| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2020/0207/З |
| Дугаар | 554 |
| Огноо | 2020-09-02 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 554
2020 оны 09 сарын 02 өдөр Дугаар 128/ШШ2020/0554 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК ,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, ашигт малтмалын ашиглалтын MV-000000дугаар тусгай зөвшөөрлийг сэргээлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Р, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагч Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: “ “Б” ХХК нь хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эзэмшиж эхэлсэн. Хууль, тогтоомжийн дагуу 2015-2018 оны хооронд дээр дурдсан тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажлыг шат дараалан хийж, алтны шороон ордыг нээн илрүүлж, 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан давуу эрхийн хүрээнд ашигт малтмалын ашиглалтын MV-000000дугаартай тусгай зөвшөөрлийг хуульд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс олгосон.
Ашиглалтын тусгай зөвшөөрлийн болон уурхайн эдэлбэр газрын талбайд ямар нэгэн гол горхи, ой мод байхгүй, хууль тогтоомжийн хүрээнд ямар нэгэн давхцалгүй, байгалын тогтцын хувьд хойноос урагш чиглэлтэй, том, бага нийлсэн 3 жалгаас бүрдсэн байдаг. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд уурхай эхлэхэд шаардлагатай холбогдох бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлсэн бөгөөд Уулын ажлын төлөвлөгөөний дагуу уурхайг 2019 онд эхлүүлэхээр төлөвлөсөн боловч компанийн дотоод нөөц бололцоо болон тус орон нутгийн зөвшөөрөл зэрэг асуудлаас болон мөн одоо ямар нэгэн ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй болно. Манай компанийн зүгээс 2020 онд уурхай нээх, ашиглалтын ажиллагаа явуулахаар төлөвлөн ажиллаж байсан юм.
Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 8/804 тоот “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гардан авсан. Уг мэдэгдэлд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/895 тоот албан бичгээр ирүүлсэн ******* тоот дүгнэлтийг тус тус үндэслэн танай компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-000000тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр цуцалсан болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэж дурдсан байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу манай компанийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байхад биднээс тайлбар, мэдүүлгийг авч, нотлох баримт цуглуулан, нөхцөл байдлыг тогтоох чиг үүргээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хэрэгжүүлээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулалгүйгээр захиргааны шийдвэр гаргах процесс ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна.
Манай компанийн хувьд ашиглалтын талбайд ямар нэгэн байдлаар олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй байхад “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Бидний зүгээс ямар нэгэн байдлаар олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй буюу байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээгүй байхад байгаль орчинд хортой нөлөөлж байгаа гэсэн үндэслэлээр ашигт малтмалын ашиглалтын MV-000000дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсныг эс зөвшөөрч, хэн нэгэн этгээдийн хайхрамжгүй хандсанаас алдаатай үйлдэл болсон байна гэж үзэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга гомдлыг хүлээн авахаас татгалзаж 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 1/1108 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэн байна.
Иймд Захиргааны хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын ашиглалтын MV-000000дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг хүсье” гэжээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтэд: “1. Увс аймгийн *******Х сумын Хунт багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот албан бичиг, *******Х сумын Соёлын төвийн эрхлэгчийн “Хүсэлт уламжлах тухай” 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01 тоот албан бичиг, ******* нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн “Хүсэлт уламжлах тухай” 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 8 тоот, *******Х сумын Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын “Тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай” 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоол, Хунт багийн нийт 639 иргэдийн “Б” ХХК-ийн алт олборлох үйл ажиллагааг эсэргүүцсэн гарын үсэг бүхий жагсаалт, Увс аймгийн *******Х сумын иргэн Д.Батмөнх, Л.Мэндбаяр, Б.Шинэбаяр нарын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандсан тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт бүхий ирүүлсэн саналыг судлан үзэхэд байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх тул “Б” ХХК-ийн эзэмшдэг MV-000000тоот “Алаг толгой” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв.” гэсэн байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “ “Б” ХХК нь Ашигт малтмалын хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эзэмшиж эхэлсэн. Эзэмшиж байх хугацаандаа хуульд заасан шаардлагын хүрээнд 2015-2018 оныг хүртэл хайгуулын үйл ажиллагаа явуулж, хайгуулын ажиллагааны үр дүнд холбогдох материалыг бүрдүүлсний үндсэн дээр Ашигт малтмалын газраас нөөцийг хүлээн авч 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын МV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон. Уг тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон талбайтай давхцалгүй, ямар нэгэн тусгай хамгаалалтын бүс нутагт болон гол ус мөрний талбайд хамаарахгүй. Хайгуулын үйл ажиллагаа явуулснаас өөрөөр газрын хөрсийг хөндсөн зүйл байхгүй. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Увс аймгийн ******* Х сумын Засаг даргаас ирүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот албан бичгийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 0185 дугаартай албан бичгээр “Б” ХХК-д холбогдох дүгнэлтийг хүргүүлсэн. Энэ албан тоотоор манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байсан. “Б” ХХК-ийн зүгээс байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан болон ерөнхий үнэлгээний төлөвлөгөөг батлуулж, хуульд заасан шаардлагыг хангасан. Гэтэл Увс аймгийн ******* Х сумын Хунт багийн Засаг даргын саналыг үндэслэж манай компанийг байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй гэж ирээдүйд болох нөхцөл байдлыг үндэслэж шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Энэ хуульд нийцээгүй дүгнэлтийг үндэслэж Ашиг малтмал, газрын тосны газраас “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Мөн тусгай зөвшөөрлийг цуцлахаас өмнө манай компанид сонсгох ажиллагаа явуулаагүй, мэдэгдээгүй, тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа эдгээр үйл ажиллаагааг явуулсан. Уг албан бичгийг үндэслэлтэй байна уу, үгүй юу гэдгийг шалгасан зүйл байхгүй. Манай компанийн эрх ашгийг анхаарч үзэлгүй дүгнэлт гаргасан нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна.
Увс аймгийн прокурорын газрын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 46 дугаартай тогтоолыг ирүүлсэн байна. Мөн гомдол гаргасан этгээд нь энэ тогтоолыг гарснаас хойш 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг. Гэвч гомдол гаргаагүй байгаа нь 08 дугаартай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгогдож байна. Увс аймгийн *******Х сумын Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг *******Х сумын Засаг даргын Тамгын газраас гаргаж өгсөн, нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөөгүй. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл нь 1 өдөр, 1 цаг хугацаанд 2 өөр агуулгатай тэмдэглэл гарсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь Увс аймгийн *******Х сумын Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Ж нь тогтоол болон хурлын тэмдэглэлийг өөрийн гараар бичиж, гарын үсгээ зурсан, тогтоолд сумын Засаг дарга, “Б” ХХК-ийг хамтран ажиллахыг даалгаж, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Тухайн хуралд өөрийн биеэр оролцсон *******Х сумын Засаг дарга нь хамтран ажиллах гэрээг байгуулсан байгаа нь уг тогтоолын дагуу шийдвэр гарсан байна гэдэг нь тодорхой байна. “Б” ХХК нь иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэдгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, тогтоол байхгүй. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дүгнэлт гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлэхдээ “Б” ХХК-ийг бичиг баримт хуурамчаар үйлдсэн талаар дурдсан зүйл байхгүй.
Увс аймгийн *******Х сумын Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын 08 дугаартай тогтоол манайд байхгүй. Увс аймгийн *******Х сумын Засаг даргаас гаргаж өгсөн нотлох баримтад энэ тогтоол албан ёсоор гарсан байна гэдгийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулсан. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний бүрдэл хэсэг. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг Увс аймгийн Байгаль орчны газарт өгсөн. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг гаргах хугацаа болоогүй.
“Б” ХХК-ийн хувьд ямар нэгэн байдлаар ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0120 дугаартай албан бичгээр Уул уурхайн яамны ажлын хэсгийн тайлангийн хүрээнд хангалттай нотлогдож байна. Үүнээс харахад ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Нэгэнт үйл ажиллагаа явуулаагүй, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан мэргэжлийн хяналтын байгууллагаас байгаль орчинд нөлөөлсөн гэдэг дүгнэлт гараагүй байхад манай тусгай зөвшөөрлийг цуцалсан үйлдэл нь илт хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан чиг үүргийнхээ хүрээнд ямар нэгэн нөхцөл байдалд үүссэн дараагийн шатны бүрэн эрхийнхээ хүрээнд тухайн актыг гаргасан гэж байгаа боловч ямар нэгэн факт үүссэн байхыг шаарддаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлт нь хуульд заасан шаардлагад нийцээгүй тул Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан “Б” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуульд нийцээгүй гэдэг нь тодорхой байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсвэл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь орон нутгийн байгууллагаас ирсэн өргөдлийг хүлээж авсны дараа шалгасны үндсэн дээр дүгнэлт гаргах ёстой. Гэтэл бичиг ирснээс хойш 3 хоногийн дотор дүгнэлтийг гаргасан байгаа нь бодит байдлыг судлаагүй гэдэг нь харагдаж байна. Мөн Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа хийгдээгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт”-ийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсгийг үндэслэл болгон мөн Увс аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/1272 тоот албан бичиг, Хан Хөхий нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 8 тоот албан бичиг, Увс аймгийн *******Х сумын Соёлын төвийн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот албан бичиг, Увс аймгийн *******Х сумын Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 01 дүгээр тогтоол, хурлын тэмдэглэлийг удирдлага болгон “Б” ХХК-ийн эзэмшдэг М\/-******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх ажлын хэсгийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн ******* нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны 2020 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 08 тоот албан бичгээр тус хамгаалалтын захиргааны газар нутгийн орчны бүсэд хамаарч байгаа гэсэн байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...Дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт үзүүлж байгаа буюу үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэх, тухайн газар нутгийг хамгаалахад иргэдийн оролцоог өргөжүүлэх, тэдний ахуй амьдралаа баталгаажуулах, байгалийн баялгийг зохистой ашиглах шаардлагыг харгалзан тогтоосон газар нутгийг орчны бүс гэнэ...” гэж, 3.2-т “...Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шаардлагатай гэж үзвэл байгалийн нөөц газар, дурсгалт газарт орчны бүс, түүний заагийг тогтоож болно...” гэж, 3.3-т “...Орчны бүс нь дархан цаазат газрын хилийн заагийн гадна байх бөгөөд байгалийн цогцолбор газрын хувьд түүний хилийн заагийн гадна буюу хязгаарлалтын бүстэй нь давхацсан байж болно.. " гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлд орчны бүсийг тогтоох шалгуурыг тогтоож өгсөн байдаг.
Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана...” гэж, 25.1.7-д “...байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ...” гэж зааж өгсөн байна.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-03 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журам“-ын 2.1-д “..Байгаль орчны стратегийн үнэлгээний явцад олон нийтийн оролцоог дараах байдлаар хангана...” гэж, 2.1.1-д “...стратегийн үнэлгээ хийх мэргэжлийн баг нь үнэлгээний үйл ажиллагаанд олон нийтээс санал авах тухай мэдээллийг санал авч эхлэхээс өмнө олон нийтэд мэдээлж, ажлын 21 хоногт багтаан санал авах...” гэж, 2.1.3-т "...стратегийн үнэлгээ хийх мэргэжлийн баг нь олон нийтээс санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулсан арга хэлбэр, гарсан санал, шүүмжийг хэрхэн тусгасан талаар тайланд тусгах...” гэж заасан байдаг.
Гэтэл нэхэмжпэгч нь орон нутгийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг хуурамчаар баримт бүрдүүлсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд “Байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг” зааж өгсөн, 39.1.7-д “...Уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд тус тус хүргүүлэх бөгөөд уг тайланд дараах зүйлийг тусгах..." гэж 39.1.7.1-д “...байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ...”, 39.1.7.2-т “...ашигласан шинэ техник, технологи...", 39.1.7.3-т “...үйлдвэрийг өргөтгөж хүчин чадлыг нь нэмэгдүүлсний улмаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл, түүнтэй холбогдуулан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал...” гэж заасан. Гэтэл “Б” ХХК нь 2018, 2019 онуудад байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй ба тайлан ирүүлээгүй эрх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байнгын ажлын хэсэг нь сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 тушаалаар байгуулагдсан. Тус ажлын хэсэг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Б” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр гаргасан. Уг дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус үндэслэн, мөн Увс аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/1272 дугаартай албан бичиг, Ханхөхий нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 08 тоот албан бичиг, Увс аймгийн *******Х сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот албан бичиг, Увс аймгийн *******Х сумын Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоол, хурлын тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн “Б” ХХК-ийн МV-******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг гаргасан. Газар дээр нь очиж шалгасан зүйл байхгүй. Хортой нөлөө үзүүлэхээс урьдчилсан сэргийлэх байдлаар арга хэмжээ авч дүгнэлт гаргасан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна” гэж урьдчилсан байдлаар зохицуулсан. Учир нь “Б” ХХК нь Увс аймгийн Засаг даргын 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 1/1272 тоот албан бичигт иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хуурамчаар үйлдсэн. Байгаль орчны үнэлгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Олон нийтийн оролцох асуудлыг журмаар зохицуулах бөгөөд тус журмыг Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан. Хуулийн дагуу Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 дугаартай журмыг баталсан. Гэтэл “Б” ХХК нь олон нийтийн санал аваагүй, иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэдэг нь тогтоогдсон.
Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд “Байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг”-ийг зааж өгсөн. 39.1.7-д “Уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчин учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймаг, сум дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд тус тус хүргүүлэх бөгөөд уг тайланд дараах зүйлийг тусгана” гэж заасан. Мөн хуулийн 39.1.7.1-д “Байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, 39.1.7.2-т “ашигласан шинэ техник, технологи”, 39.1.7.3-т “Үйлдвэрийг өргөтгөж хүчин чадлыг нь нэмэгдүүлсний улмаас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал” гэж заасан. Гэтэл “Б” ХХК нь 2018, 2019 онуудад байгаль орчин менежментийн төлөвлөгөөг Байгаль орчны яам болон сум дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албан өгөөгүй ба тайлан ирүүлээгүй эрх үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг нь баримтаар нотлогдож байна. Үйл ажиллагаа явуулаагүй юм чинь тайлан гаргах ёсгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй
Үнэлгээг батлахдаа заавал иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг баталдаг.
Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд дараах асуудлыг тусгана”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.8-д “төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл” зэргийг хавсаргаж байж ерөнхий үнэлгээ батлагдах ёстой. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. Мөн Увс аймгийн *******Х сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 87 дугаартай албан бичигт ““Б” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хунт багийн “Алаг толгой” гэх газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг авсан байх бөгөөд тусгай зөвшөөрөл авсныхаа дараа Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуралдуулсан боловч дэмжигдээгүй. Үүнийг тэмдэглэлээр баталгаажуулсан болно, санал дэмжигдээгүй тул тогтоол гараагүй” гэж дурдсан байдаг. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хурлын 2 өөр агуулгатай тэмдэглэлийг багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Ж гараар бичсэн, С.Ж-г эрүүгийн журмаар шалгасан боловч нийтийн албан тушаалтан биш гээд хэрэгсэхгүй болгосон. С.Жаргалмаа нь миний гарын үсэг, бичгийн хэлбэрийг хуурамчаар үйлдсэн байна гэж маргаагүй. “Б” ХХК-ийг хуурамч баримт үйлдсэн гэж шалгасан зүйл байхгүй.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” нь төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх гэж заасан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ “Б” ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай “тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын ашиглалтын MV-000000дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Увс аймгийн *******Х сумын нутагт байрлах “Х” нэртэй 4079.49 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр “Б” ХХК-д олгожээ. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 844 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-000000тусгай зөвшөөрлийг дээрх компанид олгосон байна.
Увс аймгийн *******Х сумын Хунт багийн Засаг даргаас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот албан бичгээр тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Б” ХХК-ийн үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгаад холбогдох дүгнэлтийг гаргуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/895 тоот албан бичгээр “Б” ХХК-д холбогдох дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 сарын 10-ны өдрийн ******* дугаар бүхийн дүгнэлт нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг үндэслэн “байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй” байх тул “Б” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын MV-000000тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцална гэжээ.
Дээрх хуулийн заалтыг үндэслэн тус газрын Кадастрын хэлтсийн даргын ******* дугаар шийдвэр гарсан болно.
Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, мөн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 8/804 дүгээр албан бичгээр “Б” ХХК-д тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд цуцлагдсан болохыг өдөр тутмын “Монголын мэдээ” сонины 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 039 дугаарт нийтэлсэн байна.
“Б” ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 19-нд ирүүлсэн гомдолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-000000дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул танай компаниас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 1/1108 тоот албан бичгээр өгсөн байна.
Иймд “Б” ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 сарын 11-ний өдрийн ******* дугаар “тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрийг хүчингүй болгож, ашигт малтмалын ашиглалтын MV-000000дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “ “Б” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “А” лицензээ авсан. Уг лицензээ авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгуулах өргөдлөө гаргаж, маягтын дагуу бүрдүүлэх материалаа бүрдүүлж өгсөн. Иймд “Б” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлсэн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг үндэслэн байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй байх тул “Б” ХХК-д олгогдсон ашигт малтмалын “А” лицензийг цуцлуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан байсан. Манай байгууллагын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан шийдвэрийг дахин шалгах чиг үүрэг байхгүй учраас лицензийг хүчингүй болгосон. 2019 онд ашиглалт олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр Увс аймгийн *******Х сумын нутагт байрлах “Х” нэртэй 4079.49 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг “Б” ХХК-д олгож, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Н/118 дугаартай шийдвэрээр нөөцийг хүлээн авч бүртгэн, тухайн талбайн 362.62 гектар талбайд ашигт малтмал ашиглах MV-000000дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 844 дүгээр шийдвэрээр 2048 оны 12 дугаар сарын 07-ныг хүртэл хугацаагаар тус компанид олгосон байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэхийг даалгасан байх бөгөөд энэ ажлын хэсэг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар бүхий “байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй” үндэслэлээр “Б” ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар” дүгнэлт гаргаж, мөн өдрөө Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 1 хоногийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-000000дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэлээр цуцалжээ.
Нэхэмжлэгч “Б” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-000000дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт, уг тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, ашигт малтмалын ашиглалтын MV-000000дугаар тусгай зөвшөөрлийг сэргээлгэх” шаардлага гаргасан бөгөөд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийг дүгнэвэл:
Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар бүхий дүгнэлтээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг үндэслэн “байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй” үндэслэлээр “Б” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын MV-000000тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар гаргасан бөгөөд “байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй” гэх үндэслэлээ Увс аймгийн *******Х сумын Хунт багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот албан бичиг, *******Х сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 01 тоот хүсэлт, Ханхөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 08 тоот хүсэлт, Увс аймгийн *******Х сумын Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Хунт багийн 639 иргэний алт олборлох үйл ажиллагааг эсэргүүцсэн гарын үсэг, нэр бүхий 3 иргэнээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэсэн гэж дурджээ.
Гэтэл дүгнэлтийн үндэслэл болгосон албан бичгүүд нь, тухайлбал багийн Засаг даргын албан бичиг нь “байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгаад холбогдох дүгнэлт гаргуулах”, сумын Соёлын төвийн эрхлэгчийн хүсэлт нь “соёлын үнэт өв бүхий газар”, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хүсэлт нь “байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсээс 8 орчим км-т, орчны бүсэд хамаарч байгаа” агуулгатай, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг шууд цуцлах үндэслэлээр биш байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар “байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэл байгаа эсэх”-д холбогдох дүгнэлт гаргуулахаар хандсан байхад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг нь нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулсан эсэх, ямар үйл ажиллагаа явуулахаар байгаль орчинд хортой ямар нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгааг шалгаж тогтоогоогүй байж дээрх албан бичгүүдийг шууд үндэслэл болгон “байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байх үндэслэлтэй" гэж дүгнэсэн байна.
Энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д заасан “байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр байгаль орчинд хортой нөлөөлсөн болохыг, нөлөөлөх эрсдэл байгаа”-г тогтоолгүй ийнхүү дүгнэлт гаргаснаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргасан” гэх нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах үр дагавар үүсгэж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Санал, дүгнэлт нь эрх зүйн үр дагавар, үйлчлэл, гаргах субьектийн хувьд өөр, санал гэдгийг “төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар гаргасан иргэний хүсэлтийг ойлгоно” гэж Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд томьёолсон, өөрөөр хэлбэл санал нь шууд эрх зүйн үр дагавар үүсгэхүйц биш бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт нь “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүйг тогтоосон” тусгай зөвшөөрлийг цуцлах шууд үндэслэл болох үр дагавар үүсгэх төрийн захиргааны төв байгууллагын үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Тиймдээ ч энэ үйл ажиллагаанд Захиргааны ерөнхий хуулиар тавигдах “эрх ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх, сонсгох, тайлбар авах, бодит нөхцөл байдлыг тогтоох, хуульд үндэслэх, шийдвэрээ хүргүүлэх” шаардлага хангагдах ёстой.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллага санал гаргасан тохиолдолд тэр хүрээнд хяналт шалгалтыг хийж, бодит нөхцөл байдлыг тогтоож, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг тэр үндэслэлээр цуцлуулахаар дүгнэлт гаргах, үндэслэл бүхий тэрхүү дүгнэлтийг үндэслэж тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалт юм.
Тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр нь дүгнэлтийг үндэслэл болгосон бол энэ дүгнэлтийн үндэслэл болсон албан бичгүүд, хүсэлтүүдэд тусгай зөвшөөрлийн талбайн талаар “байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж болзошгүй” гэсэн агуулгатай байх бөгөөд ямар байдлаар байгаль орчинд ийнхүү хортой нөлөө үзүүлж болзошгүй гэж үзсэнийг нотлох баримт, материал хавсаргаж ирүүлээгүй байдаг.
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд “байгаль орчинд хортой нөлөөлөх” гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл, эс үйлдлийг хамааруулж ойлгохоор тодорхойлсон тул байгаль орчинд хортой нөлөөлөхөөр, нөлөөлж болзошгүй ямар үйл ажиллагаа нэхэмжлэгч явуулсныг захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа нотолсон байх, түүнийгээ үндэслэсэн байх ёстой. Иймээс хариуцагч байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргахдаа баримталсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан үндэслэлийг баримтаар тогтоосон байх үүргээ биелүүлээгүй нь хуульд нийцээгүй, улмаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдах үр дагавар үүсгэжээ.
Нөгөө талаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй” байх нөхцөлийг заасан, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны улсын комисс уурхайн талбайд ажиллаад шороон ордын ил уурхайг байнгын ашиглалтад хүлээн авах эсэхийг 2020 оны 1 дүгээр сарын 16-нд хэлэлцээд тодорхой асуудлаар албан даалгавар өгч хэрэгжилтийг хангуулсны дараа уурхайг байнгын ашиглалтад хүлээн авах акт гаргахаар шийдвэрлэсэн байдаг, өөрөөр хэлбэл уурхайн ашиглалт эхлээгүй байхад нөхөн сэргээх үүрэг яригдахгүй юм.
Дээрх үйл баримтаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг нь “байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж болзошгүй” гэх үндэслэлээ тогтоогоогүй, газар дээр нь бодит байдлыг шалгаагүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэхийг дүгнээгүй нь үндэслэлгүйн дээр, шийдвэр гаргахаас өмнө энэ талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, тайлбар, баримт гаргах эрх, оролцоог хангаагүй нь Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэж оролцоог нь хангах шаардлагыг биелүүлээгүй байна. Хэдийгээр захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргах боломж бүхий зохицуулалт байдаг ч энэ тохиолдол нь тодорхой хуульчлагдсан, энэ нөхцөл байдлаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй, өөрөөр хэлбэл яагаад сонсох ажиллагаа хийхгүйгээр, урьдчилан мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргах болсон шалтгаан нөхцөлөө тайлбарлаагүй, нотлоогүй тул энэ үүргээс чөлөөлөгдөхгүй, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны энэ ажиллагаа зөвтгөгдөхгүй.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар дүгнэлт “байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй” гэх үндэслэлээр гарсан ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахад орон нутгийн саналыг авахдаа хуурамч баримт үйлдсэн, байгаль орчны менежментийн тайлан ирүүлээгүй нь байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй гэж үзсэн үндэслэл болгож тайлбарлажээ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар “байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоох”-ыг ойлгох бөгөөд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан мэргэжлийн байгууллага байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгээр тайлан бэлтгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах ба байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу хариуцагч яамнаас томилогдсон шинжээч байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гарган, хянан магадлагаа хийж баталгаажуулдаг, яам байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталдаг байна.
Байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих чиг үүрэгтэй орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас тодруулахад Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 118 тоот албан бичгээр “байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, менежментийн төлөвлөгөөг тус газарт ирүүлээгүй, уг талбайд байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулаагүй, мөн тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гаргуулахаар санал яаманд хүргүүлээгүй” болохыг тодорхойлсон байдаг.
Уг тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2019 онд боловсруулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээч баталсан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг гаргах хугацаа болоогүй байсан тул байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайлан ирүүлээгүй нь байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй гэж үзэх үндэслэл болохгүйн дээр тус компанийн буруутай үйлдлийг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр “орон нутгийн саналыг авахдаа хуурамч баримт үйлдсэн” гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шүүхэд нотлох баримтаар “Б” ХХК-ийн Увс аймгийн *******Х суманд хэрэгжүүлэх алтны шороон орд төслийн 2019 оны Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг эх хувиар ирүүлсэн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээч шүүмж хийж, ерөнхий шинжээч баталсан уг тайланд Увс аймгийн *******Х сумын Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор төслийг хэрэгжүүлэхийг олонхийн саналаар дэмжсэн, тогтоолд хуралд оролцсон иргэдийн нэрс болон хурлын тэмдэглэлийг хавсаргасан, тэмдэглэлийг гараар үйлдсэн бөгөөд тогтоол болон тэмдэглэлд Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Жаргалмаа гарын үсэг зурсан байдаг.
Гэтэл Увс аймгийн *******Х сумын Засаг даргын Тамгын газрын дарга нотариатын үүрэг гүйцэтгэгчийн тамгатайгаар хуулбарыг гэрчлэн *******Х сумын Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай тогтоол, уг тогтоолыг хүчингүй болгосон 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай тогтоол, Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны гараар бичигдсэн тэмдэглэлийг шүүхэд ирүүлсэн байсан бөгөөд энэ тэмдэглэл Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хадгалагдаж буй, яамнаас шүүхэд ирүүлсэн 2019 оны Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд эх хувиар авагдсан мөн өдрийн тэмдэглэлтэй агуулгын хувьд адил “үйл ажиллагаа явуулахыг дэмжсэн” байна.
Увс аймгийн *******Х сумын Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор тус иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар тогтоолыг “иргэдийн эсэргүүцсэн саналыг компанийн төлөөлөл нь дэмжсэнээр болгон өөрчилсөн” үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Увс аймгийн Цагдаагийн газар “хурлын тогтоол, тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх үйлдлийг Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Жаргалмаад холбогдуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнийг “эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьект биш” үндэслэлээр Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2020оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 46 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал Хунт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар тогтоолоо 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор хүчингүй болгосон үндэслэл болсон “иргэдийн эсэргүүцсэн саналыг компанийн төлөөлөл нь дэмжсэнээр болгон өөрчилсөн” гэх үндэслэлээр тус компани, түүний төлөөлөлд холбогдуулан эрх бүхий байгууллага шалгаагүй, тогтоогоогүй байна.
Иймд байгаль орчны менежментийн тайлан ирүүлээгүй, орон нутгийн саналыг авахдаа хуурамч баримт үйлдсэн гэх тайлбар нь бусад баримтаар нотлогдохгүй байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг дүгнэвэл:
Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” нь ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болох ч ийнхүү тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх, тайлбар гаргах эрх, оролцоог хангах хуулиар нарийвчлан тогтоосон ажиллагааг хийх үүргээс хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг чөлөөлөхгүй. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ талаар мэдэгдэл өгөх бөгөөд мэдэгдэлд цуцлах үндэслэлийн талаар тодорхой заана”, 56.3-т “мэдэгдэлд заасан цуцлах үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт ирүүлнэ”, 56.4-т “төрийн захиргааны байгууллага ирүүлсэн нотлох баримт, тайлбарыг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, эдгээр шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ” гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд тайлбар өгөх, үгүйсгэх баримт байгаа бол гаргаж өгөх ажиллагааг хийх төрийн захиргааны байгууллагын үүргийг тодорхой журамласан байхад хэрэгжүүлээгүй, дүгнэлтийг аваад 1 хоногийн дотор шийдвэр гаргасан нь бодит нөхцөл байдлыг тогтоох, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх, сонсгох, оролцоог нь хангах, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ. Ийнхүү Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгосноор ашигт малтмалын ашиглалтын MV-000000дугаар тусгай зөвшөөрөл сэргэхийг дурдах нь зүйтэй, өөрөөр хэлбэл маргаан бүхий актыг шүүх шийдвэрлэснээс үүсэх шууд үр дагавар юм.
Түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүйгээр халдсан, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн үндэслэл болсон дүгнэлтийг гаргасан тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахаар шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.1.12 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 15 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосноор ашигт малтмалын ашиглалтын MV-000000дугаар тусгай зөвшөөрөл сэргэхийг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА