Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч  Д.Хэрлэнчимэг ҮД:06-59,

хохирогч Б.Түмэнжаргал,

шүүгдэгч С.Адъяатөмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Сант суманд 1992 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 10 сартайгаас- 06 насны  2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, Холбоо толгой 2-р гудамжны  10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, Улаанууд овогт Сумъяагийн Адъяатөмөр /РД:ЙЛ92051014/

 

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн С.Адъяатөмөрт холбогдох эрүүгийн 201624000563 дугаартай 105/2016/0112/Э индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 17- өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Адъяатөмөр нь 2016 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 04 цаг 21 минутын орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санхүү эдийн засгийн дээд сургуулийн урд талын замд 80-61 УНЕ улсын дугаартай “Х.Сонота-6” маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.а хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон….бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурьдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно,

Мөн дүрмийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Билгүүнийг мөргөж амь насыг хохироон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Адъяатөмөр мэдүүлэхдээ: Би  2016 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө  Офцеруудын ордноос  Төв шуудан орох гэж яваад Санхүү эдийн засгийн дээд сургуулийн урд явж байгаад зам тээврийн осол гаргаж талийгаачийн амь насыг хохироосон. Холбогдсон хэрэгтээ гэмшиж байна.   Талийгаачийн ар гэрт  учирсан хохирлыг төлж барагдуулсан гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Түмэнжаргал мэдүүлэхдээ: Талийгаач Билгүүн нь  миний 3 хүүхдийн хамгийн  том нь байгаа юм.  Талийгаач маань  нэг хүүхэдтэй. Бидэнд учирсан хохирлыг  бүрэн төлж барагдуулсан.  Хүү маань босоод ирэх биш дээ. Гомдолгүй  гэх нь хаашаа юм.  Энэ хүн бас ардаа 2 нялх хүүхэдтэй  хүн юм байна. Хуулийн дагуу   ял шийтгэлийг хүлээлгэнэ биз гэв .

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Түмэнжаргалын:.. Мөнхдэлгэрийн Билэггүн нь миний төрсөн хүү байгаа юм. 1990-07-01-нд Дархан уул аймагт айлын том хүү болж төрсөн. Бүрэн дунд боловсролтой,мэргэжилгүй, ШУТИС-д 3 дугаар курсын оюутан, эхнэр хүүхдийн хамт 13 дугаар хороололд амьдарч байсан. ”ИН” маркет ХХК-д тавилга угсардаг ажил хийж байсан. 2016-06-17-ны орой 18 цагийн над руу утсаар залгаад одоо л ажил тарж байна гэж ярьсан. Хүүгээ харьлаа гэж хэлсэн болохоор санаа амраад орой дахин утас руу нь залгаагүй. Архи уугаагүй эрүүл байсан, одоо шууд харьлаа гэж хэлж байсан, ийшээ тийшээгээ явна, хэн нэгэнтэй байгаа талаараа хэлээгүй. Эхнэртэйгээ маргалдаж муудалцаж байгаагүй, би байнга л утсаар ярьдаг байсан, ажилд орсон гээд сэтгэл санааны хувьд их л өөдрөг байсан. Зөөлөн сайхан сэтгэлтэй байнга л инээмсэглэж явдаг байсан. Доороо 2 дүүтэй. Жолоочтой уулзаагүй,жолоочоос 500.000 төгрөг ажил явдлын үеэр дансаар шилжүүлсэн байсан. Манай эгч нэг удаа цагдаа дээр байхад уулзсан. Оршуулгын зардалд 6.119.202 төгрөг гарсан. Баримтыг хэрэгт хавсаргасан. Их гомдолтой байна,сэтгэл санаа хэцүү л байна, оршуулгын зардлаа нэхэмжилнэ. гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал /

 

          Мөрдөн байцаалтанд гэрч О.Ариунтунгалагийн: ...2016-06-17-ны 20 цагийн үед би талийгаачтай 94209957 дугаар луу залгахад “Сансарт ажлынхаа хүмүүстэй машинд явж байна, ингэсхийгээд харилаа” гэж байсан, би өөрөө 1-р эмнэлэгт хэвтэж байгаа юм, шөнө утас руу нь залгасан боловч холбогдох боломжгүй гээд байсан. Саяхан шинээр нэг худалдааны төвд ачигчаар ажилд орсон гэсэн, би сайн мэдэхгүй байна,ажлынх нь газрын хэн нэгнээс нь хүн танихгүй,утасны дугаарыг нь ч мэдэхгүй. Талийгаачтай 5 жил хамт амьдарсан,гэр бүлийн баталгаа байхгүй, Ой 8 сартай нэг охинтой, одоо охиноо хараад гэртээ байна. Талийгаач ачигч,тавилга угсардаг ажил хийж байсан.19 цагийн орчимд залгахад ажлынхаа хүмүүстэй ажил тараад явж байна” гэж хэлсэн. 21 цагийн орчимд дахин утсаар залгаж ярихад “одоо харих гээд явж байна” гэж хэлсэн. Архи уугаагүй байсан. Талийгаачийн ажлын газраас манай гэр хүртэл нэг л автобусны буудлын зайтай.Хамт явж байгаа хүмүүсийн талаар хэлээгүй. Шинэ ажилд орсон болохоор ажлын газрынхаа хүмүүсийг танихгүй. Би тухайн өдөр 1-р эмнэлэг дээр ахыгаа сахиж байсан юм.Талийгаачийн ажил “Скай” их дэлгүүрийн орчимд байдаг. Найзуудтай нь холбоо барьсан, уулзаагүй гэж байсан. Маргалдаж муудалцаагүй,сэтгэл санаа их өөдрөг байсан ажилд орсон гээд их л завгүй байсан  гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Мөнхдөлийн: …Энэ машины үндсэн жолооч нь би байгаа юм.Компанитай гэрээ анх хийхэд би гэрээ хийж урьдчилгаа 500,000 төгрөг өгсөн,Адъяатөмөр миний ээлжийн жолооч байгаа юм. Бид хоёр энэ машиныг ээлжээр хариуцан жолооддож явдаг. Ээлжийн жолооч гэж гэрээ хийсэн.Үндсэн жолооч нь өглөө 08 цагаас орой 20 цаг хүртэл,ээлжийн жолооч нь 21 цагаас өглөөний 08 цаг хүртэл долоо,долоо хоногоор ээлжлэн явдаг. Машины эвдрэл гэмтлийг өөрсдөө засч янзалдаг. Компани нь машинд засвар үйлчилгээ хийдэггүй. Өдрийн 25.000 төгрөг компани төлдөг, ажлын 5 хоногоор тооцоогоо хийдэг. Машиныг компанийн гражид тавьдаггүй. Жолооч нар өөрсдөө хариуцан жолоодож явдаг. Машиныг шалгах механик шалгадаггүй. Харин хавар, намарт оношлогоонд ордог. 2015 онд болон энэ онд оношлогоонд машиныг оруулсан. Оношлогоонд оруулахад машин бүрэн бүтэн байсан.Оношлогоонд орсоны дараа буюу осолд орохоос өмнө 7 хоногийн өмнө хойд хоёр накладыг Адъяатөмөр сольж тавьсан.Хойд хоёр дугуйнаас хий аваагүй гэсэн. Би тухайн үед хөдөө Сэлэнгэд байсан. 4 хоногийн дараа Адъяатөмөрийг хүн дайрсан талаар мэдсэн. Машиныг 2015 оны 12 дугаар сард авсан. 2016-11-25-ны өдөр хувьд гарах юм. Машиныг үзэж харсан, эвдрэл гэмтэл учраагүй, машиндаа эвдрэлийн үнэлэгээ хийлгэхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 69-р тал /

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Очирмаагийн:…2016-06-17-ноос 18-нд шилжих шөнө 03-04 цагийн орчимд ХААЯ –ны зүүн талд байдаг. Шөлөндөөгөөс гараад ирэхэд нэг залуу хойноосоо урагшаа зам руу найгаад 3-р эгнээнд орж яваад зам дээр унах үед залууг дайраад доороо оруулаад зогсоогүй чирээд нилээд хол явж байгаад Арслантай гүүрний явган хүний гарц хүртэл яваад зогссон. Би шууд утсаараа 103-т дуудлага өгсөн. Баруун талаас цагдаа ирсэн. Би яг очоогүй холоос харахад нөгөө залуу мушгирсан юм шиг болсон байсан. Тэгээд би явсан. Хөдөлгөөн дунд зэрэг байсан,гэрэлтүүлэг асаж байсан. Замаар явж байгаад 3-р эгнээнд уначихсан. Машин газар унасан байхад нь дайрсан.босоо байхад нь мөргөөгүй. Машин хурдтай явсан. Зам хуурай байсан. Жолооч нь ганцаараа байсан,эрэгтэй хүн байсан. Явган зорчигч ганцаараа явсан,гуйваад байсан. Явган зорчигч хойноосоо урагшаа зам хөндлөн яг гараагүй,машин замаар зүүнээс баруун зүг рүү явж байсан. Явган зорчигч унасан газар явган хүний гарц байгаагүй, харин машин дайраад нилээд хол доороо чирээд явсан.дуут дохио өгөөгүй, машин тоормос гишгээгүй  гэх мэдүүлэг /хх-ийн 73-74-р тал/

           

Мөрдөн байцаалтанд гэрч Урандөшийн:..”Урд өдөр нь талийгаач бид хоёр уулзсан. Шинэ ажилд орсон гэж хэлж байсан. Чингис зочид буудлын ар талд байдаг шинэ дэлгүүрт туслах ажилтнаар ажилд орсон гэж байх шиг байсан. Яг осолд ордог өдөр талийгаачтай уулзаагүй,утсаар яриагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 75-р тал/

Мөрдөн байцаалтанд яллагдагч  С.Адъяатөмөрийн  : … 2016-06-17-ны орой 21.30 цагийн үед гэрээсээ таксинд явахаар гарсан.Би 80-61 УНЕ улсын дугаартай “Х.Соната” маркийн автомашиныг жолоодон явсан юм. Ингээд халтууранд явж байгаад шөнө 04.00 цаг өнгөрч байхад Офицеруудын ордоноос Төв шуудан руу очихоор Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Санхүү эдийн засгийн дээд сургуулийн урд талын замаар 3-р эгнээгээр явж байтал гэнэт урд талд хүн хэвтэж байгааг харсан,Би харангуутаа тоормос гишгээд 2-р эгнээ рүү жолоогоо дарах гэсэн чинь машинууд явж байсан.Тэгээд  би хэвтэж байсан хүнийг мөргөөд,чирч явсан,тэгж чирч явахдаа тоормосоо гишгэсэн боловч зогсоогүй.Тэгж байгаад машин зогсоод буугаад харсан чинь машины зүүн урд талын дугуйн дор эрэгтэй хүн орчихсон,маш их цус гарсан байсан.Би тэр даруйд нь өөрийнхөө 90198061 дугаараас 102,103 дугаар луу залгаж дуудлага өсөн. Дуудлага өгөөд цагаа харахад 04-21 цаг болж байсан, үүнээс 10 минутын дараа 103-н машин ирээд эмч нь үзчихээд нас барчихсан байна  гэсэн хэсэг хугацааны дараа замын цагдаа нар ирсэн. Би ХААЯ-ны урд талын гэрлэн дохион дээр зогсоод, хөдөлсөн гэхлээр 50 орчим км хурдтай явсан байх. Мөргүүлсэн хүний толгой нь хойшоо чиглэлд харчихсан зам дээр хэвтэж байсан. Би мөргүүлсэн хүнийг их ойрхон баруун талруугаа дарах гэсэн боловч машинууд яваад байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 121-122-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг ¹1133 тоот дүгнэлтэд:

1. Талийгаачийн  цогцост баруун, чамархай, зулай дагз, хажуугийн ховдлын дээд хэсэг, чамархайн суурийн хэсэг, зүүн тал бөмбөлөг, зүүн чамархай, зулай, хажуугийн ховдлын дээд хэсгээр тархмал нимгэн аалзан бүрхүүл доорхи цус харвалттай, баруун чамархай тархины эдийн няцрал, цээжний баруун, зүүн хөндий, хэвлийн цус хуралт, өвчүү, баруун эгэм, баруун 1-2-3-4-5-6-7-8-9-10-р хавирга, зүүн 4-5-6-7-8-9-10-р хавирганы хугарал, цээжний гялтанг нэвтэлж уушиг хатгагдсан байдал, уушигны няцрал, элэгний баруун дэлбэнгийн задрал, баруун дунд чөмөг түнхний үеийг цөмөлж аарцгийн хөндийд орсон байдал, баруун умдаг суудал яс, олон уулзахын үелэмжийн үйрсэн хугарал, зүүн шаант, тахилзуур яс улнаас дээш 47 см-т өвдөгний үений доогуур гурвалжин хэлтэрхийтэй үүсгэсэн хугарал, хугаралын түвшиндэх шарх, нүүр хүзүү, их бие, мөчдийн олон тооны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гавал тархины гэмтэл болон зүүн хөлийн дунд чөмөгний хугарал,  толгой түнхний үеийг цөмөлсөн хугарал нь автомашинд мөргөгдөх үед, цээжний хэнхэрцгийн хугарал, уушигны няцрал, элэгний баруун дэлбэнгийн задрал гэмтэл нь дайрагдах үед үүснэ.

3. Талийгаачийн цогцост үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь дээрх оношинд дурьдагдсан хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан болно.

5. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

6. Талийгаач нь АВО системээр О/1 бүлгийн харъяалалтай цустай байна.   

Шинжээч эмч О.Болормаа гэх дүгнэлт /хх-ийн 83-р тал/

-Авто Тээврийн Үндэсний Төв ТӨҮГ Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ¹16/29630 тоот дүгнэлтэд:

1. Техникийн хяналтын үзлэгийн тоормос хэмжигч тоног төхөөрөмжөөр шалгахад уг автомашины хойд дугуйн тоормос зогсоогүй, баруун урд талын их гэрлийн хүч стандарт хэмжээнд хүрэхгүй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Автомашины хойд дугуйн тоормос зогсоогүй, баруун гэрэл сууриараа дээш хөдөлсөн, хүч 1100 сd байна.

3. Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд баруун гэрлийн чадал стандарт хэмжээнд хүрэхгүй 1100 сd байгаа нь ослын үед үүссэн, урд дугуйн тоормосны хүч зөрөөтэй, хойд дугуйн тоормос зогсохгүй байгаа нь ослоос өмнө ашиглалтын үед үүссэн байна. Баруун гэрлийн гэмтэл ослын үед үүссэн болно.

4. Автомашины зүүн урд дугуйн тоормосны хүч 1,6 kН, баруун урд дугуйн тоормосны хүч 2.3 kН, буюу тоормосны хүчний зөрүү нь 30,43-тай зүүн хойд дугуйн тоормосны хүч 0.9 kН буюу тоормосны хүчний зөрүү 18.18%, хойд дугуйн тоормос зогсоогүй нь тухайн осолд нөлөөлнө. Баруун гэрэл ослын улмаас сууриараа хөдөлсөн нь гэрлийн хүчийг тоног төхөөрөмжөөр шалгахад стандарт хэмжээнд хүрэхгүй байна. Баруун гэрлийн гэмтэл нь ослын үед үүссэн болно.

5. Автомашины урд дугуйн тоормосны хүч зөрүүтэй, хойд дугуйн тоормос бүрэн зогсохгүй байгаа нь автомашины тоормосны зам уртсах, зогсох чадварт нөлөөлнө Шинжээч  Д.Буянхүү, Ч.Зоригтөгс, Г.Батмөнх  гэх дүгнэлт  /хх-н 104-106-р тал/

-Улаанбаатар Хотын Цагдаагийн Газрын  2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №381 тоот дүгнэлтэд:

1. Х.Сонота-6 маркийн 80-61 УНЕ дугаартай автомашиныг С.Адъяатөмөр нь  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-т заасан "Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а.хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэл хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурьдагдсан бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй ол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно, мөн 9.2-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч М.Билэгүн нь Монгол Улсын ЗХД-ийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурьдсан зүйлийг хориглоно. а/явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх, г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтуудыг тус тус  зөрчсөн байх үндэслэлтэй байна. гэх дүгнэлт   /хх-ийн 110-р тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Гэмт хэргийн объект нь  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам мөн.

   Объектив тал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөн үйлдэл байна.

   Субъектив тал нь санаатай ба болгоомжгүй  гэм буруу байна.

  Субъект нь тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй 16 насанд хүрсэн этгээд байна.

   Шүүгдэгч С.Адъяатөмөр нь 2016 оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 04 цаг 21 минутын орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санхүү эдийн засгийн дээд сургуулийн урд талын замд 80-61 УНЕ улсын дугаартай “Х.Сонота-6” маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.а хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон….бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурьдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно,

Мөн дүрмийн 9.2-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Билгүүнийг мөргөж амь насыг хохироон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг   үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт,  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул С.Адъяатөмөрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос С.Адъяатөмөрийн гэм буруугийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилсэн ирүүлсэн  хуулийн зүйл, ангийг тохирсон гэж үзэв.

            Шүүгдэгч С.Адъяатөмөр нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 138-р тал/

Хохирогч Б.Түмэнжаргал нийт 5.434.950 төгрөгийг  нэхэмжилснээс  шүүгдэгч  С. Адъяатөмөр нь  7.400. 000 төгрөгийг төлсөн байна/. хх-ийн 168, 170, 176-р тал/

Шүүгдэгч С.Адъяатөмөр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,55.1.3-д  гэмт хэрэг  үйлдэж учруулсан хохирлоо  сайн дураараа нөхөн  төлсөн,  55.1.9-д заасан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, зам тээврийн осол гаргахад  хохирогчийн буруутай  үйлдэл  нөлөөлсөн  зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэж  С. Адъяатөмөрт оногдуулсан хорих  ялыг биеэчлэн шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улаанууд овогт Сумъяагийн Адъяатөмөрийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчснөөс бусдын  амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар Сумъяагийн Адъяатөмөрийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван / жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Адъяатөмөрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар С.Адъяатөмөрт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван / жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 741767 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий  газрын харьяа Лицензийн төвд хүргүүлэхээр, “СД” 1 ширхэгийг   хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

 6.  С.Адъяатөмөр  нь  хэргийн  улмаас   цагдан хоригдсон  хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус  дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч С. Адъяатөмөрт  оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хорих ялыг тэнсэж 3 /гурван/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгчид хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, С.Адъяатөмөрт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Адъяатөмөрт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.АЛТАНЦЭЦЭГ