| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0034/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/38 |
| Огноо | 2020-04-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Ягаан Дэмчиг овогт Шаравжамцын Дорж-Очир Улсын яллагч Чонос овогт Болдын Эрхэмбаяр Шүүгдэгч Жанжинхүү овогт Бямбараашийн Нямгэрэл Хохирогч Андгай овогт ЦэрэннадмидыАмартүвшин Хохирогчийн өмгөөлөгч Нирун овогт Ванчигийн Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нямгэрэлд холбогдох 2023000380020 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Ургамал сумын Хүнгий 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Жанжинхүү овогт Бямбараашийн Нямгэрэл, /регистрийн дугаар: ИП82061377/ Шүүгдэгч Б.Нямгэрэл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 05-ны орой Завхан аймгийн Ургамал сумын Хүнгий багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Г.Алтанхуягийн гэрт Ц.Амартүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний гарыг өшиглөж хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх Шүүгдэгч Жанжинхүү овогт Бямбараашийн Нямгэрэл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 05-ны орой Завхан аймгийн Ургамал сумын Хүнгий багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Г.Алтанхуягийн гэрт Ц.Амартүвшинг айлаас гарсангүй гэх шалтгаанаар газарт унагаан гарыг нь өшиглөсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Шүүгдэгч өөрийг нь өшиглөсөн талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Ц.Амартүвшингийн “...2020 оны 02 дугаар сарын 05-ны ... 19 цагийн үед Энхтөр гэх айлд ороход Нямгэрэл, Дашдорж, Алтанхуяг, Баасай нар 1 шил 0.5 литртэй ерөөл архи уугаад дуусгаж байсан. Тэгээд бид нар нийлээд Алтанхуяг гэх айлд очсон... Алтанхуяг гэдэг айлд хамт архи уусан Нямгэрэл гэдэг залуу Алтанхуягийнд сууж байхад орж ирээд цээж рүү хөлөөрөө тийрч унагаад, намайг унасан чинь гар дээр дэвссэн. Тэгээд би хэвтэж байсан чинь баашлаад бай гээд элэг рүү хөлөөрөө 3 удаа өшиглөсөн. Миний баруун гарын шууны хэсэгт Нямгэрэл өшиглөж дэвсэж хугарал үүсгэж гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг, Ц.Амартүвшингийн гар руу Б.Нямгэрэл өшиглөсөн талаар мэдүүлсэн гэрч Б.Баянмөнхийн “...2020 оны 02 дугаар сарын 05-ны орой ... гаднаас Амартүвшин орж ирсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Нямгэрэл гаднаас манайд орж ирэхээр нь манай нөхөр Алтанхуяг наадхаа аваад яв, бид нар амармаар байна гэсэн. Тэгээд Нямгэрэл Амартүвшинг явъя гэтэл явахгүй гээд хоорондоо ноцолдож байгаад Нямгэрэл Амартүвшинг өшиглөхөөр нь би Нямгэрэлийг гадагш авч гаран тайвшруулчихаад буцаад манай гэрт орж ирсэн. Тэгээд байж байтал Амартүвшин гар өвдөөд байна гээд орилоод уйлаад байхаар нь Дашдорж руу ярин бариач аваад ир гэсэн. Тэгээд удалгүй Дашдорж, Энхтөр 2 бариач авчиран Амартүвшингийн гарыг бариулж чиг тавьж боолгосон...” гэх мэдүүлэг, Гэрч Г.Алтанхуягийн “...2020 оны 02 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчимд ... би Амартүвшинг хариад амар гэхэд Амартүвшин би чамайг зодно, танай үеийнхэн дотроос миний гарын шууг барьдаг хүн байхгүй гээд хэрүүл хийсэн. Тэгсэн гаднаас Нямгэрэл орж ирсэн би Нямгэрэлд хандан наадхыгаа аваад гараадах, би унтаж амармаар байна гээд буруу хараад сууж байтал тэр 2 ноцолдоод унасан. Тэгээд манай эхнэр дундуур ороод Нямгэрэлийг аваад гарсан. Манай эхнэр Нямгэрэл 2 хэсэг хугацаанд гадаа байж байгаад орж ирсэн. Тэгээд 10 орчим минут өнгөрсний дараа Амартүвшингийн гар өвдөөд байна гэсэн. ...Дашдорж бариач авчран гарыг нь боолгоход гарны шуун хэсэг цуурсан байна гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг, Г.Алтанхуягийн гэрт Р.Энхбаатарыг авч очин Ц.Амартүвшингийн гарыг нь үзүүлсэн талаар мэдүүлсэн А.Дашдоржийн “...Энхтөрийнд очоод амрах гээд хэвтэж байтал Алтанхуяг утсаар залгаад Нямгэрэл нь Амартүвшингийн гарыг хугалчихлаа бариач аваад ирээч гэсэн. Тэгээд бид 2 босоод гадуур хувцсаа өмсөөд бариач Энхбаатарыг аваад Алтанхуягийнд очсон. Алтанхуягийнд яваад ороход Амартүвшин нь зүүн талын орны урд гараа унжуулсан орилоод сууж байсан...” гэсэн мэдүүлэг, Г.Алтанхуягийн гэрт очиж Ц.Амартүвшингийн гарыг үзэж чиг тавьж боож өгсөн талаар мэдүүлсэн гэрч Р.Энхбаатарын “...2020 оны 02 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед ...Алтанхуягийнд ороход Амартүвшин баруун гараа барьсан гэрийн зүүн талын орны урд орилоод сууж байсан. Тэгээд үзэхэд баруун гарын шуу хугарсан байсныг би чиг тавьж боож өгчихөөд Дашдоржоор гэрлүүгээ хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг, Ц.Амартүвшин Ургамал сумын эмнэлэг дээр авч очин үзүүлсэн талаар мэдүүлсэн гэрч Ц.Ариунбуянгийн мэдүүлгээр болон шүүгдэгч Б.Нямгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...Алтанхуягийнх руу орсон чинь Алтанхуяг намайг энэ Амартүвшинг аваад яв, манайх амармаар байна гэж хэлэхээр нь Амартүвшинг явъя гэтэл явахгүй гээд хэл амаар доромжлоод, хэрэлдээд байхаар нь явъя гээд татаж байгаад гар луу нь нэг өшиглөсөн. Тэгтэл Амартүвшин гараад бариад ёолоод байхаар нь Дашдорж руу утсаар яриад бариач аваад ир гэсэн. ...бариач барьж үзчихээд баруун гарынх нь шуу цуурсан байна гэж хэлээд чиг тавьж боож өгчихөөд явсан....” гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Нямгэрэлийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Амартүвшингийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 000000058 дугаартай “...1.Иргэн Ц.Амартүвшингийн биед баруун гарын шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3.Дээрх гэмтэл нь шинжлүүлэгчийн хэлж байгаа 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Б.Нямгэрэл нь хохирогчийн гар руу өшиглөсөн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Б.Нямгэрэл иргэн Ц.Амартүвшингийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч хохирогчид 1000000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч гэм буруутай этгээдээс эмчилгээний зардал, нөхөн төлбөр шаардах эрхтэй тул цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй. Хохирогч 169037 төгрөгийн шатахууны баримтыг хэрэгт хавсаргаж, мөн шүүх хуралдаанд шинээр 325038 төгрөгийн шатахууны баримт нийт 494075 төгрөгийн шатахуун авсан баримтыг гаргаж ирүүлжээ. Дээрх 494075 төгрөгийн шатахууныг хохирогч Ц.Амартүвшин эмчилгээтэй холбогдуулан зарцуулсан нь эсэх нь тодорхойгүй, мөн нэг өдөр 2 өөр үнийн дүн бүхий шатахуун авсан, баримтууд хоорондоо давхацсан байх тул шүүгдэгч дээрх зардлыг төлөх үндэсгүй. /2020.02.11-ний өдрийн 0948 цагт 72001 төгрөгийн, 2020.02.11-ний өдрийн 1649 цагт 47022 төгрөгийн шатахуун авсан, 2020.02.06-ны өдөр 70002 төгрөгийн шатахуун авсан баримтууд, эмийн баримтуудаас 7000 төгрөгийн Алтан гагнуурын ханд, 8400 төгрөгийн бинт авсан зардлууд давхацсан байна/ Иймд шүүгдэгчийг хохирогчийн эмчилгээнд гарсан бодит зардлуудыг нөхөн төлсөн гэж үзлээ. Шүүгдэгч Б.Нямгэрэлийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эмчилгээний зардалд 1000000 төгрөг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчээс гаргуулах хохирол байхгүй тус шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жанжинхүү овогт Бямбараашийн Нямгэрэлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Б.Нямгэрэлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Нямгэрэл нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 4. Шүүгдэгч Б.Нямгэрэлд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Шүүгдэгч Б.Нямгэрэлийн эзэмшлийн хүрэн морь 4 ширхэг, хээр морь 1 ширхэг, хүрэн алаг морь 2 ширхэг, нийт 7 морь битүүмжилсэн прокурорын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 05/12 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч хохирогчид 1000000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, хохирогч цаашид гарах эмчилгээний зардал, нөхөн төлбөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ