Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 351

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн 10 дугаар гудамж, 350 тоотод оршин суух, Онход овогт Эрдэнэбаатарын Буянжаргал /РД:РЖ89031404/

Талийгаач С.Чинзоригтой хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Буянжаргал, гэрч С.Алтаннавч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Буянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би талийгаач нөхөр С.Чинзоригтой 2006 оноос үерхэж улмаар дотно харьцаатай болсон. 2009 оны 3 дугаар сард хадам эцэг, эх гуйж С.Чинзоригтой сүй тавьсан. Бид хоёр өрх тусгаарлан тусдаа гараагүй учир нэг гэрийн хаяган дээр бүртгэл хийлгээгүй. Харин хоёр талын эцэг, эхийн гэрт хамтдаа ээлжилж очин амьдардаг байсан. 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдөр намайг 3 сартай жирэмсэн байхад нөхөр С.Чинзориг амиа хорлон нас барсан. Учир нь талийгаач ясны өвчтэй болж түнхнээс нь идээ гарч, явж чадахгүй болсон тул өвчиндөө их шаналж байснаас ийм зүйл болсон.

Би хүү Б.Хосбаярыг 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрүүлсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан болохоор хүүг өөрийн нэрээр овоглосон. Одоо хүү Б.Хосбаярт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилготой байгаа тул талийгаач нөхөр С.Чинзоригтой хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Буянжаргал нь эд хөрөнгө өмчлөх эрх олж авах зорилгоор бус хүү Б.Хосбаярт тэжээгчээ алдсаны тэтгэвэр авахын тул талийгаач С.Чинзоригтой хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Нэхэмжлэгч Э.Буянжаргал талийгаач С.Чинзоригтой хамтын амьдралтай байсан гэх үйл явдлаа өөр журмаар батлах баримт бичгийг олж авах боломжгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-т заасны дагуу шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.

Хавтас хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан баримт болох 0000636227-793 дугаар төрсний гэрчилгээний хуулбараас үзвэл, талийгаач С.Чинзориг 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нас барсан, 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү Б.Хосбаяр төрсөн, С.Чинзориг, Э.Буянжаргал нар гэрлэлтээ батлуулаагүй байсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т заасны дагуу эх Э.Буянжаргал хүү Б.Хосбаярыг өөрийн нэрээр овоглосон байна. /хх-3/

Нэхэмжлэгч Э.Буянжаргал гэрч С.Соёлмаа талийгаач С.Чинзоригийн төрсөн эх болох, С.Баатарцогт, С.Алтаннавч нар хэргийн үйл баримтыг мэдэх гэрч гэдгийг нотолж С.Соёлмаагийн Г-364 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, С.Баатарцогт, С.Алтаннавч нарын тодорхойлолтыг хэрэгт өгсөн.

Иймд нэхэмжлэгч Э.Буянжаргал талийгаач С.Чинзоригтой 2009 оноос 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан нь дээрх баримтаас гадна талийгаач С.Чинзоригийн эцэг, гэрч С.Баатарцогтын “...2004 оноос эхлэн манайх Налайх дүүрэг 3 дугаар хороо, Нарангийн 20 дугаар гудамжны 540 а тоотод амьдарч эхэлсэн. Харин Э.Буянжаргал манай урд талын гудамжинд амьдардаг байсан. 2007 оноос эхлэн хүү С.Чинзориг Э.Буянжаргалтай үерхэж эхэлсэн ба манай гэрээр орж, гарч байсан. 2009 оноос хойш Э.Буянжаргалын гэрт хамтран амьдрах болсон.  Хүү С.Чинзориг 2010 оны 6 дугаар сард нас барьсан. 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Э.Буянжаргал хүү Б.Хосбаярыг төрүүлсэн. Тэр хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан...” гэх мэдүүлэг,

Талийгаач С.Чинзоригийн эх, гэрч С.Соёлмаагийн “...2007 оны эхээр хүү С.Чинзориг н.Буянаа гэх охиныг гэртээ авчирч бидэнтэй танилцуулсан. Тэр хоёр 2009 оноос эхлэн хоёр гэрээрээ орж гаран хамтран амьдрах болсон. Тухайн үед тэр хоёр ярилцаад тусдаа гэр оронтой болоод гэрлэлтээ батлуулахаар болсон. 2010 оны 6 сард хүү С.Чинзориг нас барьсан. 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бэр Э.Буянжаргал хүү Б.Хосбаярыг төрүүлсэн. Тухайн үед бид хүүхдэд нь тэтгэмж тогтоолгохоор Халамжаас асуухад гэрлэлтийн баталгаагүй учир тэтгэмж өгөхгүй гэсэн. Сүүлд хүнээс сонсож шүүхээр хамтран амьдралтай байснаа тогтоолговол тэтгэмж авч болох талаар мэдсэн...” гэх мэдүүлэг,

Нэхэмжлэгч Э.Буянжаргалын эх, гэрч С.Алтаннавчийн “...Соёлмаагийн Чинзориг 2008 оноос эхлэн манай охинтой үерхээд 2 гэрээрээ ээлжлэн хамт амьдардаг байсан. 2009 оны 3 сард охиныг маань хадам тал нь сүй тавьж гуйсан ч тэд гэрлэлтээ батлуулаагүй, өрх тусгаарлан тусдаа гараагүй байсан ба охин маань 2010 оны 3 сард жирэмсэн болсон. ...2010 оны 6 сард хүргэн С.Чинзориг амиа хорлон нас барсан...” гэсэн мэдүүлэгээр давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. /хх-30-32/

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д зааснаар Онход овогт Эрдэнэбаатарын Буянжаргал талийгаач С.Чинзориг /РД:ЗЮ91080339/-той 2009 оноос 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Э.Буянжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

5. Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 З.ТҮВШИНТӨГС