Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 317

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, Т банк Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, З.Ц, Б.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэг 4.846.481,35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

            Нэхэмжлэгч Т банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : Зээлдэгч З.Ц, хамтран зээлдэгч Б.Б нар нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 20/34/57 тоот зээлийн гэрээгээр Т банкны салбараас 7.590.000 төгрөгийг сарын 1,8 хувийн жилийн 21,6 хувийн хүүтэй 30 сарын хугацаагаар цалингийн зээл авсан. Зээл зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь 2017 оны 06 дугаар сараас хойш сар бүр төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс график зөрчигдөж байгаад хэвийн бус ангилалтай болоод байгаа ба төлбөр хийхийг зээлдэгчээс удаа дарааллан шаардаж мэдэгдэл өгсөн. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ хийгээгүйгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2017 оны 11 дүгээр сарын 22-ны байдлаар 4.846.481,35 төгрөг хуримтлагдсан. Иймд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу төлбөрийн хуваарь зөрчсөний улмаас зээлийн үндсэн төлбөрийн өр 4.455.251,73 төгрөг, зээлийн хүүгийн өр 366.194,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.735,43 төгрөг, нотариатын үнэ 8300 төгрөг, бүгд 4.846.481,35 төгрөгийг З.Ц, хамтран зээлдэгч Б.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр З.Ц, Б.Б нараас 4.846.481,35 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу хариуцагч З.Ц, Б.Б нар нэхэмжлэлийн шаардлага болох 4.846.481,35 төгрөгийг 2017 оны 12 дугаар сараас эхлэн сар бүр 400.000 төгрөгийг 1 жил 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар хоорондоо тохиролцсон. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг манайхаас татгалзах зүйлгүй болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р баг оршин суух Т овогт З.Ц, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5-р баг оршин суух Б овогт Б.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: З.Ц миний бие Т банкнаас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын дагуу 4.846.481,35 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 12 дугаар сараас эхлэн сар бүр 400.000 төгрөгөөр төлж барагдуулан дуусгахаар тохиролцсон. Улсын тэмдэгтийн хураамж болох 46.247 төгрөгийг төлөхийг бас хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Төрийн банктай тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т банк Замын-Үүд салбар нь хариуцагч З.Ц, Б.Б нараас үндсэн зээл 4.455.251,73 төгрөг, зээлийн хүү 366.194,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16.735,43 төгрөг, нотариатын үнэ 8300 төгрөг, нийт 4.846.481,35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч З.Ц, Б.Б нартай  2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 20/34/57 тоот зээлийн гэрээгээр Т банкны салбараас 7.590.000 төгрөгийг сарын 1,8 хувийн жилийн 21,6 хувийн хүүтэй 30 сарын хугацаагаар өгсөн. Хариуцагч З.Ц, Б.Б нар нь уг гэрээний дагуу төлбөл зохих 4.846.481,35 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд барагдуулаагүй болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Ц, Б.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага 4.846.481,35 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2017 оны 12 дугаар сараас эхлэн сард 400.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлсэн уг тайлбарыг нэхэмжлэгч байгууллага зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Т банк Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, З.Ц, Б.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэг 4.846.481,35 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч З.Ц, Б.Б нар нь 4.846.481,35 төгрөгийг 2017 оны 12 дугаар сараас эхлэн сард 400.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж  барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92.494 төгрөгийн 50 хувь болох 46.247 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 46.247 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч З.Ц, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 46.247  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч З.Ц, Б.Б нар нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Э.БОЛОРМАА