Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2015/0095

 

2015 оны 2 сарын 25 өдөр

Дугаар 95

Улаанбаатар хот

 

“М” ХХК

“Х” ХХК-иудын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ш, Д.З нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 573 дугаар шийдвэртэй, “М” ХХК “Х” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ”М” ХХК “Х” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, П.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газар нь барилга байгууламжийн хөрөнгийн даатгал, тоног төхөөрөмжийн хөрөнгийн даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ИНЕГ/ТББ/Ү-05/14 тендерийг зарласан. Уг тендерт “М” ХХК болон “Х” ХХК-иуд нь түншлэлээр оролцсон. Улмаар түншлэлийн өгсөн тендерийг тендер шалгаруулалтын журмын дагуу хамгийн сайн тендерээр үнэлж, гэрээ байгуулах болсон тухайн мэдэгдлийг 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/1915 албан бичгээр мэдэгдсэн бөгөөд энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөрөнгө оруулалт, захиалагчийн албанд ирж гэрээг байгуулахыг мэдэгдсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д тендерийн хүчинтэй байх хугацааг тендерийг нээснээс хойш 45 хоног гэж заасан бөгөөд уг хугацаанд багтаж тендерийг зохион байгуулж дуусгахаар зохицуулсан. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээг байгуулах ёстой байдаг. Гэвч Иргэний нисэхийн ерөнхий газар нь тендер хүчинтэй байх сүүлийн өдөр буюу 45 дахь хоногт 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулах мэдэгдлийг ирүүлсэн. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан байгуулах гэсэн нь илт алдаатай, тендерийн хүчинтэй байх хугацааг хэтрүүлэх нөхцөл байдалд оруулсан. Өөрөөр хэлбэл, тендерт оролцогчдыг шалгаруулсныхаа дараа буюу тендерт шалгарсан оролцогчтой гэрээ байгуулах процесс ажиллагаа дээрээ хуулийг зөрчөөд байна.

Хэдий тийм боловч “М” ХХК “Х” ХХК-ийн түншлэл нь тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгасан гэж ойлгож, гэрээ байгуулах тухай мэдэгдлийн дагуу холбогдох бичиг баримтыг шаардлагын дагуу бүрдүүлж, удаа дараа гэрээг байгуулах оролдлогуудыг хийсэн боловч Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс гэрээ байгуулахгүй удааширсан бөгөөд улмаар 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 01/2094 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасны дагуу тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон тул тендерийг хүчингүй болгож, дахин тендер зарлах болсон тухай мэдэгдсэн.

“М” ХХК “Х” ХХК-ийн түншлэл нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2014 оны 09 дүгээр сарын 03-нд Иргэний нисэхийн ерөнхий газарт, 2014 оны 09 дүгээр сарын 04-нд Сангийн яаманд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан боловч асуудлыг тодруулахыг Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгаад, хэрэв хэн нэгэн албан тушаалтны буруутай ажиллагааны улмаас болсон бол хариуцлага тооц гэсэн хариуг ирүүлсэн. Энэ шийдвэр нь бидний зөрчигдсөн эрх ашгийг сэргээх боломжгүй байсан тул тус шүүхэд хандсан.

Иргэний нисэхийн ерөнхий газар нь хууль зөрчсөн явдлаа хүлээн зөвшөөрсөн атлаа манай байгууллагын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх шийдвэрийг гаргасангүй. Иймд Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан барилга байгууламжийн хөрөнгийн даатгал, тоног төхөөрөмжийн хөрөнгийн даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ИНЕГ7ТББ/Ү-5/14 дугаар тендерт гэрээ байгуулах эрх авсан “М” ХХК “Х” ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Л болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ш, Д.З нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний нисэхийн ерөнхий газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар Барилга байгууламжийн хөрөнгийн даатгал, тоног төхөөрөмжийн хөрөнгийн даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгох нээлттэй тендерийг зарлаж, тендерийг 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нээсэн бөгөөд уг тендерт Т ХХК, М ХХК, Б ХХК, Ми даатгал ХХК, С ХХК, А ХХК болон Мо ХХК, Н ХХК-тай түншлэлээр, “М” ХХК “Х” ХХК-тай түншлэлээр тус тус оролцсон. Улмаар Тендерийн Үнэлгээний хороо хуралдаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээг хийж, бүх тендер шаардлага хангасан тул гишүүдийн олонхын саналаар хамгийн бага үнийн санал ирүүлсэн “М” ХХК “Х” ХХК-ийн түншлэлийг шалгаруулж, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай дүгнэлтийг 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д Үнэлгээний хорооны дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна гэж заасан боловч тус Үнэлгээний хорооны гишүүн, Иргэний нисэхийн ерөнхий газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн С.Б нь 2014 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай хөдөө, орон нутагт байсны улмаас Үнэлгээний хорооны дүгнэлтэд гарын үсэг зурах хугацаа хойшлогдож, улмаар 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гарын үсгээ зурсан. Улмаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга 2014 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ОХУ-д томилолттой байсан. Энэ хугацаанд дэд дарга орлож байсан боловч санхүү, мөнгөний асуудалд оролцож гарын үсэг зурах эрхгүй учир гэрээ байгуулах мэдэгдэл хүрэхгүй удаж, 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулах мэдэгдлийг “М” ХХК “Х” ХХК-д хүргүүлсэн. Уг өдөр нь тендер хүчинтэй байх сүүлийн өдөр байсан боловч бид хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулж чадаагүй учир тендерийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг Сангийн яаманд хүргүүлсэн боловч хугацааг сунгах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-д заасны дагуу гэрээг байгуулах боломжгүй болсон.

Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс тендерийг хууль тогтоомжийн хүрээнд явуулсан бөгөөд гагцхүү ажил хариуцсан албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас процессын алдааны улмаас тендерийн хүчинтэй байх хугацаанд тендерийг зохион байгуулж амжаагүй. Дээр нь тендерийн хугацааг сунгаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гэрээ байгуулахаас татгалзаж, тендерийг хүчингүй болгох тухай шийдвэрийг гаргасан. Тэрнээс биш санаатайгаар гэрээ байгуулахаас татгалзсан зүйл байхгүй. Иймд энэ асуудлыг хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 573 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 29 дүгээр зүйлийн 29.2, 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Иргэний нисэхийн ерөнхий газрын барилга байгууламжийн хөрөнгийн даатгал, тоног төхөөрөмжийн хөрөнгийн даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ИНЕГ/ТББ/Ү-05/14 дугаар тендерт ялагчаар шалгарсан “М” ХХК “Х” ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахаас татгалзсан Иргэний нисэхийн ерөнхий газрын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/2094 дугаар шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, “М” ХХК “Х” ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахыг Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: ”М” ХХК болон “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 573 дугаар шийдвэрийг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гардан авч танилцаад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсгийг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Иргэний нисэхийн ерөнхий газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Барилга байгууламжийн хөрөнгийн даатгал, тоног төхөөрөмжийн хөрөнгийн даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгох нээлттэй тендерийн урилгыг 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өнөөдрийн сонины №126 /4766/ дугаарт нийтэд зарлан мэдээлсэн.

Уг тендер нь 2014 оны Иргэний нисэхийн ерөнхий газрын урсгал зардлын хөрөнгөөр санхүүжигдэх байсан бөгөөд барилга байгууламж, тоног төхөөрөмжийг 2014 онд эрсдэлээс хамгаалах зорилготой байсан. Гэвч гэрээ байгуулах эрх олгох асуудлаас үүссэн маргаан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд төсвийн жил дууссан тул тус тендерийн санхүүжилтийг буцаан татсан ба 2015 оны төсвийн төсөлд энэхүү гэрээний санхүүжилт тусгагдаагүй.

Дээрх тендер нь барилга байгууламж, тоног төхөөрөмжийг 2014 онд учирч болох эрсдэлээс сэргийлэх зорилготой байсан бөгөөд гэрээ байгуулагдаагүй тул 2014 онд учирч болох эрсдэлээс сэргийлж 2015 онд гэрээ байгуулах боломжгүй юм.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэр болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул боломжоор хангана уу. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “М” ХХК, “Х” ХХК-иудад  Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан “Барилга байгууламжийн хөрөнгийн даатгал, тоног төхөөрөмжийн хөрөнгийн даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгох ИНЕГ/ТББ/Ү-05/14 дугаартай тендер”-т шалгарсан тухай Иргэний нисэхийн ерөнхий газрын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/1915 дугаар албан бичгээр мэдэгдэж, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн гэрээ байгуулах санал ирүүлжээ.

Уг албан бичгийн дагуу нэхэмжлэгч компаниуд гэрээ байгуулахаар хандсан боловч хариуцагч байгууллагаас хариу өгөлгүй байсаар 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 01/2094 дүгээр албан бичгээр “тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон тул тендерт шалгарсан мэдэгдлийг хүчингүй болгож, дахин тендер зарлах болсныг мэдэгдье” гэсэн байна.

Нэхэмжлэгчээс “тендер хүчинтэй байх хугацааны сүүлийн өдөр гэрээ байгуулах тухай мэдэгдэл ирсэн. Хэдий тийм боловч гэрээ байгуулахаар хандсан боловч хариу өгөлгүйгээр тендерийг хүчингүйд тооцож, дахин тендер зарлах болсноо мэдэгдсэн нь тендерт шалгарсан манай компаниудын эрхийг зөрчсөн” гэж шүүхэд хандсан байх бөгөөд харин хэргийн оролцогчид тендер шалгаруулалтын талаар маргаагүй байна.

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасныг зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрсөн тухайгаа 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/2156 дугаар албан бичгээр мэдэгдэж, харин нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ “бидний зүгээс гэрээ байгуулахаас санаатайгаар татгалзсан зүйлгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тендерийн хүчинтэй хугацаанд тендер зохион байгуулж амжаагүй” хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах боломжгүй болсон шалтгаанаа “үнэлгээний хорооны гишүүн ээлжийн амралттай байснаас дүгнэлтэд гарын үсэг зуруулаагүйгээс хугацаа хоцроосон” гэж тайлбарлаж, хуульд заасан журмын дагуу явагдсан тендерийг хүчингүй болгож, дахин тендер шалгаруулалт зарлаж байгаа нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч компаниудын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компаниудын түншлэл нь тендерт шалгараад, гэрээ байгуулах боломжгүй болсон шалтгаан нь захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас болсон болох нь тогтоогдож байх тул хуульд заасан журмын дагуу явагдсан тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр нь тендерт хууль ёсоор шалгарсан нэхэмжлэгч компаниудын ашиг сонирхлыг зөрчсөн байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хариуцагчаас давж заалдах гомдолдоо “...тендер нь тоног төхөөрөмжийг 2014 онд учирч болох эрсдлээс сэргийлэх зорилготой байсан бөгөөд гэрээ байгуулагдаагүй тул 2014 онд учирч болох эрсдлээс сэргийлж 2015 онд гэрээ байгуулах боломжгүй...” хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт авагдсан “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 3 дугаар бүлэг, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 1.2-т “гэрээ байгуулснаас хойш 1 жил байна” гэж зааснаас үзэхэд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулснаас хойш 1 жилийн хугацаанд эрсдлээс хамгаалах гэрээ хүчин төгөлдөр үйлчлэхээр байна.

Түүнчлэн захиалагчаас тендер шалгаруулалтыг 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зарласан, хуульд зааснаар тендер шалгаруулалт явагдаж, хамгийн сайн үнэлэгдсэн тендер шалгарч, гэрээ байгуулагдснаар уг тендер нь цаг хугацааны хувьд 2014 оны 4 дүгээр улиралд хэрэгжиж эхлэхээр байсан байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “тендер зөвхөн 2014 оны эрсдлээс хамгаалагдах ёстой байсан, он дууссан тул хэрэгжих боломжгүй” гэх тайлбар үндэсгүй байна. Өөрөөр хэлбэл тендерийг 2014 оны 4 дүгээр улиралд шалгаруулсан атлаа 2014 оны эрсдлийг даатгах байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар  сарын 03-ны өдрийн 573 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

   ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                                          Б.МӨНХТУЯА

                         ШҮҮГЧ                                                          Ц.ЦОГТ

                         ШҮҮГЧ                                                          Д.БААТАРХҮҮ