Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 214

 

  А.М, Г.Т  нарт

   холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Ч.Батбаяр,

          яллагдагч А.М, түүний өмгөөлөгч С.Дондов,

          яллагдагч Г.Т, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 300 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаярын бичсэн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр А.М, Г.Т  нарт холбогдох 1806 0729 72084 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 1. О овгийн А-н М, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тавилгын үйлдвэрт мужаан ажилтай, ам бүл 2, эхийн хамт ..........дүүргийн 11 дүгээр хороо, ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;

2. Б овгийн Г-н Т, 19.. оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй.......... Их сургуулийн .. дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эцэг, эгч нарын хамт ....дүүргийн .. дугаар хороо, ........р байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......./;

А.М, Г.Т  нар бүлэглэн, 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г б” амралтын газар хохирогч М.С-г зодож эрүүл мэндэд нь “зүүн бөөрний задрал, няцрал, бөөрний хальсан доорх цус хуралт, зүүн эгэм, мөр, бугалга, дал, гуянд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.М, Г.Т  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Талууд хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг өгч болох гэрчүүдийг асууж тодруулаагүй байх тул энэ ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргасныг хянан хэлэлцээд шүүхээс үндэслэлтэй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, Давааням, Энхжин, Жаргал нарыг гэрчээр байцаагаагүй, мөн гэмт хэрэг гарсан газарт хохирогч, яллагдагч нарын гэрт байсан болон тухайн амралтын газарт ажиллаж байсан хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох гэрчүүдийг байцаагаагүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн өргөдөл, хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл, А.М, Г.Т  нараас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч Ууганцэцэгийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.4- т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж тус тус заасан хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр яллагдагч А.М, Г.Т  нарт холбогдох эрүүгийн 1806 0729 72084 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч А.М, Г.Т  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Ч.Батбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцаасан. Үндэслэл нь:

хэрэгт ач холбогдолтой Давааням, Энхжин, Жаргал нараас гэрчээр мэдүүлэг авах, тухайн амралтын газар ажиллаж байсан хэрэгт ач холбогдолтой гэрчүүдээс тус тус мэдүүлэг авах ажиллагааг нэмж хийлгэхээр буцаасан. Тухайн хэрэг үйлдэгдэх үед байсан гэрчүүд болох Э.Ууганцэцэг, Ч.Адъяа нараас гэрчээр мэдүүлэг авсан. Гэрч нарын мэдүүлгээр яллагдагч А.М, Г.Т  нар нь бүлэглэн хохирогч М.С-г зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул хэрэгт өөр гэрчүүдээс мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолгүй буюу шаардлагагүй. Мөн дээрх амралтын газар тухайн үед ажиллаж байсан гэх ямар этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах нь тодорхойгүй, хэн гэдэг, ямар ажил хийж байсан хүнээс мэдүүлэг авхуулах талаар яллагдагч нар нь өөрсдөө мэдэхгүй байх тул дээрх ажиллагааг хийх боломжгүй.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч А.М, Г.Т  нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн этгээд, учирсан хохирол зэрэг нь тодорхой, нотлогдсон байх тул яллагдагч А.М, Г.Т  нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 300 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв. 

          Яллагдагч А.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэрчүүдийг асуух шаардлагатай гэж үзэж байна. Эдгээр гэрчүүд хохирогчийн биед хүнд гэмтэл учруулахаар зодоогүй гэдгийг гэрчилнэ. Бид хоёрын зарим нэг мэдүүлэг дутуу байсан...” гэв.  

          Яллагдагч А.М-н өмгөөлөгч С.Дондов тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ууганцэцэг, Адъяа нарыг гэрчээр асуулгах хүсэлтэй байна. Ууганцэцэг нь хохирогчийн эхнэр бөгөөд гэрт байсан тул гадаа юу болсныг сайн мэдэхгүй. Адъяа унтаж байсан. Харин Давааням, Энхжин, Жаргал нар гэрт зодоон болсныг мэдсэн ач холбогдолтой гэрчүүд юм. Цагаан пүүз өмссөн М намайг өшиглөсөн гэж хохирогч хэлдэг. Гэтэл тухайн үед М хар гуталтай байсан. Энэ байдлыг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасны дагуу нэмэлт ажиллагаа хийлгэх нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна...” гэв.

          Яллагдагч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Униар цохиогүй гэдгийг тодруулмаар байна. Мэдүүлэг авах гэрчүүд нь энэ байдлыг нотолно. Бид хоёр нүүр лүү нь цохисон...” гэв.

          Яллагдагч Г.Т-н өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гурван булаг гэдэг амралтын газрын нэг ч хүнийг асуугаагүй. Мөнхзулыг гэрчээр асуулгах хүсэлтэй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

А.М, Г.Т  нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, тухайн нотлох баримтуудын хүрээнд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Иймд “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх ...” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, А.М, Г.Т  нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.