Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2017/03227

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2017/03227

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  "НАББГ"  УТҮГ  -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: "Т " ХХК -д холбогдох,

 

Нийт 214,555,625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн төлөөлөгч Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн агаарын чанарын алба нь Т ХХК-тай Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулж ажиллуулах, бүтээгдэхүүн нийлүүлэх АЧА/12/02/03 дугаартай гэрээг 2012 оны 10 сарын 08-ны өдөр байгуулсан.

Энэхүү гэрээгээр захиалагч тал болох Нийслэлийн агаарын чанарын алба 200,000,000 төгрөг төлөх, нийлүүлэгч тал болох Т ХХК нь үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулах ажлыг 2012 оны 12 сарын 20-ны өдөр дуусган, 2013 оны 02 сарын 01-ний өдрөөс 2014 оны 03 сарын 31-ний өдрийн дотор 1,330 тн үртсэн шахмал түлшийг нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн.

Нийслэлийн агаарын чанарын алба гэрээний дагуу урьдчилгаа 30% болох 60,000,000 төгрөгийг 2012 оны 12 сарын 24-ний өдөр, 130,000,000 төгрөгийг 2013 оны 03 сарын 12-ны өдөр Т ХХК-ийн дансанд шилжүүлсэн.

Нийслэлийн агаарын чанарын албанаас гэрээний дагуу ажлаа гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд Т ХХК-ийн захирал Ж.Ц нийт 190,000,000 төгрөгийг хүлээн авсны дараа 1,330 тн үртсэн шахмал түлш нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

Гэрээний талууд 2014 оны 05 сарын 21-ний өдөр Төлбөрийн гүйцэтгэлийн хэлцэл-ийг хийсэн бөгөөд 2015 оны 05 сарын 30-ны өдрийн дотор төлбөрийг буцаан төлж барагдуулах үүргээ захирал Ж.Ц биелүүлээгүй байна.

Иймд гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс 171,644,500 төгрөг, гэрээний тусгай нөхцлийн 7-д заасны дагуу алданги 42,911,125 төгрөг, нийт 214,555,625 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Т ХХК нь Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулж ажиллуулах, бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг 200,000,000 төгрөгөөр нийлүүлэхээр, захиалагч болох Нийслэлийн агаарын чанарын алба худалдан авахаар 2012 оны 10 сарын 08-ны өдөр АЧА/12/02/03А дугаартай гэрээ байгуулсан.

Захиалагч тал дээрх барааг гэрээндээ хоёр багц болгон хуваасан байдаг. Эхний үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулах ажлыг Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд 2013 оны 01 сарын 28-ны өдөр, өөрийн үйлдвэрийн шинэ байранд захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн, гэрээний бүх нөхцөл болзолд нийцүүлэн Герман, Хятад улсад үйлдвэрлэсэн шинэ тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч, акт үйлдсэн.

Захиалагч талаас 2012 оны 12 сарын 24-ний өдөр өөрийн тендерт санал болгосон үнийн урьдчилгаа төлбөр 30% болох 60,000,000 төгрөг дансандаа хүлээн авсан нь үнэн болно.

Нийлүүлэгч тал 2013 оны 02 сарын 03-ны өдөр 200,000,000 төгрөгийн гүйцэтгэлтэй гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзээд үлдэгдэл төлбөр болох 140,000,000 төгрөгийн хүсэлтийг төлбөрийн нэхэмжлэх болон гэрээний ерөнхий нөхцөл болон тусгай нөхцөлд заасан баримт бичгийн хамт захиалагчид хүргүүлсэн.

Захиалагч гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзээд 2013 оны 03 сарын 12-ны өдөр 130,000,000 төгрөгийг манай дансанд шилжүүлсэн.

Үүнээс хойш нийлүүлэгч тал захиалагчаас ямар нэгэн санхүүжилт аваагүй ба харин санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй байхад компаниас бүх зардлаа гарган үртсэн шахмал түлш үйлдвэрлэж, дараагийн ажлаа эхлүүлсэн.

Нийлүүлэгч талд санхүүжүүлэх талаар санал хүсэлтийг удаа дараа бичгээр хүргэж, биечлэн уулзаж байсан боловч хариу арга хэмжээ аваагүй. Харин 2013 оны 9 сард татгалзсан хариу өгч байсан. Ингээд бид 2013 оны 02 сарын 01-ний өдрөөс 2014 оны 03 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийлүүлэх 1,330 тн үртсэн шахмал түлшнээс 122.37 тн түлш нийлүүлсэн.

2014 оны 04 сарын 14-ний өдөр түлшний нийлүүлэлтийн биелэлтийг дүгнэх хурал дээр захиалагч Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2014 оны 02 сарын 17-ны өдрийн хуралдаанаар түлшинд татаас өгөхгүй байх, цаашид зах зээлийн зарчмаар борлуулах шийдвэр гаргасныг танилцуулж, үртсэн шахмал түлш авахгүй болсноо мэдэгдсэн.

Гэрээнд зааснаар нийлүүлэгч нь гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн барааг нийлүүлэх үүрэгтэй боловч эсрэгээрээ захиалагч тал түлш нийлүүлээгүй гэж нийлүүлэгчээс төлбөр төлөхийг шаардаж Төлбөрийн гүйцэтгэлийн хэлцэл-ийг 2014 оны 05 сарын 20-ны өдөр байгуулсан.

Хэдийгээр хэлцэлд дурдагдсан төлбөрийг хийж дууссаны дараа манай компаниас төлөгдсөн төлбөрийг хэрхэх талаар захиалагч талд ойлголт байгаагүй ч бид үйлдвэрийн бодит хүчин чадлыг түлш үйлдвэрлэн батлан харуулах, хямд үнэтэй үртсэн шахмал түлшийг айл өрхөд нийлүүлж агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж чадна гэсэн зорилгоо биелүүлэхээр ажлаа үргэлжлүүлсэн.

2014 оны 05 сарын 12-ны өдөр Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос 4-р тогтоол гарсан ч хэрэгжүүлээгүй. Аж ахуйн нэгж тендерээс ашиг олохын төлөө байдаг бол бид ашгийг чухалчлаагүй ба орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж нийлүүлсэн. Энэ тухайгаа 2014 оны 04 сарын 14-ний өдрийн гэрээ дүгнэсэн хурал дээр дурдсан байдаг.

Хэдийгээр 2014 оны 07 сард Ж.Ц би үйлдвэрийн осолд орж хөдөлмөрийн чадвараа 69%-иар алдсан ч үүргээ мартаагүй ба графикийн дагуу 3,400,000 төгрөгийг шилжүүлж, төлбөрөө төлж эхэлсэн. Гэвч 2014 оны 07 сард Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 15-р тогтоол гарсныг сонин дээрээс олж мэдсэн ба тэр үеийн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, ажлын албаны дарга нартай уулзаж түлш нийлүүлэх саналаа дэвшүүлж байсан ч хүлээж аваагүй.

Ингээд 2014 оны намар хямд үртсэн болон нүүрсэн шахмал нийлүүлэгдэж эхэлснээр шударга өрсөлдөөнөөр ажиллах боломж олгоогүй бөгөөд 2014 оны зун үйлдвэрлэсэн түлшээ өртгөөс нь хямд зарсан ба цаашдаа 2015, 2016 оны өвөл энэ ажил давтагдсан юм.

Одоогийн байдлаар Агаарын чанарын албанд 18,355,500 төгрөгийн үнэ бүхий 122.37 тн үртсэн шахмал түлш, дансаар 3,400,000 төгрөг шилжүүлсэн, ажлын гүйцэтгэлийн 10,000,000 төгрөгийн үлдэгдэл, нийт 31,755,500 төгрөгийн авлагатай.

Төсөв санхүүгийн хүндрэлтэй үед өөрсдийн зардлаар үртсэн түлш үйлдвэрлэн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахаар хичээн ажиллаж байхад тоног төхөөрөмж худалдан авахдаа зарцуулсан төлбөрөө манай компаниас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна.

Нийслэлийн агаарын чанарын алба нь гэрээндээ нэг багц ажлыг 2 болгож оруулсан, санхүүжилт нь дутуу тендерийн баримт бичгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 2 дахь багцаа худалдаж, алдаагаа аж ахуйн нэгжид тохож байгаад харамсаж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Агаарын бохирдлыг бууруулах газар УТҮГ нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан, үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулж, ажиллуулах, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрөөс 171,644,500 төгрөг, алданги 42,911,125 төгрөг, нийт 214,555,625 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нийслэлийн агаарын чанарын алба УТҮГ нь хуулийн этгээдийн оноосон нэрээ Агаарын бохирдлыг бууруулах газар УТҮГ болгон өөрчилсөн болох нь 2016 оны 09 сарын 02-ны өдөр олгосон улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Шүүх дараах үндэслэлээр Агаарын бохирдлыг бууруулах газар УТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нийслэлийн агаарын чанарын алба /хуучнаар/-наас Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулж, ажиллуулах, бүтээгдэхүүн нийлүүлэх худалдан авах ажиллагааг нийтэд зарласан, шаардлагад нийцсэн тендерийн материал ирээгүй учир шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн, улмаар Т ХХК-тай 2012 оны 10 сарын 08-ны өдөр гэрээ байгуулсан үйл баримтын талаар зохигч талууд маргадаггүй.

 

Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулж, ажиллуулах, бүтээгдэхүүн нийлүүлэх АЧА/12/02/03А тоот гэрээний үнийн дүн нь 200,000,000 төгрөг байх бөгөөд уг гэрээний 4 дүгээр зүйл, 5 дугаар зүйлд зааснаар тендерт шалгарсан компани болох Т ХХК нь үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулах ажлыг 2012 оны 12 сарын 20-ны өдөр дуусгах, 1,330 тн үртсэн шахмал түлшийг 2013 оны 02 сарын 01-ний өдрөөс 2014 оны 03 сарын 31-ний өдрийн дотор нийлүүлэх үүргийг хүлээжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар Т ХХК нь нийт 200,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлэх тухай Монгол Улсын гадна үйлдвэрлэгдсэн бөгөөд импортоор орж ирэх барааны үнийн хуваарь гэх саналыг Нийслэлийн агаарын чанарын албанд гаргаж өгсөн /хх-12х/, Нийслэлийн агаарын чанарын албанд 2013 оны 01 сарын 28-ны өдөр нийт 199,999,998 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч акт үйлдсэн /хх-29-30х/ үйл баримт тогтоогдож байна.

 

Хүлээн авсан тоног төхөөрөмжийн жагсаалт-д Гаалийн мэдүүлэг, худалдааны гэрээ, нэхэмжлэх, төлбөрийн баримт, техникийн үзүүлэлт, чанарын батламж, тээврийн баримт, барааны жагсаалтуудыг үндэслэн хавсралтаар дараах тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа гэж дурдсан /хх-30х/ байх тул тоног төхөөрөмжийн үнийн талаархи баримтыг гаргуулах шаардлагагүй гэж үзэв.

 

Нийслэлийн агаарын чанарын албанаас 2012 оны 12 сарын 06-ны өдөр АЧА/12/02/03А тоот гэрээг 65 хувийн гүйцэтгэлтэй хэмээн дүгнэж, 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн /хх-25-28х/, 2012 оны 01 сарын 28-ны өдөр АЧА/12/02/03А тоот гэрээг 100 хувийн гүйцэтгэлтэй хэмээн дүгнэж, 130,000,000 төгрөгийг шилжүүлсэн /хх-31-33х/ байх ба хариуцагч нийт 190,000,000 төгрөгийн санхүүжилт авсан талаар маргадаггүй.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөнөөс буцаан шаардаж буй 171,644,500 төгрөгийг тооцон гаргахдаа нэг тн үртсэн шахмал түлшийг 150,000 төгрөгөөр тооцон /1,330 тн х 150,000 төгрөг = 199,500,000 төгрөг/ хариуцагчийн нийлүүлсэн гэх үртсэн шахмал түлшний үнийг хасаж /122.37 тн х 150,000 = 18,388,500 төгрөг/ гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Дээр дурдсан тайлбарын дагуу тооцон үзэхэд 199,500,00018,388,500 = 181,111,500 төгрөг буюу шаардсан үнийн дүнгээс зөрүүтэй дүн гарч байх тул дутуу шилжүүлсэн 10,000,000 төгрөгөө хасаж тооцсон байна гэж үзэв.

 

Худалдан авах ажиллагааны нийт үнийн дүн 200,000,000 төгрөг байсан, мөн Тара ХХК-иас нийт 199,999,998 төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээн авсан байтал нэмж 1,207.63 тн үртсэн шахмал түлш нийлүүлээгүй гэж 171,644,500 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн Агаарын бохирдлыг бууруулах газар УТҮГ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл, Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулж, ажиллуулах, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний үнийн дүн болох 200,000,000 төгрөгт уг гэрээний 4 дүгээр зүйлд заасан 1,330 тн үртсэн шахмал түлшний үнэ /1,330 тн х 150,000 төгрөг = 199,500,000 төгрөг/ багтсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Гэрээний үүргээ биелүүлээгүй учир буцаан шаардаж буй гэх 171,644,500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан алданги гэж нэхэмжилж буй 42,911,125 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Түүнчлэн, талуудын үйлдсэн 2013 оны 01 сарын 28-ны өдрийн Ажил хүлээлцэх акт-д АЧА/12/02/03A тоот гэрээний 4-т заасан хугацаа хэтэрсэн байна. Энэ асуудлыг судлаж үзэхэд энэхүү гэрээний 22.1-д заасан тээврийн хориг гэсэн заалтанд хамрагдаж байгаа тул тус гэрээний 7-д заасан алдангийг оногдуулахгүй байх нь зүйтэй гэж шийдлээ хэмээн тэмдэглэснийг дурьдах нь зүйтэй.

 

Хариуцагч Т ХХК нь Агаарын бохирдлыг бууруулах газар УТҮГ-аас нийт 31,755,500 төгрөгийн авлагатай хэмээн тайлбарлаж байх боловч энэ талаар шүүхэд сөрөг нэхэмжлэлийг нотлох баримтын хамт гаргаагүй учир шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 243.1-д зааснаар Т ХХК-иас нийт 214,555,625 төгрөг гаргуулах тухай, Агаарын бохирдлыг бууруулах газар УТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР