Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2017/01269

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Эг” ХХК. Түүнийг төлөөлж захирал Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 4 тоотод оршин суух И овогт Ц.Б /Ф/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: “Х ХХК”. Түүнийг төлөөлж захирал Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3- тоотод оршин суух Б овогт Б /Ш/

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг  тоотод оршин суух Б овогт Х /Т/ нарт холбогдох

            Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, засвар үйлчилгээний төлбөрт нийт 7 836 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны  11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Б.Б, Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Чин-Оюунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-ны захирал Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Х” ХХК нь Б, Х.нарын гэр бүлийн бизнес эрхэлдэг компани  бөгөөд 2014 оноос хойш “Э” ХХК-ний захирал Ц.Б миний өмчлөлийн 150 м.кв ажлын байрыг түрээслэн ажилласан. 2017 оны 03 дугаар сараас хойш шинээр гэрээ байгуулж сарын 900 000 төгрөгний түрээс төлөхөөр тохироцсон боловч түрээсийн мөнгөө өгөөгүй. Зээл гарахаар бөөнд нь төлнө, тоног төхөөрөмж зарахаар төлнө, мөнгө орж ирэхээр таны өрийг төлчихөөд шинээр дахин урт хугацаагаар гэрээ байгуулж маш сайн хамтарч ажиллана гэж ярьсаар орлогын мөнгөө зөвхөн өөрийн гэр бүлийн хэрэгцаанд зарцуулж байсан. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байр чөлөөлөх тухай мэдэгдсэн. Энэ өдрийг хүртэлх түрээсийн төлбөр, түүний алданги нийт 6 250 000 төгрөг гарсан. Үүнийг Б ажилд ороод төлнө гэж өөрийн гараар бичиж өгсөн. Нэхэмжилсэн 6 250 000 төгрөг дээр 7 дугаар сарын төлбөрийн алдангийн зөрүү 315 500 төгрөг, урсгал засварын материалын 525 500 төгрөг, засвар хийх ажлын хөлс 750 000 төгрөг нийт 7 836 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Х” ХХК-ний захирал Б.Б, Х.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ц.Бнэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нийт нэхэмжлэлийн үнийн дүнгээс 5 750 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Энэхүү төлбөрийг цалингаасаа төлж барагдуулах боломжтой байна. Гарт олгох цалингийн 50 хувиар төлөх болно. 6 250 000 төгрөгийн хувьд тухайн үед засварын 500 000 төгрөгийг нэмж оруулсан байсан. Одоо бол засвар үйлчилгээг бид хариуцахгүй зөвхөн түрээсийн төлбөр болон алдангийн мөнгийг төлнө. Өөрсдийн засан сайжруулсан эд зүйлсээ авсан болохоос түрээслэгчийн эд зүйлийг аваагүй, харин ч хаалга, цонхны хаалт зэргийг үлдээсэн гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “Х” ХХК болон Х.М нарт холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр, засвар үйлчилгээний зардал нийт 7 836 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын 5 750 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, засварын зардлыг хариуцах үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

            “Э” ХХК, “Х” ХХК-ний хооронд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үйлчилгээний талбай түрээслэх тухай гэрээ байгуулагдаж, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сарын 900 000 төгрөгийг түрээслүүлэгчийн Хаан банкны 512 дугаарын дансанд төлөхөөр, төлбөр төлөх хугацааг 15 хоногоос хойш хэтрүүлбэл хоног тутам 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр түрээсийн гэрээ байгуулж, хуулийн этгээдийг төлөөлж захирал Ц.Б нар гарын үсэг зурж тамга дарсан байна. 

            Дээрхи гэрээний хугацаа дууссан боловч түрээслэгч төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тул үндсэн төлбөр болон алдангийг, гэрээний 3.1.3-т заасан урсгал засварын хөлс нийт 7 836 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж  заасан байх тул нэхэмжлэгч  “Э” ХХК нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.

Түрээсийн гэрээний гол нөхцөл болох түрээслүүлж буй объект нь нэхэмжлэгч “Э” ХХК-ний өмч болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Ү-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна.

            Нэхэмжлэгч “Э” ХХК нь түрээсийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон “Э” ХХК-ний дүрмээр тодорхойлогдно.

            Иргэний хуулийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, мөн хуулийн 318.4-т энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэжээ.

            Зохигчид аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж, ашиг олох зорилгоор түрээсийн гэрээг бичгээр байгуулсан хэдий ч хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

            Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байх тул түрээслүүлэгчийн түрээсийн хөлсөнд авах ёстой мөнгө, түрээсийн хугацаанд элэгдэлд орсон талбайн засвар үйлчилгээнд зарцуулсан төлбөрийг түрээслэгчээс гаргуулах нь зүйтэй. Тодруулбал, хэлцлийн дагуу авсан бүх зүйлийг харилцан буцаах тохиолдолд түрээсийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан байдлыг түрээслэгч түрээслүүлэгчид биет байдлаар буцаах боломжгүй тул түрээсийн төлбөрт төлөгдөх ёстой байсан 4 500 000 төгрөг, засвар үйлчилгээнд гарсан зардал 1 275 500 төгрөгийг тус тус түрээслүүлэгчид өгөх ёстой гэж үзэв.  

            Хариуцагч Х.М түрээсийн гэрээний төлбөр болон засвар үйлчилгээний зардал нэхэмжлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэсгийг болон 2 060 500 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн   155 276 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 14 950 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч “Х” ХХК-аас 107 358 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  “Э” ХХК-д тус тус олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-аас нийт 5 775 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, шаардах эрхийн үндэслэл тогтоогдохүй тул хариуцагч Х.М болон 2 060 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 155 276 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 14 950 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч “Х” ХХК-аас 107 358 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч  “Э” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.АРИУНЦЭЦЭГ