| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2018/0425/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/459 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0425/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгч Э.Бнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Бхолбогдох эрүүгийн 1818000000534 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 01 сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Б
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр шүүгдэгч Э.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний биед хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын .. тоотод иргэн Ч.Б-ыг толгойн тус газарт нь гар хөрөөгөөр цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, дагз, чамархайн хуйханд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ч.Б-ын “...З-ыг явъя гэхэд Б- гэх хүн чи юун хүн бэ гэхээр нь би З-ын ах нь байгаа юм гэхэд З-т ямар ах байдаг юм гэхээр нь би тэдний гэрээс гараад явахад араас миний толгой руу юмаар цохиод авах шиг болсон, тэгэхэд аав та болиочээ гэх эмэгтэй хүүхдийн дуу гарахаар нь эргээд хартал дахиад нэг удаа гар хөрөөгөөр миний толгой руу цохиход охин нь ирээд салгаж аваад үлдсэн. Тэгээд хашааны гадна гараад толгойгоо бариад үзэхэд цус гарч байсан ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч И.З-ын “...Б- ах чи юу гээд байгаа юм бэ гээд намайг тойроод гарахаар нь би гайхаад хартал Б- ах толгойгоо бариад гүйгээд байшингаас гарахад ардаас нь Б- ах гар хөрөө барьчихсан хөөж очоод толгой руу нь 1-2 удаа цохих шиг болсон. Тэгээд би араас нь гараад Б- ахын толгойг хартал толгойн зүүн орой дээр хагарчихсан байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 1103 дугаартай “...Ч.Б-ын биед зулайн хуйханд шарх, дагз, чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 23/,
Шүүгдэгч Э.Б “...гаднаас нэг залуу орж ороод ирэхээр нь чи юун хүн бэ гэхэд би З-ын ах нь байна гэхээр нь З-т ямар ах байдаг юм би хүргэн ах нь байна гэж хэлэхэд би төрсөн ах нь байна гээд нөгөө залуу хэлээд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би очоод нөгөө залууг заамдаад авахад намайг түлхэхээр нь би модон сандал янзалж байсан гар хөрөөг аваад нөгөө залуугийн толгой руу нь нэг удаа цохиход нөгөө залуу байшингаас гараад зугтаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 29/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Э.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Э.Б холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Ч.Б- нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх санал гаргасан байх тул уг саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шар өнгийн модон бариултай гар хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж овогт Э.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж овогт Э.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг шар өнгийн модон бариултай гар хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД