Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

 

 

 

  

2018 оны 01 сарын 03 өдөр          Дугаар 181/ШШ2018/00033            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: .Б овогт А А /РД: /-ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Т овогт Д О /РД: /-д холбогдох,  

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Д.О нь 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр А.Агаас 10 хоногийн хугацаатай хүү, алданги тооцохгүй гэж итгэлцлийн үүднээс тохиролцож 3,500,000 төгрөг зээлсэн билээ.

Гэтэл тэрээр одоо болтол ямар нэгэн шалтаг хэлж зээлж авсан мөнгөө эргүүлэн өгөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрээр албадан гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд Д.Оаас 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

            Д.О миний бие нь 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч А.Атай газар эзэмших гэрчилгээг харилцан тохиролцсоны үндсэн дээр 3,500,000 төгрөгөөр зарахаар тохирсон. Гэвч тэр үед газар эзэмших гэрчилгээ нь миний хүү О.Болдбаатарын нэр дээр байсан тул харилцан шилжүүлэх хүртэлх хугацаанд зээл авсан мэтээр тохиролцож бичиг баримт бүрдүүлсэн юм. Үүний дараа тохирсон ёсоор газар эзэмших гэрчилгээг өгсөн.

Гэвч Сүхбаатар дүүргийн Газрын алба кадастрын зурагт өөрчлөлт оруулснаар уг газрыг авахгүйгээр мөнгөө эргүүлэн авна гэсэн шаардлага тавьж байгаа юм байна гэж би ойлгож байна. Хэрэв газрыг авахгүй мөнгөө эргүүлэн авна гэж байгаа бол миний хувьд газрын гэрчилгээгээ эргүүлэн авч, тухайн газрыг зарсны дараа л мөнгийг нь эргүүлэн төлөх боломжтой гэжээ.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан тайлбар, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Д.Оад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

Хариуцагч газар худалдан борлуулсан орлогоос 3,500,000 төгрөгийг төлөх боломжтой гэсэн тайлбарыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн хувийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Д.Оад гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр болох талаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчийн хаягаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагч нь хариу тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

 Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх түүний гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр А.Агаас 3,500,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, хүүгүйгээр Д.О зээлсэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний үнэн зөвийг талууд мөн өдөр нотариатчаар гэрчлүүлж, ингэхдээ зээл болох 3,500,000 төгрөгийг нотариатчийн дэргэд өгч, авсан талаар гэрээндээ тусгажээ.

 

Зээлийн гэрээг талууд бичгээр үйлдэж, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулснаар уг гэрээ хүчин төгөлдөр болсон байна.  

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээдэг.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ /гэрээний 5 дугаар зүйл/-нд мөнгийг нотариатчийн хажууд өгсөн гэж бичсэн, мөн хариуцагч Д.О нь 3,500,000 төгрөгийг шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаснаас үзвэл шүүх нэхэмжлэгч А.Аг гэрээгээр хүлээсэн 3,500,000 төгрөг шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй учир зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр дууссан, талууд гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч Д.О нь газар эзэмших эрхийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр уг зээлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлах боловч тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хэргийн баримтаар хариуцагч шилжүүлэн авсан зээлээс буцааж төлсөн байдал нотлогдоогүй тул шүүх хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж, түүнээс 3,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Д.Оаас 3,500,000 төгрөгийг гаргуулж А.Ад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 71,000 төгрөгөөс 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 50 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас, 70,950 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг талууд 7 хоногийн дараа бичгээр гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хүрэлцэн ирж гардан авах, эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА