Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/347

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0344/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдаа ны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Хохирогч С.С,

Шүүгдэгч В.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт В-ийн Н-т холбогдох эрүүгийн 1718003510144 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Ө-д овогт В-ийн Н /........./,      1982.11.11-ны өдөр ........ аймгийн .... суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум ....-р баг .... байр .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч В.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 31-ээс 2017 оны 11 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум ........ үйл ажиллагаа явуулдаг ........ зочид буудлын өрөөнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.С-ийг бусадтай хардан нүүрэн тус газар нь алгадаж улмаар Дархан-Уул аймгийн ......... тоот гэртээ очин үргэлжлүүлэн зодож, хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч В.Н нь ......... оны 10 дугаар сарын 31-ээс ........ оны 11 дүгээр сарын 1-нд шилжих шөнө өөрийн эхнэр С.С-г .......... үйл ажиллагаа явуулдаг ....... зочид буудлын өрөөнд бусадтай хардан нүүрэн тус газар нь алгадсан, ................ тоот байх гэртээ очин хуванцар сандал, гурилын элдүүр, ДСП хавтан зэргээр цохиж зодон биед нь тархи доргилт, хуйх, цээжний ар өмнө хэсэг, хэвлийн өмнө, бүсэлхий, зүүн гарын бугалга, тохой, шуу, хүзүү, баруун гарын сарвуу, уруулын цус хуралт, зүүн өвдөг, баруун чамархайн зулгаралт бүхий эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Нын өгсөн: “...2017.10.31-ний өдөр эхнэрийн төрсөн өдөр болсон. Эхнэрийн төрсөн өдрийг найзуудын хамтаар тэмдэглэхээр болж эхнэр бид хоёр найзуудаа дуудаж төрсөн өдөр тэмдэглэсэн. Тухайн үед 3 шил архи уусан. Би 2 шил архи уугаад согтсон. Тэр үед бид эхлээд ........ буудлын кароакед ууж байсан юм. Түүний дараа ......-ын буудалд орж төрсөн өдрөө үргэлжлүүлсэн. Би ......-ын буудалд орсны дараа эхнэртэйгээ маргалдсан. Тэндээс яаж гарснаа санахгүй байна. Би нэг мэдэхэд гэртээ харьсан байсан Би эхнэрээ зодож хохирол учруулсан. Маргаан болох үед манай том хүүхэд өвөө рүүгээ залгасан байсан. Хэрэв хүү өвөө рүүгээ залгаагүй бол би эхнэрээ зодсон хэвээр байх байсан. Тухайн үед надаас гармааргүй авир гарсан байсан. Маш их гэмшиж байнагэх мэдүүлэг,

 

Хохирогч С.С-ийн өгсөн: “...Манай нөхрийн найзууд болон миний найзуудын нийлээд миний төрсөн өдрийг тэмдэглэсэн. Гэтэл манай нөхөр намайг найзтайгаа хардсан. Учир нь В.Нын найзынх нь эхнэр гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байгаад нөхөртөө баригдсан. Манай нөхөр түүнээс болоод бүх эмэгтэйчүүд адилхан гээд намайг найзтайгаа хардаж зодсон. В.Н намайг гэртээ байхад араас орж ирээд сандлаар намайг цохисон. Мөн шүүгээний хавтан, хөнгөн цагаан гурилын илдүүрээр миний нуруу руу цохисон. Би тухайн үед гомдолтой байсан ч одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөр бид хоёр маш их хэмжээний өртэй. Манай нөхөр гэр бүлээ тэжээн тэтгэдэг...” гэсэн мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад

 

Хохирогч С.С-ийн өгсөн: “...Н намайг байнга зодож цохидоггүй, архи уухаараа хааяа нэг агсам тавьдаг байсан. 2012 онд Н гэртээ согтуу ирээд намайг цохиж миний зүүн хөмсгийг сэтэлж гэмтээхэд нь би цагдаад өргөдөл өгч шалгуулж, прокурор дээр хэрэг очиход нь өөрөө гомдолгүй гээд хаалгаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-33/,

 

Насанд хүрээгүй гэрч Н.Э-ын өгсөн: ...Ээжийг аав зодоод цагдаа нар авч явсан. Аавыг цагдаа авч явсны дараа ээж надад ээжийнх нь толгой өвдөөд байна гэж хэлээд уйлаад байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Гэрч Т.С-ийн өгсөн: “...Сэлэнгийн утсыг хүү Э авч сандарсан, айсан байдалтай өвөө та манайд хурдан ир, аав ээжийг гал тогооны өрөөнд зодоод алах нь гэсэн. ...Гэрт нь ороход гал зуухны өрөөнд эд зүйл нь эмх цэгцгүй, гэрийнх нь хуванцар сандал нь хагарсан, гурилын элдүүр төмөр нь хонхойсон, бас нэг мод хэдэн хэсэг болж хуваагдсан, охин С маань уйлсан, ёолсон байдалтай, айж сандарсан, үс гэзэг нь сэгсийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37/,

 

Гэрч Б.О-ын өгсөн: “...Буудлын өрөөнд 0.5 литрийн архийг 4-үүлээ хуваауж уусан. Гэнэт Н эхнэрийнхээ хацар луу алгадсан. Батирк бид 2 Ныг боль эхнэрээ ингэж зодож болохгүй гэсэн. Н болихгүй байхаар нь Батирк Ныг барьж аваад унагаасан. Эхнэр нь буудлын өрөөнөөс түрүүлээд гараад явсан. 30-40 минутын дараа Н харилаа гээд явсан..” гэх мэдүүлэг /хх-39/,  

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн .......... дугаартайС.С-ийн биед тархи доргилт, хуйх, цээжний ар өмнө хэсэг, хэвлийн өмнө, бүсэлхий, зүүн гарын бугалга, тохой, шуу, хүзүү, баруун гарын сарвуу, уруулын цус хуралт, зүүн өвдөг, баруун чамархайн зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болногэх дүгнэлт /хх-ийн 46/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 19-24/, Дархан сумын 8, 11 дүгээр багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл, дүгнэлт /хх-ийн 25-28/,

 

Хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан шар өнгийн хуванцар сандлын 8 ширхэг хагархай хэсэг, гол хэсэгтээ хонхойж хэлбэр дүрсээ алдсан, 37 см урттай, 3.8 см диаметртэй, турба хэлбэрийн гурилын элдүүр төмөр 1 ширхэг, нэг тал нь цагаан нөгөө тал нь хүрэн өнгийн 3 хэсэг болж хуваагдсан ДСП хавтан зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10/,

 

Өөлд овогт В-игийн Н, Б овогт С-ийн С нарын 2006 оны 1 дүгээр сарын 02-нд гэр бүл болсныг Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дугаарт 2006 оны 11 дүгээр сарын 17-нд бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-60/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч В.Н, С.С нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн байна.

 

Иймд шүүгдэгч В.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч В.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Иймд улсын яллагчийг саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Нод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч В.Нын эрхэлдэг ажил, цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн хуванцар сандлын 8 ширхэг хагархай хэсэг, гол хэсэгтээ хонхойж хэлбэр дүрсээ алдсан, 37 см урттай, 3.8 см диаметртэй, турба хэлбэрийн гурилын элдүүр төмөр 1 ширхэг, нэг тал нь цагаан нөгөө тал нь хүрэн өнгийн 3 хэсэг болж хуваагдсан ДСП хавтан зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөх болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч В.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт В-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ныг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар В.Нод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор хэсэгчлэн төлүүлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн хуванцар сандлын 8 ширхэг хагархай хэсэг, гол хэсэгтээ хонхойж хэлбэр дүрсээ алдсан, 37 см урттай, 3.8 см диаметртэй, турба хэлбэрийн гурилын элдүүр төмөр 1 ширхэг, нэг тал нь цагаан нөгөө тал нь хүрэн өнгийн 3 хэсэг болж хуваагдсан ДСП хавтан зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөх болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Нод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР