Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/461

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0423/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818006990456 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, Дархан-Уул аймаг, ******* ХХК-д уулын нэгдсэн хэсэгт ******* ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамтаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, М.М

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.М нь 2018 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө 00 цаг 20 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Ш.А-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэх явцдаа эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж Ш.А-гийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун чихний дэлбэн, зүүн бугуйн зөөлөн эдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ш.А-гийн “...2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Б-ы хамтаар Дархан сумын 13, 14, 16 дугаар багийн нутаг дэвсгэрт хэв журам сахиулах эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 00 цаг 20 минутын орчим хэдэн залуучууд маргалдаад байхаар нь хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа Б-ы хамтаар тэдгээр залуус дээр очиж шаардлага тавьж салгасан. Нэг залуу нь намайг хараад зугтаахаар нь би тэр залуугийн араас нь гүйж очоод бариад авахад тэр залуу эргэж хараад шууд намайг хүзүүдэж аваад толгой руу гараа зангидаж байгаад 4-5 удаа цохиж, баруун чихнээс зулгаасан. Мөн албаны шар хантаазнаас зулгааж урсан. Тэр үед ахлагч Б- ирж тэр залууг салгаад гарыг гавлаж эргүүлийн машин дуудаж эрүүлжүүлэх байр луу хүргүүлсэн.

...албан үүргээ гүйцэтгэж байгаад хүнд зодуулж эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 16-17/,

 

Гэрч Б.Б-ы “...2018 оны 9 дүгээр сарын 03-наас 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Дархан сумын 13, 14, 16 дугаар багийн нутаг дэвсгэрт цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ш.А-гийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 00 цагийн орчим баар хаагаад үйлчилгээний төвийн орчим хэв журам сахиулах эргүүлийн үүргээ гүйцэтгээд явж байхад Күйн баарны ертөнцийн зүгээр урд талд хэдэн хүмүүс маргалдаад байх шиг байсан. Хар савхин куртиктэй залууг саарал хувцастай, урт буржгар үстэй залууг цохиод зугтаахаар нь би хар савхин куртиктэй залуу дээр очоод, зугтаасан саарал цамцтай, урт үстэй залуугийн араас хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа А- очиж барьж авах үед тэр урт үстэй залуу цагдаа А-г барьж аваад хүзүүдэж байгаад толгой руу нь 4-5 удаа цохиод авахаар нь би гүйж очиж тэр залууг  барьж аваад салгаж гарыг нь гавлаад эргүүлийн машин дуудаж эрүүлжүүлэх байр луу хүргүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

 

Гэрч Ш.Б-ын “...Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 00 цагийн үед ерөнхий жижүүрээс станцаар үйлчилгээний төвийн орчимд зодоон болоод байна гэсэн дуудлага дамжуулагдсан. Тэгэхээр нь цагдаа Гантөгс бид 2 машинтайгаа Сатурн баарны хажуугаар гараад Күйн баарны урд ирэхэд эргүүлийн цагдаа, дэд ахлагч А-, ахлагч Б- нар зодоон хийж байсан хүмүүсийг тал тал тийшээ зугтаахаар нь А- нэг залуутай нь барьцалдаад зууралдчихсан хүч хүрэхгүй байсан. Ахлагч Б- бид 2 очоод нөгөө залууг нь хамжиж гавлаад машиныхаа урд суулгасан. Тэгтэл дэд ахлагч А- миний толгой руу цохичихлоо гээд үзүүлсэн чинь толгой нь хавдчихсан байсан. Тэр залууг эрүүлжүүлэх байранд хүргэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

 

Гэрч Г.Г-ийн “...Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 00 цагийн үед ерөнхий жижүүрээс үйлчилгээний төвийн орчимд зодоон болоод байна гэсэн дуудлага дамжуулагдсан. Тэгэхээр нь цагдаагийн ахлах ахлагч ******* бид 2 Сатурн баарны араар гараад Күйн баарны урд очиход эргүүлийн цагдаа дэд ахлагч А- нэг залуутай барилцаад авчихсан, цагдаа ахлагч Б- нэг залуутай хамт цаанаас ирж байгаа харагдсан. А- барилцсан залуутайгаа зууралдчихсан хүч хүрэхгүй байхаар нь цагдаа, ахлах ахлагч *******, ахлах ахлагч Б- 2 нөгөө залууг нь хамжиж гавлаад машиндаа суулгасан. Тэгтэл дэд ахлагч А- миний толгой руу цохичихлоо гэж ярьж байсан. Тухайн үед А-ийн толгой нь орой хэсэг дээрээ бага зэрэг хавдчихсан байсан. А-г цохисон гэх залууг эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

 

Гэрч Б.Т-ын “... ******* М- 2 үйлчилгээний төвийн Манхан дэлгүүрийн тэнд хүнтэй маргалдсан юм шиг байна лээ. Би яг маргалдаж зодолдож байгааг нь хараагүй. Тэр хавиар баар хаагаад хөл хөдөлгөөн ихтэй баарны үүдээр маргалдаж муудалцаж байгаа хүмүүс зөндөө байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

 

Гэрч Б.И-ын “...саарал өнгийн цамцтай залуу намайг цохисон. Тэгтэл тэр хавиар хүмүүс гэнэт цагдаа ирлээ гэж хэлсэн. Гэтэл нөгөө залуу намайг орхиод цаашаа зугтаасан. Над дээр нэг цагдаа ирээд, нөгөө цагдаа нь намайг цохисон саарал цамцтай залуугийн араас хөөгөөд явсан. Тэгээд би босоод байж байхад нөгөө зугтааж байгаа залууг нэг цагдаа бариад авсан чинь тэр залуу цагдаагийн нүүр лүү нь гараараа цохисон. Тэр залууг цагдаа нар гавлаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 77/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 29/,

 

Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн 911 дугаартай “...Ш.А-гийн биед тархи доргилт, баруун чихний дэлбэн, зүүн бугуйн зөөлөн эдийн зулгаралт тогтоогдлоо” “...уг гэмтэл нь ГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/,

 

Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эргүүлийн хуваарийн хуулбар /хх-ийн 10, 11-12/,

 

Эрүүлжүүлэгдсэн тухай бүртгэл /хх-ийн 78-79/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч М.М нь цагдаагийн албан хаагчийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтааж улмаар хөөж гүйцэн барих үед нь цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцастай “police гэсэн бичигтэй гэрэлтдэг шар хантаазтай байгааг харсаар, мэдсээр атлаа эсэргүүцэж нүүрэн тус газар нь цохисон нь хууль сахиулагчийг хууль сахиулагчийг эсэргүүцэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч “цагдаа гэдгийг мэдээгүй” гэж мэдүүлж байх боловч хохирогч тухайн үед гэрэлтүүлэг ямар ч үед мэдэгдэх бичиглэл бүхий албаны дүрэмт хувцастай байсан байна.

 

Иймд шүүгдэгч М.М гүйцэтгэж буй албан үүрэгтэй нь холбогдуулж хүний биед хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч М.М нь хохирогч Ш.А-д учруулсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна. /хохирол барагдуулсан тухай баримт, хх-йн 56/,

 

Ял, эрүүгийн хариуцлага, бусад байдлын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой болох нь Шарын гол ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 5/551 дугаартай албан тоот /хх-ийн 53/, шүүгдэгчийн ажлын үнэмлэхний хуулбар /хх-ийн 54/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг харгалзан торгох ял шийтгэж, уг торгох ялыг биелүүлэх хугацааг орлогын хэмжээг харгалзан үзэж 1 жил 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт М.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч М.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 торгох ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 3,150,000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан М.М оногдуулсан 3,150,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч М.М гаргуулах төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД