийн брак байр луу заагаад “Намайг хүн цохичихлоо” гэж хэлсэн. Тэгж хэлэхдээ аав хоолойн түнхийг заагаад байсан. Тэгээд би 2 давхар шар брак байр луу харахад тэнд ямар ч хүн харагдаагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78/,
Шинжээч эмч Э.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач Д.Д.Ж- нь 2017.02.15-ны өдөр хүнд зодуулсан байдалтай гэртээ орж ирээд нас барсан гэх болсон хэргийн товчтой задлан шинжилгээнд орсон шинжилгээний явцад Д.Д.Ж- нь төвөнхийн хэсэгрүүгээ хатуу мохоо зүйлээр цохиулж битүү гэмтэл авч нас барсан нь тогтоогдсон. Тухайн үедээ талийгаачийн биед төвөнх нь шууд чихэгдээгүй, бага зэргийн хүчээр түлхэгдэж гадна талаас шахагдсан байж болно. Тэгснээр талийгаачийн амьсгалын дээд зам агшиж салст нь хөөж, хавагнаж амьсгалын хурц дутагдалд орж амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна. Талийгаачийн амьсгалын дээд зам бүрэн агшиж хөөж хавагнах хүртэл, тухайн хүнд амьсгалахад хэцүү болох, шүлс залгихад боломжгүй болох, ярихад хүндрэлтэй болох, дууны өнгө өөрчлөгдөх зэрэг зовиурууд илэрч тодорхой хугацаанд амьд байх боломжтой, яг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...”,
“...Төвөнхийн битүү гэмтэл нь өшиглөх үед үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123/,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-11/,
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-15/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16, 18/,
-Хохирол төлбөртэй холбоотой баримт, /хавтаст хэргийн 22-53/,
-Хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 86-88/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2220 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 94/,
-Хүний гадна биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 97-100/,
-Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 108-110/,
-Цогцост үзлэг хийсэн тухай гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 111-119/
-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 19 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 121-122/,
-Шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлгийн 27/17 дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 127/
-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хавтаст хэргийн 146/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 155-158/ зэрэг болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Т.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Д.Д.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдаж, газар унаган чээж, хоолойн тус газар нь өшиглөсний улмаас Д.Д.Ж- нь төвөнхийн битүү гэмтэл авч улмаар амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан болох нь шүүгдэгч Т.Т.Б-ийн “...Би талийгаачтай барьцалдаж авсан байхдаа мөр рүү нь түлхээд шалан дээр унагасан. Талийгаачийг газарт унасан байхад нь нэг удаа цээж рүү нь солгой буюу зүүн хөлөөрөө өшиглөсөн. “...Би талийгаачийн цээж рүү нь өшиглөлөө гэж бодсон. Харин хальт өшиглөөд хоолой руу орсон байж болзошгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 140-142/, хохирогч З.З.Б-ийн “...манай нөхөр хойд өрөө рүү орон дээрээ очиж хэвтмээр байна гэхээр нь би түшиж оруулж орон дээр суулгачхаад хувинтай муу усыг асгачхаад гэртээ ороод ирсэн чинь орны урд доошоо хараад уначихсан нүүр нь хөхөрчихсөн байсан, ...би амыг нь нээж байгаад ам руу нь үлээсэн чинь хамраас нь ус гараад байсан. Том хүү Хишигжаргалыг дуудаад бас эмнэлэг дуудсан.” “...Царай нь улайчихсан, хоолой нь хүрчигнээд сонин дуугараад байхаар нь би хоолойг нь харсан чинь төвөнхнийх нь тэнд шалбарчихсан ч юм шиг байсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 20-21/, гэрч Н.М-ын “...Т.Б- ах талийгаачийн зүү мөр рүү баруун гараараа нэг удаа цохиод авахад талийгаач газарт унаад өгсөн. Талийгаачийг газарт унасан байхад Т.Б- ах баруун хөлөөр хоолой руу нь өшиглөөд авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69/, гэрч Б.Г-ын “...том өрөөний орны араар хос 5 хурууны савхин бээлий унасан байсан. Би тэр бээлийг аваад энэ хэний бээлий вэ? гэхэд М.- “ өө Оти ах бээлий чинь энд унасан байна гээд аваад өгсөн. Тэгэхэд Б- ах Т.Б-ийг эд зүйлдээ хямгатай байхгүй гээд талийгаач болон Т.Б- нарт уурласан. Тэгээд та нар гэр орондоо ингэж маргалдаж, зодолдохгүй биз дээ гээд уурлаад, явцгаа гээд байсан. Тэгэхэд талийгаач унадаг дугуйгаа аваад гэрээс ганцаараа гараад явсан.” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 62/, гэрч Т.Б-ын “...Би 00 өрөөнөөс гараад ирэхэд Т.Б- том өрөөний үүдэнд талийгаачийн дээр дарсан байж байсан. “...Манай гэрээс талийгаач гарахдаа миний хоолой эвгүй болчихлоо гэж хэлсэн. Ярихдаа хоолойгоо шахаад хачин яриад байсан. Тухайн зодоон маш хурдан болоод өнгөрсөн. Би 00 өрөөнөөс гарч ирээд Б- салгаад орон дээр аваачиж суулгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73/, гэрч Б.Хишигдоржийн “...Намайг ахынхаас гарч ирэхэд аав орцны үүдэн дээрх сандал дээр сууж байсан. Яасан юу болов гэж асуухад аав надад 2 давхар шар өнгийн брак байр луу заагаад “Намайг хүн цохьчихлоо” гэж хэлсэн. Тэгж хэлэхдээ аав хоолойныхоо түнхийг заагаад байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78/, шинжээч эмч Э.О- “...Д.Д.Ж- нь төвөнхийн хэсэгрүүгээ хатуу мохоо зүйлээр цохиулж битүү гэмтэл авч нас барсан нь тогтоогдсон. Тухайн үедээ талийгаачийн биед төвөнх нь шууд чихэгдээгүй, бага зэргийн хүчээр түлхэгдэж, гадна талаас шахагдсан байж болно. Тэгснээр талийгаачийн амьсгалын дээд зам агшиж салст нь хөөж, хавагнаж амьсгалын хурц дутагдалд орж амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны, шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний “...Д.Д.Ж- нь төвөнхийн битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ, Талийгаачийн биед төвөнхийн битүү гэмтэл, залгиур хоолой, төвөнх, хэлний уг, улаан хоолойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.16-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Мөн зүүн гуя, зүүн өвдөгний хуучин цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх 19 дугаартай дүгнэлт зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд Аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Т.Т.Б-ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэхь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч З.З.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд оршуулгын зардал 5,916,500 төгрөг, өмгөөллийн хөлс 500,000 төгрөг нийт 6,416,500 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Т.Т.Б- шүүхийн шатанд 2,000,000 төгрөг төлсөн байх ба үлдэх 4,416,500 төгрөгөөс өмгөөллийн зардал гэх 500,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй гарах зардалд хамаарахгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож үлдэх 3,916,500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч З.З.Б-т олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч оршуулгын зардалтай холбогдуулан гаргасан баримтууд болон үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Т.Б-ийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 89 хоног /наян ес/-ийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан юүдэнтэй, цахилгаан товчтой, задгай энгэртэй, баруун энгэр хормой хэсгийг хамарсан цагаан өнгийн 3 ширхэг канттай, зүүн энгэр, мөр ханцуй хэсгээрээ саарал өнгийн оруулгатай, биеийн тамирын хар өнгийн цамц 1 ширхэгийг устгуулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Б-ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар шүүгдэгч Т.Б-д 12 жил /арван хоёр/-ийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Т.Т.Б-д оногдуулсан 12 жил /арван хоёр/ -ийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Т.Т.Б-ийн цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Б-ээс 3,916,500 /гурван сая есөн зуун арван зургаан мянга, таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч З.Б- -т олгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн биеийн тамирын хар өнгийн цамц 1 ширхэгийг устгасугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шүүгдэгч Т.Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Т.БАТЖАРГАЛ
Г.ГЭРЭЛТ-ОД