Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2014/0373

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН МАГАДЛАЛ

 

2014 оны 09 сарын 18 өдөр                    Дугаар 373                                          Улаанбаатар хот

 

 

М.Н-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

                           Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий

шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нарыг оролцуулан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 286 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, М.Н-н нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/382 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Гаалийн улсын байцаагч М.Н нь 7777 СЭА улсын дугаартай машиныг шалгаад "ачаагүй" гэж тэмдэглэсэн боловч, давхар шалгалтаар ачаатай нь илэрсэн ба тэрээр өөрөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Уг машиныг ачаатай болохыг тогтоож, пүүлж, жин хэмжээг авч байх хооронд 7779 СЭА улсын дугаартай машин бүртгүүлэлгүй сэм гарч явсан. Тухайн машиныг хилээр орж ирэхэд КАЙС сүлжээнд бүртгэж, хяналт тавих үүрэг М.Н-д ногдож байсан ба уг машин гаалийн хяналтын бүсээс гарч явах замдаа хилийн тагнуулын байгууллагад шалгагдаж, их хэмжээний сэлбэг ачиж явсан нь илэрсэн гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар

 

сарын 17-ны өдрийн 286 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/382 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Нямлхагвыг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр гаргуулан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. Тамираа давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн ба хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримт болгон үндэслэсэн гэх 12 тээврийн хэрэгслийн улсын дугаарыг гараараа бичсэн уранхай цаасыг нотлох баримтын шаардлага хангахгүй, хэн, хэзээ гараар бичсэн нь тодорхой бус, сахилгын зөрчил үйлдэгдсэн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бичигдсэн цаас мөн эсэх, эсхүл нэхэмжлэгч сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хэргийг өөрийн талд ашигтайгаар шийдвэрлүүлэхийн тулд нөхөж бичсэн ч байж болох уранхай цаасыг нотлох баримт болгон, шийдвэр гаргахдаа үндэслэсэн нь хууль зөрчсөн, үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, М.Нд холбогдох сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны хурлын үед нэхэмжлэгч М.Н нь 12 тээврийн хэрэгслийн улсын дугаарыг гараараа бичиж бүртгэсэн гэх цаасыг гаргаж өгөөгүй, өөрийгөө сахилгын хорооны хурлын үед гэм буруугүй гэдгээ нотлох дээрх цаас байсан бол түүнийгээ Сахилгын хороонд гарган өгөх бүрэн боломж байсан ч гаргаж өгөөгүй бөгөөд, харин шүүхэд хэзээ, хаана, хэн үйлдсэн нь тодорхой бус, албан баталгаажуулалт тамга тэмдэггүй, зөвхөн тээврийн хэрэгслийн улсын дугаар тэмдэглэсэн цаасны тасархай гаргаж өгсөн байгааг шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ нотлох баримт болгон үнэлсэн нь үндэслэлгүй.

  1. Хяналт шалгалт, бүртгэл хариуцсан гаалийн улсын байцаагч нь Гаалийн тухай хуулийн 246 дугаар зүйлийг удирдлага болгон бараа болон тээврийн хэрэгслийг шалгах, ачаа бараатай эсэхийг нь нягтлах, нягтлан шалгаад тухайн тээврийн хэрэгсэл нь ачаатай бол "Ачаатай" гэж, хэрэв ачаа бараагүй бол "Ачаагүй" хэмээн бүртгэлд тодорхой бүртгэх үүрэгтэй ба Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2.1-д зааснаар "...гаалийн хяналт шалгалтыг хийхдээ сонор сэрэмжтэй байх..." үүргээ М.Н нь зөрчиж, хилийн чанадаас орж ирсэн 7777 СЭА дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэх үүргээ биелүүлээгүй ба их хэмжээний татвараас зайлсхийх боломжийг бусдад олгосон байхад нь хариуцан ажиллаж байсан ахлах байцаагч газар дээр нь
 

илрүүлж, тус тээврийн хэрэгслийг нөхөн бүртгүүлж, татвар хураамжийг төлүүлсэн. 7779 СЭА дугаартай тээврийн хэрэгслийн ачаатай болон ачаагүй эсэхийг нь нягтлан шалгалгүйгээр үүрэгт ажилдаа хайнга хандсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

  1. Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 6.2-т "Зөрчил үйлдсэн нөхцөл, шинж байдал, учирсан болон учирч болзошгүй хор хохирол, үр дагавар, анх болон давтан үйлдсэн зэргийг харгалзан зөрчил гаргасан гаалийн улсын байцаагчид сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасан ба үүнд хүндрүүлэх нөхцөл байдалтай бол ...халах... шийтгэл ногдуулна, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй бол ...сануулах... болон бусад төрлийн хариуцлага ногдуулна... гэж заагаагүй юм.

Зөвхөн зөрчил үйлдсэн тохиолдолд түүнд хариуцлага ногдуулах эрх зүйн үндэслэлийг заасан бөгөөд Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн дагуу Гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрх тул сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын зөрчлийн үйлдсэн нөхцөл, шинж байдал, учирсан болон учирч болзошгүй хор хохирол, үр дагавар, анх болон давтан үйлдсэн зэргийг нь судлан шийдвэр гаргасан байтал Гаалийн тухай хуулийн 284.2-т заасан "зөрчлийн шинж байдлыг харгалзан ногдуулна" гэсэнтэй нийцэхгүй, үндэслэл муутай болжээ... гэж шүүх үзсэн нь хуулиар олгогдсон гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрхэд шүүх шууд хөндлөнгөөс халдсан үйлдэл болсон.

  1. Төрийн албаны зөвлөлийн албан тоотод М.Н албан үүрэгтээ хайнга хандсан, тээврийн хэрэгсэл бүртгэх үүргээ биелүүлээгүй, мөн тээврийн хэрэгслийг шалгахдаа ачаа бараатай эсэхийг нь нягтлан хянаагүй, бусдад албан татвараас зайлсхийх боломж олгосон, гаалийн улсын байцаагчийн үүрэгт заасан сонор сэрэмжтэй байх үүргээ биелүүлээгүй зэрэг хууль бус үйлдлийг нь үгүйсгээгүй бөгөөд зөвхөн сахилгын шийтгэл ногдуулах тушаалынхаа үндэслэл хэсэгтээ Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглээгүй байна гэсэн албан тоот юм. Иймд зөвхөн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг хэрэглээгүйн төлөө М.Н сахилгын зөрчил гаргасан хууль бус үйлдлийг зөвтгөхгүй байхыг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ:

 

 


Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, тухайн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Нэхэмжлэгч М.Н нь Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/382 дугаар тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан

 

ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргажээ.

2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын даргын Б/382 дугаар тушаалаар Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1.11, 274 дүгээр зүйлийн 274.2.1, 284 дүгээр зүйлийн 284.1.5 дахь заалт, “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 2.1.1, 4.1.7 дахь заалт, 6.1 дэх хэсэг, Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 08-ны хуралдааны шийдвэрийг үндэслэн гаалийн хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг гаалийн бүрдүүлэлтийн КАЙС сүлжээнд бүртгэх үүргээ биелүүлээгүй, эрсдэлтэй байж болзошгүй тээврийн хэрэгсэлд биет үзлэг шалгалт хийж гаалийн хяналт тавиагүй гэсэн үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч М.Нямлхагвыг гаалийн албанаас халахаар шийдвэрлэсэн нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч 2013 оны 09 дүгээр 25-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа Оросын Холбооны Улсаас Монгол Улс руу орох чиглэлд их хэмжээний сэлбэг, хэрэгсэл ачсан 77-79СЭА улсын дугаартай Истана маркын автомашиныг КАЙС програмд бүртгэлгүй, дараа нь 18 цаг 06 минутад гаалийн хяналтын бүсэд орж ирээд 18 цаг 08 минутад хяналтын бүсээс гарсан гэж нөхөж бүртгэсэн, нөхөж бүртгэхдээ тээврийн хэрэгслийн улсын дугаарыг гараараа, хэн хэзээ бичсэн нь тодорхойгүй цаасыг үндэслэж бүртгэх үүргээ хэрэгжүүлснийг анхан шатны шүүхийн шүүгч нотлох баримт болгон шийдвэр гаргахдаа үндэслэсэн нь буруу юм гэсэн хариуцагчийн тайлбар ? үндэслэлгүй байна.

Учир нь, тухайн өдөр гаалийн албаны КАЙС програм ачаалал ихтэй, саатаж байсан гэдэг нь тээврийн хэрэгслийг цаасан дээр бүртгэж саатал арилсны дараа КАЙС програмд нөхөж бүртгэсэн талаар Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын сүлжээний инженер Д.Э-н “...Гаалийн улсын байцаагч О.Бат-Орших хойд хаалганы програм гацаад байна, шалга гэсэн. Очиж үзэхэд КАЙС програмын тээврийн хэрэгслийн бүртгэлийн програм гацаж ажиллахгүй байсан..." гэсэн тайлбар, гаалийн улсын ахлах байцаагч О.Бат-Оршихын “...Тухайн өдөр КАЙС програм үе үе гацаад байгаа талаар утсаар гаалийн улсын байцаагч М.Н хэлж ДК дугаартай машиныг дараа нь нөхөж шивсэн тухай хэлсэн. Сүлжээний ажилтан Д.Энх-Амар очиж ) шалгасан талаар надад хэлсэн...” гэсэн тайлбар, нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан тайлбар, “...сүлжээний болон цахилгааны саатал үүссэн үед тээврийн хэрэгслийг дэвтэр ашиглаж бүртгэн хилээр нэвтрүүлж болох бөгөөд саатал арилсны дараагаар програмд нөхөж бүртгэж байхыг анхаарна уу...” гэсэн Гаалийн ерөнхий газрын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02/1579 тоот албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч М.Н нь гаалийн хилээр

нэвтэрч буй тээврийн хэрэгслийг КАЙС системд бүртгэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээргүй байна.

  1. Нэхэмжлэгч нь тухайн өдөр гаалийн бүртгэл хариуцан ажиллаж байхдаа 77- 79СЭА дугаартай тээврийн хэрэгсэлд нарийн хуудас олгож, тухайн тээврийн хэрэгслийг 18 цаг 06 минутад гаалийн хяналтын бүсээр нэвтэрч, 18 цаг 08 минутад гарсан гэж КАЙС системд бүртгэсэн бөгөөд хяналтын бүсээр нэвтэрч гарснаас хойш 5 цагийн дараа буюу 23 цагийн орчимд ОХУ-аас оруулж ирсэн, гаалийн байгууллагад мэдүүлээгүй 90 орчим сая төгрөгийн сэлбэг хэрэгслийг гражаас нь хилийн тагнуулын болон цагдаагийн байгууллага илрүүлсэн гэх боловч уг тээврийн хэрэгслийг биет байдлаар шалгаагүй зөрчил гаргасан гэж буруутгаж ажлаас халсан үндэслэл нь М.Нд хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн нөхцөл байдалд байсан эсэх нь тодорхой бус байхад 5 цагийн дараа айлын гражаас илэрсэн сэлбэгийг шалгаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.
  2. М.Н нь Оросын Холбооны Улсаас Монгол Улсын гаалийн хяналтын бүсэд орж ирсэн 77-77СЭА улсын дугаартай бага оврын ачааны Мицибуши маркийн тээврийн хэрэгсэл, 77-79СЭА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл зэргийг бүртгэхдээ Гаалийн тухай хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь барааны гаалийн мэдүүлгийг хүлээн авсны дараа түүний үнэн зөвийг тогтоох зорилгоор бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийнэ” гэсэн үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан нь Гаалийн ерөнхий газрын Сахилгын хорооны 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны үед М.Н “...ахлах байцаагч 77-77СЭА ачаатай байна. Ачаатайгаар нь бүртгэж, надад барааг нь пүүлэх даалгавар өгсөн. Энэ хооронд 77-79СЭА дугаартай тээврийн хэрэгсэл гараад явсан. Гэхдээ би нарийн хуудас өгсөн...” гэх тайлбар зэргээр нотлогдож байгаа боловч хариуцагчаас эрсдэлийг зөв тооцож, эрсдэлтэй байж болзошгүй тээврийн хэрэгслийг биет байдлаар шалгаж, хяналт тавиагүй зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь уг зөрчлийн шинж байдалд тохироогүй байна.
  3. Нэхэмжлэгч 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай“ Б/382 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс Гаалийн ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлд асуудлыг хамтын зарчмаар хэлэлцэж шийдвэрлэх үүрэг өгсний дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/258 дугаар тушаалаар “Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн гомдлыг судалж, шийдвэрлэх маргаан хянан шалгах комисс”-оос “М.Н нь гаалийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдож гэм буруутай нь нотлогдож ял шийтгэл авч байсан, Гаалийн ерөнхий газраас удаа дараа, тухайлбал 2004 онд гаалийн албанаас халах, 2006 онд гаалийн улсын байцаагчийн эрх хасах сахилгын шийтгэл авч байсан” гэж дүгнэж гомдлыг хангалгүй орхисон нь буруу болжээ.

Учир нь, нэхэмжлэгч урьд өмнө эрүүгийн хэрэгт холбогдсон боловч шүүхээр гэм буруугүй болох нь тогтоогдож цагаатгагдан, холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, урьд авагдсан сахилгын зөрчилд ногдуулсан хугацаа дууссан болох нь Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

  1. Нэхэмжлэгч М.Н нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д “...гаалийн байцаагч..." нь төрийн тусгай албан хаагч бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч байна. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэн шийтгэл ногдуулах байтал Гаалийн ерөнхий газрын дарга 2013 оны Б/382 дугаар тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлалгүй уг тушаалыг гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг зөрчсөн байх тул уг захиргааны актыг илт хууль бус захиргааны акт гэж үзэж хүчингүй болгох нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс,

 

эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа 

шүүгч Ц.Цогт,

шүүгч Б.Тунгалагсайхан