Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 017/2015/0003/З |
Дугаар | 221/МА2015/0401 |
Огноо | 2015-08-26 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2015/0401
Б.Г*******ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгчЭ.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Г*******ын нэхэмжлэлтэй,Х*******лын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х*******лын хэлтсийн даргын маргаан бүхий 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/31 дүгээр тушаалаар 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж тухайн өдөр гарч байсан харуулаар тулган тайлбар бичүүлж, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эмчийн акт өгсөөр байтал ажил тасалсан сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэсэн шалтгаанаар төрийн жинхэнэ албанд 1 жил ажиллах эрхгүйгээр ажлаас халах шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна гэжээ.
Хариуцагч Х*******лын хэлтсийн дарга шүүхэд гаргасан тайлбартаа:Төрийн жинхэнэ албан хаагч, нийгмийн даатгалын байгууллагын ажилтан Б.Г******* нь 2014 оны 12 дугаар сарын 11-нд ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2014 оны 12 сарын 12-нд ажил тасалсан. Энэхүү зөрчил нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм болон Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг байгууллагын дэргэдэх ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр албан бичгээр хүсэлт гаргасан.
Тус хэлтсийн дэргэдэх ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөл нь нэхэмжлэгч Б.Г*******т холбогдох сахилгын зөрчлийн асуудлыг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хянан хэлэлцэж, Б.Г*******ыг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.6.2-т заасныг зөрчсөн талаар дүгнэлт гаргаж ирүүлсэн.
Ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөлийн дүгнэлт, хуралдааны тэмдэглэл, ээлжийн харуулын тайлбар, ажилчдын ирц, цагийн бүртгэл зэрэг баримтуудад дүгнэлт хийж үзэхэд нэхэмжлэгч Б.Г******* нь сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тул төрийн жинхэнэ албанд 1 жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан гэжээ.
Гуравдагч этгээд А.М******* шүүхэд гаргасан тайлбартаа: Байгууллагын ёс зүйн хороо хуралдаж, Б.Г*******ыг төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүй зөрчсөн гэж үзэж ёс зүйн хорооны шийдвэр гарсан. Нэхэмжлэгч нь өөрөө ёс зүйн хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х*******лын хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/31 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Б.Г*******ыг урьд эрхэлж байсан Х*******лын хэлтсийн Үйлчилгээний албаны дарга, нийгмийн даатгалын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговор 4.112.888 /дөрвөн сая нэг зуун арван хоёр мянга найман зуун наян найм/- төгрөгийг Х*******лын хэлтсийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* давж заалдах гомдолдоо: Х*******лын хэлтсийн дэргэдэх ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөл нь нэхэмжлэгч Б.Г******* холбогдох сахилгын зөрчлийн асуудлыг 2014 оны 12 сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хянан хэлэлцэж, Б.Г*******ыг "Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 5.4.5, 5.1.2, "Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрэм"-ийн 2.6.2-т заасныг зөрчсөн талаар дүгнэлт гаргаж ирүүлсэн.
Ёс зүйн хороо дээрх дүгнэлтэд төрийн жинхэнэ албан хаагч, нийгмийн даатгалын байгууллагын ажилтан Б.Г******* нь 2014 оны 12 сарын 11-нд ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2014 оны 12 сарын 12-нд ажил тасалсан ёс зүйн зөрчил гаргасан гэж тодорхой дурьдсан байна. Ёс зүйн хорооны дээрх дүгнэлттэй нэхэмжлэгч Б.Г******* танилцаж, мэдсэн атлаа эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй байхад уг дүгнэлтийг үндэслэж гарсан Х*******лын хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/31 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл хариуцагч Х*******лын хэлтсийн дарга нь ёс зүйн зөрчилд дүгнэлт гаргах эрх хэмжээгүй бөгөөд Б.Г*******ын ёс зүйн зөрчлийг тогтоосон Х*******лын хэлтсийн ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөлийн дүгнэлт өнөөдөр хуулийн хүчин төгөлдөр байна. Ийм байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Г*******ыг огтхон ч ёс зүйн зерчил гаргаагүй мэтээр хуулиар өөрт эрх олгогдоогүй, өөрт хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангасан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 13 дугаар зүйлийн 13.1.5-тзаасан зохицуулалттай нийцэхгүй байна. Хүчин төгөлдөр ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон Б.Г*******ын ёс зүйн зөрчилд томилох эрх бүхий этгээдээс тушаал гаргаж, сахилгын шийтгэл ногдуулсан билээ.
Үүнээс үзэхэд томилох эрх бүхий этгээдийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь ёс зүйн хорооны дүгнэлтэд тулгуурласан болох нь тодорхой байхад анхан шатны шүүх ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэл болгоогүй гэж үндэслэл муутай, буруу дүгнэлт хийжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Х*******лын хэлтсийн даргаас 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 600 дугаар албан бичгээр төрийн жинхэнэ албан хаагч Б.Г*******ын ёс зүйн зөрчлийн талаар дүгнэлт гаргуулахаар ёс зүйн хороонд ханджээ.
Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх ёс зүйн хороо нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дүгнэлт гаргасныг хариуцагч хүлээн аваад 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргасан байдаг.
Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тушаалаар батлагдсан "Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар"-ын 2.4.1.6-т зааснаар тушаалын тэмдэглэх хэсэгт тушаал гаргах үндэслэл болсон хууль, тогтоомжийн нэр, огноо, дугаар, тохирох заалтыг зааж өгдөг. Харин тушаалын тэмдэглэх хэсэгт ёс зүйн хорооны дүгнэлт гэх мэт хөндлөнгийн байгууллагын дүгнэлтийг оруулдаггүй албан хэрэг хөтлөлт, стандартын заавар журамтай. Ийм байхад ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэл болгоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй, хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Нэхэмжлэгч Б.Г******* нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажлын байрандаа архидан согтуурсан ёс зүйн зөрчил гаргасан нь ёс зүйн хорооны дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогдсноос гадна хэрэгт авагдсан харуул Ц.Б*******ийн тайлбар, мэдүүлгээр давхар нотлогдож байгаа нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
Нэхэмжлэгч Б.Г******* нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний шөнө ажлын байрандаа эрүүл ороод согтуу гарсан нөхцөл байдалд дүгнэлт хийхэд тэрээр найз нөхдийн хамт албан өрөөндөө архидан согтуурсан ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхээс өөр аргагүй юм. Төрийн байгууллагын албан өрөөнд архидан согтуурчихаад Б.Г*******ыг архи уугаагүй бид уусан гэж мэдүүлж байгаа найз нөхөд гэх хүмүүсийн мэдүүлэг бодит үнэнд нийцэж чадахгүй, найзыгаа хамгаалах гэсэн санаа зорилготой байдаг. Ийм байхад анхан шатны шүүх гэрч Ц.Б*******ийн тайлбар, тодорхойлолт, мэдүүлэгт зэрэгт буруу үнэлэлт дүгнэлт хийж, "ажлын байрандаа соггууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдохгүй" гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийжээ. Харин ч Б.Г******* нь эрүүл байхдаа ажлын байрандаа ороод согтуу гарахдаа харуул Ц.Б*******ээс битгий рапортон дээр бичээрэй гэж гуйсан байдаг.
Төрийн албаны тухай хуулийн 26 зүйлийн 26.2-т "...сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй" гэжээ. Нэхэмжлэгч Б.Г******* нь албан ажлаа гүйцэтгэж байх үедээ архидан согтуурч, албан үүрэгтэй хайнга хандсан сахилгын зөрчилдөө тус хэлтсийн даргын 2014 оны 08 сарын 19-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар үндсэн цалинг 10 хувиар 2 сар хүртэл хүртэл хугацаагаар бууруулах, ажлын цагаар архидан согтуурч, ажил үүргээ гүйцэтгээгүй сахилгын зөрчилдөө тус хэлтсийн даргын 2014 оны 11 сарын 13-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан. Энэ нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч Б.Г******* нь архидан согтуурах, ажил таслах, албан үүргээ үл гүйцэтгэх зэргээр гаргасан сахилгын зөрчилдөө үнэлэлт дүгнэлт хийдэггүй, архидан согтуурах зөрчлийг удаа дараалан гаргаж байгаа нь төрийн албан хаагчийн ёс зүйд нийцсэн үйлдэл гэж үзэхгүй байна. Төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байрандаа архидан согтуурах нь ноцтой зөрчил тул хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллах шаардлагатай. Сахилгын зөрчил гаргасан бол хариуцлага хүлээх нь зарчмын асуудал гэж үзэж байгаа бөгөөд сахилгын зөрчил гаргасан хаагчид зохих хариуцлагыг хүлээлгэж байх нь хариуцагчийн Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг юм.
Архидан согтуурах сахилгын зөрчилд холбогдох хариуцлагыг тооцохгүй орхигдуулах нь хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй, удирдах албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй хууль бус үйлдэл болно.
Гурав. Ийнхүү Б.Г******* нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний шөнө ажпын байрандаа архидан согтуурсныхаа маргааш буюу 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажил тасалсан байдаг. Ийм байхад анхан шатны шүүх Б.Г******* нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр буйландаа зүслэг хийлгэсэн болох нь тогтоогдсон гэж хэрэгт ямар ч хамааралгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангах үндэслэл болгожээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Г******* нь албан ёсоор чөлөө олгох талаар өргөдөл гаргалгүйгээр 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажил тасалсан ёс зүйн зөрчил гаргасан нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Х*******лын хэлтсийн ажилчдын ирцийн бүртгэл/хурууны хээгээр бүртгэдэг машин/, эмнэлгийн магадлагаа, гэрч нарын мздүүлгээр хөдөлбөргүй тогтоогдсон байдаг. Нэхэмжлэгч Б.Г******* нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажил тасалсан ёс зүйн зөрчлөө нуун дарагдуулахын тулд эмнэлгийн магадлагааг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нөхөн бичүүлж авсан нь гэрч Н.Б*******гийн мэдүүлгээр тогтоогджээ. Энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгч Б.Г*******ын ямар ёс зүйтэй төрийн жинхэнэ алба хаагч байсныг илтгэж байна. Түүний ажил тасалж архидан согтуурах ёс зүйн зөрчлийн улмаас Х*******лын хэлтсийн ажил хэргийн нэр хүнд иргэдийн дунд унаж, төрийн үйлчилгээ авах гэсэн иргэд үндэслэлгүйгээр чирэгддэг байсан тул арга буюу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Дөрөв. Б.Г*******тай хамтарч төрийн албыг залгуулж, ажлыг явуулахад маш хүндрэлтэй, ажлын байрандаа архидан согтуурдаг асуудалтай эвлэрэх ямар ч боломжгүй юм. Тэрээр үйлчилгээний албаны даргын хувьд байгууллагынхаа албан хаагчдын үр дүнгийн гэрээг байгуулах ажлыг зохион байгуулах байтал 2014 оны албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах ажлыг огтхон ч хийгээгүй. Үүний улмаас албан хаагчид нэмэгдлээ авч чадалгүй, үр дүнгийн гэрээг шүүхийн шаардсны дагуу гаргаж өгех боломжгүй болсон.
Х*******лын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар Б.Г*******ыг тус хэлтсийн үйлчилгээний албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Өөрөөр хэлбэл жинхлэн томилогдоогүй. Төрийн жинхэнэ албан хаагчийнхаа хувьд ёс зүйн хэм хэмжээг даган мөрддөггүй, удаа дараалан албан ажил дээрээ архидан согтууч, ажил таслан төрийн ажлыг цалгардуулдаг ёс зүйгүй этгээдийг анхан шатны шүүх Х*******лын хэлтсийн үйлчилгээний албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож/жинхлэн/, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж 4112888 төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөн хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 13.1.5, 17 дугаар зүйлийн 17.1-т заасныг зөрчлөө.
Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Г******* нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 12 сарын 30-ны өдрийн А/31дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2011 оны 273 дугаар тушаалаар батлагдсанНийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрэм-ийн 2.6.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм -ийн 5.1.2, 5.4.5 дахь заалтыг үндэслэн тус хэлтсийн үйлчилгээний албаны дарга, нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч Б.Г*******ыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажлынбайранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2014 оны 12 дугаар сарын 12-ний өдөр ажил тасалсан, сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэлээр төрийн жинхэнэ албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан байна.
2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Х*******лын хэлтсийн дэргэдэх ажилтнуудын мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөлийн дүгнэлтйин тухайд: 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тус зөвлөл нэхэмжлэгч Б.Г*******ын 2 удаагийн ёс зүйн зөрчилд буюу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн болон 12 дугаар сарын 12-ны өдөр ажил тасалсан зөрчил нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм -ийн 5.4.5-д албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг цээрлэнэ... гэж заасныг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан гэсэн дүгнэлт гаргажээ.
2014 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар нэхэмжлэгч Б.Г*******ыг ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчил гаргасныг хэлэлцэх үед нэхэмжлэгч уг хуралд оролцсон болох нь хариуцагч нэхэмжлэгч нарын тайлбар, хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдож байх бөгөөд энэ нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам -ын 2.5.2-т гомдол мэдээлэлд холбогдох төрийн захиргааны албан хаагч болон түүний харьяалах төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гомдол мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах, 2.5.4-т ...дүгнэлт нь ...нотлох баримтад үндэслэгдсэн байх заалттай нийцэж байх бөгөөд уг хуралдаан дээр нэхэмжлэгч ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоо үгүйсгээгүй, харин санхүүчдийн баяр тэмдэглээд, нягтлангуудтай ажил дээрээ орж ирээд гарсан болох-оо өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.Г******* нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шөнийн цагаар ажлын өрөөндөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, маргааш өдөр нь ажил тасалсан болох нь гэрч Х.Мөнхтуулын ...2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр санхүүчдийн баяр болсон. 16 цагийн үед тэмцээн дээр Б.Г******* хажуудаа нэг согтуу залуутай орж ирсэн. Маргааш өглөө нь утсаар яриад Royal буудалд биднийг дуудаад очиход буудалд хоносон гээд 2 хүнтэй хамт согтуу байсан гэсэн мэдүүлэг, хамгаалагч Ц.Б*******ийн ...тухайн өдрийн 23 цагт Б.Г******* нэг залуутай өрөөндөө ажилтай гээд орсон. 10 минутын дараа 2 залуу орсон. 02 цагт өрөөнөөс гарахдаа халамцуу архи үнэртүүлсэн байсан гэсэн тайлбар зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд Ёс зүйн зөвлөл Б.Г*******ыг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.2, 5.4.5, Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрэм-ийн 2.6.2-д заасан ёс зүйн зөрчил гаргасан байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Г******* нь Х*******лын хэлтсийн даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар хариуцсан ажилдаа хайнга хандсан зөрчилд албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 10 хувиар бууруулах, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/23 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ажлын цагаар архи ууж, ажил үүргээ гүйцэтгэхгүй байгаа үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлүүдийг тус тус хүлээсэн байна.
Түүнээс хойш Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан сахилгын шийтгэлгүйд тооцох 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад 2014 оны 12 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд дахин ёс зүйн зөрчил гаргасан нь нотлогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэг, Х*******лын хэлтсийн 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.8, 11.2.3, 11.5, дахь заалт, Х*******лын хэлтсийн дэргэдэх ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтийг тус тус үндэслэн нэхэмжлэгчид төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.
Иймд маргаан бүхий захиргааны акт болох Х*******лын хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б.Г*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэххэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г*******ын Х*******лын хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б.Г*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН