Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 389

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Баянхошуу 29 дүгээр гудамжны 121 тоотод оршин суух, Боржигон Дашдэндэвийн Отгонбаатар /РД:НЮ81091914/

Хариуцагч: Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Нарангийн 24 дүгээр гудамжны 576а тоотод оршин суух, Баяндөхөм Гомбо Батсайханы Энхцэцэг /РД:ЖД79070363/-т холбогдуулан

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Отгонбаатар, хариуцагч Б.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амарзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.Энхцэцэгтэй 2002 оны 12 дугаар сард танилцаж, 2003 оноос эхлэн хамтран амьдарсан ба 2003 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин О.Сарангуа төрсөн. Бид 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Гэвч гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2009 оноос хойш тус тусдаа амьдарч байна. Би 2013 онд гэрлэлтээ цуцлуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан. Одоо бид тусдаа өөр өөрийн гэсэн амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.

Охин О.Сарангуа өнөөдрийг хүртэл эх Б.Энхцэцэг дээр байсан тул асрамжийн талаар маргах зүйлгүй. Харин хүүхдээ цаашид сайн дураар өөрийн бололцоогоор тусалж дэмжээд явах болно гэв.

Хариуцагч Б.Энхцэцэг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2002 онд танилцан, 2003 онд нэг гэрт орсон. 2003 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин О.Сарангуаг төрүүлсэн. Д.Отгонбаатар хамт амьдрах хугацаанд архи ууж, агсам тавьж, хэрүүл маргаан гаргадаг байсны улмаас таарч тохирохоо больсон. 2009 оноос эхлэн тус тусдаа амьдарсан. Одоо би өөр хүнтэй хамтран амьдарч байгаа ба  үр хүүхэд төрүүлсэн. Мөн Д.Отгонбаатар архи уухаа больж, гэр бүлтэй болсон гэсэн. Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.

Харин охин О.Сарангуа өнөөдрийг хүртэл миний асрамжид байгаа ба Д.Отгонбаатар асрамжийн талаар маргахгүй гэсэн. Мөн би түүнээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Отгонбаатар хариуцагч Б.Энхцэцэгээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч Б.Энхцэцэг нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.

Шүүх нэхэмжлэгч Д.Отгонбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

Харин гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч Д.Отгонбаатар гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Д.Отгонбаатар, хариуцагч Б.Энхцэцэг нар 2002 онд танилцаж, 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болж,  2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2003 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин О.Сарангуа төрж, одоо эх Б.Энхцэцэгийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн 0068584-361 дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн 0193002-2251 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Голомт цогцолбор” сургуулийн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “...О.Сарангуа нь 6-р ангид суралцдаг нь үнэн”  гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-9/

Нэхэмжлэгч Д.Отгонбаатар гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...Тухайн үед архи ууж, агсам согтуу тавьдаг байснаас гэр бүлийн харилцаа муудаж, 2009 оноос эхлэн тусдаа амьдрах болсон ...Би 2016 оноос өөр хүнтэй хамтран амьдарч байгаа” гэж тайлбарласан, хариуцагч Б.Энхцэцэг “...бид 2009 оноос хойш тусдаа амьдарч байгаа... одоо өөр хүнтэй хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тайлбар зэргээс үзвэл гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.

Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, өөр бусадтай хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдал тогтоогдсон.

Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Д.Отгонбаатар, хариуцагч Б.Энхцэцэг нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Б.Энхцэцэг үр хүүхдүүддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Д.Отгонбаатараас илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан болон охин О.Сарангуагийн “...ээж надад анхаарал халамж тавьдаг, эхийн асрамжид байна” гэсэн санал, насны байдал зэргийг харгалзан 2003 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин О.Сарангуаг эх Б.Энхцэцэгийн асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Отгонбаатар бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.  

Харин хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрхтэй. 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

Иймээс зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй ч охин О.Сарангуа болон асран хамгаалагч нь тэжээн тэтгүүлэхээр шаардах эрх нээлттэй.

Харин зохигчид хуваах эд хөрөнгө байхгүй тул маргаангүй гэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Д.Отгонбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Энхцэцэгээс 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонбаатарт олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2007 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч Боржигон Дашдэндэвийн Отгонбаатар хариуцагч Баяндөхөм Гомбо Батсайханы Энхцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2003 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин О.Сарангуаг эх Б.Энхцэцэгийн асрамжид байлгасугай.

3. Зохигчид хүүхдийн тэтгэлгийн талаар шаардлага гаргаагүй, эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.Отгонбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Энхцэцэгээс 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонбаатарт олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

8. Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ТҮВШИНТӨГС