Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/03284

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/03284

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  А.Т  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШГГ-т  холбогдох

 

Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 сарын 25-ны өдрийн 1963 дугаар шийдвэрээр АТ ХХК-иас 125,880,005 төгрөгийг гаргуулж Улаанбаатар банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө болох Түнхэл тосгоны дэнжид байрлах 24 м.кв талбайтай харуул, 450 м.кв үйлдвэрийн барилга, дэд өртөө, Сэлэнгэ аймгийн Мандал сумд байрлах 0.31 га үйлдвэрлэлийн зориулалттай газрыг зах зээлийн ханшаар 180,120,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг Түнхэл тосгоны дэнжид байрлах харуул үйлдвэрийн барилга болон газрыг үнэлсэн тухайн шинжээчийн дүгнэлт гэсэн боловч газрыг үнэлсэн үнийн дүн тусгагдаагүй байна.

Түүнчлэн үл хөдлөх хөрөнгөөс салгаж болох хөдлөх эд хөрөнгийн зургийг шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан боловч хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний ажиллагаа хийгдээгүй байна.

Зах зээлийн ханшнаас илт доогуур үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй байх тул үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 сарын 25-ны өдрийн 1963 дугаар шийдвэрээр АТ ХХК-иас 125,880,005 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2013 оны 12 сарын 23-ны өдөр үүсгэж шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгчид удаа дараа гардуулан өгсөн боловч төлбөрийг барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 36 дугаар зүйлд заасны дагуу АТ ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сум, 5-р баг, Түнхэл тосгоны дэнжид байрлах 474 м.кв харуул, үйлдвэрийн барилга, дэд өртөө, Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах 0.31 га үйлдвэрлэлийн зориулалттай газрын хамт 2016 оны 03 сарын 28-ны өдрийн 184/03 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 05 сарын 05-ны өдрийн 184/05 дугаар хураах тогтоолоор хураасан.

Тус үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг тогтоосон хугацаанд ирүүлээгүй байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд Л ХХК нь 180,120,000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон.

Төлбөр төлөгч АТ ХХК нь төлбөрийг барагдуулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, 2013 оноос хойш гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, төлбөр авагчийн эрх ашгийг хохироож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон Л ХХК-ийн шинжээчийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хангаж, Анар тулга ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч АТ ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р баг Түнхэл тосгоны дэнжид байрлах харуул, үйлдвэрийн барилга болон газрыг 180,120,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр АТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 сарын 25-ны өдрийн 1963 дугаар захирамжаар хариуцагч АТ ХХК-иас 125,880,005 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч УХБ ХХК-д олгож, захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Сэлэнгэ аймгийн Мандал сум, 5-р баг, Түнхэл тосгоны дэнжид байрлах 474 м.кв талбай бүхий Харуул, үйлдвэрийн барилга, дэд өртөө, Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах 0.31 га Үйлдвэрлэлийн зориулалттай газар, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 220 мянгат, 23-р байрны 61 тоот хаягт байрлах 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, ... тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зэрэг барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээр дурдсан харуул, үйлдвэрийн барилга, дэд өртөө, газрыг 2016 оны 03 сарын 28-ны өдрийн 184/03 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 05 сарын 05-ны өдрийн 184/05 тоот тогтоолоор хураан авчээ.

 

Сүхбаатар дүүргийн ахлах гүйцэтгэгчийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн 150 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Л ХХК, Б.Э-г шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасантай нийцжээ.

 

Гэсэн хэдий ч Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 сарын 25-ны өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 1963 дугаар захирамжид харуул, үйлдвэрийн барилга, дэд өртөө, үйлдвэрийн зориулалттай газар-ыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан, мөн Сүхбаатар дүүргийн ахлах гүйцэтгэгчийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн Шинжээч томилох тухай 150 дугаар тогтоолд харуул, үйлдвэрийн барилга, дэд өртөө, газар-ын зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон байтал Л ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэнд дэд өртөө-г үнэлээгүй орхигдуулсан байх тул АТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, Шинжээч томилох тухай тогтоол-ын шинжээчид хууль сануулсан хэсгийг бөглөөгүй үлдээсэн буюу шинжээчид хууль сануулаагүй, шинжээчээр Л ХХК, Б.Э-г томилсон байтал дүгнэлтийг Л ХХК, Э.Б гаргасан зэрэг нь үнэлгээг хүчингүйд тооцох үндэслэл болсныг дурьдах нь зүйтэй.

 

Үнэлгээний талаарх мэдэгдлийг АТ ХХК нь 2017 оны 10 сарын 09-ний өдөр хүлээн авч, улмаар 2017 оны 10 сарын 12-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гаргажээ гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны дэнжид байрлах харуул, үйлдвэрийн барилга болон газар-ыг 180,120,000 төгрөгөөр үнэлсэн Л ХХК, Э.Б-н гаргасан 2017 оны 06 сарын 05-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АТ ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР