| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2017/00391/и |
| Дугаар | 415 |
| Огноо | 2017-11-16 |
| Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- ********-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- ********-д холбогдох,
тус чуулгын даргын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/70 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ********, түүний өмгөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд Соёл урлагийн их сургуулийг төгсөж ирээд одоог хүртэл ********-д 11 жил ажиллаж байна. Ажиллах хугацаандаа байгууллагын удирдлага болон уран сайхны зөвлөлийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт нь чанартай гүйцэтгэж байсан бөгөөд байгууллагын аварга хөгжимчнөөр 3 удаа, 2015 оны байгууллагын хөдөлмөрийн аваргаар тус тус шагнагдаж байсан. Мөн байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж бүсийн болон улсын чанартай уралдаан тэмцээнд гоцлол болон цөхүүлийн төрлөөр удаа дараа амжилттай оролцсон. Ажиллах хугацаандаа сахилгын болон захиргааны арга хэмжээ авахуулж байгаагүй. Тус чуулгын дарга ******** нь 2016 оны 9 дүгээр сарын 12-нд алтай чуулгын даргаар томилогдож ирсэн бөгөөд ажил авсан цагаасаа хойш ажлын шаардлага нэрээр хэл амаар доромжилж, удаа дараа ажлын байрны дарамт үзүүлээд зогсохгүй урьд урьдын ажиллаж байсан дарга нартай дотно харьцаатай байсан гэж үндэслэлгүйгээр гүтгэн гүжирдэж байгаа нь миний гэр бүлийн тогтвортой байдал уур амьсгалд сөргөөр нөлөөлж байна. Улмаар цалингийн урьдчилгааны бэлэн мөнгө хүссэн өргөдөл дээр гарын үсэг зуруулах гэсэн боловч бусад хүмүүсийнх дээр зурчихаад миний өргөдөл дээр дараагийн даргаараа зуруул боломжгүй гэсэн хариуг өгч байгаа нь энэ хүнд хувийн өс хонзонгийн сэдэл байгаа нь харагдаж байна. Мөн энэ сахилгын шийтгэлийг урьдчилан надад мэдэгдээгүй, уран сайхны зөвлөлийн хурлаар авч хэлэлцэлгүйгээр ганцаараа дур мэдэн гаргасан бөгөөд энэхүү тушаалыг гаргахад мөрдөж байгаа дотоод журмын зүйл заалтуудыг хамт олны хурлаар хэлэлцэж батлахгүйгээр өөрийн тушаалаар баталсан болно. Энэ тушаалд хөгжимчин ******** нэгдсэн уран бүтээлийн тоглолтонд хожимдож оролцсон гэж оруулсан байна. Тухайн үед миний хөгжим 5 хоногийн өмнө эвдрээд хөгжим ангийн ахлагч ********-д энэ талаар хэлж мэдэгдсэн байсан. Хөгжим ангийн ахлагч орж танилцуулсан байсан. Тэр тоглолтонд би хөгжим эвдэрсэн гээд оролцоогүй байтал хөгжим ангийн ахлагч ******** тоглолтын төгсгөлд сэрсэн тал дээр тэрээмэл хийх шаардлагатай гээд би цохиур бариад хүлээгээд зогсож байтал дарга гарч ирээд чи тоглолтонд оролцсонгүй гэхэд би хөгжимгүй учраас оролцох шаардлага байгаагүй гэхэд чи өмнөөс хэрэлдлээ гээд хөшигний ард нилээн томоохон асуудал болсон. Тэгээд би хүнийхээ үгийг сонсооч, миний хөгжим эвдэрсэн, хөгжим ангийн багшид хэлсэн байгаа гэхэд чи хөгжим эвдлэх ёс байхгүй чам дээр арга хэмжээ авна гэж хэлсэн. Миний барьж байгаа хөгжмийг 2006 онд авч байсан надтай адилхан 11 жил ажилласан байгаа. Ажлын шаардлага тавихад хэл амаар доромжилж байгууллагын удирдлага болон нэр хүндийг олон түмэнд зохион байгуулалттайгаар сурталчилсан, сөргөөр сурталчилсан, анги хамт олныг хууль бус буруу үйлдэл, эс үйлдэхүйд уруу татах талцуулах гэж тушаалд оруулсан байна. Би хамт олныг талцуулж хуваагаад байгууллагын даргыг хэл амаар доромжилсон зүйл байхгүй. ******** гэдэг хүн 2016 онд оёгдсон хувцасны талаарх мэдээлэл фэйсбүүк хуудсанд тавьсан байсан түүний доор нь хувь хүнийхээ үүднээс өөрийн сэтгэгдлийг бичсэн болохоос байгууллагын нэр хүндийг унагаагаад байсан зүйл байхгүй. Одоо болтол тэр хувцасыг бид нар өмсөөгүй бүтэн нэг жил болж байна. Уригдаж ирсэн найруулагч ******** хүртэл ********-ын тайзан дээр өмсөгдөхөд хэцүү байна гэдэг хариултыг хэлээд өмсөөгүй нь үнэн. Аймаг орон нутгийн болон байгууллагын уран бүтээлийн ажилд хангалтгүй оролцсон гэх шалтгаануудаар 1 сарын цалингийн 20 хувийн сахилгын шийтгэл ногдуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Би байгууллагын ажлыг тасалж цалгардуулж байсан зүйл байхгүй. 1 сард Алтай чуулгын уран бүтээлчид Хятад улс руу явахад би хийх ёстой зүйлээ хийсэн. Миний бүх ажил дүгнээстэй байгаа, баяр наадмын үеэр Алтай чуулгынхан шинэ уран бүтээл хийхэд би Хэнтий өндөр сайхан хөгжмийг тоглож хангалттай гэсэн үнэлгээ авч цалингийн хувь хүртлээ шагнуулж байсан. Миний ажлыг хангалтгүй гэж бичсэн дээр гайхаж байна. Энэ бүхнээс үзэхэд би алдаа дутагдал гараагүй сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Б/70 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөгжимчин ******** нь ардын дуу бүжгийн АЧ-д 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 63 дугаар тушаалаар хөгжимчнөөр ажилд орж байсан. Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмын дагуу ажил үүргээ сайжруулж ажиллах ажлын шаардлага тавихаар дарамталсан доромжилсон гэж буруу ташаа мэдээлэл хамт олон, facebook цахим ертөнцөд мушгин гуйвуулж бичдэг. 2017 оны 1 дүгээр сард хөгжимчин ******** нь би төгөлдөр хуурын хүүхдүүдийнхээ тайлан тоглолтыг хиймээр байна гэх саналыг тавихад нь морин хуурын дугуйлангийн хүүхдүүдтэй хамтраад тайлан тоглолтоо хий гэсэн хариу хэлэхэд хэл амаар доромжилж, удирдах, удирдуулах ёсыг үл хүндэтгэн, төрийн албан хаагчийн ёс зүйгүй байдал гаргаж хэрэлдэж доромжилсон. ********-ын хөдөлмөрийн дотоод журмыг нийт ажилтан албан хаагч, уран бүтээлчдэд биечлэн танилцуулан хүлээн зөвшөөрсөн тухай гарын үсэг зуруулан баталгаажуулсаны дараа байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг ********-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн А/01 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар баталж мөрдөж эхэлсэн. Хөгжимчин Р.А нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн багш нарын бага хуралд тоглогдох концертын эхлэл чухал гол хэсэгт гараагүй, байгууллагын удирдлагаас ажлын шаардлага тавихад хэл амаар доромжилсон, байгууллагын удирдлага болон байгууллагын нэр хүндийг олон түмэнд зохион байгуулалттайгаар сөргөөр сурталчлах, анги хамт олныг хууль бус буруу үйлдэл, эс үйлдэхүйд уруу татах, хооронд нь хагаралдуулж, талцуулах, аймаг орон нутгийн болон байгууллагын уран бүтээлийн ажилд хангалтгүй оролцох зэрэг сахилгын ноцтой зөрчил удаа гаргасан тул чуулгын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/70 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал шийдвэр нь хөдөлмөрийн болон бусад хууль тогтоомж зөрчөөгүй байх тул хөгжимчин ********-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдийн тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******** нь ********-д холбогдуулан тус чуулгын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/70 тоот тушаалыг хүчингүйд тооцуулахаар шаарджээ /хх-1-2/.
********-ын дарга 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/70 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.1.2, 9.8.7, 9.8.10 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 2.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хөгжимчин ажилтай ********-д үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ /хх-5, 78/.
Хариуцагч буюу ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Р.А нь
- алтай чуулгын нэгдсэн уран бүтээлийн тоглолтонд хожимдож оролцсон,
- байгууллагын удирдлагаас ажлын шаардлага тавихад хэл амаар доромжилсон,
- байгууллагын удирдлага болон байгууллагын нэр хүндийг олон түмэнд зохион байгуулалттайгаар сөргөөр сурталчлах, анги, хамт олныг хууль бус, буруу үйлдэл, эс үйлдэхүйд уруу татах, хооронд нь хагаралдуулж, талцуулах,
- аймаг орон нутгийн болон байгууллагын уран бүтээлийн ажилд хангалтгүй оролцох зэрэг сахилгын ноцтой зөрчил удаа дараа гаргасан гэж маргаж, нотлох баримтаар ********-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай дүрэм, дотоод журам хөдөлмөрийн гэрээ шинэчлэн батлах тухай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, хөдөлмөрийн дотоод журам, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай хөдөлмөрийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан бүртгэлийн нотариатаар батлуулсан хуулбар, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр багш нарын бага хуралд тоглох тоглолтын хөтөлбөр 2017 оны 09.25-ны 20 цагаас гэсэн хөтөлбөр, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ардын дуу бүжгийн алтай чуулгын уран сайханы зөвлөлийн хурлын тэмдэглэл, 70-77 дугаар хуудсанд авагдсан хүмүүсийн сэтгэгдэл бичсэн бичвэр, сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/70 дугаартай тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, алтай чуулгын 2017 оны 9 дүгээр сарын цалингийн тооцооны хүснэгтийн нотариатаар батлуулсан хуулбар зэрэг баримтуудыг гаргасан /хх-33, 34-55, 56-63, 64-66, 67, 68-69, 70-77, 78, 90-91/.
Ажил олгогч АДБАЧ-ын дарга 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/70 тоот тушаалдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтыг үндэслэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасан нь сахилгын шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй боловч сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх ёстой, мөн хуулийн 131.1.2-т “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж заасан бөгөөд уг заалт нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах талаарх зохицуулалт юм.
Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсний төлөө хариуцлага хүлээдэг бол сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Зөрчил нь хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчсөн гэм буруутай үйлдэл байна.
Тиймээс ажил олгогч нь нэхэмжлэгч ********-д сахилгын шийтгэл ногдуулахдаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.1.2, 9.8.7, 9.8.10-д заасныг үндэслэсэн байх бөгөөд чуулгын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай тушаалаар баталсан ******** хөдөлмөрийн дотоод журамтай нэхэмжлэгч ******** танилцсан, дотоод журамтай танилцсан бүртгэлийн 34 дүгээрт түүний нэр бичигдэж, гарын үсэг зурагдсан байна /хх-64-66/.
Дээрх хөдөлмөрийн дотоод журмын 7.1.2-т үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэж, 9.8.7-д ...байгууллагын удирдлага дарга найруулагч, уран сайхны удирдагч, менежер, ангийн багш нар, уран сайхны зөвлөлийн гишүүдээс өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, нэр хүндийг хэл амаар гутаан доромжлох, хүч хэрэглэх болон бусад байдлаар харилцааны ёс зүйн зөрчил гаргасан, хамт олныг хууль бус, буруу үйлдэл, эс үйлдэхүйд уруу татсан өдөөн турхирсан... гэж, 9.8.10-д алтай чуулгын нэгдсэн уран бүтээлийг тасалсан, тоглолтонд хожимдож ирсэн, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тус тус заажээ.
Ноцтой зөрчлийн талаар хөдөлмөрийн гэрээний талууд болох ажил олгогч, ажилтан нар ажил, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтойд тооцохыг, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан эсэх нь маргааныг шийдвэрлэх үндэслэл болох бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлд хөдөлмөрийн гэрээний 2.2.2-т заасан захиргааны эрхийн талаарх заалтыг баримталжээ.
Хөгжимчин ******** нэгдсэн уран бүтээлийн тоглолтонд хожимдож оролцсон гэх зөрчлийн тухайд багш нарын бага хуралд зориулсан тоглолт ********-д 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тоглогдсон талаар талууд маргаагүй боловч хөгжимчин ******** тоглолтын эхний номерийн үзүүлбэрт гараагүй нь уг уран бүтээлийн тоглолтод хожимдож оролцсон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан “багш нарын бага хуралд тоглох тоглолтын хөтөлбөр” гэх нэг нүүр, тамга тэмдэг дарагдаагүй, батлагдаагүй, найрал дууны ангийн багш ******** гэж гарын үсэг зурсан хөтөлбөрт нийт 21 үзүүлбэрийн дараалал тогтоосон байх бөгөөд нэгдүгээрт нь СТА ********, СТА ******** “Баяхан буурал алтай” дуу бүжгийн сюет гэж бичигдсэн байх ба уг үзүүлбэрт нэхэмжлэгч буюу хөгжимчин ******** ямар үүрэгтэй оролцох байгаад, хэдэн цагт эхэлсэн тоглолтонд хэдэн цаг, минут хоцорч ирсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******** тухайн тоглолтын эхний үзүүлбэрт ямар хөгжим тоглох, тоглолтын төгсгөлд өөр хөгжмийн зэмсэг тоглосон зэрэг тухайн тоглолтонд оролцсон уран бүтээлчдийн нэрс хөтөлбөрт тусгагдаагүй, тоглолтонд хожимдож оролцсон гэх тайлбараа хариуцагч тал баримтаар нотлоогүй байна.
Харин нотлох баримтаар гаргасан 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн уран сайхны зөвлөлийн хурлын тэмдэглэлд хөгжим ангийн багш ******** “...багш нарын бага хуралд тоглогдох Баяхан буурал ******** номерт алтай чуулгын нийт уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцдог, хөгжимчин ********, ******** нар хоцорч оролцсон...” гэж дурдсан байна. Тухайн өдрийн хуралд оролцсон уран сайхны зөвлөлүүд гишүүд нь “тоглолтонд хоцорч” оролцсон гэж дурдсан байх боловч “хоцорч оролцсон” гэдэг үгийн утгаар нь авч үзвэл хоцрох нь ямар нэгэн товлосон цагаас хоцорч ирэх, оролцсон гэдэг нь ямар нэгэн арга хэмжээ эсхүл үйл явдалд өөрийн биеэр оролцсон байх явдал байна /хх-68-69/.
Гэтэл зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5-д ...хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг зохих баримт, нотолгоонд үндэслэн чуулгын даргын тушаалаар ногдуулна гэж заасан боловч 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн уран сайхны зөвлөлийн хуралд тоглолтод хоцорч оролцсон гэх ********-г оролцуулаагүй, тайлбар аваагүй, нэхэмжлэгчийн “...тоглолтод хоцорч очоогүй үдээс хойш 3 цаг гэхэд бэлэн ирсэн байсан, хөгжим ангийн багшийн даалгаснаар тоглолтын төгсгөлд бөмбөр тоглохоор бэлдээд хөшигний ард зогсож байсан...” гэх тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж няцаагаагүй болно.
Түүнчлэн нэхэмжлэгч ********-г “хуучир” хөгжим тоглодог болон тухайн хөгжим ангид нь 15 хөгжимчин байдаг талаар, дээрх тоглолтын төгсгөлд өөрийн тоглодог хөгжимөөс өөр хөгжим буюу “бөмбөр” тоглож оролцсон талаар хариуцагчийн төлөөлөгч маргаагүй, түүний тоглодог хуучир хөгжим эвдэрсэн талаар мэдээгүй гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн огноотой хөгжмийн засварын мөнгө 250.000 төгрөг олгохыг хүссэн бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн талаар үгүйсгэж маргаагүй /хх-14/.
Зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 34 дугаартай хөдөлмөрийн гэрээний 5.5-д ноцтой зөрчилд тооцох 9 зөрчлийг тусгасан байх боловч дээрх нэрлэн заасан зөрчлүүдэд “тоглолтонд хожимдож оролцсон” гэх үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор тусгаагүй боловч гэрээний 5.5.3-т хөдөлмөрийн дотоод журмын 9.8 болон хөдөлмөрийн гэрээний энэ зүйл, заалтад зааснаас бусад сахилгын аливаа зөрчлийг давтан гаргасан гэж заасан /хх-61-62/.
Мөн сахилгын шийтгэл ногдуулсан Б/70 тоот тушаалын үндэслэлийн нэг болох байгууллагын удирдлагаас ажлын шаардлага тавихад хэл амаар доромжилсон гэх зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор заагдаагүй, хариуцагч тал ажлын ямар шаардлагыг хэзээ хэрхэн тавьсан болохоо, хэл амаар хэнийг хэзээ, хаана хэрхэн доромжилсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч морин хуурын дугуйлангийн хүүхдүүдтэй хамтарч тайлан тоглолт хийх байгаад хийгээгүй гэх тайлбараа мөн л баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ********-д ажлын талаар ямар шаардлага тавьсан, хэл амаар хэнийг доромжилсон талаарх, тоглолт хийх хуваарь хөтөлбөр гарсан эсэх, тоглолтын хөтөлбөр хуваар гарсан байгаад хийгдээгүй, эсхүл өөрөө хийгээгүй гэх тайлбараа хариуцагч тал баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч тоглолт хийхээр төлөвлөгөө гараагүй, тайлан тоглолт хийхээр удирдлагад саналаа хэлсэн талаар тайлбарласан болно.
Байгууллагын удирдлага болон байгууллагын нэр хүндийг олон түмэнд зохион байгуулалттайгаар сөргөөр сурталчлах, анги, хамт олныг хууль бус, буруу үйлдэл, эс үйлдэхүйд уруу татах, хооронд нь хагаралдуулж, талцуулах гэх зөрчлийн тухайд хариуцагч талаас уг үндэслэлээ нотлохоор гаргасан “J.S гээд мэргэжил нэгт уран бүтээлчдээ энэ хувцас мэргэжлийн байгууллагат, мэргэжлийн уран бүтээлч нарын алтан тайзнаа өмслөө гэж бодоход хэр харагдах бол” гэж бичсэн бичвэртэй холбоотой 8 хуудас сэтгэгдэл бичсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болно /хх-70-77/.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 16-д зааснаар ...үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх... эрхтэй бөгөөд ийнхүү үзэл бодлоо илэрхийлсэн үйлдэл нь сахилгын ноцтой зөрчилд тооцогдохоор хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй, нэхэмжлэгч ******** байгууллагын нэр хүндийг олон нийтэд ямар хэлбэрээр сөргөөр сурталчилсан, ямар хууль бус буруу үйлдэл, эс үйлдэхүйд хэн, хэнийг уруу татаж оролцуулсан, хэнийг хагаралдуулж талцуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл дээрх зөрчлийг гаргасан гэж хариуцагч тал үзэж байгаа бол энэ талаар шалгаж тогтоосон эсхүл хамт олны хурлаар хэлэлцсэн эсэх талаарх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй болно.
Аймаг орон нутгийн болон байгууллагын уран бүтээлийн ажилд хангалтгүй оролцох гэх зөрчлийн тухайд Р.А-ийн ажлыг хэзээ дүгнэсэн, уран бүтээлийн ажилд хангалтгүй оролцсон болохыг тогтоосон тухайн салбарын байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссийн дүгнэлт, шийдвэр гарсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй буюу уран бүтээлийн ажилд хангалтгүй оролцох нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил болно гэх үндэслэл тайлбараа хариуцагч тал баримтаар нотлоогүй болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ажил олгогчийн хөгжимчин ******** сахилгын ноцтой зөрчил удаа дараа гаргасан гэх дээрх нэрлэн заасан зөрчил тус бүр нь баримтаар тогтоогдоогүй тул ажилтанд үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/70 дугаартай тушаал үндэслэлгүй байна.
Иймд хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж, тайлбар татгалзлаа нотлоогүй гэж үзэхээр байна.
Түүнчлэн ардын дуу бүжгийн алтай чуулгын уран сайханы зөвлөл 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж хөгжимчин ********, ******** нарт сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн атлаа 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хөгжимчин ********-д сахилгын шийтгэл ногдуулсан Б/70 дугаартай тушаал гаргасан нь үндэслэл муутай, бодитой тогтоогдсон зөрчилд тулгуурлаагүй болохыг давхар нотолсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтаныг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд нэрлэн заасан ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан гэх тайлбар, үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, зөрчил гаргасан ажилтны талаарх асуудлыг хэлэлцэхдээ ажилтанд оролцуулалгүй хурлаар шийдвэрлэсэн атлаа 26 хоногийн дараа тушаал гаргасан байна.
Маргааны зүйл нь ажилтан ********-д сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн Б/70 тоот тушаал тул уг тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч ******** удаа дараа гаргасан эсэх, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч хариуцагчийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлүүд нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан ********-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/70 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч ********-д үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Төрийн хошой шагналт Ч.Лодойдамын нэрэмжит Говь-Алтай аймгийн ******** даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/70 дугаартай тушаалыг хүчингүйд тооцсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөгийг хариуцагч ********-аас гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ