| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 101/2017/1596/И |
| Дугаар | 292 |
| Огноо | 2017-11-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: К банк ХХК Улаанбаатар хот нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, В овогт Ч.Г,
Санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөр болох 14.850.000 төгрөг, хүүгийн төлбөрт 6.058.800 төгрөг, алданги 104.544 төгрөг, нийт 37.217.664 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 06 дугаар 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Н, хариуцагч Ч.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч.Г нь К банкны Замын-Үүд салбарын жолооч албан тушаалд ажиллаж байсан. Ажил олгогч болон ажилтан нар нь харилцан тохиролцож 2012 оны 05-р сарын 04-ний өдөр 388 дугаар “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу банк нь ажилтанд Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 75-р байр тоотод байрлах 33 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдан авахад зориулж 42.900.000 төгрөгийн зээл олгосноос 14.850.000 төгрөгийг нь урьдчилгаа төлбөр болгон төлөх, ингэснээр ажилтан нь тус банкинд арван жилийн хугацаатай тогтвор суурьшилтай ажиллах болзолтойгоор гэрээ байгуулсан юм. Хэрэв ажилтан нь банкинд арван жил тогтвортой ажилласан тохиолдолд урьдчилгаа төлбөрийн 10 хувийг хөнгөлөх бөгөөд дээрх хугацаагаар ажиллаагүй тохиолдолд ажилтан нь урьдчилгаа төлбөрийг банкинд хүүтэйгээр буцаан төлөхөөр дээрх № дүгээр гэрээгээр талууд тохиролцсон. Мөн Ч.Г-той 2015 оны 01-р сарын 16-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-нд 2015 оны 05-р сарын 21-ний өдөр №005 дугаар нэмэлт өөрчлөлтийг оруулж дээрх нөхцөл, болзолыг талууд дахин баталгаажуулсан юм. Ийнхүү банк №88 дүгээр гэрээ болон 2015 оны 05-р сарын 21-ний өдөр ¹005 дугаар нэмэлт өөрчлөлтөөр хүлээсэн үүргээ биелүүлж 2012 оны 05-р сарын 04-ний өдөр “К ХХК-ийн К банкин дахь тоот дансанд 14.850.000 төгрөгийг шилжүүлж, улмаар нийт 42.900.000 төгрөгийн ипотекийн зээлийг олгосон. Гэвч Ч.Г нь Гүйцэтгэх захирлын 2016 оны 03-р сарын 09-ний өдрийн 219 дүгээр тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалж ажлаас чөлөөлсөн юм. Ийнхүү Ч.Г нь 2015 оны 05-р сарын 21-ний өдөр № 005 дугаар нэмэлт өөрчлөлтийн 8-д заасан “Ажилтан гэрээнд заасан хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, сахилгын зөрчил гарахгүй идэвх санаачилгатай ажиллана” гэсэн үүргүүдээ тус тус биелүүлээгүй. Иймд “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-ний 4.2.2-д “ажилтны өмнөөс банкны төлсөн төлбөрийн сарын 1,7 хувийн хүүгийн хамт банкинд буцааж төлж барагдуулна” Хөдөлмөрийн гэрээний №008 дугаар нэмэлт өөрчлөлтийн 9-д “Ажилтан гэрээнд заасан хугацаанд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тохиолдолд ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш хуанлийн 7 хоногийн дотор банкнаас олгосон санхүүгийн дэмжлэгийг .... дараах байдлаар төлж барагдуулна” гэж заасныг тус тус үндэслэн банкнаас олгосон санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөр болох 14.850.000 төгрөг, хүүгийн төлбөрт 6.058.800 төгрөг, алданги 104.544 төгрөг, нийт 37.217.664 төгрөгийг иргэн Ч.Г-с гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: К банкнаас санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөр 14.850.000 төгрөг, хүүгийн төлбөр 6.058.800 төгрөг, алданги 104.544 төгрөг нийт 37.217.664 төгрөг нэхэмжилсэн байна. Яагаад 37.217.664 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. 2012 оны 05 сарын 04-ний өдөр Баянзүрх дүүрэг 16-р хороо 75-р байр тоотын 33 кв.м талбай бүхий нэг өрөө орон сууцыг худалдан авахад зориулж 2012 оны 05 сарын 04-ний өдөр “Ажилагсдын орон сууцны зээлийн гэрээ” байгуулж зээл авсан болно. Гэрээний 3.3-д зааснаар 42.900.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Миний бие 2009 оны 02 сарын 06-наас 7 жил гаруй хугацаанд К банкны Замын-Үүд салбарт ажилласан. Нэхэмжлэлд дурдсан шиг санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа 14.850.000 төгрөг надад өгөөгүй байж хүү, алданги нийт 37.217.664 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээний 3.1-д “орон сууцны 1 кв.м-ийн үнэ 1.350.000 төгрөг, мөн гэрээний 3.2-д ажилтныг төлөөлж 1 кв.м-ийн үнэ 150.000 төгрөгөөр тооцож 4.950.000 төгрөгийн урьдчилгаа хөнгөлт үзүүлэхээр тус тус тохирсон болоно. 2015 оны 1 сарын 16-ний өдөр байгуулсан хөдөлмөгийн гэрээ болон 2015 оны 05 сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ 005-д заасан гэрээний нэг хувийг надад өгөөгүй. Гэтэл 2015 оны 05 сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ 005-д заасан гэрээг би мэдэхгүй байна. Энэ гэрээний 1/1.2-д 2013 оны 08 сарын 09-ний өдрөөс 2023 оны 08 сарын 09-ний өдөр хүртэл нийт 10 жилийн хугацаатай байгуулсан. Мөн гэрээний 2/2.6-д Банк ажилтанд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 16-р хорооны 75-р байрны тоотод байрлах 33 кв.м талбайтай орон сууцыг худалдан авахад зориулан 59.400.000 төгрөгнөөс 14.850.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Гэх мэт огт тохиролцоогүй тоо хэмжээ тавьсан байна. 2012 оны 05 сарын 04-ний өдрийн Ажиллагсдын орон суцны зээлийн гэрээний 3.3-д зааснаар 42.900.000 төгрөгийн зээл, яагаад 59.400.000 төгрөг болчихсон н ойлгомжгүй байна. Анх байгуулсан ажиллагсдын орон сууцны гэрээнд хөдөлмөрийн гэрээний нэмэлтээр зээлийн хэмжээг ихэсгэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Би энэ гэнээд заасан нөхцөлүүдийг тохирч гэрээ байгуулаагүй, гэрээг танилцуулсан хүн байхгүй, ажилчдын хурал мэдээд 10 жилийн хугацаа тэтгэвэрт гарах дөхөж байгаа учраас боломжгүй гэхэд Н захирал тэр яахав ажиллаж бай гэсэн болно. Энэ тушаалд заасан сүүлийн нэг сарын цалин, амралтын мөнгө, нэг сарын тэтгэмж, эрсдлийн мөнгө зэргийн тооцоо хийхийг заасан боловч хэрхэн тооцож суутгал хийсэн нь мэдэгдэхгүй байгаа болно. Иймд миний 2016 оны 03 сарын 01-2017 оны 05 сарын 03-ний хооронд хийсэн депозит хуулгыг авсан болно. Капитал банк надаас үндэслэлгүй нэхэмжилсэн 37.217.664 төгрөгийг бүхэлд нь хэрэгсхэгүй болгож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
К банк ХХК нь хариуцагч Ч.Г-д холбогдуулан Санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөр болох 14.850.000 төгрөг, хүүгийн төлбөрт 6.058.800 төгрөг, алданги 104.544 төгрөг, нийт 37.217.664 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага анх шүүхэд гаргасан. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа 16.205.120 төгрөгөөр багасгаж нэхэмжлэлийн шаардлагыг 21.012.544 төгрөг болгон багасгаж нэхэмжилсэн.
Хариуцагч Ч.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 21.012.544 төгрөгийг төлөхөөс татгалзаж маргажээ.
Нэхэмжлэгч “К банк” ХХК, хариуцагч Ч.Г, “К” ХХК нарын хооронд 2012 оны 05 сарын 04-ны өдрийн 88 дугаартай “Орон суцны санхүүжилтийн” гэрээ /хх-ийн 8-9/-гээр орон сууц худалдах, бариулахад шаардагдах үнэ нь 42.900.000 төгрөгөөр тодорхойлсон. Түүнчлэн хариуцагч Ч.Г, нэхэмжлэгч “К банк” ХХК хоёрын хооронд 2012 оны 05 сарын 04-ны өдрийн 388 дугаартай “Ажиллагсдын орон сууцны зээлийн” гэрээ /хх-ийн 9-н ар тал-15/-г байгуулан Баянзүрх дүүрэг 16-р хороо тоотын 33 кв.м талбай бүхий нэг өрөө орон сууц 1 м.кв талбайг талууд гэрээний 3.1-д зааснаар 1.350.000 төгрөгөөр тохиролцсон боловч олгосон зээлийн хэмжээ нь гэрээний 3.3-д зааснар 42.900.000 төгрөгөөр тооцсон нь 1 м.кв талбайг талууд 1.300.000 төгрөгөөр тооцон зээлээ олгосон болох нь гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч Ч.Г-н тайлбарт банкнаас нийт 42.900.000 төгрөгийн зээл аваад орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулсан, одоо уг банкны 42.900.000 төгрөгийн зээлийг 2012 оны 05 сарын 04-ны өдрийн 388 дугаартай зээлийн гэрээний дагуу төлж байгаа гэжээ.
Орон сууцны санхүүжилтийн гэрээ байгуулсны дараа Ч.Г нь “Капитал банк”-тай 2012 оны 05 дугаар сарын 04-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 42.900.000 төгрөгийг зээлж авсан нь тогтоогдсон. Хариуцагч нь орон сууцны үнийг зээлийн мөнгөөр бүрэн төлсөн гэж шүүх хурлдаан дээр тайлбарласан. Иймд хариуцагч нь Орон сууцны санхүүжилтийн гэрээнд заасан орон сууцны үнийг төлсөн байх тул урьдчилгаа төлбөр төлүүлэх үндэслэл байсан нь эргэлзээтэй байна.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл зохигчид нь “Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай” гэрээг /хх-ийн 20-21/ бичгээр байгуулж, гарын үсгээ зурсан хэдий ч гэрээнд заасан орон сууцны урьдчилгаа төлбөр 14.850.000 төгрөгийг төлөх үндэслэл бий болоогүйгээс гадна “К банк”-ны зүгээс уг мөнгийг хариуцагчийн нэрийн өмнөөс орон сууцыг худалдсан этгээд болох “К” ХХК-нд шилжүүлсэн гэх байдал тогтоогдоогүй. 2013 оны 08 сарын 26-наас 2013 оны 10 сарын 29-ны өдрийн “К” ХХК-ны депозит дансны хуулга /хх-ийн 94-95/, 2013 оны 08 сарын 26-ны өдрийн Мемориалын баримт 201705254986015420-0 /хх-ийн 96/, 2013 оны 10 сарын 11-ны өдрийн Мемориалын баримт 201310115608000731-0 /хх-ийн 97/ гэх баримтад ажиллагсдын хөнгөлөлт 221.880.000 төгрөг, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт 108.270.000 төгрөгийг тус тус “К” ХХК-д К банкнаас төлсөн гэж тэмдэглэгдсэн, хариуцагч Ч.Г, “К банк” ХХК нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 04-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ /хх-ийн 9 ар тал-15/, зээлийн гэрээний үнэ 42.900. 000 төгрөг байгаа үйл баримттай харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч “К банк” ХХК хариуцагч Ч.Г-н өмнөөс байрны урьдчилгаа төлбөрийг төлж Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Ч.Г нь “К” ХХК-нд ямар гэрээний үндсэн дээр 14.850.000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн байсан нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Ч.Г, “К банк” ХХК, “К” ХХК гурвын хооронд 2012 оны 05 сарын 04-ны өдөр байгуулагдсан “Орон сууцны санхүүжилтийн” гэрээнд орон сууцны нийт үнийг 42.900.000 төгрөг /хх-ийн 8-9/ гэж тогтоосон байх ба уг гэрээний үнийн дүнд өөрчлөлт ороогүй хэвээр байна. Гэрээг байгуулж буй талууд өөрсдөө гэрээний нөхцөлийг тогтоодог тул “К банк” болон “К ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Орон сууц захиалгын” гэрээнд орон сууны 1 м.кв талбайн үнийг 1.800.000 төгрөг гэж тусгасан нь Ч.Г болон “К банк” ХХК, “К” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний үнийг өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
Иймд хариуцагч Ч.Г-с Санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөр болох 14.850.000 төгрөг, хүүгийн төлбөрт 6.058.800 төгрөг, алданги 104.544 төгрөг, нийт 21.012.544 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэлийн шаардлага 16.205.120 төгрөгөөс татгалзсаныг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К банк ХХК-ний нэхэмжлэлтэй Ч.Г-д холбогдох Санхүүгийн дэмжлэг буюу урьдчилгаа төлбөр болох 14.850.000 төгрөг, хүүгийн төлбөрт 6.058.800 төгрөг, алданги 104.544 төгрөг, нийт 21.012.544 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 16.205.120 төгрөгөөс татгалзсаныг баталсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 344.039 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА