| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2018/0315/Э |
| Дугаар | 320/ШЦТ/2018 |
| Огноо | 2018-11-14 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 320/ШЦТ/2018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
-улсын яллагчаар И.Мөнхцэцэг
-хохирогч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.Н
-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа
-шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.Цт холбогдох эрүүгийн 1834005130339 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо Рашаан 1 дүгээр гудамж 144а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт Г.Ц /РД:Й385012014/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /
Шүүгдэгч Г.Ц нь Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлийн 11/562 дахь замын тэмдэгтийн орчимд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өглөөний 08 цагийн орчим Тоёота приус маркийн 57-70 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Н.Нямжав, Ц.Нямбаяр, Ц.Нямгэрэл нарын амь насыг хохироож, Х.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.Отгонбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас
Шүүгдэгч Г.Цын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Ц нь Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлийн 11/562 дахь замын тэмдэгтийн орчимд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өглөөний 08 цагийн орчим Тоёота приус маркийн 57-70 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн гаргаж, Н.Нямжав, Ц.Нямбаяр, Ц.Нямгэрэл нарын амь насыг хохироож, Х.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.Отгонбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэнийн нэхэмжлэгч Х.Нгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2018 оны 07 сарын 18-ны...05:30 цагийн үед нөхөр Ц өөрийн эзэмшилийн Тоёота приус 20 маркийн 57-70 УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодоод түүний хажуу талд би өөрийн бага хүү 1 нас 11 сартай Отгонбаярыг тэврээд суусан. Харин хойд талд том хүү Нямжав, охин Нямгэрэл, хүү Нямбаяр нар суусан...Тэгээд юу болсоныг мэдэхгүй байна...ухаан санаа орж гарсаар сүүлд эмнэлэгт ухаан орсон. Ослоос болж би 3 хүүхдээ алдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/, шүүгдэгч Г.Цын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2018 оны 07 сарын 18-ны өдөр 19:00 цагт ажлаа тараад Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Шивээговь сумруу явсан юм...Маргааш нь 05:30 цагийн үед эхнэр Нансалмаа болон 4 хүүхдээ өөрийн эзэмшлийн Тоёота приус-20 маркийн 57-70 УНҮ улсын дугаартай автомашинтай Улаанбаатар хотруу гэртээ харихаар явсан. Тэгээд Төв аймгийн Баян сумын урд талд асфальтан зам дээр явж байхад жолооны хүрд мургинаад зүүн гар талруугаа булаагаад замын хажуу талруу онхолдсон...хойд талд хүү Нямжав, охин Нямгэрэл, хүү Нямбаяр нар суудлын бүс зүүгээгүй явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-15 тал/, амь хохирогч Н.Нямжавын цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-22 тал/, амь хохирогч Ц.Нямбаярын цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-28 тал/, амь хохирогч Ц.Нямгэрэлийн цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-36 тал/, шүүхийн шинжилгээний албаны №110, 109, 551, 505, 120, 4836 дугаартай дүгнэлтүүд, Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, шинжээч И.Түвшингийн №00000092 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78 тал/, гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн хэвтэн эмчлүүлэгчдийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 125-144 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Цыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Г.Цыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас гурван хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Х.Н нь “...энэ ослын улмаас 3 хүүхдээ алдсан, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд бичгээр “ямар нэгэн гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-ийн 147 тал/ гаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.
Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас Г.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нь “Хөнгөрүүлэх нөхцөл байдалд хохирол төлөгдсөн байдлыг тооцдог. Эхнэрийнхээ эмчилгээний зардал, хүүгийнхээ эмчилгээний зардал, оршуулгын зардал зэргийг төлж барагдуулсан. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд 70 гарсан ээж, хадам аав, ээжийгээ хамгаалдаг. Өөрийн төрсөн ээж нь унаж татдаг, эхнэр Х.Н нь хөдөлмөрийн чадвараа алдсан хүний асран хамгаалалтанд байдаг. Ар гэрээ тэжээхийн тулд зах дээр нойр хоолгүй ажилладаг. Энэ гэмт хэрэг болгоомжгүй үйлдэгдсэн, анхнаасаа эхлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүнд гэмт хэрэг үйлдсэн боловч өөрөө хор хохирол амссан, сэтгэл зүйн хувьд хүнд байгаа учраас энэ байдлыг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэсэн заалтыг баримтлан 1 жил 1 хоногийн хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Г.Ц нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж түүнд энэ зүйлийг хэрэглэж, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна.
Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Г.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг харгалзсанаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэргийн улмаас гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн хүүхдүүд болох Ц.Нямбаяр, Ц.Нямгэрэл, Н.Нямжав нарын амь нас хохирсон, гэр бүлийн хамарал бүхий этгээд болох эхнэр Х.Нгийн биед хүнд хохирол учирсан, бага хүү Ц.Отгонбаяр нь 2 нас 2 сартай зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон, тухайн зүйлд заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан төдийгүй шүүгдэгч Г.Цын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Г.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсан болно.
Тав: Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Цогбаатарын эзэмшлийн Тоёота приус маркийн 57-70 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Цын №01981871 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Г.Цын №10906775 дугаарын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА