Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2382

 

 

 

 

 

 

ЛК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01955 дугаар шийдвэртэй,

 

НэхэмжлэгчЛК ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ЭСДГ ХХК-д холбогдох,

 

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, 48 017 945 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч ЛК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “ЭСДГ ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бараа нийлүүлэх гэрээг байгуулж, уг гэрээний 2-т зааснаар 60 000 000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Үүнээс худалдан авагч талын хүсэлтийн дагуу 2014 онд 28 817 945 төгрөг, 2015 оны 01 сард 19 200 000 төгрөг, нийт 48 017 945 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлж, талууд тооцоо нийлсэн. "ЭСДг” ХХК-иас удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч хариуцагч талаас бараа нийлүүлэх гэрээний тусгай нөхцлийн 17-д заасны дагуу "ЛК" ХХК-ийн "НМ" ХХК-иас худалдан авсан автомашины төлбөрт 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлсэн гэх хариуг өгсөн.

Гэрээний 17-д зааснаас үзэхэд нэхэмжлэгч болон "НМ" ХХК-иудын хооронд автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байх ёстой боловч энэ гэрээ нэхэмжлэгч болон “НМ” ХХК-иудын хооронд байгуулагдаагүй. Өөрөөр хэлбэл дээрх гэрээ байгуулах үед автомашин худалдах-худалдан авах гэрээ байсан гэж талууд төөрөгдсөн. Энэ нь хариуцагч талаас тайлбарладаг 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн огноотой “НК” ХХК, “НТ” ХХК, “НЛ” ХХК, ЛК ХХК-иудын хооронд байгуулагдсан дөрвөлсөн худалдах-худалдан авах гэрээгээр нотлогддог. Уг дөрвөлсөн худалдах-худалдан авах гэрээний 1-д зааснаарЛК ХХК нь Сика брэндийн болон бусад барилгын материалыг “НК” ХХК-д нийлүүлэх, “НМ” салбар нь шэвролэт маркийн автомашиныг “НЛ” ХХК-д нийлүүлэх, “НК” ХХК нь хүлээн авсан барилгын материалын үнийг “НМ” ХХК-д нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар заасан. Өөрөөр хэлбэл, “ЛК” ХХК нь “НМ” ХХК-иас автомашиныг өөрөө худалдаж авах талаар заагаагүй. Гэтэл "НК" ХХК, "ЭСДГ" ХХК-иас тусдаа хуулийн этгээд юм.

Иймд дөрвөлсөн гэрээнд "ЭСДГ" ХХК нь хуулийн этгээдийн хувьд оролцоогүй тул гэрээнд үндэслэн хэн нэгэнд мөнгө шилжүүлэх эрхгүй. Бараа нийлүүлэх гэрээ нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан, дөрвөлсөн худалдах-худалдан авах гэрээ нь 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр буюу өмнө нь байгуулагдсан. Хэрэв бараа нийлүүлэх гэрээгээр дөрвөлсөн гэрээний төлбөрийг барагдуулах тухай зохицуулсан байсан бол өмнө нь байгуулсан дөрвөлсөн гэрээг огноотой нь тусгай нөхцлийн 17-д тусгасан байх ёстой боловч үүнд тусгаагүй. Мөн бараа нийлүүлэх гэрээний 17-д зааснаар "НМ" ХХК-тай гэрээ байгуулсан байх ёстой. Гэтэл дөрвөлсөн худалдах-худалдан авах гэрээнд "НТ" ХХК гэрээний нэг тал болон оролцсон ба "НМ" ХХК биш, “НК" ХХК нь "ЭСДГ" ХХК-иас тусдаа хуулийн этгээдүүд гэдэг нь өмнөх шүүх хуралдаанд тогтоогдсон. Хариуцагч талаас манай групп нэг гэсэн тайлбарыг хэлдэг байсан бол хувьцаа эзэмшигч нь, регистрийн дугаар нь тус тусдаа юм.

Бараа нийлүүлэх гэрээ нь дөрвөлсөн худалдах-худалдан авах гэрээтэй холбогдохгүй бөгөөд нэхэмжлэгч нь ямар ч автомашин худалдаж аваагүй байх тул талууд бараа нийлүүлэх гэрээг байгуулах үедээ хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн учир мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй учраас 48 017 945 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компаниас 48 000 000 төгрөг гаргуулах тухай “ЛК” ХХК өмнө нь шүүхэд 2016 онд нэхэмжлэл гаргасан нь хариуцагч компанийг нэхэмжлэгчид ямар нэгэн төлбөр төлөх үндэслэлгүй болохыг нотолж байна. Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан бараа нийлүүлэх гэрээний тусгай нөхцлийн 17-д заасны дагуу 50 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “НМ” ХХК-д шилжүүлснээр ЛК ХХК-д төлөх төлбөр бүрэн төлөгдөж дууссан. Мөн 50 000 000 төгрөгийг “НМ” ХХК-д шилжүүлэхдээ “НК” ХХК, “НТ” ХХК, “НЛ” ХХК, ЛК ХХК-ийн хооронд 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 3.3, 3.4-т заасны дагуу гэрээний үүргээ биелүүлсэн.

            Талууд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлж, үлдэгдлээ баталгаажуулан тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд уг актад “ЭСДГ ХХК нь үлдэгдэл төлбөргүй гэсэн нь дээрх гэрээнүүдийн заалтууд хэрэгжээд дуусгавар болсон, төлбөр тооцоо дууссан гэх нотолгоо болно. Гэрээнд "ЛК" ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан, дөрвөлсөн гэрээ байгааг мэдсэн, "НМ" ХХК-д шилжүүлнэ гэдгийг зөвшөөрсөн. Ингээд гэрээ хүчин төгөлдөр болж, "ЛК" ХХК бараагаа шилжүүлж, төлбөрийг "НМ" ХХК-д шилжүүлсэн. Иймд ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэлгүй.

            Дээр дурдсан гэрээнүүд болон тооцоо нийлсэн актад ЛК ХХК-ийн эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, баталгаажуулсан. Эдгээр гэрээнүүдийн дагуу төлбөр төлөгдсөн. Гэрээний биелэлтээ талууд тооцож, тооцоогоо нийлсэн. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгө нь өөрсдийнх нь байгуулсан гэрээний үүргийн дагуу “НМ” ХХК-д шилжсэн тул тооцоогоо шийдвэрлэх нь зөв юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасныг баримтлан "ЭСДГ" ХХК болон "ЛК" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн NB/14/0748 дугаар бүхий бараа нийлүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан "ЭСДГ" ХХК-иас 48 017 945 төгрөг гаргуулан, "ЛК" ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 398 040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398 040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх "НМ" ХХК-иас ямар нэгэн лавлагаа баримт авалгүйгээр "ЛК" ХХК болон НМ ХХК-иудын хооронд автомашинтай холбогдсон гэрээ байгуулагдаагүй гэх хийсвэр дүгнэлтийг хийсэн.

            ЛК ХХКболон НМ ХХК-иудын оролцсон автомашины худалдаатай холбогдсон гэрээ байгуулагдсан бөгөөд бид хэрэгт гаргаж өгсөн. Тодруулбал, "Номин констракшн" ХХК, НМ ХХК-ийн "НМс" салбар, "НЛ" ХХК, "ЛК" ХХК-иудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 1.1-д зааснаас үзэхэд анхан шатны шүүхийн "ЛК” ХХК болон НМ ХХК-ийн хооронд 2014 онд автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй" гэх дүгнэлт худлаа болох нь харагдана.

            Нэхэмжлэгч нь манай компанитай бараа нийлүүлэх гэрээ байгуулахдаа нийлүүлсэн барааны төлбөрийг НМ ХХК-д шилжүүлэхийг санал болгож, гэрээнд тусгуулж байсны учир нь дээрх худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой нь тодорхой болсон. Үүнийг шүүх үндэслэлгүйгээр, эсрэгээр нь нэг талыг барьж, нэхэмжлэгч талд ашигтай байдлаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчдээ санал болгож, гэрээндээ оруулсан төлбөрийн нөхцлийн заалтыг шүүх 2 тал гэрээ хийсэн бол гэрээний үүргээ оролцогч бус этгээд рүү гүйцэтгэхээр тохиролцох ёсгүй мэтээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдалд илэрхий харшилсан үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

            Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан бараа нийлүүлэх гэрээний тусгай нөхцлийн 17-д захиалагч нь нийлүүлэгчээс нийлүүлсэн барааны төлбөрийг НМ ХХК-ийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон нь тодорхой байна. Энэ гэрээг нийлүүлэгч тал болох нэхэмжлэгч "ЛК" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Г баталж, дэд захирал Б.Б төлөөлж гарын үсэг зурж, харилцан тохиролцож, хүсэж байгуулсан гэрээг уншиж, танилцаад өөрсдийн гарын үсгээ зурж баталгаажуулсныг эдгээр этгээдийг гэрээний гол нөхцөл болсон төлбөр тооцооны асуудлыг гэрээгээр хэрхэн зохицуулсныг төсөөлж мэдэлгүйгээр гарын үсгээ зурж "ноцтой төөрөлдсөн" гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийг хууль ёсоор төлөөлөх эрхтэй субьектууд гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан, ийнхүү баталгаажуулсан гэрээ нь хэрэгжсэн, талууд хоорондоо гэрээний төлбөр тооцоогоо нийлж, акт үйлдээд "төлбөр тооцоогүй" болохоо илэрхийлсэн, гэрээ байгуулснаас хойш 2 жил 8 cap /хугацааг нэхэмжлэл гаргасан өдрөөс тооцов/, төлбөрийг гэрээнд заасан субьектэд шилжүүлснээс хойш 1 жил 9 cap, гэрээний төлбөрийн тооцоо нийлж акт үйлдсэнээс хойш 1 жил 8 сарын хугацаа өнгөрчихөөд байхад эдгээр нөхцөл баримтыг шүүх харгалзан үзээгүй нь шүүхийн шийдвэрийг "үндэслэл бүхий байх" шаардлагыг хангахгүй болгож байна.

            Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсэгт "төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөлдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй" гэж заасан. Нэхэмжлэгч тал "ноцтой төөрөлдсөн" тухайгаа хариуцагчид ямар нэгэн хэлбэрээр мэдэгдээгүй бөгөөд төөрөлдсөнийг нь хариуцагч бид шүүхэд иргэний хэрэг үүссэний дараа нэхэмжлэлийг гардан авсанаар мэдсэн. Нэхэмжлэгч хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй, ийнхүү мэдэгдсэн тухай ямар ч баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэгчийн энэхүү "ноцтой төөрөгдөл"-ийн асуудлаар иргэний хэрэг үүсгэсэн нь ч үндэслэлгүй байна. Хуулийн дээрх заалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан тохиолдолд хамаарах хуульд заасан журам юм. Энэ журмыг шүүх хэрэг үүсгэхдээ ч, үүсгэсний дараа ч хэргийг хэлэлцэж шийдвэрлэхдээ ч анхаараагүй нь уг шүүхийн шийдвэрийг хууль ёсны байх шаардлагыг хангахгүй болгож байна. Талууд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрээний төлбөр тооцоогоо нийлсэн акт үйлдэж, санхүүгийн тамга тэмдгээр баталгаажуулсан бөгөөд уг актанд " ... “ЭСДГ" ХХК нь үлдэгдэл төлбөргүй болно" гэжээ. Энэхүү гэрээг дүгнэж төлбөр тооцоо дууссаныг нотлох гол баримт бичиг хэрэгт авагдсан бөгөөд үүнийг шүүх үнэлээгүй атлаа дээрх баримтаар нотлогдсон, бодитой хэрэгжсэн гэрээний тусгай нөхцлийн 17-д заасан төлбөрийн нөхцлийн заалтыг "ноцтой төөрөгдсөн" гэх хийсвэр, баримтгүй, зохиомол үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсоныг илэрхий нэг талыг барьсан үйлдэл гэж үзэж байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч ЛК ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүйгээс зохигчдын хооронд үүссэн маргааны талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж, улмаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгч ЛК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүх хуралдаанд “... нийлүүлсэн барааныхаа үнийг авья гэж байгаа юм, ... гэрээний 17 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулна /хх-52 хуудасны ар тал/ ...” гэж зөрүүтэй тайлбарууд гаргасан байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг шаардаж байна уу, эсхүл гэрээний нэг заалтыг, эсхүл гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүсч байгаа эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн зохигчид, тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний үүрэг нь 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “НК” ХХК, НМ ХХК-ийн “НМ” салбар болон “НЛ” ХХК, ЛК ХХК-иудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой эсэх талаар маргадаг төдийгүй, тус гэрээний 3.3-т заасан “тусдаа нэмэлт гэрээ” гэдэг нь нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж буй 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн бараа нийлүүлэх гэрээ мөн эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх “ноцтой төөрөгдөл” гэж дүгнэн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоноор 4 талт гэрээний талуудын эрх ашиг хөндөгдөх болзошгүй болохыг анхаарч үзээгүй байна. Мөн мөнгө шилжүүлэн авсан гэх этгээд болох НМ ХХК нь бие даасан хуулийн этгээд, эсхүл НМ ХХК-ийн салбар этгээдийн аль нь болохыг тодруулах шаардлагатай байна.

      Иймд шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд өөрчлөлт оруулах боломжгүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаав.     

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01955 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398 040 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

                                                  

                             ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

                                   

                                                                                    Ч.ЦЭНД