Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/283

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Б.Бат-Оргил,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа

Нарийн бичгийн дарга Г.Чингүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000177 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, /*******-тай. 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор сумын 9 дүгээр багийн 3-13 тоот хашааны гадна талд байсан иргэн *******ын эд хөрөнгө болох Charming гэх нэртэй улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар авч 1.410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 9-3-13 тоот хашааныхаа гадна 17 цагийн үед мотоциклоо үлдээгээд 20 цагийн үед гарч ирэхэд миний Charming гэх нэртэй улаан өнгийн, суудал дээрээ ногоон өнгийн хулдаасан бүтээлэгтэй, төмөр багтай, гялтгар мотоцикл байхгүй байсан мөрийг нь харахад бакалтай хүн түрж яваад төв гудамжны төв зам ороод асаагаад явсан байсан. Тэгээд би цагдаагийн алба хаагчид манай хажуу талын айлд баахан банди нар архи уугаад байсан гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн алба хаагч тус айл руу ороод танай гэрээс 19- 20 цагийн хооронд хэн гарч явсан талаар асуухад Баянхонгор аймгийн Баян-Овооны сумын *******/ / гэх залуу цэнхэр өнгийн дээлтэй, бакалтай, хар өнгийн малгайтай гарч яваад манай хашааны ард 20-30 минут сууж байгаад гэнэт алга болсон гэж хэлсэн. Тэгээд тус гэрт байсан нэг залуу наад залуу чинь урд өмнө машин хулгайлж байсан таны мотоциклийг авсан байх магадлалтай гээд “Хөх толгойд” байдаг саахалт айлынх нь гэрийг би мэднэ гэж хэлээд цагдаад зааж өгөхөөр нь цуг явсан. Тус айлын гадаа очиход 2 гэр байсан бөгөөд үүдний хаалгаар нь харахад миний мотоциклийг оруулж ирээд тавьсан байсан. Тэгээд хашааны эзэн ирээд асуухад ******* // гэх залуу ирээд цэнхэр өнгийн дээлээ тайлаад бид хоёроос 10.000 төгрөг аваад өглөө би хүрээд ирье мотоциклоо үлдээлээ, өглөө ирж мотоциклоо авахдаа мөнгийг чинь өгнө гээд хэлээд явсан гэж хэлсэн. Миний мотоцикл бүрэн бүтэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би гэртээ байж байхад манай хашаанд ******* // аавыг нь Буяа гэж дууддаг, манай хөдөөгийн саахалтын айлын залуу манай гэрт орж ирээд цэнхэр өнгийн дээлээ тайлснаа 5-6 хоночихлоо гээд надаас мөнгө сурсан. Тэгэхээр нь би 10000 төгрөг өгсөн чинь мотоциклоо үлдээлээ өглөө ирж авна гэж хэлсэн. гэх хүний бүтэн нэрийг би мэдэхгүй. Аавыг нь Буяа гэж дууддаг манай хөдөө гэр саахалт байдаг төдий , ээж, аав нь ******* гэж дуудаад байдаг санагдаж байна. Мустанг маркийн улаан өнгийн, суудал дээгүүрээ ногоон юм уу цэнхэр өнгийн бүтээлэгтэй мотоцикл байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би гэртээ унтаж байхад намайг сэрээгээд 10000 төгрөг байна уу гэхээр нь өгсөн. Тэгэхэд гэх залуу цэнхэр өнгийн дээлээ тайлаад мотоциклоо танайд хашаанд оруулаад тавьчихлаа өглөө ирээд авна гэж хэлээд гараад явсан. гэх хүний бүтэн нэрийг би сайн мэдэхгүй. Аавыг нь ******* гэж дууддаг, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын малчин айл байдаг. Манай хашаанд авчирсан мотоцикл улаан шаргал өнгийн суудал дээрээ ногоон билүү цэнхэр өнгийн бүтээлэгтэй байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би усанд яваад ирэхэд гэх залуу манай хашааны урд сууж байсан гэртээ ороод сууж байхад цагдаа, нэг залуугийн хамт орж ирээд танай гэрээс 20-30 минутын өмнө гарсан хүн байна уу гэхэд манай нөхөр гэх залуу гарч явсан гэж хэлсэн. Намайг усанд яваад ирэхэд алдсан гэх мотоцикл хашааны ард талд байж байсан мөн хажуухан талд нь гэх залуу сууж байсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа манай нөхөр дүү ийг дагуулаад гийн очдог гэх айл руу явсан. Тэгээд 1 цагийн дараа Дамдинсүрэн буцаад гэртээ ирэхэд ******* гэх хүний хашаанд хулгай хийсэн мотоциклоо үлдээгээд мөн цэнхэр өнгийн дээлийг тайлаад гараад явсан байна гэж хэлсэн. гэх залуу манайхаас цэнхэр өнгийн дээл, бакал, шар бүс, хар малгайтай гарч явсан … гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн ... гэх залуу манайд орж ирээд ганц хоёр пиво ууж байгаад манай хашааны ард сууж байгаад яваад өгсөн. Тэгээд төд удалгүй байж байгаад цагдаа, нэг залуугийн хамт орж ирээд танайхаас 20-30 минутын өмнө хэн гарч явсан гэж асуухад би гэж хэлсэн. Тэгэхэд цагдаа манай дүү хамт гийн очиж болох нэг газар луу явсан. Тэгээд манай дүү гэртээ ирэхдээ надад мотоцикл болон өмсөж явсан дээл нь саахалт айлынх нь ******* гэх хүний хашаанд байна өөрөө гараад явсан байна гэж хэлсэн. гэх залуу манайхаас цэнхэр өнгийн дээл, хар өнгийн бакалтай гарсан. Цагдаагийн машины ард талд байсан цэнхэр дээл, шар бүс гэх хүний өмсөж явсан дээл мөн байсан … гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-48/,

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн ... манайд гэх гэх залуу ирээд бид хэд цуг архи ууж байгаад гэр лүүгээ явлаа гээд гэрээс гаргаад явуулсан. Тэгтэл манай гэрийн ард талд бараг 20-30 минут сууж байгаад гэнэт алга болсон байсан. Удалгүй цагдаагийн алба хаагч нэг залуугийн хамт манайд орж ирээд танайхаас 20-30 минутын өмнө гарч явсан хүн байна уу гэхэд гэх залуу цэнхэр өнгийн дээлтэй, бакалтай, хар малгайтай гарч явсан гэж хэлэхэд танай хашааны хажуу талаас мотоцикл алга болсон байна гэж хэлсэн. Би гэх залуу урд өмнө машин хулгайлж байсан. Наад залуу чинь авсан байх магадлалтай гэж хэлэхэд цагдаа намайг цуг яваад очдог газар нь очоодохъё гэж хэлсэн. Тэгээд “Хөх толгойд” байхад айлынх нь ахын хашааг зааж очтол тус хашаанд хулгайд алдагдсан гэх мотоцикл байж байсан бөгөөд тус хашаа нь эзэнгүй байсан хүлээхэд саахалт айлын ах нь эхнэр, хүүхдийнхээ хамт ирсэн. Тэгээд цагдаа энэ юун мотоцикл гэж асуухад ирээд дээлээ тайлаад мотоциклоо тавьчхаад гараад явсан гэж хэлсэн. гэж ******* гэж дуудаад байдаг санагдаж байна. Аавыг нь ******* гэж дууддаг, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1-р багийн малчин байдаг. гэх залуу хулгай хийх талаар надад ямар ч тийм юм яриагүй … гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-54/,

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн “Хөх толгойд” хаягийг нь тодорхой мэдэхгүй гэх айлд архи ууж байгаад унтаад сэрсэн чинь цуг хөдөө явна гэж байсан орхиод явсан байсан. Түүнтэй хамт 2-3 хоног архи уусан. Тэгээд тэдний гэрээс гараад зүүн тал руу алхаж байтал модон хаалгатай хашааны гадаа ногоон бүтээлэгтэй Хятад мотоцикль толгойнд нь түлхүүр нь зоолттой байсан. Тэгэхээр нь манил дээр нь гишгэтэл мотоцикль асахаар нь унаж яваад Хөх толгойд ******* гэх айлын хашаанд мотоциклио оруулж тавиад тэндээс 10000 төгрөг аваад дэлгүүр ганцаараа явж жижиг пиво авч уусан. Тэгээд тэр өдөр айлд хоночихоод маргааш нь буцаад мотоциклио авах гээд очтол ******* чи хүний мотоцикль хулгай хийгээд унаад ирсэн байна. Цагдаа ирээд мотоциклийг чинь аваад явсан гэхээр нь буцаад гийнд яваад очтол чи хүний мотоцикль хулгай хийсэн байна гэсэн. Би хохирогч *******а гэх хүнийг танихгүй … гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-81/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-14/,

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ний шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаартай “Эд зүйлийн үнэлгээ тогтооход магадалгаа хийсэн тухай” дүгнэлт /хх-ийн 60/,

Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 83/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 69-70/,

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 84, 89, 90-98/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор сумын 9 дүгээр багийн 3-13 тоот хашааны гадна талд байсан иргэн *******ын эд хөрөнгө болох Charming гэх нэртэй улаан өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хууль бусаар авч 1.410.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******а, гэрч *******, , , ын, нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ний шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаартай “Эд зүйлийн үнэлгээ тогтооход магадалгаа хийсэн тухай” дүгнэлт, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн нь үндэслэлтэй зөв байна гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс гаргасан шүүгдэгч *******д хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай саналыг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь шүүгдэгч *******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” хуулийн үйлчлэлд хамаарахгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж уг хорих ялаа биечлэн эдэлж буй тохиолдолд шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих асуудал тул шүүгдэгч *******д холбогдох хэрэгт ял шийтгэл оногдуулахад Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэл хамаарахгүй болно. 

Иймд шүүгдэгч *******гийн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзнэ. 

Хохирогч *******а нь алдагдсан Charming гэх нэртэй улаан өнгийн мотоциклийг бүрэн бүтэн хүлээн авсан тухайгаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна. 

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн нударгатай дээл 1 ширхэг, шар өнгийн дээлийн бүс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 6 /Зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн нударгатай дээл 1 ширхэг, шар өнгийн дээлийн бүс 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д буцаан олгосугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА