Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/426

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Эд холбогдох эрүүгийн 2034000000355 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц.Э, суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 4 хүүхдийн хамт т оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1994 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймаг дахь Сум дунды шүүхийн 1994 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай. 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ц.Эийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг, 

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Б.Оийн өгсөн мэдүүлэг /хх 10-14/, гэрч Б.Сийн өгсөн мэдүүлэг /хх 17-18/, Б.Жы өгсөн мэдүүлэг /хх 21/, шүүгдэгч Ц.Эийн гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 23, 39-40/,

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн №376 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 26-27/,

            гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, аюулын зэргийн үнэлгээгээр 5 буюу дунд гарсан талаар тэмдэглэл /хх 56-58/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх 4261/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болно. 

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Э нь согтуугаар Төв аймгийн Баянжаргалан сумын 01 дүгээр багийн нутаг “Хашаат” гэх газарт байх гэртээ 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр эхнэр Б.Оийг унтсангүй гэх шалтгаанаар маргалдан, улмаар гараараа толгой, шанаа, чихний арын хэсэг, мөн салтаа, гуя хэсэгт базаж эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөг, зүүн тохой, зүүн өвдөг, зүүн гуяанд зулгаралт, баруун, зүүн бугалга, нуруу, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:  

 

Хохирогч Б.Оийн өгсөн: “Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Булшит шанд” гэх газарт нутаглаж нөхөр Ц.Э хүүхдүүдийн хамт амьдарч байна. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр би шинэ машин аваад саахалт айл болох Ж гэх айлд нөхөр Ц.Эийн хамт очоод машинаа мялаалган “Qually” гэх нэршилтэй 0.75-н архи уугаад тухайн айлд хоноод өглөө буюу 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө нөхөр Ц.Эийн хамт гэртээ ирээд нөхөр Ц.Э хажуу талын жижиг гэрт ороод унтсан. Би өөрөө вагончикт орж унтаж байтал өдөр 16 цагийн орчим Ц.Э араас орж ирээд надтай бэлгийн ажил хийх гээд би дургүйцсэн. Тэгэхэд цээжин дээр бөгсөөрөө суугаад гараараа салтаа гуянаас базаж, цохиж зодож эрүүл мэндэд хохирол учруулсан би босох гэсэн босож чадахгүй хашхираад тэгэхэд вагончикны гадаа саахалт айлын Ж ирээд хаалга онгойлгох гэсэн чинь онгойлгохгүй байсан. Тэгээд Ж буцаж гэрлүүгээ явж эхнэр Сийг авчраад С ирээд хаалга онгойлго гэсэн чинь Э онгойлгож салгасан. Толгой, шанаа, чихний арын хэсэг, мөн салтаа, гуя хэсэгт базаж шалбалсан урж гэмтэл учруулсан. Одоо толгой эрүү шанаа өвдөж, салтаа хэсэг явж чадахгүй хөндүүрлэж өвдөж байна. Би одоо он, сар, өдрийг нь сайн санахгүй байна урьд нь мөн энэ байдлаар биед гэмтэл учруулж байсан энэ талаар сумын цагдаад 1 удаа мэдэгдэж нөхөр Ц.Э нь одоо дахин ийм үйлдэл гаргахгүй гэж хэлж би өргөдөл гаргахгүй буцааж байсан. Нөхөр Ц.Э нь гэрт үр хүүхэд болон хүн байхгүй үеэр бэлгийн харьцаанд орох гээд намайг үгүй гэхээр хувцас урж салтаа, гуя хэсгээс базаж гэмтэл учруулдаг. Энэ талаар саахалт айлын Ж түүний эхнэр Сарантуяа болон манай хүүхдүүд мэдэж байгаа. Би гомдолтой байна. Ц.Эийг надаас салгаад өг хуулийн дагуу шийдээд өгөөч гэж Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Надад нэмж ярих зүйл байхгүй. Надад ямар нэгэн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй ямар нэгэн зардал мөнгө байхгүй байна. Би Ц.Этэй 2005 онд гэр бүлээ батлуулсан, 30 гаран жил ханилж байна. 7, 13, 23, 26 настай 4 хүүхэдтэй.” гэх мэдүүлэг /хх 10-14/,

 

Гэрч Б.Сийн өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сарын 06-ны орой манай саахалт айлын О, Э нар нэг шил архитай ирсэн. Тэгээд О Э бид 3 хувааж уугаад манайх дахиад нэг шил 0.75-н архи гарган уусан. Тэгээд манай гэрт бүгд муудаж тасарч унаад хоносон. Өглөө тал шил архиа хувааж уугаад би гэртээ унтаж үлдээд Э, О нар гэртээ харьсан. Тэгээд 16 цагийн үед манай нөхөр Ж ирээд нөгөө хоёр чинь муудалцаад байна гэж хэлээд аваад явсан. Тэгээд нөхөр бид хоёрыг очтол вагончигондоо хэрэлдээд сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад О намайг унтуулахгүй оролдоод зовоогоод байна гэж хэлсэн. Модон орных нь тавцан унчихсан байсан. Тэгээд Э гараад явсан, О гарч ус уучаад ороо янзалаад унтаад өгсөн.” гэх мэдүүлэг /хх 17-18/,

 

Гэрч Б.Жы өгсөн: 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр О гэх манай саахалт айлын хүн нөхөр Эийн хамт манайд нэг шил 0.75-н Qually гэх архитай ирсэн. Тэгээд дахиад нэг шил архи манайх гаргасан. Тэгээд унтсан өглөө нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө үлдэгдэл архиа уусан. Тэгээд Э, О нар гэртээ харьсан. Тэгээд би үдэш хойш Эийн гэрт очиход О, Э нар гэрийнхээ хажууд байдаг вагончигон дотор талаасаа түгжээд юу болсныг мэдэхгүй хашхиралдаад байсан. Тэгээд би гэртээ ирж Сараад хэлээд цуг очиж болиулах гэтэл хоорондоо хэрэлдээд сууж байсан. Манайд архи ууж байхдаа хоорондоо зүгээр байсан. Харин гэртээ хариад яасан талаар би мэдэхгүй байна. Вагончиг дотроо хэрэлдээд байсан.” гэх мэдүүлэг / хх 21 /,

 

Шүүгдэгч Ц.Эийн өгсөн: "Би эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Баянжаргалан сумын 01 дүгээр багийн нутаг “Хашаат” гэх газар амьдарч байна. Манайх шинэ тээврийн хэрэгсэл аваад 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр эхнэр Б.О бид хоёр саахалт айлын Жы гэрт очоод машинаа мялаалган Жыд нэг шил архи гаргаад бид нар хувааж уугаад эхнэр бид хоёр мөн нэг шил архи гаргаад түүнийгээ хувааж уугаад Жы гэрт эхнэр Б.О бид хоёр хоноод маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө хугас шил архи байсан түүнийг би уугаад эхнэр О бид хоёр гэртээ ирээд би унтах гээд хэвтсэн. Тэгээд юу болсон мэдэхгүй эхнэрийг цохиж зодсон байсан. Архи гараад эхнэр Б.О чи намайг зодсон чамайг харахаар дургүй хүрээд байна гээд байхаар нь би гэрээсээ явсан. Би Отэй 20 жил ханилж байна. Бид хоёр албан ёсны гэр бүл. Бид хоёр дундаасаа дөрвөн хүүхэдтэй. Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр эхнэр Б.Оийг цохиж зодож эрүүл мэндэд нь хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх 23, 39-40/,

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

            Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн №376 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Б.Оийн биед тархи доргилт, баруун хөмсөг, зүүн тохой, зүүн өвдөг, зүүн гуяанд зулгаралт, баруун, зүүн бугалга, нуруу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэжээ /хх 26-27/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

     Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд"-ийг ойлгоно гэжээ.

 

     Шүүгдэгч Ц.Э, хохирогч Б.О нар нь 20 жил хамтран амьдарч байгаа нь тэдний мэдүүлгээр тогтоогдсон.

 

            Шүүгдэгч Ц.Э нь Төв аймгийн Баянжаргалан сумын 01 дүгээр багийн нутаг “Хашаат” гэх газар байх гэртээ эхнэр Б.Оийг унтсангүй гэх шалтгаанаар цохиж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Улсын яллагч шүүгдэгч Ц.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ анх удаа бус урьд эрх чөлөөнд халдаж байсан мөн гэр бүлийн хамаарал бүхий эхнэрийгээ зодсон нь гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай гэж үзэн хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд энэ нь хохирогч Б.Оийн өгсөн: "Толгой, шанаа, чихний арын хэсэг, мөн салтаа, гуя хэсэгт базаж шалбалсан урж гэмтэл учруулсан. Би одоо он, сар, өдрийг нь сайн санахгүй байна урьд нь мөн энэ байдлаар биед гэмтэл учруулж байсан энэ талаар сумын цагдаад 1 удаа мэдэгдэж нөхөр Ц.Э нь одоо дахин ийм үйлдэл гаргахгүй гэж хэлж би өргөдөл гаргахгүй буцааж байсан юм." гэх мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэв.

 

Хохирогч Б.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Ц.Эийн өмгөөлөгч И.Отгонсүрэн гэм буруу болон үйлдсэн гэмт хэрэгтээ маргахгүй байх тул оногдуулсан торгуулийн ялыг багасгаж, хэсэгчлэн төлөхөөр зааж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн 2034000000355 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Эийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн 2034000000355 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БАТЖАРГАЛ