Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 228

 

     М.Т, М.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Мөнгөнсүх,

            яллагдагч М.Б-н өмгөөлөгч Д.Цэрэнханд,

            яллагдагч М.Т-н  өмгөөлөгч Ж.Уранчимэг,

            нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 196 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг үндэслэн М.Б, М.Т нарт холбогдох 1802000950058 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д овгийн М-н Т, Улаанбаатар хотод 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, хувиараа “V.. S...” онлайн дэлгүүр ажиллуулдаг гэх, ам бүл 2, охины хамт ....... дүүргийн 1 дүгээр хороо, .. дүгээр ........ дүгээр байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ....../;

2. Б овгийн М-н Б, Улаанбаатар хотод 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт ...... дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол, ..... дугаар байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: .../;

М.Т нь худалдаалах зорилгоор 2018 оны 3 дугаар сард БНХАУ-ын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метафетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий уутны хамт 13,7 грамм “мөс” гэх нэршилтэй бодис хууль бусаар олж авсан, уг бодисоо 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хууль бусаар биедээ хадгалсан, мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн, 

мөн М.Т нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метафетамины агууламжтай, зиплок түгжээ бүхий уутны хамт 13,7 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн,

М.Б нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 3 дугаар сарын 17-ны орой 22 цаг 30 минутын үед НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан метафетамины агууламжтай зиплок түгжээ бүхий уутны хамт 13,7 грамм “мөс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас М.Т-н  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

М.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Яллагдагч М.Б, М.Т, тэдгээрийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, Ж.Уранчимэг нар нь нууц ажиллагааны материалыг танилцуулаагүй, яллагдагчийг өмгөөлөгчтэй байцаалт өгөх хүсэлт гаргасан боловч хангаагүй, хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад Нийслэлийн прокурорт гомдол хүсэлтээ гаргасан боловч хариуг өгөлгүй шүүхэд хэргийг шилжүүлж, оролцогчийн эрхийг зөрчиж, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ.

- Гуравдугаар хавтас хэргийн 128 дугаар талд, Нууц ажиллагааны магадлагааг яллагдагч М.Т-д танилцуулж, өмгөөлөгчид нь танилцуулаагүй байна. Нийслэлийн прокурорын газарт өмгөөлөгч Д.Цэрэнханд 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр гомдол хүсэлтийг гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүсэлтийг бүрэн хангах, татгалзах эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана” гэж заажээ. Хэрэгт хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх нотлох баримт авагдаагүй байх бөгөөд прокурор 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн оролцогч нарын дараа дараагийн шатанд гомдол, хүсэлт гаргах эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

2018 оны 3 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд хэргийн холбогдогч нар сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан үедээ үнэн зөв бодитой мэдүүлж чадах байсан эсэхийг мэргэжлийн сэтгэцийн шинжээч эмчээс асуулгах хүсэлтийг гаргасныг хүлээн авах нь зүйтэй байна.

Иймд М.Т, М.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч М.Т, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлсийг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Н.Мөнгөнсүх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч М.Б, М.Т, тэдгээрийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, Ж.Уранчимэг нар нь нууц ажиллагааны материалыг танилцуулаагүй гэжээ. Шүүгчийн захирамжид дээрх ажиллагаа хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн яг ямар зүйл, заалтыг зөрчсөн талаараа бичээгүй нь шүүгчийн захирамж хууль ёсны байх зарчмыг зөрчсөн. Мөн хавтас хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагааг яллагдагч М.Б, М.Т, өмгөөлөгч Д.Цэрэнханд нарт танилцуулж, гарын үсэг зуруулсан. Харин өмгөөлөгч Ж.Уранчимэгийн гарын үсэг зурагдаагүй байдаг /энэ үед М.Т нь Ж.Уранчимэгийг өмгөөлөгчөөр аваагүй байсан/ боловч хавтас хэргийн материалыг өмгөөлөгч Ж.Уранчимэгт танилцуулж, гарын үсэг зуруулсан болно. /Нууц ажиллагааны магадлагаа 3 дугаар хавтас хэргийн 128 дугаар талд байгаа болно/. Энэ талаар өмгөөлөгч Ж.Уранчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад огт гомдол, хүсэлт гаргаж байгаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчийн гомдол, хүсэлт гаргах эрхийг зөрчсөн гэжээ. Яллагдагч М.Б-н өмгөөлөгч Д.Цэрэнханд нь хэргийг прокурорт хянагдаж байх үед буюу 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүсэлт гаргасан ба миний бие уг хүсэлтийг хангахаас татгалзаж, 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл хэргийг шүүхэд шилжүүлсний дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөгч Д.Цэрэнхандаас Нийслэлийн ерөнхий прокурорт гомдол гаргасан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчийн гомдол хүсэлт гаргах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа дээд шатны прокурорт гомдол гаргаж, уг гомдлынхоо хариуг авсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг зөрчөөгүй болно.

            2018 оны 3 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд хэргийн холбогдогч нар сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан үедээ үнэн зөв бодитой мэдүүлж чадах байсан эсэхийг мэргэжлийн сэтгэцийн шинжээч эмчээс асуулгах хүсэлт гаргаж байх тул мэргэжлийн сэтгэцийн эмч мэргэжилтнээс асуух ажиллагааг хийх нь зүйтэй гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх...” гэжээ. Шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцаасан нэг үндэслэл буюу яллагдагч нар сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан үедээ үнэн зөв бодитой мэдүүлж чадах байсан эсэхийг мэргэжлийн сэтгэцийн шинжээч эмчээс асуулгах, уг ажиллагааг шүүх хуралдаанаар дүгнэлт гаргасан шинжээч эмч нарыг оролцуулан хийж, гүйцэтгэх бүрэн боломжтой байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шинжээчийг байцаалгах шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

            Иймд М.Б, М.Т нарт холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 196 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

           Яллагдагч М.Б-нөмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурор эсэргүүцэлдээ “нууц магадлагааны материалтай танилцаагүй гэж Уранчимэг өмгөөлөгч хэлсэн” гэж дурдсан байсан. Нууц магадлагааны материалтай танилцсан боловч дуу хоолой таних шинжээчийн дүгнэлттэй одоог хүртэл танилцаагүй.

            Би прокурор Мөнхцэцэгт “хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт гаргасан бөгөөд 10 дугаар сарын 19-ний өдөр хариу өгсөн. Би дахин хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн хариуг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Мөнгөнсүх прокурор өгсөн. Үүнийг миний бие эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан. Мөнгөнсүх прокурор 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр яллах дүгнэлт үйлдээд миний үйлчлүүлэгчийг 12 дугаар сарын 10-ны өдөр дуудсан. “Өмгөөлөгч гомдол гаргасан” гэж хэлэхэд “танай өмгөөлөгчийн гомдол ямар хамаатай юм” гэж хэлээд хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Энэ нь миний шат шатанд гомдол гаргах эрхийг хязгаарласан.

           Мансууруулах бодис хэрэглэсэн байхад мэдүүлэг авсан байсан. Хүний биед мансууруулах бодис хэр зэрэг удаан байдаг, үүнийг хэрэглэсэн хүн үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрж байна. Уг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа хийгдээгүй, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

   Яллагдагч М.Т-н  өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцэлд ямар хуулийн заалтыг баримталж, хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй гэж бичсэн байсан. Гэтэл шүүгчийн захирамжид хуулийн заалтыг тодорхой бичсэн байсан. Яллагдагч М.Б нь “М.Т миний халаасанд хийсэн” гэж мэдүүлсэн. Гэтэл гэрч Батбилэг нь тийм зүйл болоогүй гэж хэлдэг. Энэ мэдүүлгийн зөрүүг арилгах зорилгоор нүүрэлдүүлж мэдүүлэг авах ёстой гэж үзэж байна. Мөн яллагдагч М.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байхад прокурорын эсэргүүцэлд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар... ” гэж андуурч бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан алдаатай эсэргүүцэл болсон. Ер нь энэ хэрэгт хэрэглэгч, борлуулагч нарыг ялгахгүйгээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөн мансуурсан, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн үнэн зөв мэдүүлэг өгөх эсэхийг нарийн мэргэжлийн шинжээчээр тодруулах шаардлагатай байсан. 

 Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, цаашид шалгах зүйлгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь, яллагдагч М.Б-нөмгөөлөгч Д.Цэрэнхандаас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлтээ 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр дээд шатны прокурорт гомдол гаргасан ба тэрээр уг гомдлын хариуг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Улсын Ерөнхий прокурорын газарт дахин гомдол гаргасан тухайгаа давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тайлбарлаж байна.

Прокурор Н.Мөнгөнсүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан тухай шийдвэр гаргаж, уг шийдвэрээ өмгөөлөгчид танилцуулж, хүргүүлсэн байх тул хүсэлтийг шийдвэрлээгүй, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж дүгнэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд оролцогчид гомдол, хүсэлт гаргах эрхтэй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 3 дугаар хавтас хэргийн 128 дугаар талд авагдсан, мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнгийн талаарх баримттай яллагдагч М.Б, М.Т, өмгөөлөгч Д.Цэрэнханд танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Түүнчлэн, яллагдагч М.Б, М.Т нарын сэтгэцийн асуудлаар мэргэжлийн эмч нараас тодруулах болон мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгахаар зарим гэрч, яллагдагч нарыг нүүрэлдүүлэн байцаалгах гэсэн хүсэлтүүд нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш бөгөөд хэргийн оролцогч нар шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу шинжээч эмч, нэр бүхий гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах талаар шүүхэд хүсэлт гаргаж, тэдний мэдүүлгийг сонсох, тодорхой биш зүйлийн талаар асуух зэрэг байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох нь хуульд нийцнэ.

Иймд анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой байх тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч М.Б, М.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна гэж үзэв.