Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2014/0488

 

гТ.Ганболдын нэхэмжлэлтэй                              п

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, түүний өмгөөлөгч Б.Х нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 439 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Г-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хүсэлт гаргагч Т.Г миний бие Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй 1672290 компанийн дугаартай “Г” компанийн 100 хувийн хувьцааг 2011 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл хугацаанд эзэмшиж байгаад 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ"-г Монгол улсын иргэн Б.Н /ЧТ52110213/-той байгуулан тус компанийн 100 хувийн хувьцааг нь худалдсан юм.

Ингээд хувьцааны мөнгөө авч дуусмагц 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр "Эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулж, “Г”  ХХК болон түүний Монгол дахь охин компаниуд болох “Я” ХХК, “Э” ХХК, “Компани” ХХК-ийн 100 хувийн хувьцаа, хувьцаа эзэмшигчийн болон гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, үүргийг худалдан авагч Б.Н-д шилжүүлсэн.

Энэхүү "Эрх шилжүүлэх гэрээ"-гээр “Я” ХХК, “Э” ХХК, “К” ХХК- иудын хувьцаа, хувьцаа эзэмшигчийн болон гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, үүргийг Б.Н-д шилжүүлсэн боловч тэрээр “Э” ХХК, “Компани” ХХК-ын удирдлага, төлөөлөх этгээдийн шилжилт хөдөлгөөнөө Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлж, үлдэх “Я” ХХК-ийн удирдлагын

шилжилт хөдөлгөөний бүртгэлээ бүртгүүлж амжаагүй байхдаа 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нас баржээ.

“Я” ХХК-ийн хувьцаа, удирдлагын эрх үүргийг шилжүүлэн авсан иргэн Б.Н” нас барсан, түүний үр хүүхдүүд нь эцгийнхээ компанийг өвлөн авахаас татгалзсаны улмаас тус компани нь төлөөлөх эрх бүхий этгээдгүй болж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн албаны бүртгэлд зохих бүртгэлийг хийлгэх боломжгүйгээс “Я” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Т.Г миний нэр бүртгэлтэй байгаа юм.

Ийнхүү хувьцаа худалдан авагч тал улсын бүртгэлд зохих өөрчлөлтийг хийлгэж чадалгүй нас барсны улмаас уг хуулийн этгээдтэй холбоотой эрх зүйн аливаа үр дагаврыг хуулийн дагуу хариуцах эзэн тодорхой бус болсон ба хувьцаа болон удирдлагын эрх үүргээ хоёр жилийн өмнө шилжүүлэн худалдсан надад тус компанитай холбогдох аливаа байгууллага, иргэдийн асуудлыг хамаатуулаад байгаа тул энэхүү хүсэлтийг гаргаж байна.

Миний бие 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “Я” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш болохыг тогтоолгох хүсэлт гаргасан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2/4666 тоот албан тоотоор шүүхийн байгууллагад хандаж тогтоолгох талаар хариу өгсөн байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан Монгол улсын хуулийн этгээд “Я” ХХК-ийг төлөөлөх компанийн ерөнхий захирлаар томилсныг бүртгэсэн улсын бүртгэлээс Т.Г миний биеийг хасах бүртгэлийн өөрчлөлт хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, Б.Х нар шүүх хуралдаан дээр: Нэхэмжлэгч Т.Г-ын олгосон итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Я” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдэд Т.Г-ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар өөрчилсөн болно.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Монгол улсын хуулийн этгээд болох “Я” ХХК-ийг төлөөлөх компанийн ерөнхий захирлаар томилсныг бүртгэсэн улсын бүртгэлээс Т.Г миний биеийг хасах бүртгэлийн өөрчлөлт хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэсэн байна. Тус шаардлага нь хуульд нийцэхгүй бөгөөд Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон бүртгэлтэй холбоотой хууль, журамд хуулийн этгээдийн ерөнхий захирал, гүйцэтгэх удирдлагыг хасах өөрчлөлтийн бүртгэл гэж заагаагүй бөгөөд бүртгэлийн төрөлд ч ерөнхий захирал, гүйцэтгэх удирдлагыг хасах өөрчлөлт гэсэн бүртгэлийн төрөл байхгүй болно. Бүртгэлийн байгууллага бол хуульд заагдсан тодорхой чиг үүргээр, журмаар ажилладаг байгууллага юм Харин хүчин төгөлдөр бичиг баримтаар хуулийн этгээдийн удирдлагад орсон өөрчлөлтийг бүртгэх боломжтой байдаг. Бүртгэлийн хууль журмыг баримтлан тус бүртгэлийг хийх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны шүүхийн 10 дугаар сарын 03-ны өдрийн 439 дүгээр шийдвэрээр Улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан Т.Ганболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хуулийн этгээдийн бүртгэлээс “Я” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн бүртгэлээс Т.Г-ын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Үүнд: 1.

Иргэн Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2012 оны 03 дугаар сарын 30-ны эрх шилжүүлэх гэрээг байгуулж "Я" ХХК 5002532 регистрийн дугаартай, “Э" ХХК 5348889 регистрийн дугаартай, "К" ХХК 5325978 регистрийн дугаартай компаниудын 100 хувийн хувьцааг Б.Н-д шилжүүлсэн гэх ба дээрх компаниудын хувийн хэрэгт эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа шилжүүлсэн материалууд байхгүй байгаа болно.

  1. Т.Г-ын шүүхэд гол үндэслэл болгож байгаа 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б.Н-д шилжүүлсэн гэх хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл эсэхийг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй шийдвэр гаргасан байна гэж үзэж байна.

Тухайлбал; "Я" ХХК-ийн шүүхэд нотлох баримтаар бүрдүүлж өгсөн материалд худалдсан, худалдан авсан мөнгөний баримт болон тухайн компанийн эд хөрөнгө хүлээлцсэн акт гэх мэт баримтууд байхгүй, мөн хэргийн материалд хавсаргасан Чингэлтэй дүүргийн татварын 2012 оны 1-р улирлын тайланд 1 тэрбум 183 сая 682 мянган төгрөгийн үлдэгдэлтэй 3512002901 дугаартай тодорхойлолт байх ба энэ өр төлбөрийг хүлээлцсэн баримт байхгүй, хэрхэн шийдэх талаар гэрээнд тусгаагүй гэрээ хэлцэл хийж иргэн Б.Н-д худалдсан ба улмаар 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өвчний учир эмнэлэгт нас барсан гэх хавтаст хэрэгт байгаа нас барсны 0916667 дугаартай гэрчилгээ зэргээс үзэхэд эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хэлцэл хүчин төгөлдөр эсэхийг шүүх дутуу үнэлсэн гэж үзэж байна.

  1. "Я" ХХК-ийн эрхийг Т.Г-оос Б.Н-д шилжүүлсэн гэх гэрээ байгаа боловч Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д "Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор хуульд заасан найруулгыг тухайн шийдвэр
 

гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ" гэсэн заалтыг зөрчиж хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өргөдөл, эрх бүхий байгууллагын шийдвэр болон бусад холбогдох материалыг бүрдүүлэн өгөөгүй ба нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанаар хэрвээ хуулийн этгээдийн бүртгэлийн газарт нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх материал өгсөн бол хуулийн этгээдийн бүртгэлийн газар хүлээн авч хууль журмын дагуу бүртгэх эсвэл компанийн тухай хуульд заасны дагуу бүртгэхээс татгалзсан үндэслэл шалтгааныг дурдсан хариу мэдэгдлийг бичгээр өгөх ба хавтаст хэрэгт энэ зүйл байхгүй, 2012 оны 04 дүгээр сарын 30 гэх огноотой 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нотариатаар баталгаажуулсан өргөдөл, хүсэлт, шийдвэр зэргийг хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хэзээ хандаад ямар шалтгаанаар бүртгээгүй эсэх нь тодорхойгүй, улмаар бүртгэлийн байгууллагын буруу хэмээн одоо шүүхэд хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй юм. "Я" ХХК нь хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалттай компани боловч монгол улсын хууль тогтоомжийг биелүүлж дагаж мөрдөх ёстой гэж үзэж байна.

  1. Шүүхийн шийдвэрт дурдсан 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10/5-3016 дугаар албан бичиг, 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 10/5-3119 дугаар бүхий албан бичгийг Улсын бүртгэлийн төв архивын газарт 2012 оны 4, 5 сард ирсэн ба явсан бичгийн 5 дэвтэр, хяналтын картаас шүүлгэхэд огт гарч ирээгүй болно. Харин "Я" ХХК-ийн хувийн хэргийн 44 дэх хуудсанд 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 1/9545 дугаартай "Я" ХХК-ийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлэх тухай албан бичиг байгаа ба хуулийн этгээдийн мэдээллийн санд "Я" ХХК-ийн шилжилт хөдөлгөөнд ямар нэг өөрчлөлт хийх боломжгүй гэж түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлсэн үндэслэл арилтал хуулийн этгээдийн бүртгэлийн газраас "Я" ХХК-д нэмэлт өөрчлөлт хийх боломжгүй байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 439 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэл олгогдоогүй этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх хүсэлтийг хүлээн авч, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Т.Ганболд 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Гадаадын хөрөнгө оруулалттай Монгол Улсын хуулийн этгээд “Я” ХХК- ийг төлөөлөх ерөнхий захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлээс Т.Г намайг хасах бүртгэлийн өөрчлөлт хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах” гэж өөрчилсөн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4-т заасан захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэлтэй холбоотой “даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэтэл 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд уг захиргааны хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй Б.Х-ын өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага[1] буюу хууль бус захиргааны акттай холбоогүй, тухайн үедээ хууль ёсоор хийгдсэн “Я” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Т.Г-ын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрх эдлэх", 70 дугаар зүйлийн 70.2.1-д “... захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасныг зөрчсөн байна. Хэрэгт нэхэмжлэгч Т.Г-оос Б.Х-т олгосон итгэмжлэл авагдсан боловч уг итгэмжлэлээр[2] иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргасан “Я” ХХК-ийг татан буулгахтай холбоотой иргэний хэрэгт оролцох эрхийг олгожээ.

2. Анхан шатны шүүх "... гэрээ байгуулагч талууд улсын бүртгэлийн жагсаалтад байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Я” ХХК-ийн 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 01/21 дүгээр албан бичиг, “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын шийдвэр, “Я” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр зэрэг баримтуудыг хүлээлгэн өгсөн байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь дээрх өргөдөл, холбогдох материалыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар хүлээн авсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.11-д улсын бүртгэлийн жагсаалтад итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог, нэр, албан тушаал, иргэний үнэмлэхийн дугаар зэрэг мэдээллийг тусгахаар. 11.3- д энэ хуулийн 11.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт орсон бол тухайн хуулийн этгээд ажлын 3 хоногт багтаан энэ талаар бүртгэх байгууллагад мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу “Я” ХХК нь хувьцаа эзэмшигч болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрчлөгдөж байгаа талаарх холбогдох баримтаа хавсаргаж хуульд заасан хугацаанд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандсан эсэх талаарх баримтын бүрдүүлээгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг

 

 

цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Тодруулбал, хэрэгт нэхэмжлэгч талаас дээрх баримтуудыг гарган өгч 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хандсан гэх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус компанийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтээ 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө гаргаж байгаагүй талаар тайлбар ирүүлэн маргажээ

Шүүх Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын өргөдөл, хүсэлт хүлээн авсан бүртгэл, тус компанийн улсын бүртгэлийн хувийн хэрэг зэрэг холбогдох материалд үзлэг хийж, энэ талаар нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай байна.

Нэхэмжлэлд “... 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр Б.Н-д тус компанийн 100 хувийн хугацааг худалдсан, 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Эрх шилжүүлэх гэрээгээр гүйцэтгэх удирдлагын эрх, үүргийг худалдан авагч Б.Н-д[3] шилжүүлсэн" гэх боловч Б.Н нь эдгээр өөрчлөлтийг бүртгүүлэхээр Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хуульд заасан хугацаанд хандаж байсан эсэх нь ч тодорхойгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох”-оор заасан бөгөөд нэхэмжлэгч Т.Г-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын хууль бус эс үйлдэлтэй холбоотой “даалгах” нэхэмжлэлийг тухайн захиргааны байгууллагад хэзээ хандсан, захиргааны байгууллага уг гомдол хүсэлтийг шийдвэрлээгүй шалтгаан зэргийг тодруулахгүйгээр шийдвэрлэх боломжгүй байна.

Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 439 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
 

 

 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч. өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

[1] Хэргийн 92 дугаар хуудас /шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дугаар хуудас/

[2] Хэргийн 81 дүгээр хуудас

[3] Б.Намжилдорж нь 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нас барсан.