| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2017/0317/И |
| Дугаар | 318 |
| Огноо | 2017-12-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 318
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т банк ХХК-ний Дорноговь салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймаг Өргөн сум 4 дүгээр баг оршин суух, Ө овогт С.О,
Хариуцагч: Дорноговь аймаг Өргөн сум 4 дүгээр баг оршин суух, Ө овогт О.Б нарт холбогдох
“Зээлийн гэрээний үүрэг болох 13,651,171.09 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагч нарын өмгөөлөгч С.Э, нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХХК-ийн Дорноговь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч С овогтой О, хамтран үүрэг гүйцэтгэгч О овогтой Б нар нь Т банкны Өргөн тооцооны төвөөс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дугаар 152 зээлийн гэрээ байгуулан 17,700,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай сар бүр тэнцүү 688,920.44 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр авсан болно. Зээлийн барьцаанд Өргөн суманд байх 2 өрөө 26 мкв орон сууц, зурагт, хөргөгч, хөлдөөгч зэргийг барьцаалсан. Зээлдэгч С.О, О.Б нар нь 2016 оны 01 дүгээр сараас хойш зээлийн гэрээний 3.2.3, 3.2.5, 3.2.7, 3.3, 5.1.1, 5.1.2, 5.2, заалтуудыг тус тус удаа дараа зөрчсөн болно. Зээлдэгч С.О, хамтран зээлдэгч О.Б нарт 2017 оны 03 дугаар сараас эхлэн зээлийг бүрэн төлж барагдуулах талаар мэдэгдэл өгөн зээл хаахыг шаардаж байгаа боловч зээлээ төлж барагдуулалгүй өнөөдрийг хүрээд байна. Зээлдэгч С.О-т зээл төлөх талаар шаардлага тавьдаг боловч боломжгүй гэх шалтгаанаар зайлс хийж хугацаа хожих байдлаар үндсэн зээлээс нийт 248 хоног хугацаа хэтрээд байна. Иймд зээлдэгч С.О, хамтран зээлдэгч О.Б нараас үндсэн зээл 11,881,519.43 төгрөг, хүү 1,711,372.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,279.54 төгрөг нийт 13,651,171.09 төгрөг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.О, О.Б нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Т банкны Дорноговь салбарын тооцооны төвийн нэхэмжлэлтэй Ө овогт С.О, О.Б нарт холбогдох 13,651,171.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.О, О.Б нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 30 минутаас товлон зарлагдсан шүүх хуралдаанд хувийн шалтгааны улмаас оролцож чадахгүй болсон тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүх хуралдаанд: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэмэгдүүлэх бууруулах зүйл байхгүй гэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХХК-ний Дорноговь салбар нь хариуцагч С.О, О.Б нарт холбогдуулан үндсэн зээл 11,881,519.43 төгрөг, хүү 1,711,372.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,279.54 төгрөг нийт 13,651,171.09 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хариуцагч нар нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх талаар хүсэлтээ ирүүлсэн байх тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Хэрэг хэлэлцэж эхлэх явцад хариуцагч С.О, О.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хүсэлтээ ирүүлсэн, мөн хариуцагч нарын өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь зөвшөөрсөн талаар тайлбар гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т банк ХХК-ний Дорноговь салбарын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 11,881,519.43 төгрөг, хүү 1,711,372.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,279.54 төгрөг нийт 13,651,171.09 төгрөгийг хариуцагч С.О, О.Б нар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,206 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.О, О.Б нараас 226,206 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-ний Дорноговь салбарт олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ