| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2017/0304/И |
| Дугаар | 313 |
| Огноо | 2017-12-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 313
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: К банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг оршин суух, Д овогт С.Б,
Хариуцагч Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг оршин суух, Б овогт Ч.Б нарт холбогдох,
Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 41.893.016 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Б, Ч.Б нар нь К банктай 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 3016-14/014 тоот “Зээлийн гэрээ”, 3016-14/014 тоот /хавсралт 20 ба 20.1/ “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 200.000.000.00 /хоёр зуун сая/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. Мөн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3016-2015/149 тоот “Зээлийн нэмэлт гэрээ”, 3016-2015/149 тоот “Зээлийн барьцааны нэмэлт гэрээ”-г тус тус байгуулан зээлийн хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалсан юм. Үүнд:
- Улсын бүртгэлийн тоот дугаартай, тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2-р баг, 4-р хэсэг, Жинчин бөөний төвийн зүүн талд хаягт байрлах 60 м.кв талбайтай хувийн сууц,
- Улсын бүртгэлийн тоот дугаартай, тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2-р баг хаягт байрлах 285 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байр,
- Улсын бүртгэлийн тоот дугаартай, тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2-р баг тоот хаягт байрлах 75 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байр,
- Нэгж талбарын тоот дугаартай, тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2-р баг, тоот хаягт байрлах 2,500 м.кв талбайтай ахуйн зориулалттай газар.
Банк нь зээлдэгч болон барьцаалуулагчтай барьцааны гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан бөгөөд хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, баталгаажуулсан тул барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байгаа болно.
Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаандаа төлөхгүй байсан учир тус банк нь зээлдэгчид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүний төлөлтийг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардсан.
Гэвч тус банкны шаардлагыг болон зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлдэгч С.Б болон Ч.Б-тэй байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 3016-14/014 тоот “Зээлийн гэрээ”, 2015 оны 12-р сарын 21-ний өдрийн 3016-2015/149 тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-г Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 болон 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцлуулж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон 451.1-т заасны дагуу дор дурдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байгааг хянан үзэж зээлдэгч С.Б болон Ч.Б нараас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Үүнд:
Үндсэн зээл: 36.220.706 /гучин зургаан сая хоёр зуун хорин мянга долоон зуун зургаан/ төгрөг,
Зээлийн үндсэн хүү: 5.304.621 /таван сая гурван зуун дөрвөн мянга зургаан зуун хорин нэгэн/ төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү: 367.689 /гурван зуун жаран долоон мянга зургаан зуун наян есөн/ төгрөг,
Нийт: 41.893.016 /дөчин нэгэн сая найман зуун ерэн гурван мянга арван зургаан/ төгрөг. Мөн зээлдэгч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Б, Ч.Б нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ ... зээлийн үлдэгдэл болох 41.893.016 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сар хүртэл сард 4.190.000 төгрөг төлж байхаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч К банкны Замын-Үүд салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч нар нь банкнаас нэхэмжилсэн 41.893.016 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сар хүртэл сар бүл төлөлт хийе гэсэн тайлбар өгсөн ба энэхүү хугацааг манай банк хүлээн зөвшөөрөхгүй. Харин 3 сар хүртэл хугацаа өгөх боломжтой” гэжээ.
Хариуцагч С.Б, Ч.Б нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...бидэнд 3 сарын хугацаа өгөх боломжтой гэснийг бид зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл бид уг төлбөрийг шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банкны Замын-Үүд салбар нь С.Б, Ч.Б нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 41.893.016 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б, Ч.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 41.893.016 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К банкны Замын-Үүд салбарын зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 41.893.016 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Б, Ч.Б нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367.415 төгрөгийн 50 хувь болох 183.707,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн 100061400941 тоот данснаас буюу улсын орлогоос 183.707,5 төгрөгийг, хариуцагч С.Б, Ч.Б нараас 183.707,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч К банкны Замын-Үүд салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Б, Ч.Б нар нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ