Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/320

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0299/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Батсүх,

Шүүгдэгч Г.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт .С овогт .Г ийн .Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000342 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, С овогт Г- ийн Г /регистрийн дугаар: .............. /, ............  оны .........  дугаар сарын .........-ний өдөр ........ хотод төрсөн, .........  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........, ................. хамт ........... хот, .......... дүүрэг, 5 дугаар хороо, ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ......  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ....  аймгийн ..  сумын . дүгээр багт байрлах “..... ” зочид буудлын 4 давхрын 406 тоот өрөөнд үйлчлүүлж байсан иргэн Ж.Т-ын хэтэвчнээс 3 ширхэг виза карт, бэлэн 5000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Төрийн банкны виза картыг ашиглан бэлэн мөнгөний машинаас 645,000 төгрөгийн гүйлгээ хийж нийт 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй.” гэв.

 

Эрүүгийн 2018000000342 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[2],

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[3],

 

Хохирогч Ж.Т-ын мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 05, 10-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Дарханд ирсэн. Би энд ажилтай байж  байгаад Комфорт буудлын 406 тоот өрөөнд амарсан юм. Би амрахаасаа өмнө архи уусан юм. Тэгээд өглөө тамхи авахаар буудлаасаа гараад дэлгүүр хайгаад явж байтал ажлын хувцастай нэг залуу тааралдсан. Би Дарханыг мэдэхгүй болохоор тэр залуугаас тамхи зардаг дэлгүүр хаана байдаг вэ гэж асуусан чинь намайг дагуулаад таксинд суугаад дүүжин гүүрний ойролцоо байсан онгорхой дэлгүүр орсон. Бид 2 дэлгүүрээс тамхи аваад буцаад буудалдаа хамт очсон. Тэр залуу дарханд ирж ажил хийсэн чинь цалингаа өгөхгүй байна, өлсөөд байна гэхээр нь би өрөвдөөд байрлаж байсан буудал руу дагуулж ороод хоол захиалж идүүлсэн. Би тэр залууг хоол идэж байх зуур унтчихсан байсан. Би 9 цаг өнгөрч байхад сэрэхэд нөгөө залуу алга болчихсон миний хэтэвчинд байсан виза картууд, иргэний үнэмлэх, 100 долларын дэвсгэрт 1 ширхэг алга болсон байсан. Би Төрийн банкны байранд очоод дансны дугаараараа шүүлгэхэд 15 минутын өмнө 500,000 төгрөг гарсан байна гэж хэлсэн. Тэгээд Хас, Худалдаа хөгжлийн банк руу ороод асуусан чинь данснаас мөнгө гараагүй байна гэж хэлсэн. Надтай хамт буудал орсон залуу 30 орчим настай, шаргал өнгийн шорт, цагаан фудволктой эрэгтэй байсан. Би алдсан виза картуудаа захиалсан тул үнэлгээг нь гаргуулахгүй.” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Г.Х-ын мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Г бид 2 Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны Баянгол гудамжинд хөрш багаасаа нэг нэгнээ мэднэ. Г надаас хийх ажил байна уу гэж асуухаар нь би Дархан, Сэлэнгэд хийх барилгын ажил байна гэж хэлсэн. Тэгсэн Г 07 дугаар сарын 18-ны өдөр Дарханд ирсэн. Тэгээд энд ажиллаж байгаад Сэлэнгэ аймаг руу 5 хоног ажиллаад 08 дугаар сарын 04-ний өдөр Дарханд ирээд ажлаа хийхээ болилоо гэр лүүгээ явлаа гээд байрлаж байсан Хуучин хорооллын 28 дугаар байрны 48 тоотоос хувцсаа аваад 09 цаг өнгөрч байхад явсан байсан.” гэх мэдүүлэг[5],

 

Г.Г-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 08 дугаар сарын 05-ний өдөр, яллагдагчаар 08 дугаар сарын 06-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2020 оны 08 дугаар сарын 06-ны өглөө би Үйлчилгээний төвийн үүдэнд сууж байсан юм. Тэгсэн өөрийгөө Түмэн-Од гэж танилцуулсан ах хүрч ирээд тамхи байвал зарчих мөнгөөр нь худалдаж авъя гэж хэлсэн. Тухайн үед надад тамхи байхгүй байсан тул дагуулаад хуучин Дархан оръё гээд явсан. Тамхи аваад буцаад “Комфорт” гэх зочид буудал дээр очоод тэр ахын байрлаж байсан өрөө лүү хамт орсон. Тэгээд ууж байсан архинаасаа 2-3 удаа хийж өгөөд надад хоол захиалж өгөхөөр нь хоолоо идээд сууж байтал тэр ах “За за би унтлаа шүү” гээд унтсан. Тэгэхээр нь би хоолоо идэж дуусаад ширээн дээр түрийвч байхаар нь 5000 төгрөг, 2 виза картыг нь авсан. Тэгээд Хаан банкны АТМ-ээс 500,000 төгрөг авч Улаанбаатар руу явсан. Тухайн хүн надтай хамт “Комфорт” зочид буудал ороод үүдний хэсэгт тооцоо төлөх гээд виза картаа уншуулж байхад нь түүний нууц үгийг харсан юм.  Улаанбаатар хотод очоод бэлэн мөнгөний машинаас 145,000 төгрөг аваад гэртэй очиход манай гэрийн үүдэнд цагдаа хүлээж байсан. Тэгээд баригдаад Дархан-Уул аймагт ирсэн юм. Намайг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан хүн байхгүй. Энэ гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн.” гэх мэдүүлэг[6],

 

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7], хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Г-ы холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр .......  аймгийн ...  сумын ....  дүгээр багт байрлах “........ ” зочид буудлын 4 давхрын ...  тоот өрөөнд үйлчлүүлж байсан иргэн Ж.Т-ын хэтэвчнээс 3 ширхэг виза карт, бэлэн 5000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар Төрийн банкны виза картыг ашиглан бэлэн мөнгөний машинаас 645,000 төгрөгийн гүйлгээ хийж нийт 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч Г.Г нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, ашиг олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 454,000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул үлдэгдэл 196,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Т-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ: Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгч Г.Г нь “хөнгөн ял оногдуулж өгнө үү.“ гэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Г-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Г.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч нь урьд 1 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Г ийн Г- бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-аас 196,000 төгрөгийг гаргуулж хохирогч .....  аймгийн ..... сумын 1 дүгээр баг, ..... тоотод оршин суух ...........  овогт .............-ын ........-д /утас-........... , ........... /-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийг баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                            

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

 

[1] Хавтаст хэргийн 4-7 тал

[2] Хавтаст хэргийн 8 тал

[3] Хавтаст хэргийн 18-21 тал

[4] Хавтаст хэргийн 10, 11 тал

[5] Хавтаст хэргийн 14-15 тал

[6] Хавтаст хэргийн 16-17, 28-29 тал

[7] Хавтаст хэргийн 47 тал