| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2017/0327/И |
| Дугаар | 321 |
| Огноо | 2017-12-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, нөхөр дүүгийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Өргөн сумын 2 дугаар багт оршин суух, Х овогт Х.Н-н нэхэмжлэлтэй,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.М, нэхэмжлэгч Х.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 623 тоот цалингийн тодорхойлолт, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 656 тоот цалингийн тодорхойлолт, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 655 тоот архивын тодорхойлолт, Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал компаний захирлын 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаартай тушаалууд зэрэг баримт бичигт П.Н гэж бичигдсэн, 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийг П.Н гэсэн байгаа юм. Миний аавыг хүмүүс янз янзаар хэлдэг байсан учраас зарим бичиг баримтанд П, П гэж хоёр янзаар бичигдсэн байдаг. Иргэний шинэ үнэмлэхтэй болох үед миний үнэмлэхэд Х.Н гэж овоглосон. Төрсний гэрчилгээнд намайг эх Х-р овоглосон байсан учир шинэ иргэний үнэмлэх авах үед төрсний гэрчилгээнд бичигдсэн овогоороо үнэмлэх авах ёстой гээд Х-р овоглож иргэний үнэмлэх олгосон. Иймд дээрх бичиг баримтуудыг Х.Н минийх болохыг тогтоож өгнө үү. П нь миний аав юм.
Мөн 1979 оны 01 дүгээр сараас 1983 оны 08 дугаар сар хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан, 1983 оны 09 дүгээр сараас 1984 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд саальчин, 1984 оны 08 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд хоньчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Дээрх бичиг баримтын нэр нь миний иргэний үнэмлэхний нэрнээс зөрүүтэй байгаа учраас ажиллаж байсан тогтоогдохгүй байгаа юм. Иймд шүүхээр тогтоож өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Н нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр болон 1979 оны 01 дүгээр сараас 1983 оны 08 дугаар сар хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд, 1983 оны 09 дүгээр сараас 1984 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд саальчин,1983 оны 09 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл мөн нэгдэлд хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.Н-д холбогдох бичиг баримтууд болох Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолт, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолт, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 661 дугааруудтай архивын тодорхойлолт, Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн даргын 1981 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Нэгдлийн гишүүдийг МАА-н үйлдвэрлэлд хуваарилан ажиллуулах тухай 06 дугаартай тушаал, Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн даргын 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 17 дугаартай тушаал, Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 18 дугаартай тушаал, Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн даргын 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 42 дугаартай тушаалууд болон 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр зэрэгт Х.Н-н эцгийн нэрийг П, П гэх зэргээр зөрүүтэй бичигдсэн байх бөгөөд нэхэмжлэгч Н-н иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ зэрэгт түүний эцгийн нэрийг Х гэж бичигдсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Н нь дээрх бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигч мөн болох нь гэрч Ц.Ч-н “...Н-н аавыг П гэдэг хүн байсан... ээжийг нь Х гэдэг байсан.... хүмүүс сонсголоороо бичиг баримтан дээр нь эцгийн нэрийг нь бичсэн байх...”, гэрч Д.С-н “П бол Н-н төрсөн аав, ээжийг нь Х гэдэг байсан. Гэрчилгээ, иргэний үнэмлэх дээр сольж холиод бичсэн байх...”, гэрч Л.Э-н “...Х бол Н-н ээж нь байгаа юм... яагаад эхээрээ овоглож байсан талаар мэдэхгүй. Хүмүүс аавыг нь П гэдэг байсан болохоор дураараа бичсэнээс болж овгийн зөрүү гарсан байх...” гэрч П.Б “... Манайх эхээсээ арвуулаа. Эцэг эхтэйгээ нийлээд 12-уулаа, Х.Н нь манай хамгийн том хүүхэд юм. Хамгийн том нь байсан болохоор эхээрээ овоглож байсан байж болох юм. ... бусад ах, эгчийн овгийг П, П гээд янз, янзаар л бичсэн байдаг. Тэр үеийн хүмүүс өөрсдийн хэллэгээрээ л эцгийн нэрийг маань бичсэн бололтой юм байна лээ...”, гэрч Ч.О-н “Н-н эцгийг П гэдэг хүн байсан. Эхийг нь Х гэдэг байсан...”, гэрч П.Б-н “ ...Манай гэрийн хамгийн том нь бөгөөд ээжийн нэрээр овоглосон ганц хүүхэд бол Н эгч юм. Бусад хүүхдүүд нь П, П гэсэн нэрээр овоглосон байдаг...” гэсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Х.Н нь 1979 оны 01 дүгээр сараас 1983 оны 08 дугаар сар хүртэл Улаанбадрах сумын Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 656 дугаартай архивын лавлагаа, 1981 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн даргын 6 дугаартай тушаал, гэрч Ц.Ч-н “ ...Цэргээс халагдаж ирээд би Улаанбадрах сумын Оргил нэгдлийн жолоочоор ажиллаж эхэлсэн. Намайг ажилд ороход Х.Н нь Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд 1983 оны 08 дугаар сард Дорноговь аймгийн Өргөн сум руу шилжсэн”, гэрч Л.Э-н “ ... Би 1979 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд нягтлан бодогчоор ажиллахаар очиход Х.Н нь эцэг, эхийн хамт тууврын мал малладаг байсан. Би 1979 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Оргил нэгдэлд очиж байсан...”, гэрч П.Б “... 1979 оноос Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд малчин, тууварчнаар ажиллаж байсан...” гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгч Х.Н-г 1979 оны 01 дүгээр сараас 1983 оны 08 дугаар сар хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Х.Н нь 1983 оны 09 дүгээр сараас 1984 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд саальчин,1984 оны 08 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл мөн нэгдэлд хоньчноор тус тус ажиллаж байсан болох нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 623 дугаартай архивын лавлагаа, 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 17 дугаартай тушаал, 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 18 дугаартай тушаал, 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Нэргүйн хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.С-н “... Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас гэр бүлээрээ 1983 онд шилжиж ирсэн. ...тэгээд 1983 ондоо манай сумын нэгдэлд үхэрчнээр ажилласан. Тухайн үед малчид хомс байсан учраас ирсэн цагаас нь эхлээд мал маллуулж ажиллуулсан. Дараа нь хоньчин болсон. Ингээд 1994 он хүртэл Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан”, гэрч П.Б “ 1983 оны 09 дүгээр сараас Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэл рүү шилжиж ирсэн. ...шилжиж ирээд шууд л нэгдэлд орж мал малласан. ... 1979 оны 01 дүгээр сараас 1983 оны 08 дугаар сар хүртэл, 1983 оны 09 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил, Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлүүдэд тасралтгүй ажиллаж байсныг гэрчилж байна...” , гэрч Ч.О-н “... Х.Н нь 1983 оноос 1990 он хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн үнээний фермд саалчнаар, малчнаар хамт тасралтгүй ажиллаж байсан...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Х.Н-г 1979 оны 01 дүгээр сараас 1983 оны 08 дугаар сар хүртэл Улаанбадрах сумын Оргил нэгдэлд малчнаар, 1983 оны 09 дүгээр сараас 1984 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд саальчин,1984 оны 08 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл мөн нэгдэлд хоньчноор тус тус ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар П.Н, П.Н гэсэн нэрээр гарсан Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолт, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолт, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 661 дугааруудтай архивын тодорхойлолт, Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн даргын 1981 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Нэгдлийн гишүүдийг МАА-н үйлдвэрлэлд хуваарилан ажиллуулах тухай 06 дугаартай тушаал, Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн даргын 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 17 дугаартай тушаал, Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн даргын 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” 18 дугаартай тушаал, Дорноговь аймгийн Өргөн сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн даргын 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 42 дугаартай тушаалууд болон 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигч нь Х.Н мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Х.Н-г 1979 оны 01 дүгээр сараас 1983 оны 08 дугаар сар хүртэл Улаанбадрах сумын Оргил нэгдэлд малчнаар, 1983 оны 09 дүгээр сараас 1984 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд саальчин,1984 оны 08 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл мөн нэгдэлд хоньчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ