Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 81

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,         

улсын яллагч Д.Ширэндэв,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Туул,

шүүгдэгч Г.Энхжаргал, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Г.Энхжаргалд холбогдох 201625010549 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Төв аймаг, Архуст суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Архуст сумын 2 дугаар багийн Нарст ухаагийн 1 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух бүртгэлгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар НД80072571, Мянгат овогт Ганхандын Энхжаргал,

 

/Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Г.Энхжаргал нь согтуугаар 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Чагнаадоржийн гэрт хамтран амьдрагч Т.Солонготой хөгжим унтраа гэснээс болж маргалдан түүний толгойн тус газарт өшиглөж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Намайг хоригдож байхад манай ар гэрийхэнээс Т.Солонгийн эмчилгээнд мөнгө өгсөн гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү ” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Туул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний охин Солонго нүүрэн тус газраа буюу 2 нүдний ял хугарал, хамрын яс цөмөрсөн. Үүдэн шүд байхгүй болсон. Зодуулснаас хойш 2 хоног нуусан учир гэмтэл нь менингит болсон. 2 сар гаруй гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Одоо хэвтэрт байгаа. Сууж ч чадахгүй, хүний асаргаанд өтгөн, шингэнтэйгээ холилдоод байж байна. Энэ нь мэдрэлдээ нөлөөлөөд насыг нь асуухаар би 3 настай гээд байгаа. 27-хон настай охин маань хөдөлмөрийн чадвараа алдсан. Монголд эмчилгээ байхгүй учир Хятад руу авч явж эмчлүүлэх саналтай байна. Эм тариа, зардлын мөнгө нь 20.000.000 төгрөгт багтахаар байгаа. Энэ мөнгөө шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэв.    

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Туулын өгсөн мэдүүлэг /хх-18-19/, гэрч Г.Оюунтунгалаг, О.Чагнаадорж, Э.Гантөмөр, Д.Пүрэвдорж нарын мэдүүлэг, гэрч Г.Оюунсувдын мэдүүлэг /хх-21, 24, 25-26, 28, 90/, насанд хүрээгүй гэрч Т.Замбагын мэдүүлэг /хх- 22-23/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2756, 414 дугаар дүгнэлтүүд, хавтаст хэргээр нэмэлт, бүрэлдэхүүнтэй шилжилгээ хийлгэх тогтоол /хх-30-32, 35, 36-39/, шинжээч эмч М.Энхбаярыг байцаасан тэмдэглэл /хх-41-42/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-71-72, 80-81/, өвчний түүх /хх-45-49/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-78/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Энхжаргал нь согтуугаар 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Чагнаадоржийн гэрт хамтран амьдрагч Т.Солонготой хөгжим унтраа гэснээс болж маргалдан түүний толгойн тус газарт өшиглөж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:  

 

Гэрч Г.Оюунтунгалагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 2 дугаар сарын 11-ний өдөр буюу шинийн 3-нд би нөхөр О.Чагнаадоржийн хамт найз Г.Энхжаргалынд очиж ээжтэй нь золгосон. Тэгээд тэндээсээ манай нөхөр О.Чагнаадорж, Г.Энхжаргал, эхнэр Т.Солонгоо охиныхоо хамт манайд ирцгээсэн. Бид нар цай хоол болоод 2 шил архи хувааж уусан. Тэгээд Г.Энхжаргал газар хэвтэж байсан чинь эхнэр Т.Солонгоо нь хөгжим чангалаад сонсож байсан. Тэгэхэд нь Г.Энхжаргал чи хөгжмөө болиоч гэсэн. Тэгэхэд Т.Солонгоо хөгжмөө багасгахгүй байсан. Г.Энхжаргал босоод ирэхэд нь эхнэр Т.Солонгоо нь гараараа нэг удаа цохиод авах шиг болсон. Тэгтэл Г.Энхжаргалыг манай нөхөр бариад авсан. Г.Энхжаргал манай нөхрийн хажуугаар хөлөөрөө эхнэрийнхээ толгой руу өшиглөсөн юм. Тэгтэл хамраас нь цус гараад тогтохгүй байсан. Тэгэхээр нь гэрийнхэндээ хэл гэж хэлээд Т.Солонгоо дүү Т.Замбагатайгаа утсаар яриад “эгч нь зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэр өдрөө манайд Г.Энхжаргал, Т.Солонгоо хоёр манайд хоносон маргааш нь 2 дугаар сарын 12-нд Т.Солонгоогийн нүүр нь хавдсан байсан манайд байж байгаад гэнэт толгой нь салганаад бөөлжөөд ирсэн бид нар түргэн дуудаад Гэмтлийн эмнэлэгт ирсэн. Т.Солонгоогийн нүүр толгой нь нэлэнхүйдээ хавдсан хоёр нүд нь бас хавдсан байсан…” /хх-21/ гэх мэдүүлэг,

Гэрч О.Чагнаадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 2 дугаар сарын 12-ны орой 17 цагийн үед манайд Г.Энхжаргал эхнэрийн хамтаар ирсэн. Бид нар 2 шил архи уусан. … Г.Энхжаргал, Т.Солонгоо 2 маргалдахад би хажууд нь байсан учраас их айхтар зодоон маргаан болоогүй. Тэр өдөр болон тэр орой Г.Энхжаргалыг өшиглөхөөс өмнө Т.Солонгоогийн нүүр нүдэнд хөхрөлт цус хуралт байгаагүй, Г.Энхжаргалыг “боль” гээд тэврээд авахад хажуугаар хөл нь гарч ирээд Т.Солонгоогийн дух руу өшиглөчихсөн... Манай гэрээс маргааш оройн 18-19 цагийн үед явсан байх. Өдөр 14 цагийн үед эхнэр Г.Оюунтунгалаг, Г.Энхжаргал бид 3 гэртээ ирэхэд манай гэрт 3 хүүхдээ хараад хэвтэж байсан. Тэр үед нүд нь хөхөрсөн, хавдсан байснаас өөр ямар нэгэн зовиуртай байгаагүй, харин өдөр “пиво ууя, архи авчих дотор муу байна” гээд байсан. Тэгээд орой гэнэт орон дээр хэвтэж байснаа эвгүй болоод амьсгал нь давхцаад байхлаар нь түргэн тусламж дуудсан /хх-25-26/ гэх мэдүүлэг,

Гэрч Э.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би О.Чагнаадорж ахын гэрт 19 цагийн үед ирсэн байх. Намайг ирэхэд тэр эмэгтэй хойд орон дээр нүд, нүүр нь хавдсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би О.Чагнаадорж ахаас “энэ хүн яасан юм бэ” гэхэд “аан нөхөр нь зодчихсон юм аа” гэж байсан. Тэгээд тэр эмэгтэйн бие нь муу байгаа бололтой харагдсан. Тэгэхээр нь би “түргэн тусламж дуудаж үзүүлэхгүй юм уу” гэхэд бүгдээрээ “тэгье” гээд би өөрийн дугаараас 103 руу залгаж түргэн тусламж дуудсан /хх-28/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Т.Солонго эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байсан. Намайг үзэхэд тархины доргилт ухархайн дотор ханын хугарал, хоёрдогч менингит, хоёр уушигны зогсонгишлын хатгаа, зүүн уушигны гялтангийн үрэвсэл, зүүн уушигны буглаа гэсэн оношоор эмчлэгдэж байсан. Хоёрдогчоор идээт менингит үүсэхэд тодорхой нэг бактери оролцдог. Уг бактери нь цусаар тээвэрлэгдэн тархины хальсан дээр очиж идээт үрэвсэл үүсгэдэг. Энэ бактери нь хаанаас зөөвөрлөгдөж болох вэ гэвэл тухайн хүн өөрөө бөөрний үрэвсэлтэй юм уу эсвэл шүдний хорхой зэрэг хүний организмд бактериар үүсгэгддэг бүх төрлийн өвчний үед болон үрэвслийн үед үүсгэгдэж болно. Энийг хоёрдогчоор үүсдэг менингит гэдгээ хэлээд байгаа юм. Гэмтлээс менингит үүсч болдог, яаж үүсэх вэ гэвэл жишээ нь гавал ясны ил хугарсан гэмтэл, суурь ясны чихний хэнгэрэг дайрсан хугарал, гавлын хөндийд хий орох зэргээс үүдэж бактерийн дамжих зам болж менингит үүсч болдог. Т.Солонгоогийн хувьд бид нарын хийсэн шинжилгээнээс харахад гэмтлийн улмаас менингит үүсэх боломжгүй байсан байна /хх-90/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн №2756 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

1. Т.Солонгоогийн биед тархи доргилт, хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн талын 7 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, баруун бугалганд цус хуралт, хоёрдогчоор үүссэн тархины бүрхүүлийн идээт үрэвсэл /менингит/ тогтоогдпоо.

2. Хоёрдогчоор үүссэн тархины бүрхүүлийн идээт үрэвсэл /менингит/-ын шалтгаан тодорхойгүй тул дүгнэлт гаргах боломжгүй байна /хх-30-32/ гэх дүгнэлт,  

 

Шүүхийн шинжилгэний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дугаар сарын 13-ны өдрийн №2756 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

1. Урьд гаргасан шинжээчийн 2756 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Т.Солонгоогийн биед тархи доргилт, хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн талын 7 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, баруун бугалганд цус хуралт, хоёрдогчоор үүссэн тархины бүрхүүлийн идээт үрэвсэл /менингит/, зүүн уушигны зогсонгишлын хатгалгаа, гялтангийн идээт үрэвсэл, идээ хуримтлагдалт, соруулж авсан байдал, 16-17 долоо хоногтой ураг зулбалт тогтоогдлоо.

3. Дээрх учирсан тархи доргилт, хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн талын 7 дугаар хавирганы зөрөөгүй хугарал гэмтлүүд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Баруун бугалганы цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Хоёрдогчоор үүссэн тархины бүрхүүлийн идээт үрэвсэл /менингит/-ын үүсгэгчийг шинжилгээгээр үзэж тодорхойлоогүй, үүссэн шалтгаан тодорхойгүй байх тул дүгнэлт гаргах боломжгүй байна.

5.Хохирогч Т.Солонго нь 16-17 долоо хоногтой жирэмсэн байсан байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд ураг зулбасан байна. Ураг зулбасан шалтгааныг тогтоох боломжгүй байна. Ураг зулбаснаар цаашид ямар хор уршиг учрахыг одоогоор тогтоох боломжгүй /хх-36-39/,

 

Шинжээч эмч М.Энхбаярыг байцаасан тэмдэглэлд: ...Менингит олон шалтгаантай үүсдэг. Ийм учраас менингит үүсгэгч нянг заавал тогтоох шаардлагатай. Гэмтлийн эмнэлэгт Т.Солонгоо хэвтэн эмчлүүлж байх хугацаанд нугасны усыг хэд хэдэн удаа авсан. Цээжний хөндийгөөс идээг авсан боловч үүсгэгч нянг тодорхойлох шинжилгээ хийгээгүй байна. Иймд уг нянг тодорхойлохоос нааш нарийн дүгнэлт гаргах боломжгүй юм. /хх-41-42/ гэх мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.Энхжаргалыг хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

           

            Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Г.Энхжаргалыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Туул шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд 20.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх бөгөөд шүүгдэгч Г.Энхжаргалаас хохиролд 749.000 төгрөг төлсөн байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохиролоо Иргэний хуулийн 505, 507 дугаар зүйлд заасны дагуу шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Энхжаргал нь 61 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хромон гутлыг шүүгдэгч Г.Энхжаргалд буцаан олгохоор шийдвэрлэв.

           

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Мянгат овогт Ганхандын Энхжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхжаргалыг 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Энхжаргалын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхжаргалын цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, ялтан Г.Энхжаргал нь энэ хэрэгтээ 61 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хромон гуталыг ялтан Г.Энхжаргалд буцаан олгосугай.

7.Ялтан Г.Энхжаргалаас хохирогч Т.Солонгийн эмчилгээний зардалд 749.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Туул нь өөрт учирсан бусад гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан Г.Энхжаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

10.Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Энхжаргалын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,                                    Э.ЧИНГИС

                       ШҮҮГЧ