| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2020/0035/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/33 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/33
Шийтгэх цагаатгах тогтоол
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ягаан дэмчиг овогт Шаравдоржийн Дорж-Очир Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******гийн *******ид холбогдох 20230004650027 дугаартай хэрэгт эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн *******, /Регистрийн дугаар:*******/ Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг Цагаан чулуут гэх газраас иргэн Г.*******ын өмчлөлийн 2 тооны морь хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг Цагаан чулуут гэх газраас иргэн Г.*******ын өмчлөлийн 2 тооны морийг хулгайлсан хэргийн үйл баримт нь хохирогч Г.*******ын “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би өөрөө адуундаа яваад хайгаад олоогүй юм. Тэгээд сураглаж байтал 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай адууг хойно Ногоон гэдэг газарт байна гэхээр нь очиж адуугаа үзэхэд 2 хээр зүсмийн нас гүйцсэн морь байхгүй болсон байсан. Тэгээд 2 морио хайж хүмүүсээс сураглаж явсан боловч олдоогүй юм. Би адуугаа эрж хайхад нийт 500.000 төгрөгний зардал гаргасан ...” гэсэн мэдүүлэг, Б. *******оос 2 тооны морь худалдан авсан тухайгаа мэдүүлсэн гэрч П.гийн “...Би 2019 оны 10 дугаар сарын эхээр буюу 10 дугаар сарын 10-ны орчимд *******оос 2 тооны морь худалдан авсан. Нэг морийг нь тухайн үеийн үнэ ханшаар 700.000 төгрөгөөр бодож нийт 1.400.000 төгрөгөөр 2 морь худалдан авсан...” гэсэн мэдүүлэг, Түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн эрч Ч.ын “...2019 оны намар 10 дугаар сарын дундуур санагдаж байна. Манай хүү П.г ******* сумын төв дээр адуу худалдаж авч байхад Б.******* Хээр зүсмийн зөв гуяандаа хас тамгатай нас гүйцсэн морь, шар хээр зүсмийн зөв гуяандаа хас тамгатай нас гүйцсэн морьд авчирч худалдсан. Нэг морийг нь 700.000 төгрөгөөр нийт 1.400.000 төгрөгөөр бодож авч байсан....” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...би 2019 оны 10 дугаар сарын 14-ний үед өөрийнхөө адуунаас унаа барьж морь солих санаатай адуундаа морьтой явж байсан. ...Тэгээд өөрийнхөө адууг хайгаад явж байсан багийн “Цагаан чулуут” гэх газар Г.******* ахын 20 гаран тооны адуу эзэнгүй байхаар нь гэнэт нөгөө адуунаас 2 морь барьж авч зарчихаад машиныхаа дутуу мөнгийг өгчихье гэсэн санаа орж ирээд би нөгөө эзэнгүй байсан Г.******* ахын адууг бөөгнүүлээд мод руу шахаж байгаад дотроос нь хоёр морь бугуйлдаж барьж аваад нэг морийг нь өөрийнхөө унаж явсан морины давхар ногтыг тайлж авч ногтлоод бас нэг адууг нь үүрч явсан бугуйлаараа ногт хийж ногтлоод ******* сумын төв рүү хөтлөөд хүнгүй газраар явсан. Тэгээд ******* сумын төв орж адуу авч байгаа хүн сурсан чинь гэдэг залуу адуу авч байгаа гэхээр нь адуу авч байгаа газар нь яваад очсон. аавынхаа хамт байж байсан.Тэгээд би д нөгөө хоёр адуугаа нэгийг нь 700.000 төгрөгөөр бодож 1.400.000 төгрөгөөр зарчихаад д нөгөө машин худалдаж авсан гийн дугаарын дансыг өгч 1.400.000 төгрөгийг тэр хүний данс руу хийчихээрээ гэж хэлчихээд яваад өгсөн. Тийм л зүйл болсон. ...би хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Г.*******т 1.600.000 төгрөгийн хохирол учирсан нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хохирогчийн алдсан 2 тооны морь үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн 2 тооны морь хулгайлсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүний дээрхи мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Шүүгдэгч Б.******* нь бусдын өмчлөх эрхэд халдаж шунахай сэдэлтээр Г.*******ын 2 тооны морь Завхан аймгийн ******* сумын багийн нутаг Цагаан чулуут гэх газраас хууль бусаар нууц далд аргаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд 2 тооны бод түүнээс дээш малыг олон тооны малд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн өөрчлөлт орсон. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй“ гэж, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зохицуулна“ гэж тус тус заасан учир Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэстэй. Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын 2 тооны морь хулгайлсан буюу “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1600000 төгрөгийн хохирогч Г.*******т төлсөн, хохирогч шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.*******ид холбогдох 2023000450027 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. Шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Иймд Б.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар шүүгдэгчийн өмчлөлийн хээр зүсмийн зөв гуяндаа “Э” үсгэн тамгатай нас гүйцсэн морийг улсын орлого болгож, шүүгдэгчид 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ид хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Шүүгдэгч Б.*******ийг тэнссэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь заасныг журамлан шүүгдэгч Б.*******ид тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял ногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай. 5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн өмчлөлийн хээр зүсмийн зөв гуяндаа “Э” үсгэн тамгатай нас гүйцсэн морийг улсын орлого болгосугай. 6. Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 7. Шийтгэх тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА