| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2017/0340/И |
| Дугаар | 324 |
| Огноо | 2017-12-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн 53 настай яс үндэс халх, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эх баригч, бага эмч мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар баг оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, М овогт Б.Д-н хүсэлтээр
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Пүрэвжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1984 оны 11 сарын 27-ны өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 8-н жилийн дунд сургуульд бичиг хэргийн ажилтан, үйлчлэгч, сахиул, дотуур байрны багш зэрэг ажилуудыг хийж 1992 оны 08 сарын 05-ны хүртэл ажиллаж байсан. Тухайн үеийн ажилласан жилийн захирамж тушаал дутуу байгаа учраас тэтгэвэр тогтоолгож болохгүй байгаа. Сургуулийн бичиг баримт, тушаал сургуулийн дотуур байранд хадгалагддаг байсан ба 1986 онд сургуулийн дотуур байр шатсаны улмаас бичиг баримтууд шатаж устсан юм. Дорноговь аймгийн архивын тасгаас өөрт холбогдолтой материалыг шүүж үзэхэд нэг захирамж гарч ирсэн. Тэгээд нийгмийн даатгалаас 1984 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан жилүүдийг шүүхээр тогтоолгож ир гэсэн. Иймд намайг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 8-н жилийн сургуульд 1984 оны 11 сарын 27-ны өдрөөс 1992 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цэвэрлэгч, сахиул, дотуур байрны багш, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь :
Нэхэмжлэгч Б.Д нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 8-н жилийн сургуульд 1984 оны 11 сарын 27-ны өдрөөс 1992 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цэвэрлэгч, сахиул, дотуур байрны багш, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч Б.Д нь Дорноговь аймгийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 8-н жилийн сургуульд 1984 оны 11 сарын 27-ны өдрөөс 1992 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл цэвэрлэгч, сахиул, дотуур байрны багш, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч Б.Д-н шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 8 жилийн сургуулийн Б.Д 1964 оны 12 сарын 12 төрсөн, сургуулийн захирлын 1984 оны 11 сарын 27-ны өдрийн 57 дугаар тушаалаар сургуулийн дотуур байрны цэвэрлэгчээр, 1985 оны 12 сарын 02-ны өдрийн 60 дугаар тушаалаар цэвэрлэгчээс чөлөөлж, дотуур байрны сахиул/ манаачаар/, 1992 оны 08 сарын 01-ны өдрийн 21 тоот тушаалаар дотуур байрны сахиулын үүрэгт ажлаас чөлөөлөв, 1992 оны 08 сарын 05-ны өдрийн 36 тоот тушаалаар Улаанбадрах Хаан банкны салбарт няраваар ажиллуулав гэсэн тэмдэглэгээ бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 044/12 тоот “ Улаанбадрах сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр 1986 онд шатсан нь үнэн болно” гэсэн тодорхойлолт
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн “ Тус архивт Улаанбадрах сумын ерөнхий боловсролын сургуулийн 1988-2003 оны архивын баримт хадгалагдаж байгаа тул Б.Д-д холбогдох архивын лавлагаа гаргах боломжгүй болно. Сумын АДХГЗ-ын архивын баримтыг шүүж 1985 оны 10 сарын 17-ны өдрийн 47 дугаар захирамжийн хуулбар олгов” гэсэн архивын 945 тоот тодорхойлолт,
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 10 сарын 17-ны өдрийн “ 1. Сумын 8 жилийн дунд сургуулийн цэвэрлэгч Б вогтой Д-д 1985 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 1985 оны 11 сарын 28-нй өдөр хүртэл нярай хүүхдээ асрах 2 сарын тэтгэмжтэй чөлөө олгосугай” гэсэн 47 тоот захирамжийн хуулбар,
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Засаг Даргын 2017 оны 12 сарын 11-нйи өдрийн “ Замын-Үүд сумын 3-р багийн иргэн Б.Д-н цалингийн лавлагааг хүргүүлэв” гэсэн 1/385 тоот албан бичиг,
Б.Д нь Улаанбадрах сумын 8-н жилийн сургуулийн дотуур байр, ЗДТГ, үйлчлэгч, байрны багш, бичээч-бичиг хэргийн эрхлэгч, галчаар, 1984 оны 11 сараас 2004 оны 04 сар хүртэлх цалингийн жагсаалт,
гэрч С.Ш шүүх хуралдаанд өгсөн “Би Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хүүхдийн цэцэрлэгт 1982 оноос 1993 он хүртэл асрагчийн ажил хийж байсан. Б.Д нь 1984 онд уг цэцэрлэгт цэцэрлэгийн эрхлэгчээр ажилд орсон. Тэгээд ажиллаж байгаад 1986 онд сургуулийн үйлчлэгч, бичиг хэргийн ажилтнаар шилжиж сургуулийн ажилтан болсон. Тухайн үед Улаанбадрах сумын сургууль хүүхдийн цэцэрлэг нэг байгууллага байсан юм. Тэр үед сургуулийн захирал А.П гэж хүн байсан. Б.Д нь 1992 онд жирэмсний амралтаа авч сургуулиас гарсан. Би 1993 онд Улаанбадрах сумаас шилжсэн юм. Намайг Улаанбадрах суманд ажиллаж амьдарч байхад Б.Д сургууль цэцэрлэгт ажиллаж байсан нь үнэн“ гэсэн мэдүүлэг,
гэрч Д.Б-н шүүх хуралдаанд өсгөн “ Би 1986 оноос 2007 оныг хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар тасралтгүй ажилсан юм. Намайг ажилд ороход Б.Д нь дотуур байранд байрны үйлчлэгч хийж байсан. Тэгээд ажиллаж байх хугацаандаа сургуульд бичээч, үйлчлэгчийн ажилийг давхар хийж байсан. Тухайн үед сургуулийн захирал А.П гэж хүн байсан юм. Б.Д нь сургуульд байрны багш, үйлчлэгч, бичиг хийж байгаад 1992 онд жирэмсний амралтаа авч гараад сургуульд ажиллахаа больсон. Манай сургуулийн бичиг хэрэг архив сурагчийн дотуур байранд хадгалагддаг байсан ба 1986 оны 4 сард сургуулийн дотуур байр шатаж сургуулийн бичиг баримт шатаж устсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Б.Д-н ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал архивын лавлагаагаар гарч ирээгүй боловч хэрэгт авагдсан 1986 оны 08 сарын 01-ны өдөр нээсэн Б.Д-н хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2017 оны 11 сарын 16-ны өдрийн 044/12 тоот, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2017 оны 11 сарын 15-ны өдрийн 945 тоот, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 10 сарын 17-ны өдрийн 47 тоот захирамжийн хуулбар, Б.Д-н ажиллах хугацаандаа авсан цалин хөлсийг 1984 оноос 2004 оныг хүртэл гаргасан цалингийн жагсаалт, гэрч нарын мэдүүлгийг шүүх үнэлэх нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Д-г Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 8-н жилийн сургуульд 1984 оны 11 сарын 27-ны өдрөөс 1992 оны 08 сарын 01-ний өдрийг өдрийг хүртэл хугацаанд цэвэрлэгч, сахиул, дотуур байрны багш, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдийг дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар нэхэмжлэгч Мөнх овогт Б.Д-г Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 8-н жилийн сургуульд 1984 оны 11 сарын 27-ны өдрөөс эхлэн 1992 оны 08 сарын 01-ний хүртэл хугацаанд цэвэрлэгч, сахиул, дотуур байрны багш, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД