Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг оршин суух, Л овогт Д.У-н нэхэмжлэлтэй,

Ц.М-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.У шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.У миний бие 2014 оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах жоншны уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан Г ХХК-ний захирал Ц.М-тай тохиролцож өөрийн эзэмшлийн 36-49 улсын дугаартай авто ачигч ковш маркийн тээврийн хэрэгслийг нэг сарын 7.000.000 төгрөгөөр ашиглуулахаар тохиролцож түрээсийн гэрээг амаар байгуулсан. Тухайн үед түрээсийн гэрээг бичгээр байгуулах гэсэн боловч тамга тэмдэг байхгүй байна гэсэн шалтгаанаар бичгээр байгуулж чадаагүй. Өөрийн эзэмшлийн авто ачигч ковш маркийн тээврийн хэрэгслийг Г ХХК-нд 4 сар түрээслүүлсэн бөгөөд сүүлийн 2 сарын түрээсийн төлбөр нийт 12.000.000 төгрөгийг 2015 оны 04 сарын 25-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар тохирсон байсан боловч одоо уг Г ХХК нь оршин байрлах хаягтаа байхгүй. Хаана байрладаг нь тодорхойгүй ерөнхий захирал Ц.М хаана амьдардаг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж оршин суух хаяг болон компаний байрлах хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.У нь Г ХХК-ний захирал Ц.М-тай тохиролцож өөрийн эзэмшлийн 36-49 улсын дугаартай авто ачигч ковш маркийн тээврийн хэрэгслийг нэг сарын 7.000.000 төгрөгөөр ашиглуулахаар тохиролцож түрээсийн гэрээг амаар байгуулсан. У-н эзэмшлийн авто ачигч ковш маркийн тээврийн хэрэгслийг Г ХХК-нд 4 сар түрээслүүлсэн бөгөөд сүүлийн 2 сарын түрээсийн төлбөр нийт 12.000.000 төгрөгийг 2015 оны 04 сарын 25-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар тохирсон байсан боловч одоо уг Г ХХК нь оршин байрлах хаягтаа байхгүй. Хаана байрладаг нь тодорхойгүй ерөнхий захирал Ц.М нь хаана амьдардаг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж оршин суух хаяг болон компаний байрлах хаягийг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Д.У-н гаргасан Ц.М-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Ц.М нь Д.У-тай 2014 оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах жоншны уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байхдаа Д.У-тай тохиролцож, нэхэмжлэгчийн эзэмшлийн 36-49 улсын дугаартай авто ачигч ковш маркийн тээврийн хэрэгслийг нэг сарын 7.000.000 төгрөгөөр ашиглуулахаар тохиролцож түрээсийн гэрээг амаар байгуулсанаас хойш нэхэмжлэгчтэй холбогдохгүй оршин суух хаягтаа байхгүй алга болсон байх тул түүнийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Ц.М Г ХХК-ний захирал,  Г ХХК нь Дорноговь аймаг Сайншанд сум Данзанравжаагийн гудамж байрлаж байсан гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ц.М-г эрэн сурвалжилсугай.

2. Ц.М-г эрэн сурвалжилж түүний оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Э.БОЛОРМАА