Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/143

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2016/0156/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Хохирогч Д.Д.Б-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Т-, 

Шүүгдэгч Б.Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 201709000061 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн операторчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй Б.Б-,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б.Б- нь 2017 оны 01 дүгээр сарын 17-наас 18-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хамт архи уусан Д.Д.Б-ын баруун гарны бугалга ясыг гурилын модоор цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл /баруун гарны бугалга ясны битүү хугарал/ санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

           

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Б.Б.Б-ий шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017.01.17-нд манай хамаатны эгч манай эхнэртэй хамт хадам ээжийнх рүү явсан. Тэр үед би хоёр хүүхдээ хараад гэртээ үлдсэн. Дараа нь манай эхнэр А- гээд эгчтэйгээ 0.75 литрийн архи барьсан орж ирээд намайг дуудсан. Тэгээд бид хэд тэр архийг хувааж уучхаад унтаж байгаад шөнө 02-03 цагийн орчимд хүүхдээ цоожлоод хүнсний юм авахаар гарсан. Хүнсний юм авчхаад би хоолоо хийж, эхнэр гэрээ цэвэрлэж байсан.  Д.Б- эгч утсаа цэнэглэх гээд орж ирсэн. Тэгээд хамт архи ууж байтал Д.Б- эгч манай зуух руу нулимаад “манай хүүхэд чам шиг архичин биш” гээд байсан. Манай эхнэрийг “та яагаад байгаа юм бэ” гэж асуухад манай хүүхдүүдийг хэл амаар доромжилж байгаад гэрээс гарах гэсэн тэр үед би Д.Б- эгчийн гар руу гурилын модоор гар руу нь цохисон.” гэх мэдүүлэг,

“...21 цаг өнгөрч байхад манай урд байдаг Д.Б- эгч согтуу гар утсаа цэнэглэх гээд халамцуу орж ирсэн. Манай эхнэрээс архи ууя гээд байхад нь манай эхнэр нэг хийж өгсөн. Дахин архи нэхээд байхаар нь би хийж өгсөн чинь манай эхнэр одоо болно, наадах чинь гэртээ ганцаараа байгаа гэсэн. Тэгээд байж байтал дахин Д.Б- архи нэхээд уурлаад байсан. Одоо та болно таньд өгөхгүй гэсэн чинь наад хар усаа харамлаад байгаа юм уугээд ууралсан. Намайг гомбоочин, архичин, миний хүүхэд чам шиг архичин биш гээд хэрүүл хийгээд байсан. Тэгсэн чинь манай эхнэр Б- эгчийг гэрээс гар гэсэн чинь гар утсаа шүүрээд аваад гараад явсан. Тэр хооронд А- нэлээн согтсон байсан. Би Б- эгчийг гараад явахаар нь эхнэртэйгээ маргалдсан тэгээд би өөрийгөө хутгаар шалбалсан юм. Тэгээд эхнэртэйгээ ойлголцоод гал түлэх гээд хутгаар мод зороод, хутгаа зуухан дээр тавиад буцаад нүүрс аваад эргээд харахад А- өөрийгөө 2 удаа хутгалаад дахин хутгалах гээд байхаар нь бид хоёр хутгийг нь гарнаас нь салгаж аваад манай эхнэр хадам ээжийг дуудсан. Манай хадам ээж хадам 2 найзтайгаа такси аваад ирсэн. Хадам ээж цагдаа, эмнэлэг дуудсан. Тэгээд байж байтал Б- эгч орж ирээд А- эгч та ирсэн юм уу? таны дуу гараад байхаар нь орж ирлээ, би гарч явж байгаад гараа хугалчихлаа гэхдээ би Б.Б-ээс мөнгө нэхэмжилж авна гээд байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55/

 

-Хохирогч  Д.Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... Намайг гэртээ хаалгаа түгжээд унтаж байхад Б.Б- эхнэртэйгээ орж ирээд хүүхэд хараад өгөөч. Н- ирсэн. Бид гурав гарчхаад ирье гэж хэлэхэд нь би та гурав хурдан яваад ирээрэй. Би маргааш Улаанбаатар хот явна гэж хэлээд хүүхдүүдийг нь харж өгсөн. 30-40 минутын дараа Б.Б-, эхнэртэйгээ орж ирэхдээ архи, ундаа барьсан орж ирсэн. Намайг гэрт нь ороход шилтэй бага хэмжээний архи байсан. Түүнээс намайг уу гэж хэлээд надад 3 хундагыг өгсөн. Би Б.Б-ий гэрт орохдоо архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Намайг маргааш ажилтай гэр рүүгээ явна гэхэд Б.Б- юун сүртэй юм гээд байснаа намайг гарах гэтэл миний гар руу цохисон. Би тэр чигээрээ гараад дээд давхрын айл руу орсон. Намайг түргэн тусламж руу залгахад хөл чинь зүгээр бол өөрөө хүрээд ир гэсэн учраас би дээд айлынхаа хүнтэй хамт эмнэлэг рүү явсан. Энэ асуудлаас болж гарандаа 6 хадаас тавиулсан. Одоо миний гар тэнийхгүй байгаа.” гэх мэдүүлэг,

 

“…Б.Б- нь эхнэр Н- маргалдаад байсан тэгсэнээ арай гайгүй болоод дахин маргалдаад байсан тэгэхээр нь би гарлаа гээд гарах гээд босоод хаалган дээр очиход Б.Б- босч ирээд байж байгаач яах гээд байгаа юм гэхээр нь гарлаа гээд баруун гараараа хаалгыг нь онгойлгоход Б.Б- гэрийнхээ зүүн талд байдаг тавиур дээрээс гурил элддэг модон элдүүр аваад тэгвэл ингээд хаячихъя гээд миний гар луу цохисон гар аймаар өвдөөд сонин санжигнаад явсан араас хөөхөөр нь би хашааны хаалгаар нь гарч гүйгээд дээд айлын хаалгаар орсон чинь О- эхнэр хүүхдүүдийн хамт байсан би уйлаад Б.Б- намайг зодлоо, миний гарыг ийм болголоо гэсэн чинь хугарсан юм шиг байна гээд тэд эмнэлэг рүү залгасан.”

“...Б.Б-ий гэрт цагдаа ирсэн байхаар нь би орсон чинь Н ээж А- ирчихсэн байсан мөн цагдаа байхаар нь миний гарыг бас хугалаад хаялаа би түргэн дуудсан байгаа гэсэн чинь цагдаа нь за тэгвэл араас хүрээд ирээрэй гэсэн.” Эх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/,

-Гэрч П.О-“....тэр шөнө 01-02 цагийн орчим байх цаг сайн хараагүй унтах гээд хүүхдүүд хичээл хийгээд гэрэлтэй байж байтал манай урд талын Б- гэж эмэгтэй гаднаас гэнэт орилоод ороод ирсэн Б.Б- миний гарыг гурилын модоор цохиод гар хугалчихлаа гэж орж ирсэн. Би яав гээд гарыг нь барьж үзсэн чинь гар нь санжигнэаж байсан тэгээд манай эхнэр Н- эмнэлэгт дуудлага өгсөн чинь эмнэлэг эь хөл нь зүгээр юм бол өөрөө хүрээд ир гэж хэлсэн....хувцас хунар нь зүгээр байсан газар унасан талаар юм яриагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45/

 

-Гэрч Ё.Н- “....2017 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна ямар ч байсан Б- эгч орилоод ороод ирсэн. Юу болсон юм бэ гэсэн чинь Б.Б-ээ миний гарыг гурилын элдүүрээр цохиод хугалчихлаа гэхээр нь би эмнэлэг рүү дуудлага өгсөн....

“...Д.Б- анх орж ирэхдээ гурилын ганжин модоор цохиулсан гэж орж ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33/,

 

-Насанд хүрээгүй гэрч О.Б- “...хичээлээ хийгээд сууж байсан юм тэгтэл гэнэт манай урд байдаг Б- эгч гаднаас надад туслаарай миний гарыг Б.Б-ээ гурилын модоор цохиод хугалаад хаячихлаа гээд орилоод ороод ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43/,

 

            -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хавтаст хэргийн 2-5/

            -Эд мөрийн баримтыг хураан авсан тогтоол, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл./хавтаст хэргийн 13, 17-19/,

            -“...1.Д.Д.Б-ын биед баруун гарын бугалга ясны битүү хугарал, гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

            4.Д.Д.Б-д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална.” гэх шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 139 дугаартай шинжээчийн дүгнэлт,

            -201709000061 дугаартай хэргийн хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 141/,

            - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 73/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн баримтуудаар шүүгдэгч  Б.Б.Б- нь 2017 оны 01 дүгээр сарын 17-наас 18-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Д.Б-ын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

 

 Иймд шүүгдэгч Б.Б.Б- нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б.Б- нь гэмт хэргийн улмаас учруулсан нийт хохирол 408 000 төгрөгийг хохирогч Д.Д.Б-д төлж барагдуулсан болох нь шүүхийн хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр нотлогдож /хавтаст хэргийн 141/, байх тул шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Д.Д.Б-ын 1 ширхэг гарны рентгэн зургийг буцаан өгч, 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 1 ширхэг гурилын элдүүрийг устгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б.Б-ий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хавтаст хэргийн 73/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Б.Б- нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг сайн дураар төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б.Б- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Б.Б-ийг бусдын бие махбодид хүндэвтэр  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-д 350 /гурван зуун тавь/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч Б.Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатай зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.Б.Б-д анхааруулсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Д.Б-д буцаан олгож, 1 ширхэг гурилын элдүүрийг устгуулан, 1 ширхэг цагаан өнгийн CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Б-д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.           

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б.Б-д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ЭНХЖАРГАЛ