Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 03278

 

 

 

 

   2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/03278

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Ард аюушийн өргөн чөлөө-12, Алтан төгрөг дэлгүүрт байрлах, “Т ХХК /РД:2545039/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 86а байр, 7 тоотод оршин суух, Хатигин ургийн овогтой Б.Б /РД:УХ90051211/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,273,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, Э.Түвшинбаяр, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь иргэн Б.Б 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр № В1-18 тоот түрээсийн гэрээг 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатайгаар байгуулан хамтран ажилласан. Түрээслэгч Б.Б нь энэхүү гэрээгээр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т" ХХК-ийн өөрийн эзэмшлийн буюу “Алтан төгрөг” үйлчилгээний төвийн В1 давхрын худалдааны зааланд байрлах 5.8 м.кв талбайг “талх нарийн боов, бэкэйри” ажлын байрны зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцож 1 м.кв нь 65,000 төгрөг, нийт нэг сарын төлбөр нийт 377,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Энэхүү түрээсийн гэрээг байгуулмагцаа түрээслэгч талд 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдөр №В1-18 тоот талбайг талууд хүлээлцэж акт үйлдэж баталгаажуулсан байдаг. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дах хэсэгт “түрээсийн төлбөрт цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, газрын төлбөр, хог хаягдлын хураамж, харуул хамгаалалт, гал хулгайн дохиоллын системээр үйлчилсний төлбөр, НӨАТ 10 хувийн төлбөр зэрэг зардлууд багтсан болно” гэсний дагуу нэг сарын түрээсийн төлбөрт гэрээний энэ хэсэгт заасан дээрх төлбөрүүд багтаж байгаа болно. Түрээслэгч Б.Б нь В1 давхрын №В1-18 тоот, 5.8 м.кв талбайг ашигласны төлбөрийн үлдэгдэл төлбөрт өнөөдрийн байдлаар 1,515,850 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөх талаар удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж байсан, хариуцагчийн зүгээс хариу өгөхдөө тодорхой хугацаа хугацаа зааж төлнө гэдэг байсан боловч үлдэгдэл төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийг чирэгдүүлсээр ирлээ. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт “түрээслэгч нь түрээсийн төлбөрийг тухайн сарын 01-нээс 05-ны өдрүүдийн дотор бэлнээр болон дансаар төлж барагдуулна” гэж заасны дагуу түрээслэгч болох  Б.Б нь гэрээний дагуу гүйцэтгэх ёстой төлбөрийн үүргээ шударгаар, хугацаанд нь зохих ёсоор биелүүлэхгүй байгаа юм. Түүнчлэн уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт “түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно” гэж заасны дагуу сар бүрийн хугацаа хэтэрсэн хоногоор бодож алданги тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн хуулийн зохицуулалттай байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 757,925 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна. Манай компаний зүгээс өмнө нь энэ асуудлаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан. Ингээд хариуцагч Б.Б-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/02437 тоот шийдвэрээр түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэсэн. Баянгол дүүрэг дэр цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолтоор хариуцагчийн албан ёсны хаягийг олж тогтоосны дагуу энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргаж байна. Иймд түрээслэгч Б.Б-с гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,515,850 төгрөг, алданги 757,925 төгрөг, нийт 2,273,750 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Алтан төгрөг дэлгүүрт лангуу түрээсэлж байсан нь үнэн бөгөөд нэг хэсэг дэлгүүрт хүмүүс орж ирэхээ больж орлого буурсан учраас би түрээсээ төлж чадаагүй. Нэг өдөр нэхэмжлэгч талаас орж ирээд намайг лангуунаас хөөсөн. Анх лангуу түрээслэхэд зүгээр хоосон газар байсан бөгөөд намайг хөөж гаргасны дараа миний лангуун дээр хүмүүс суулгасан. Тухайн үед намайг хөөж гаргахад миний бүх л барааг лангуунд үлдээж лацдаад гарсан. Би үндсэн төлбөр 1,518,500 төгрөгийг 3 сард хуваагаад төлөх хүсэлтэй байгаа. Намайг лангуунаас нэг өдөр хөөж гаргаж, бүх эд материалыг аваад үлдсэн юм байж өнөөдөр орж ирээд энэ хөрөнгөө ав гэж байгаа учир алданги төлөх боломжгүй. Би угаасаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөх учир надад одоо төлөөд байх мөнгө байхгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан түрээсийн төлбөр 1,515,856 төгрөг, алданги 757,925 төгрөг нийт 2,273,750 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

           

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгов.

 

2013 он 05 сарын 02-ны өдөр нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Б.Билгүүдэйтэй Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Ард аюушийн өргөн чөлөө-12, Алтан төгрөг дэлгүүрийн В1-18 тоот 5.8 м.кв талбайг 1 м.кв нь 65,000 төгрөг, нэг сарын түрээсийн төлбөрт 377,000 төгрөг төлөх төлөх нөхцөлтэйгөөр түрээсийн гэрээ байгуулахаар харилцан тохиролцож, Түрээсийн гэрээг бичгээр байгуулсан байна. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан агуулгад нийцсэн, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр байна.

 

Мөн шүүх хуралдаанд зохигч дээрх гэрээнээс гадна гэрээ байгуулалгүйгээр В1-18 тоот талбайн хамт тусдаа жижиг талбайг түрээслэхээр харилцан тохиролцсон гэж тайлбарлажээ.

 

Зохигчид харилцан тохиролцсоны дагуу 2013 он 05 сарын 02-ны өдөр  түрээсийн гэрээ байгуулж, хариуцагч түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулан, төлбөрийг төлж байсан болох нь зохигчдын тайлбараар үгүйсгэгдэхгүй байх бөгөөд талууд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,515,850 төгрөг дутуу байгаад маргахгүй байна.

 

Харин хариуцагч алданги 757,925 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...Анх лангуу түрээслэхэд зүгээр хоосон газар байсан бөгөөд намайг хөөж гаргасны дараа миний лангуун дээр хүмүүс суулгасан. Тухайн үед намайг хөөж гаргахад миний бүх л барааг лангуунд үлдээж лацдаад гарсан” гэж тайлбарлажээ.

 

Зохигч түрээсийн төлбөрөөс 1,515,850 төгрөг төлөгдөөгүй байгаа тухайд маргаагүй боловч В1-18 эсхүл бичгээр гэрээ байгуулалгүйгээр түрээслүүлж байсан талбайн түрээсийн төлбөр дутуу байгааг тодорхойлж чадахгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр байгуулахаар заасан тул нэхэмжлэгч бичгээр байгуулсан гэрээний гүйцэтгээгүй үүргээс анз төлүүлэхээр шаардах эрхтэй. 

 

Гэвч нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу анз төлүүлэх шаардлагаа шүүхэд нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд хариуцагч Б.Б-с 1,515,852 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 757,925 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Б-с 1,515,852 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 757,925 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 39,203 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР