| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2017/0322/И |
| Дугаар | 330 |
| Огноо | 2017-12-22 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 330
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ би,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Т хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах Э ХХК-д холбогдох,
Татварын тайлангаар ногдуулсан татварын өр 13.112.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Т хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны татварын тайлангаар ногдуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 13.112.000 төгрөгийн өрийг барагдуулахаар татвар төлөгчдөд удаа дараа утсаар шаардлага тавьж, өр барагдуулах тухай мэдэгдэх хуудас гардуулсан боловч одоог хүртэл барагдуулахгүй байгаа тул ТЕХ-ийн 70 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дорноговь аймгийн Т хэлтсийн Э ХХ-д гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг манай компаний зүхээс бүхэлд нь хүлээн зөвшөөрч татварын өр болох 13.112.000 төгрөгийн өрийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч нь шүүхэд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Т хэлтэс нь Э ХХК-д холбогдуулан татварын өр 13.112.000 төгрөг барагдуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч байгууллага бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Т хэлтэс нь хариуцагч Э ХХК холбогдуулан Татварын тайлангаар ногдуулсан татварын өр 13.112.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 13.112.000 төгрөгийг төлж барагдуулсан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорноговь аймгийн Т хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХХК-д холбогдох Татварын тайлангаар ногдуулсан татварын өр 13.112.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э ХХК нь нэхэмжлэлийн шаардлага Татварын тайлангаар ногдуулсан татварын өр 13.112.000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 223.510 төгрөгийн 50 хувь болох 111.755 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ