Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

            нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч Г.Эрдэнэ,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Наранчимэг,

гэрч А.Цоодол,

            шүүгдэгч Г.Мөнхөө, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

            Тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Мөнхөөд холбогдох 201625010102 дугаартай хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут АОС-н 3 дугаар гудамжны 36 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистерийн дугаар ЙС69020411, хэрэг хариуцах чадвартай, Ганин овогт Ганхуягийн Мөнхөө.

 

            /Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Г.Мөнхөө нь Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 496 дугаартай хуулийн хүчин төгөлдөр болсон тогтоолоор иргэн А.Цоодолд олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут амины орон сууцны 3 дугаар гудамж, 36 тоотод байрлалтай 468 м.кв талбай бүхий газрыг шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх зорилгоор “Тунамал капитал” банк бус санхүүгийн байгууллагад 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр барьцаалж буюу бусдад шилжүүлэн шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх шүүгдэгч Г.Мөнхөөд холбогдох эрүүгийн 201625010102 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “…шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор…” буюу шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг гагцхүү прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараахь баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мөнхөө мэдүүлэхдээ: Манайх 2000 оноос хойш уг газар амьдарч байгаа. Тухайн үед би А.Цоодолд хөөгдөөд жалганы эрэг дээр очиж буусан. Манайх арын гудамжны ухсан шороогоор уг газраа тэгшилж тэрнээс хойш амьдарсан. А.Цоодол шүүхэд эхэлж гаргасан өргөдөл дээрээ тийм нэгж талбартай газар гээд өөрийнхөө байсан газраар өргөдөл гаргасан мөртлөө шүүхийн шийдвэр гарахад өөрчилсөөр байгаад бүрэн хэмжээгээр манай хашааны газрыг авсан байдаг. Үүнийг би ойлгохгүй байгаа. Тэрнээс би А.Цоодолын байсан газар дээр очиж буугаагүй. Яагаад миний газрыг авахаар болсныг ойлгохгүй байгаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд хэцүү байна. Нүүхээс эхлээд асуудал хүнд л байна. Би шүүхийн шийдвэрийг яаж биелүүлэхээ ойлгохгүй байна. Эцсийн шийдвэр нь 30/80-тай Мөнхөөгийн байгаа газрыг А.Цоодолд өгөхгүй бол болохгүй гэсэн шийдвэр байгаа. Шийдвэр гүйцэтгэх албанаас газрыг битүүмжилсэн хаалт хийсэн зүйл байхгүй. Би шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийх зорилгоор уг газрыг барьцаалаагүй. Ахуйн хэрэгцээндээ л зориулж зээл авсан гэв.

           

           Шүүхийн хэлэлцүүлэг хохирогч Б.Наранчимэг мэдүүлэхдээ: Хавтаст хэрэг дээр авагдсан байгаа. 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа үүсээд 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр би шүүгдэгч Г.Мөнхөөтэй уулзсан. Ингэхдээ анхан, давж заалдах болон Улсын Дээд шүүхийн шийдвэрүүдийг танилцуулж тайлбарлаж мэдэгдэл өгч тэмдэглэл үйлдсэн. Тухайн үед өөрөө ярихдаа үл хөдлөх эд хөрөнгөө яах вэ гэсэн асуултыг тавьж байсан. Мөн маргаантай байгаа учраас Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байгаа хариу гарсаны дараа шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэж хэлээд явсан. Дараа нь би гомдлын хариу яасан талаар Г.Мөнхөөгөөс асуухад боломжгүй гэсэн хариу ирсэн гэхээр нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай байгууллагаас Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс рүү “Уг газрыг түдгэлзүүлж, А.Цоодолын нэр дээр шилжүүл” гэсэн албан бичиг хүргүүлсэн боловч Г.Мөнхөө нь энэ хугацаандаа “Тунамал капитал” ББСБ-д барьцаанд газрыг тавьж зээл авсан байсан. Энэ хүн ингэж хоёр талд өөр юм яриад төөрөгдүүлж байсан байгаа юм. Ер нь Г.Мөнхөө уг газрыг чөлөөлөх ёстой гэдгийг мэдэж байсан гэв.

           

            Шүүхийн хэлэлцүүлэг гэрч А.Цоодол мэдүүлэхдээ: Би Г.Мөнхөөг 2001 оноос хойш танина. 2002 онд Тагнуулын ерөнхий газраас ажилчдынханаа нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор 10 айлын газрыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт олгосон. Тэрнээс 1 нь надад хувиарлагдсан. Тэрнээс хойш Г.Мөнхөө бид хоёр хэрүүл маргаан хийгээд шат шатны засаг даргын шийдвэрүүд гаргасан. 2009 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр уг газрыг надад олгохоор гаргасан. Ингээд Г.Мөнхөө нь миний газрыг чөлөөлж өгөхгүй байсан учир арга буюу иргэний хэргийн 3 шатны шүүхээр явсан. Газар бол анхнаасаа миний нэр дээр байсан газар гэв.

            Мөрдөн байцаалтын шатанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 1/43587 дугаартай албан бичиг /хх-12/, бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-21/, газрын гэрчилгээний хуулбар /хх-23/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Наранчимэгийн өгсөн мэдүүлэг, тайлбар /хх-17-18, 33-39/, үл хөдлөхийн бүртгэлийн лавлагаа /хх-25/, зээлийн гэрээ /хх-27-29/, гэрч А.Цоодол, Г.Баасансүрэн, Д.Жаргалсайхан нарын өгсөн мэдүүлгүүд /хх-40, 41-42, 45-46, шүүгдэгч Г.Мөнхөөгийн сэжигтэн, яллагдагчаар байцаагдсан тэмдэглэлүүд /хх-50-54, 56-60/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 1/42434 дугаартай мэдэгдэл /хх-64/, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 3236/б дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн 534 дугаартай магадлал, Улсын Дээд Шүүхийн 496 дугаартай тогтоол, Улсын Дээд Шүүхийн тамгын газрын 6/3007 дугаартай албан бичиг /хх-66-75/, шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл /хх-76-78, 80-90/, газар өмчлүүлэх тухай шийдвэр, кадастрын зураг       /хх-94-96/ зэрэг болно.

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Баасансүрэнгийн мэдүүлэг:”Би “Тунамал капитал” банк бус санхүүгийн байгууллагад анх байгуулагдсан үеэс нь буюу 2014 оны 2 дугаар сараас эхлэн зээлийн эдийн засагчаар ажиллаж байна. Манай байгууллага нь барьцаат зээлийн үйл ажиллагаа явуулдаг юм. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут амины орон сууцны 3 дугаар гудамж, 36 тоотод байрлалтай 468 м.кв талбай бүхий газрыг үл хөдпөх хөрөнгийн хамт барьцаалан зээл авсан хүн нь Г.Мөнхөө гэгчийн эхнэр Д.Жаргалсайхан юм. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээл авсан гэхдээ хэд хоногийн өмнөөс манайд холбогдох бичиг баримтаа бүрдүүлсний үндсэн дээр судлан зээл олгох боломжтой гэж үзээд 15.000.000 төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай сарын 3 хувийн хүүтэй олгосон. Түц машинаас авсан лавлагаан дээр Г.Мөнхөө, Д.Жаргалсайхан, М.Үүрцайх, М.Үүрийнтуяа гэх 4 хүний өмчлөлтэй газар байсан. Газрыг өөрсдийнх нь амьдардаг тоосгон байшингийн хамт барьцаалсан.... /хх-41-42/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Жаргалсайханы мэдүүлэг: … Манайх Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут амины орон сууцны 3 дугаар гудамж, 36 тоот хаяган дээр 2001 оноос хойш амьдарч байгаа юм. 2008 онд гэрчилгээгээ гаргуулж авсан. А.Цоодолтой 2003 оноос хойш газрын маргаан үүсэн шүүхээр явцгааж байна. Шүүхийн тогтоолыг гардаж авсан. Нөхөр бид хоёр Улсын Дээд Шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөнгөний хэрэг гарч худалдаа үйлдвэрлэл хувийн аж ахуйдаа зориулан 15.000.000 төгрөгийн зээлийг газар болон үл хөдлөх хөрөнгөө барьцаалан “Тунамал капитал” банк бус санхүүгийн байгууллагаас авсан юм.../хх-45-46/ гэх мэдүүлэг,

            -Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 1/43587 албан бичиг /хх-12/,

            -Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 1/42434 дугаартай мэдэгдэл /хх-64/,

            -Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 3236/б дугаартай шийдвэр, Нийслэлийн шүүхийн 534 дугаартай магадлал, Улсын Дээд Шүүхийн 496 дугаартай тогтоол, Улсын Дээд Шүүхийн тамгын газрын 6/3007 дугаартай албан бичиг /хх-66-75/, шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл /хх-76-78, 80-90/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Г.Мөнхөө Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 496 дугаартай хуулийн хүчин төгөлдөр болсон тогтоолоор иргэн А.Цоодолд олгохоор шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут амины орон сууцны 3 дугаар гудамж, 36 тоотод байрлалтай 468 м.кв талбай бүхий газрыг шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх зорилгоор “Тунамал капитал” банк бус санхүүгийн байгууллагад 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр барьцаалж буюу бусдад шилжүүлэн шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дээр дурдсан шүүхийн хэлэцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

            Иймд шүүгдэгч Г.Мөнхөөг шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх зорилгоор эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

           

Мөн шүүгдэгч Г.Мөнхөөд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэрэг хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд албадан ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах боломжтой гэж шүүх үзэв.

 

            Хэрэгт 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Тунамал Капитал” ББСБ Г.Мөнхөө нарын зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451-453, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу байгуулсан хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн учраас “Тунамал Капитал” ББСБ хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

 

             Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа учраас уг газрыг чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлээгүй “…шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор…” гагцхүү шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх учраас газрыг чөлөөлөх эсэх асуудлаар шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг тэмдэглэж байна.

             

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Мөнхөө энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

             Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

         1. Шүүгдэгч Ганин овогт Ганхуягийн Мөнхөөг шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх зорилгоор эд хөрөнгөө бусдад шилжүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхөөг 260 /хоёр зуун жар/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхөөг албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар  зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлэн тооцож, баривчлах ялаар сольдог журамтайг дурдсугай.

 4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Мөнхөө нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

          6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчид, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

      

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ШҮҮГЧ                                     Э.ЧИНГИС