Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч  Д.Цэдэнпэлжээ даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, С.Э-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ц.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: :  Г банкны Замын-Үүд тооцооны төв нь зээлдэгч Т овогт С.Э-тай 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ1915005979 тоот зээлийн гэрээ байгуулж, 11.000.000 /Арван нэгэн сая/ төгрөгийг 1,5%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн билээ. С.Э нь тухайн үед Замын-Үүд Воган ашиглалтын депо-д Boган үзэгчээр ажиллаж, Дорноговь аймаг, Замын Үүд сум 3 дугаар багт амьдран суудаг байсан.

Гэрээ байгуулж зээл авснаас хойш зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөлт хийж байгаад 2015 оны 05 дугаар сарын 04-нөөс зээлийн төлбөр төлөгдөөгүй. 2017 оны 12 дугаар 18-ны өдрийн байдлаар 1005 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Ажлаасаа гарсан, удаа дараа төлөлт хийх талаар мэдэгдэж байсан боловч өөрөө сураггүй болсон. Одоо хаана оршин сууж байгаа болон холбогдох утас нь мэдэгдэхгүй байгаа учир С.Э-г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан  нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

С.Э нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ1915005979 тоот зээлийн гэрээ байгуулж, 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийг 1,5%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зээл болон барьцааны гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Зээлдэгч С.Э нь зээл авснаас хойш 2015 оны 05 сарын 04-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хаана оршин сууж байгаа газар нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрын хаягыг нь тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

С.Э зээл авах үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг оршин суудаг, Замын-Үүд Воган ашиглалтын депод Boган үзэгчээр ажиллаж байсан бөгөөд тоот регистрийн дугаартай, дугаарын гар утастай байсан болохыг  дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Т овогт С.Э-г  эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С.Э-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч,  түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ