Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 316/ШЦТ/2018

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийбат

- улсын яллагчаар Г.Энхмаа

- шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

- шүүгдэгч Ё.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар ирүүлсэн Уул худаг овгийн Ё.Бт холбогдох эрүүгийн 1834000000369 тоот хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ё.Б нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар баг 1 дүгээр хороо 7-370 тоотод өөрийн гэртээ өөрийн эхнэр Ц.Цд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, сандлаар толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг:

  1. Шүүгдэгч Ё.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт:Урьд өдөр нь манай авгай намайг хөөж туугаад байсан. Бид хоёр хоорондоо маргалдсан. Тэр уурандаа сандалаар цохисон, би цохъё ч гэж бодоогүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

  1. Хохирогч Ц.Цын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...намайг гараараа цохих гэхээр нь би гишгэж байсан модон сандал дээрээсээ буугаад арагшаагаа болтол миний гишгэж байсан сандлыг бариад над руу шидэхэд би айсандаа доошоогоо тонгойтол миний толгойны дээд талын хуйх хэсэгт онож миний толгойноос цус гарч толгой хэсэгт хагарсан. ...би гомдолтой, надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,...гэрчээр мэдүүлсэн “...Манай нөхөр 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ...гадагшаа гарчихаад ...архи уучихсан нэлээн согтуу гэртээ орж ирсэн ...гэрээс модон сандал аваад гарч ДДэшТВ-ийн тавган антенийг гэрийн гадаа утсыг нь холбох гээд байж байтал гэрээс гарч ирээд чи бас л одоо болтол наадхыгаа хийгээгүй юмуу ямар удаан юм бэ гээд гараараа цохих гэхээр нь би гишгэж байсан модон сандал дээрээсээ буугаад арагшаагаа болтол миний гишгэж байсан сандлыг бариад над руу шидэхэд миний толгой хэсэгт онож миний толгойноос цус гарч толгой хэсэгт хагарсан. ...Өнөрнасан гэдэг эмчээр толгойнхоо дээд хэсэгт 4 оёдол тавиулсан. Бид хоёр хамтдаа амьдраад 19 жил болж байна гэрлэлтийн баталгаатай албан ёсны гэр бүл, дундаасаа хоёр хүүхэдтэй юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,
  2. Гэрч Ё.Бын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...намайг болох, болохгүй муу үгээр хэлээд байхаар нь байшингийн довжоон дээр нэг модон сандал байхаар нь барьж аваад эхнэрийнхээ толгойнд онъё гэж бодолгүйгээр гуя хэсэг рүү нь чиглүүлээд шидтэл манай эхнэр Цэрэндулам тонгойгоод өөрөө оногдчихсон. Тэр үед толгойных нь дээд хэсэгт хагарч цус гарахаар нь би үхтлээ айсан. Тэгээд хадам ээж Өнөрнасанг дуудаж толгойд нь оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/
  3. Гэрч Н.Өнөрнасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 21 цаг 04 минутанд Цэрэндуламын ээж Цэрэндаваа нь над руу үалгаж Цэрэндуламын нөхөр нь сандлаар толгойг нь цохиод хагалчихлаа эмч дуудах гэсэн юм гээд залгахаар нь би эмнэлэг дээр очиж оёдлын багаж болон эмнэлгийн анхан шатны тусламжийн бикс аваад Цэрэндуламынд очиход Цэрэндуламын толгойн оройн хэсэгт 4-5 см орчимтой ярагдсан шинэ шархтай байхаар нь шархыг нь цэвэрлэж 4 ширхэг оёдол тавьж өвчин намдаах тариа хийсэн. ...Цэрэндулам нь эрүүл байсан харин Батшатар нь юм ч ярихгүй доошоо тонгойгоод л суугаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,
  4. Гэрч Н.Цэрэндаваагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...хашаан дотор Батшатар, Цэрэндулам хоёр муудалцаад байх шиг болохоор нь гарч ирээд хартал Батшатар нэг модон сандал газраас аваад Цэрэндулам руу далайсан тэгтэл араас нь ахиад тэр модон сандлаа шидэхэд толгойных нь орой хэсэгт онож язалсан байсан тэгээд эмнэлэг дуудаж толгойдоо оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/
  5. Шүүх шинжилгээний албаны шинжээчийн №685 дугаартай дүгнэлтэд “Ц.Цын биед толгойн зүүн хэсэгт язарсан шархт гэмтэл тогтоогдлоо. ...эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна” гэх /хх-ийн 21 тал/
  6. Шүүгдэгч Ё.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би эхнэрээ сандлаар толгойд нь онож гэмтээсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэгтэл миний эхнэр Цэрэндуламын толгойных нь дээд хэсэгт хагарч цус гарахаар нь би үхтлээ айсан. ...санад шидэх үедээ бага зэрэг халамцуухан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/
  7. Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн лавлагаа /хх-ийн  33-37 тал/
  8. Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 38-44 тал/ зэрэг болно.

            Шүүгдэгч Ё.Бын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав: Гэм буруугийн талаар:

                Шүүгдэгч Ё.Б нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар баг 1 дүгээр хороо 7-370 тоотод өөрийн гэртээ өөрийн эхнэр Ц.Цд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, сандлаар толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: шүүгдэгч Ё.Бын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Урьд өдөр нь манай авгай намайг хөөж туугаад байсан. Бид хоёр хоорондоо маргалдсан. Тэр уурандаа сандалаар цохисон, би цохъё ч гэж бодоогүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Цын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...миний гишгэж байсан сандлыг бариад над руу шидэж миний толгойны дээд талын хуйх хэсэгт онож миний толгойноос цус гарч толгой хэсэгт хагарсан...толгойнхоо дээд хэсэгт 4 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/, гэрч Н.Өнөрнасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 21 цаг 04 минутанд Цэрэндуламын ээж Цэрэндаваа нь над руу залгаж Цэрэндуламын нөхөр нь сандлаар толгойг нь цохиод хагалчихлаа эмч дуудах гэсэн юм гээд залгахаар нь би эмнэлэг дээр очиж...Цэрэндуламын толгойн оройн хэсэгт 4-5 см орчимтой ярагдсан шинэ шархтай байхаар нь шархыг нь цэвэрлэж 4 ширхэг оёдол тавьж өвчин намдаах тариа хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/, гэрч Н.Цэрэндаваагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Батшатар нэг модон сандал газраас аваад Цэрэндулам руу далайсан тэгтэл араас нь ахиад тэр модон сандлаа шидэхэд толгойных нь орой хэсэгт онож толгойн хэсэгт язалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/, шүүх шинжилгээний албаны шинжээчийн №685 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

                Иймд шүүгдэгч Ё.Быг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Ё.Быг гэр бүлийн хрүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Хохирогч Ц.Цд шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Ё.Быг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.   

 

Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Ё.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нь “Гэр бүлийн хамаарал бүхий хүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж байна. Үүнийг дэмжиж оролцож байна” гэх тус тус гаргасан байна.

 

       Шүүх шүүгдэгч Ё.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчын 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг үндэстэй байна гэж үзлээ.

 

            Тав: Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ё.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уул худаг овгийн Ё.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Уул худаг овгийн Ё.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ё.Бт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ё.Быг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ё.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ё.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА