Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 94

 

                                    

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, 

            нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

            улсын яллагч Н.Булганчимэг,

            хохирогч Э.Оюунцэцэг, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар,

            шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийв.

 

            Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч З.Мөнх-Эрдэнийг холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн эрүүгийн 201624000524 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “ОСНААУГ-ны Зүүн түгээх төв”-д засварчин ажилтай, ам бүл-2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Халдвартын клиникийн эмнэлэгийн 6-3 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УХ90092773 регистрийн дугаартай, Тайшир овогт Завхантуяагийн Мөнх-Эрдэнэ,

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг 4 дүгээр байрны урд замд 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 20 цаг 30 минутын орчим Т.Приус маркийн 63-90 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д ‘жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиололд зогсоох арга хэмжээ авна‘’ гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Э.Оюунцэцэгийг мөргөж түүний биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шижлэн судлав. Үүнд: Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Торгуулын ялыг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү.” гэв,

 

Хохирогч Э.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 5 дугаар сарын 29-ний өдөр зүгээр ажлаа хийж явж байгаад машинд мөргүүлсэндээ маш их гомдолтой байна. Шүүгдэгч надаас уучлалт гуйж ирж байгаагүй. Хагалгаанд орох гэж байхад утасдаж асуугаагүй. Хүн мөнгөгүй байж болно. Хүн сэтгэл гаргах ёстой. Үүнд нь маш их гомдож байна. Хохирлыг шүүгдэгчээс бүрэн нэхэмжилж 19.600.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж авмаар байна. Би бүтэн жил энэ аппарттай байна. Би сард 900.000 төгрөгийн цалинтай байсан. Үүнийг 1 жилээр үржүүлэхээр 12.288.000 төгрөг болж байгаа. Мөн эмчилгээний зардалаа нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна. Би өөрөө 2 өвдөгний протецтой хүн. Би өвдөгтөө протецгүй байсан бол төмөр хийлгэх байсан. Төмөр хийлгэж чадахгүй аппараттай байгаа учир өвлийн хүйтэнд ч гарч чадахгүй яалт ч байхгүй гэртээ суух болчихоод байна. Би өрх толгойлсон эх хүн. Ам бүл 4, охин, хүү, зээтэйгээ амьдардаг...хохирол төлбөрөө нэхэмжилж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-5/, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6-8/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-11-12/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13/, хохирогч Э.Оюунцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-21-22/, гэрч Ч.Уянгын өгсөн мэдүүлэг /хх-26/, гэрч Г.Батмөнхий өгсөн мэдүүлэг /хх-28/, гэрч Д.Алтантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-30/, гэрч Ч.Эрдэнэбатын өгсөн мэдүүлэг /хх-32/, шинжээч Б.Ганбатыг байцаасан тэмдэглэл /хх-34/, Техникийн шижээчийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-36/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 7492 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-38/, сэжигтнийг байцаасан тэмдэглэл /хх-50/, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол /хх-51/, “Чандмана” Сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолт /хх-56/, шүүгдэгч З.Мөнх-Эрдэний урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-57/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-60/, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-61/, жолоочийн согтуурал шалгах магадлагаа /хх-62/, шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-64/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-65/, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар “Зүүн түгээх” төвийн тодорхойлолт /хх-68/, хохиролын баримт /хх-80-88, 128-130/, хохирогчийн өвчний түүх /хх-91-100/ зэрэг болно.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Уянгын өгсөн “…2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр би гэртээ байж байхад ээж гэр рүү орж явна гэсэн. Удалгүй үл таних хүн “ээж чинь аваарт орчихлоо…13 дугаар хороолол 4 дүгээр байрны гадаа” гэж хэлсэн. Би найзын хамт гараад очиход ээж мөргүүлчихсэн хөлөө бариад сууж байсан. Мөргөсөн Т.Приус маркийн 63-90 УБН улсын дугаартай машин нь явган хүний зам руу ороод хайс даваад зогсчихсон байсан. Би 102 болон 103-т залгаж дуудлага өгсөн. Би ээжтэйгээ Гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэг үзээд хөл хугарсан байна хэвтэх шаардлагатай гээд хэвтүүлсэн. Миний ээж урьд нь өвдөгний үе солиулах мэс засал хийлгэсэн байсан. 2016 оны 6 дугаар сарын 23-нд хагалгаанд орсон. Хиймэл үетэй учир хөлийг нь хадаж болохгүй аппарат тавьсан” /хх-26/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Батмөнхийн өгсөн “…З.Мөнх-Эрдэнэ багаж аваад машинаа жолоодож ХҮТ-4 хашаанаас гараад хөдлөхдөө хурдтай хөдлөөд хашааны хаалганы гадна талд зогсож байсан Т.Приус маркийн машиныг тойрч гараад жолооны хүрдээ огцом эргүүлээд хариулж чадахгүй сандарсандаа хаазаа гишгээд явган хүний зам руу хашлага давж ороод явган хүний замаар явж байсан эмэгтэй хүнийг мөргөсөн. З.Мөнх-Эрдэнэ утсаараа түргэн тусламж дуудаад, мөргүүлсэн хүний охин хүргэн 2 нь гарч ирээд цагдаа дуудсан. Түргэн тусламж ирээд явган зорчигчийг авч яваад дараа нь Замын Цагдаагийн газраас жижүүрийн бүрэлдэхүүн ирж хэргийн газрын үзлэг хэмжилт хийсэн. Би автомашины урд талын суудал дээр суугаад явж байсан…” /хх-28/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Алтантуяагийн өгсөн “…З.Мөнх-Эрдэнэ миний төрсөн дүүгийн хүүхэд нэг эгчтэй, аав байхгүй. Эгч нь хувиараа үсчин хийдэг тусдаа амьдардаг. З.Мөнх-Эрдэний гэр нь Халдвартын эмнэлэгийн ажилчдын нийтийн байранд байдаг. Тэр байр нь туйлын муу, хүн амьдрах боломжгүй гээд актлагдсан хуучин байшин байдаг. Ээж нь тэтгэвэрт гараад тэтгэвэрийн зээл аваад З.Мөнх-Эрдэнэд машин авч өгсөн, З.Мөнх-Эрдэнэ машин жолоодож яваад хүн мөргөж осол гаргасан байна. З.Мөнх-Эрдэнэ багаасаа бие муутай, сонсгол муутай, ээрч гацдаг. Эмч чихэндээ хагалгаанд ор гэсэн боловч ажлын нөхцөлөөс болоод орж чадахгүй байгаа. 8 дугаар анги төгсөөд Барилгын коллежид сантехникч мэргэжилтэй болод ОСНААК-т слесарь хийж байгаа. Эхнэр хүүхэдгүй, зан аашын хувьд ерөнхийдөө гайгүй. Ажил дээрээ нэр хүнд сайтай, ажлаа сайн хийдэг, ганц цалингаараа амьдардаг, өөр ямар нэгэн орлого байхгүй. Туслаад дэмжээд өгөх ойр дотны хүн байхгүй. Унаж явсан машинаа зараад хохирогчид эмчилгээний зардлыг өгье гэхээр хохирогч зөвшөөрөхгүй байгаа … гэсэн мэдүүлэг /хх-30/, 

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Эрдэнэбатын өгсөн “…З.Мөнх-Эрдэнэ манай байгууллагад 2011 оноос хойш тасралтгүй ажилаж байгаа ажилдаа сайн. Биеийн эрүүл мэндийн хувьд чих нь сонсгол муутай, хэл нь бага зэрэг ээрүү гэхдээ сэтгэцийн хувьд эрүүл. Ажиллаж байх хугацаандаа 2013 оны хэсгийн аварга засварчин, 2015 онд Зүүн түгээх төвийн аврага засварчнаар тус тус шалгарч байсан. Зан байдлын хувьд төлөв томоотой, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, хамт олондоо нэр хүнд сайтай, амьдралын хувьд боломж муутай ээжтэйгээ хамт амьдардаг, ээж нь тэтгэвэрт гарсан, гэртээ ганцаараа ажил хийж байгаа. Саяхан машинтай болоод удалгүй аваар хийчихсэн байсан. Хамаатан садан гээд байх хүн бараг байхгүй…” /хх-33/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Б.Ганбатын өгсөн “…Хохирогч Э.Оюунцэцэг нь явган хүний замаар явж байсан. зорчих хэсэг рүү ороогүй тул Замын Хөдөлгөөний Дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. З.Мөнх-Эрдэнэ нь өгсөн тайлбар мэдүүлэгтэй “тоормозоо гишгэх гээд андуурч хаазаа гишгээд замаас гараад замын хашлага даваад явган хүний замаар явж байсаан эмэгтэйг машинхаа урд хэсгээр мөргөсөн” гэсэн байсан тул хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ аваагүй Замын Хөдөлгөөний Дүрмийн 9.2 дахь заалтыг зөрсөн гэж үзсэн…” /хх-34/ гэх мэдүүлэг,

 

Техникийн шинжээчийн №36 тоот актын “...Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зам тээврийн ослын схем зураг хэргийн газар дээр авсан фото зураг холбогдогч нарын өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээс үзэхэд Т.Приус маркийн 63-90 УБН дугаартай автомашиныг жолоодож явсан З.Мөнх-Эрдэнэ нь МУ-ын ЗХД-ийн 9.2”жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байна.

Явган зорчигч Э.Оюунцэцэг нь Замын Хөдөлгөөний Дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт /хх-36/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №7492 тоот актын

1. Оюунцэцэгийн биед зүүн шаант, шилбэ ясны далд хугарал, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-38/,

 

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар Зүүн түгээх төвийн “ Тус төвийн засварын хэсгийн засварчин З.Мөнх-Эрдэнэ нь нийтийн аж ахуйн салбарт тасралтгүй 6 жил ажиллаж, Хаусинг Сервис ХХК-ийн 2012 оны “ Хөдлмөрийн аврага”, Зүүн түгээх төвийн 2014 оны “ Хөдөлмөрийн аврага”-аар тус тус шалгарч байсан тэргүүний ажилтнуудын нэг юм. З.Мөнх-Эрдэнэ нь төлөв даруу, ажилч хичээнгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлдэг шилдэг ажилтан болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт /хх-68/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг 4 дүгээр байрны урд замд 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 20 цаг 30 минутын орчим Т.Приус маркийн 63-920 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д ‘жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиололд зогсоох арга хэмжээ авна‘’ гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Э.Оюунцэцэгийг мөргөж түүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

           

Шүүх шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хохирогч Э.Оюунцэцэг нийт 19.237.730 төгрөг нэхэмжилсэн байх боловч нотлох баримтаар тогтоогдсон 1.188.730 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байх бөгөөд хохирогч Э.Оюунцэцэг нь өөрт учирсан бусад гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн 63-90 УБН улсын дугаартай Т.Приус маркийн автомашиныг хохиролд тооцуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 887302 дугаартай жолоочийн түр зөвшөөрөлийг лицензийн төвд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тайшир овогт Завхантуяагийн Мөнх-Эрдэнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960.000 /есөн зуун жаран/ мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар З.Мөнх-Эрдэнэ нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 887302 дугаартай жолоочийн түр зөвшөөрөлийг лицензийн төвд шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн ирсэн 63-90 УБН улсын дугаартай Т.Приус маркийн автомашиныг хохиролд тооцуулж, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч З.Мөнх-Эрдэнээс 1.830.730 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Оюунцэцэгт олгосугай.

7. Хохирогч Э.Оюунцэцэг нь өөрт учирсан бусад гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох дурдаж, шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.         

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мөнх-Эрдэнэд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,                                      Э.ЧИНГИС

            ШҮҮГЧ