| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2017/00204/И |
| Дугаар | 134/ШШ2017/00214 |
| Огноо | 2017-12-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 134/ШШ2017/00214
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н-д холбогдох
үндсэн зээл 3 526 792 төгрөг 59 мөнгө, балансын гадуур хүү 1 568 343 төгрөг 46 мөнгө, нотариатын зардал 13 000 төгрөг, нийт 5 108 136 төгрөг 05 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И, Т, хариуцагч Н, нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч И нь хариуцагч Н-т холбогдуулан үндсэн зээл 3 526 792 төгрөг 59 мөнгө, балансын гадуур хүү 1 568 343 төгрөг 46 мөнгө, нотариатын зардал 13 000 төгрөг, нийт 5 108 136 төгрөг 05 мөнгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төрийн банк ХХК-ийн Говьсүмбэр салбарын Сүмбэр тооцооны төвөөс нэмэлтээр 1 236 600 төгрөгийн тэтгэврийн зээл авч, нийт зээлийн үлдэгдэл 8 276 444 төгрөг болсон. Зээлдэгч Б нь 2015 оны 11 дүгээр сарын 13-нд нас барсан. Хамтран зээлдэгч зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээл 3 526 792 төгрөг 59 мөнгө, балансын гадуур хүү 1 568 343 төгрөг 46 мөнгө, нотариатын зардал 13 000 төгрөг, нийт 5 108 136 төгрөг 05 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И, Т нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчийн 5 108 136 төгрөг 05 мөнгөнөөс үндсэн зээлийн төлбөр 3 539 792 төгрөг 59 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүүгийн төлбөр 1 568 343 төгрөг 46 мөнгийг төлж чадахгүй талаар тайлбар гаргажээ. Зээлийн хүүгийн талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор тайлбарлахдаа Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасан зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэл хугацаанд төлөхийг хэлнэ, мөн нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг хэлнэ гэжээ. Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, тухайн төрлийн үүргийн харилцааг Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйл заалтуудад тодорхой заасанчлан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 5 108 136 төгрөг 05 мөнгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Балансын гадуурх хүү нь зээлийн үндсэн хүүтэй ижил ойлголт юм. Төрийн банкны Зээлийн үйл ажиллагааны дотоод журамд зааснаар зээлээ төлөхгүй 90 хоног болсон бол 91 дэх хоногоос хүүг балансын дотуур хуримтлуулж бүртгэхийг зогсоож, балансын гадуур хуримтлуулан бүртгэнэ гэж заасан. Балансын гадуур бүртгэсэн, дотуур бүртгэсэн тохиолдолд хүүний зөрүү бол байхгүй. Хариуцагч тал нийт 5 удаагийн зээл авахдаа 2 удаад нь итгэмжлэлээр авсан байдаг. Итгэмжлэл авсан өдрөөс хойш хамтран зээлдэгч ганцаараа ирж зээл авах боломжтой байдаг. Үүний дагуу Н нь 2 удаа банкнаас зээл авч байсан. 3 дахь удаагийн зээл авалтад дээр аавтайгаа цуг хамтран зээлдэгчээр ирээд 2 тал хоёулаа биеэр гарын үсэг зураад тэтгэврийн зээл олгох журмын дагуу зээлээ авсан байдаг. Энэ авсан 3 удаагийн зээлийг Н нь өөрийн данс руу шилжүүлж өөрөө ашигласан байдаг. Тэтгэврийн зээлийг тухайн үндсэн зээлдэгчийн дансанд шилжүүлэх ёстой байдаг. Гэтэл шилжүүлсний дараа Н тухайн данснаас өөрийн данс руу зээлийг шилжүүлсэн байдаг. Зээлийг хэн захиран зарцуулсан гэдэг дээр манай банк оролцох ёсгүй. Гэрээнд зааснаар үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч адилхан эрх, үүрэгтэй. Иймд Н-ээс нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Б нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төрийн банк ХХК-ийн Говьсүмбэр салбар тооцооны төвөөс тэтгэврийн зээл авсан. Ямар зорилгоор, юунд зарцуулах талаар надад ямар нэгэн мэдээлэл байхгүй. Аав минь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан тул даатгалаас олгосон мөнгийг нь банк зээл рүүгээ татан авсан. Намайг уг гэрээнд хамтран зээлдэгчээр бүртгэгдсэн тул та төлөх ёстой гэсэн учир өөрийн зүгээс өнөөдрийг хүртэл нийт 2 000 000 төгрөгийг банкинд төлсөн. Сүүлийн хугацаанд хүүхэд төрүүлэн ажил хийх боломжгүй болж, төлөлтийг цаг хугацаанд нь төлж чадаагүй. Миний бие уг зээлийг өөртөө огт зарцуулж, хэрэглээгүй тул Төрийн банк ХХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 3 526 792 төгрөг 59 мөнгө, нотариатын зардал 13 000 төгрөг, нийт 3 539 792 төгрөг 59 мөнгийг 3 жилийн хугацаатай, сар бүр 98 327 төгрөг 57 мөнгийг төлж барагдуулах боломжтой. Харин балансын гадуурх хүү 1 568 343 төгрөг 46 мөнгийг төлөх боломжгүй. Учир нь нялх хүүхэдтэй, эрхэлсэн ажилгүй байгаа тул одоогийн нөхцлийг минь харгалзан үзэхийг хүсэж байна. Би аавын авсан зээлийн мөнгийг өөрийн данс руу шилжүүлэн авч байсан нь үнэн. Яагаад гэвэл Төрийн банкнаас их хэмжээний мөнгө гаргаж өгөхгүй гээд миний дансанд хийдэг байсан. Мөн манай аавд өөрийн гэсэн харилцах данс байгаагүй учраас миний дансанд мөнгөө хийгээд надаар авахуулдаг байсан. Би ааваасаа тусдаа байдаг байсан. Манай аав Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байдаг байсан. Би охинтойгоо хоёулаа Улаанбаатар хотод найзындаа амьдардаг. Үлдэгдэл мөнгийг төлөхгүй гэж байгаа үндэслэл нь би гарын үсэг зурсан байж болно. Тэглээ гээд би эзэмшсэн байж болохгүй биз дээ. Би мөнгийг данс руугаа хийлгээд тэр мөнгийг аваагүй. Өнөөдөр надад нотлоод өгөх хүн байхгүй байна. Манай аав банкнаас мөнгө авсан нь үнэн юм чинь би үндсэн төлбөрийг төлнө, харин хүүг нь төлөхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч И нь хариуцагч Н-т холбогдуулан үндсэн зээл 3 526 792 төгрөг 59 мөнгө, балансын гадуур хүү 1 568 343 төгрөг 46 мөнгө, нотариатын зардал 13 000 төгрөг, нийт 5 108 136 төгрөг 05 мөнгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Н нь үндсэн зээл 3 526 792 төгрөг 59 мөнгө, нотариатын зардал 13 000 төгрөг,нийт 3 539 792 төгрөг 59 мөнгийг 3 жилийн хугацаатай, сард 98 327 төгрөг 57 мөнгийг төлөх боломжтой. Харин балансын гадуурх хүү 1 568 343 төгрөг 46 мөнгийг төлөх боломжгүй байна. Учир нь нялх хүүхэдтэй, эрхэлсэн ажилгүй хэмээн маргажээ.
Нэхэмжлэгч талаас хэрэгт авагдсан дараах зээлийн гэрээнүүдийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ. Үүнд:
1.Хадгаламж банкны Говьсүмбэр аймгийн Сүмбэр тооцооны төв, иргэн Б нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3 646 434 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээнд Б-г төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н оролцсон.
2.Төрийн банкны Говьсүмбэр аймгийн Сүмбэр тооцооны төв, иргэн Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Н нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 1 518 585 төгрөг 93 мөнгөн дээр нэмж 6 513 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 30020010503-201310-- дугаартай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулагдсан.
3.Төрийн банкны Говьсүмбэр аймгийн Сүмбэр тооцооны төв, иргэн Б нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 6 940 664 төгрөг 73 мөнгөн дээр нэмж 622 100 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 19 сарын хугацаатай 300200105039-201405-- дугаартай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээнд Б-ыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н оролцсон.
4.Төрийн банкны Говьсүмбэр аймгийн Сүмбэр тооцооны төв, иргэн Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Н нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 2 330 128 төгрөг 72 мөнгөн дээр нэмж 5 949 800 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай 300200105039-201505-- дугаартай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулагдсан.
5.Төрийн банкны Говьсүмбэр аймгийн Сүмбэр тооцооны төв, иргэн Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Н нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 7 039 848 төгрөг 55 мөнгөн дээр нэмж 1 236 600 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай 300200105039-201508-- дугаартай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулагдсан.
Дээрх зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2 гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.
Учир нь дээрх гэрээ байгуулах үйл ажиллагаанд хариуцагч Н нь зээлдэгч Б-аас Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны дагуу 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ...тэтгэврийн зээл авах, түүнтэй холбоотой үйлдэлд төлөөлж гарын үсэг зурах гэж 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийн үндсэн дээр оролцсон болох нь итгэмжлэл /хх-ийн 57/, тус зээлийн гэрээний зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн хэсэгт Н гэж гарын үсэг зурсан байдал, нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг, нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэснээр хариуцагч Н нь дээрх 2 гэрээний эрх, үүргийг хэрэгжүүлэхгүй.
Харин 2013 оны 10 дугаар сарын 03, 2015 оны 04 дүгээр сарын 03, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрүүдийн зээлийн гэрээнд хариуцагч Н нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон болох нь Зээлдэгч гэсэн хэсэгт Б, Хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн хэсэгт Н гэж гарын үсэг зурсан зээлийн гэрээ болон зээлийн өргөдөл, мөнгө хүлээлгэн өгсөн баримтууд, Б, Н нарын Депозит дансны харилцагчийн монгол хуулгууд зэргээр тогтоогдож байна.
Хэдийгээр хариуцагч талаас ...зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэсэн хэсэгт би гарын үсэг зурсан ч би уг зээлийг авч захиран зарцуулаагүй, аав банкинд харилцах дансгүй байсан учраас миний дансанд мөнгөө хийдэг байсан гэж тайлбарлаж байгаа боловч дансны хуулгаас харахад 2013 оны 10 дугаар сарын 03-ны 6 513 000 өдрийн зээлээс 6 000 000 төгрөг нь, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн зээл 5 949 800 төгрөг нь тус тус тухайн өдрөө хариуцагч Н-ын дансанд шилжиж орж, тэрээр уг зээлийг захиран зарцуулах эрхтэй болсон байх тул түүнийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэхээр байна.
Иймд Төрийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын 26.2-т зааснаар тэтгэвэр авагч нь тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байхдаа нэмж зээл авч болно гэж заасан байх тул эхний авсан зээл дээр нэмж олгосон зээлийн мөнгөн дүнг зээл төлсөн дансны хуулгатай харьцуулан дүгнэхэд Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон тэтгэврийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, харин хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон гэрээний үүргээ хариуцагч Н нь биелүүлээгүй байна.
Тухайлбал талууд зээлийн гэрээнд үндсэн хүү тооцох, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон бөгөөд зээлдэгч нар нь 2017 оны 12 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрийг графикт заасан хугацаанд төлөөгүй тул 2016 оны 05 дугаар сар хүртэл үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 5 526 792 төгрөг 59 мөнгөний хуримтлал үүссэн нь дансны хуулга, зээлийн хуримтлагдсан хүүний задаргаагаар тогтоогдож байх ба хариуцагч Н нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шаардах эрх үүсчээ.
Улмаар 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нь Төрийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын 5.3.3.а-д Үндсэн зээл, хүүгийн төлбөр нь Зээл эргэн төлөх хуваарь-т хугацаанаас хойш 90 хоногийн дотор төлөгдөөгүй бол 91 дэх хоногоос эхлэн хүүг балансын дотуур хуримтлуулж бүртгэхийг зогсоож, балансын гадуур хуримтлуулан бүртгэнэ гэж заасны дагуу үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож 1 568 343 төгрөг 46 мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл балансын гадуурх хүү гэдэг нь банкны дотоод журмын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс өдөр бүр үндсэн болон нэмэгдүүлсэн хүү тооцсон бүртгэл байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээлийн ил тод байдлын журам-д тус тус нийцсэн байна.
Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчснөөс үүдэн үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал нь хохиролд тооцогдох тул мөн зүйлийн 227.1-т зааснаар нэхэмжлэгч нотариатын зардал 13000 төгрөгийг шаардах эрхтэй.
Хэдийгээр зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Б нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан болох нь гэрчилгээгээр тогтоогдож байх боловч зээлийн гэрээний 2.3.1-т заасны дагуу хариуцагч Н нь түүний хүлээсэн үүргийг бүрэн хүлээнэ.
Иймд хариуцагч Н-аас үндсэн зээл 3 526 792 төгрөг 59 мөнгө, балансын гадуур хүү 1 568 343 төгрөг 46 мөнгө, нотариатын зардал 13 000 төгрөг, нийт 5 108 136 төгрөг 05 мөнгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96 680 төгрөг 18 мөнгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-аас улсын тэмдэгтийн хураамжинд 96 680 төгрөг 18 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар хариуцагч Н-аас үндсэн зээл 3 526 792 төгрөг 59 мөнгө, балансын гадуур хүү 1 568 343 төгрөг 46 мөнгө, нотариатын зардал 13 000 төгрөг, нийт 5 108 136 төгрөг 05 мөнгийг /таван сая нэг зуун найман мянга нэг зуун гучин зургаан төгрөг таван мөнгө/ гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96 680 төгрөг 18 мөнгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-аас улсын тэмдэгтийн хураамжинд 96 680 төгрөг 18 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ