| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2017/00365/и |
| Дугаар | 392 |
| Огноо | 2017-10-26 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулж,
нэхэмжлэгч- *******-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- ******* холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, гэрч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие 2007 оноос ******* туслах багш хийж байгаад 2016 оны 11 дүгээр сараас 4-р цэцэрлэгт багшаар орсон. Ажиллаж байсан хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 2017 оны 06 дугаар сарын 2-ны өдрийн Б/22 тушаалын дагуу багшлах эрхгүй гэсэн шалтгаанаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэж өгнө үү. Ажлаас халагдсан гомдол гаргах хуулийн хугацааг өөрийн эрүүл мэндийн шалтгаанаас болж хэтрүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг сэргээж хуулийн дагуу эрх ашгаа хамгаалах, миний бие удамшлын үечилсэн саа гэсэн оноштой өвчтэй тул жилд 1-2 удаа эмчилгээ хийлгүүлдэг тул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2016 оны 11 сарын 04-ний өдрөөс 4-р цэцэрлэгт багшаар ажиллах болсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2017 оны 06 сарын 02-ны өдрийн Б/22 дугаартай тушаалаар багшлах эрхгүй, сахилгын шийтгэл хүлээсэн, эрүүл мэндийн хувьд ажиллах боломжгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа. *******-ийг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон бөгөөд уг заалт нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгах боломжгүй болсон гэж байгаа. Өмнөх цэцэрлэгийн эрхлэгч ******* гэдэг хүн 2016 оны 11 дүгээр сарын 14-нд ажилд томилсон тушаал гаргаад тухайн өдрөөс 6 сарын туршилтын хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж шинээр томилогдсон эрхлэгч ******* нь дахин хөдөлмөрийн гэрээ байгуулж, *******-ийн эрх зүйн байдлыг дордуулж хууль зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуульд туршилтын хугацааг 2 удаа заана гэсэн зохицуулалт байхгүй, өмнөх хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад дахин 2017 оны 01 сарын 23-нд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хууль зөрчиж байгаа. Мөн хэзээ байгуулсан талаар тодорхой бус, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг тааруулж ажлаас чөлөөлснийг хууль зөрчиж байна гэж үзэж *******-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан. *******-ийг ажлаас чөлөөлөхдөө сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтыг барьсан нь үүрэг хүлээлгэсэн заалт биш, эрх олгосон заалтыг үүрэг хүлээлгэсэн мэтээр хуулийг буруу хэрэглэж үндэслэл хэсгээ болгосон. Удаа дараа сахилгын хариуцлага алдсан гэж байгаа боловч хэргийн материалд 2017 оны 02 сарын 10-ны өдрийн А/03 гэсэн тушаал нотлох баримтаар байхгүй, удаа дараа сахилгын арга хэмжээ авагдсан гэж үзэхгүй байна. Мөн дахин сахилгын арга хэмжээ авч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.3-т сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж байгаа учраас хууль зөрчсөн гэж үзэж байна. Эрүүл мэндийн хувьд ажиллах боломжгүй гэдэг талаар эмнэлгийн хөдөлмөр магадлалын комиссоос албан ёсны тогтоол, шийдвэр гараагүй байхад байгууллагын зүгээс эрүүл мэндийн хувьд ажиллах боломжгүй гэж байгаа нь хуульд нийцэхгүй. *******-ийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хуулийг бүхэлд нь зөрчсөн байх магадлалтай тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 1 дүгээр сард уг ажлыг хүлээж аваад бүх багш ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээний загвар гаргаж өгөөд өөрсдөөр нь бөглүүлж гэрээ байгуулсан. Гэрээг шинэчлэн хийх болсон шалтгаан өмнө нь гэрээ хийсэн байсан хоёр талын нэг нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул автоматаар би өөрийн хүлээсэн эрх, үүргийнхээ дагуу ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ үед ******* багш тухайн цэцэрлэгт багшаар ажилд орсон ажиллах хугацаа нь 6 сарын хугацаатай байсан. Дотоод журманд зааснаар туршилтын хугацаанд ажиллаж байгаа багшийг шаардлагатай гэж үзвэл тухайн хугацааг сунгаж ажиллуулж болно гэсэн байдаг. Тийм учраас би дахиад туршилтын хугацааг сунгаж ажиллуулж үзье гэсэн байдлаар гэрээг дахин шинэчлэн хийсэн.
******* нь туршилтын хугацаанд багшаар ажиллахдаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 2.6 дахь заалтыг зөрчиж багшаар ажиллах эрхгүй байсан, Цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн материалыг бүрдүүлээд мэргэжлийн хяналтын газарт явуулдаг. Монгол Улсын боловсрол шинжлэх ухааны яамны сайдын 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалаар багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын дагуу багш мэргэжлээр шинээр төгсөгч боловсролын байгууллагад 1 жилийн хугацаанд ажиллах эрхийг ажиллаад багшлах эрх олгох шалгалтанд ******* багш 2 удаа орсон. Уг нь ажилд орохдоо шалгалтанд ороод тэнцсэн байгаад ажилд орох ёстой. Тэгээд ажилд орсны дараа болсон шалтгалтанд 2 удаа ороод тэнцээгүй. Тусгай зөвшөөрөл авахад танайд багшлах эрхгүй нэг багш байна гэсэн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт ирсэн.
******* удаа дараа ажлын хариуцлага алдаж тушаалаар арга хэмжээ авахуулж байсан. Энэ багшийн тухайд эрүүл мэндийн хувьд хүүхэдтэй ажиллахад хүндрэлтэй, эцэг, эхээс маш их гомдол ирдэг үечилсэн саа өвчтэй гэнэт байж байгаад бөгсөн бие нь мэдээгүй болдог, хүүхдүүд дотроо ******* багш цээжээрээ мөлхөөд яваад байна гээд хоёр ч удаа ажилчидаараа үүрүүлж эмнэлэгт хүргэж өгч байсан. Өөрөө хөдөлгөөний хязгаарлагдмал байдалд орчихоороо бага насны хүүхдийг асарч хамгаалахад хэцүү байдалтай байсан. Мөн ******* багш сонсгол муутай хоёр хүүхэд хоорондоо муудалцаад нэгнээ хазах тохиолдолд сонсдоггүй эцэг эхээс гомдол ирээд хүүхдүүдээ аваад тухайн ангийн хүүхдийн тоо 10, 11 болж буурч байсан. Эцэг эхчүүдээс нь гуйж сайн туслах багш өгсөн, шинэ төгсөж ирсэн хүн өвчтэй та бүхэн туслаад өг гэж гуйж байсан. Хүүхдүүдэд хүрч ажиллаж чаддаггүй, өөрөө саажилтанд орчихдог. Анги хамт олон дотор нь уралдаан тэмцээн явуулахаар зохион байгуулах, нээлттэй ажил явуулах болохоор цочиролд ороод бас мэдээгүй болчихдог. Ийм нөхцөлд бага насны хүүхэдтэй ажиллахад хүнд байна хөнгөн ажил хийх үү гэж бүх багш нараа сууж байхад хэлэхэд үгүй гээд өөрөө зөвшөөрөөгүй. Намар хүүхэд бүртгэхэд *******багшийг чинь ирэх юм бол манайх хүүхдээ өөр цэцэрлэгт шилжүүлнэ гэсэн байдлаар эцэг эх надтай хавар уулзсан.
*******багш тушаал гардаж авснаас хойш шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан. Энэ хугацаанд эмчилгээнд явсан гэх боловч 6 сард ажил хүлээлцсэн, өөрийн эд зүйлсээ цэцэрлэг дээрээс ирж авах үедээ шүүхэд хандах боломж байсан. 8 сард багшлах эрхийн шалгалтанд орж тэнцсэний дараа би тэнцчихлээ одоо шүүхэд гомдол гаргана гээд явж байна гэж сонссон. Ийм байдлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн. Энэ хүн одоо Хан-Уул дүүргийн 270 дугаар цэцэрлэгт багшлаж байгаа учраас намраас хойш аймагт ирээгүй байгаа. Өглөө болгон хүүхдүүдээ тайвшруулж чадахгүй байхаар нь би тусалдаг, сонсгол муу болохоор хүний хэлсэн зүйлийг сайн хүлээж авдаггүй, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно эрүүл мэндийн шалтгаанаар гэж эрхээ сэргээлгэх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Говь-Алтай аймгийн******* холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаарджээ /хх-1/.
Нэхэмжлэгч удамшлын үечилсан саа өвчтэй, жилд 1-2 удаа эмчилгээ хийлгэдэг учир Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчүүлсэн, шүүхэд гомдол гаргах хугацааг эрүүл мэндийн шалтгааны улмаас хэтрүүлсэн тул сэргээж өгнө үү гэх хүсэлтийг гаргажээ /хх-2/.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/22 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.8 гэсэн заалтуудыг үндэслэн багш ажилтай *******-ийг ажлаас чөлөөлсөн байна /хх-6/.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 4-р цэцэрлэгт багшаар ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. *******-ийг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон. Өмнөх цэцэрлэгийн эрхлэгч 2016 оны 11 дүгээр сарын 14-нд 6 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхад хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж шинээр томилогдсон эрхлэгч дахин хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуульд туршилтын хугацааг 2 удаа заана гэсэн зохицуулалт байхгүй. *******-ийг ажлаас чөлөөлөхдөө сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтыг барьсан нь үүрэг хүлээлгэсэн заалт биш, эрх олгосон заалтыг үүрэг хүлээлгэсэн мэтээр хуулийг буруу хэрэглэж үндэслэл хэсгээ болгосон. Удаа дараа сахилгын хариуцлага алдсан гэж байгаа боловч хэргийн материалд нотлох баримт байхгүй. Мөн дахин сахилгын арга хэмжээ авч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.3-т сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж байгаа учраас хууль зөрчсөн гэж үзэж байна. Эрүүл мэндийн хувьд ажиллах боломжгүй гэдэг талаар эмнэлгийн хөдөлмөр магадлалын комиссоос албан ёсны тогтоол, шийдвэр гараагүй байхад байгууллагын зүгээс эрүүл мэндийн хувьд ажиллах боломжгүй гэж байгаа нь хуульд нийцэхгүй тул *******-ийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хуулийг бүхэлд нь зөрчсөн байх магадлалтай гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан /хх-шүүх хуралдааны тэмдэглэл/.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэгч ******* багшаар ажиллах эрхгүй, багшлах эрх олгох шалгалтанд 2 удаа ороод тэнцээгүй, удаа дараа ажлын хариуцлага алдаж тушаалаар арга хэмжээ авахуулсан, эрүүл мэндийн хувьд хүүхэдтэй ажиллахад хүндрэлтэй, үечилсэн саа өвчтэй, гэнэт байж байгаад бөгсөн бие нь мэдээгүй болдог, хүүхдүүд дотроо цээжээрээ мөлхөж явдаг, хөдөлгөөний хязгаарлагдмал байдалд ордог, сонсгол муутай тул бага насны хүүхэдтэй ажиллахад хүндрэлтэй энэ байдлаас болж эцэг эхээс байнга гомдол ирж тухайн ангийн хүүхдийн тоо 10, 11 болж буурсан. 2017 оны 1 дүгээр сард уг ажлыг хүлээж аваад хөдөлмөрийн гэрээ хийсэн хоёр талын нэг нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул автоматаар би өөрийн хүлээсэн эрх, үүргийнхээ дагуу ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулсан. Ингэж гэрээг шинэчлэн хийхэд ******* багш тухайн цэцэрлэгт 6 сарын хугацаатай ажиллаж байсан тул тэр хугацаагаар гэрээ байгуулсан. ******* багш тушаал гардаж авснаас хойш шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан. Энэ хугацаанд эмчилгээнд явсан гэх боловч 6 сард ажил хүлээлцсэн, өөрийн эд зүйлсээ цэцэрлэг дээрээс ирж авах үедээ шүүхэд хандах боломж байсан. 8 сард багшлах эрхийн шалгалтанд орж тэнцсэний дараа би тэнцчихлээ одоо шүүхэд гомдол гаргана гээд явж байна гэж сонссон. Ийм байдлаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг дууссан хойно эрүүл мэндийн шалтгаанаар гэж эрхээ сэргээлгэх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан /хх-29, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл болохоор заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “...шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар, туршилтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна...” гэж заасан. Өөрөөр хэлбэл ажилтан, ажил олгогч нар тохиролцооны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээний хугацааг тохиролцож болохоор, ажил олгогч нь ажилтантай туршилтын 6 сар хүртэлх хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд ямар ажлын байранд, хэдий хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулж болохыг тухайн байгууллагын дотоод журамд тусгасан тохиолдолд уг заалтыг хэрэглэх бөгөөд байгууллагын хамт олны 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцэн баталсан дотоод журмын 8.7-д “...шинээр ажилд орсон ажилтантай туршилтын 6 сар хүртэлх хугацаатай гэрээ байгуулан ажиллуулах ба шаардагатай гэж үзвэл цаашид тодорхой хугацаа тогтоон гэрээ байгуулж, хариуцлаггүй, чадваргүй ажилласан тохиолдолд тухайн ажлын байрыг дахин зарлана...” гэж заасан байна /хх-58/.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын цэцэрлэгт ажилд ороод 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөн туршилтын 6 сарын хугацаатай тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулсан, уг гэрээнд зурагдсан гарын үсгийн талаар нэхэмжлэгч маргаагүй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх цэцэрлэгийн эрхлэгчтэй 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхад шинээр томилогдсон эрхлэгч нь дахин хөдөлмөрийн гэрээ байгуулж, *******-ийн эрх зүйн байдлыг дордуулсан, өмнөх хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад дахин гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж маргаж байх боловч ажилтан ажил олгогчийн шахалт, шаардлага зүй бус нөлөлөл зэрэг хөндлөнгийн оролцоотойгоор уг гэрээнд гарын үсэг зурсан болохоо баримтаар нотлоогүйн бөгөөд хариуцагч тал хоёр хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй болно /хх-48-50, 52-54/.
Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааралтай тул ажил олгогчийн тушаалын үндэслэл хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл заалтад нийцсэн эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд нэхэмжлэгч ******* байнгын ажлын байранд хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй, нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Тиймээс нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хууль бус болохыг тогтоолгох зэрэг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно /хх-1/.
******* нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын цэцэрлэгт 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан багшаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн төрийн банкинд гэж хаяглагдсан Говь-Алтай аймгийн ******* тодорхойлолт, 1101014 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/17 дугаартай хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын цэцэрлэгийн хөдөлмөрийн дотоод журам, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/22 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаал, хариуцагчийн тайлбараар тус тус тогтоогдсон /хх-8, 12-13, 35,36,48-50, 52-54, 55-66, 29, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Хариуцагч Говь-Алтай аймгийн ******* эрхлэгчийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/22 тоот тушаалд нэхэмжлэгч *******-ийг багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулдаг багшаар ажиллах эрхийн шалгалтад 2016 оны 08 дугаар сар, 2017 оны 03 дугаар сард тус тус орсон боловч тэнцээгүй нь Сургуулийн өмнөх Боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар “Багш нь багшлах эрхтэй байна” гэсэн заалттай нийцэхгүй, мөн туршилтаар ажиллах хугацаандаа удаа дараа ажлын хариуцлага алдаж 2017 оны 02 дугаар сарын 10-ны А/03, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/17 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн хүүхэдтэй ажиллахад эрүүл мэндийн хувьд боломжгүй байгаа зэргийг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.8-д заасныг үндэслэсэн байна /хх-6/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасан бөгөөд ******* нь шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл ******* ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлээ 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гомдлоо гаргаагүй байна /хх-1 ар тал/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “...хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно...” гэж заасан боловч нэхэмжлэгч нь “...удамшлын үечилсэн саа өвчтэй тул жилд 1-2 удаа эмчилгээ хийлгүүлдэг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг сэргээж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасан /хх-2/.
Уг хүсэлттэй холбогдуулан гаргасан “эмнэлэгт өвчтөн илгээх хуудсанд” ******* гээд шилжүүлж буй эмнэлэгт хийгдсэн эмчилгээний үр дүн, өвчтөний биеийн байдал гэсэн хэсэгт харьяалалын дагуу УКТЭ-т илгээв гэх бичилт хийгдэж, Баянзүрх нэгдсэн эмнэлэг гэсэн тэмдэг дарагдсан, 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн огноотой байх боловч 06 гэсэн тоог засварласан,
Баянзүрх эмнэлэг ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдийн 02/87 дугаартай албан бичигт амбулатори болон хэвтэн эмчлүүлсэн тухай гээд ******* 39 настай, эмэгтэй, Говь-Алтай аймгийн харьяат, 2017 оны 06 дугаар сарын 12-оос 14 хоног тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн /картанд тэмдэглэгдсэн болно/ цаашид үргэлжлүүлэн 2017 оны 06 дугаар сарын 26-аас 21 хоног амбулаторийн кабинетаар ардын болон зүү эмчилгээг хийлгэсэн болохыг тодорхойлов гээд ерөнхий захирал гарын үсэг зурж, Баянзүрх эмнэлэг ХХК гэсэн тамга дарагдсан байна /хх-3-4/.
Нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтээ нотлохоор гаргасан дээрх хоёр баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “эмнэлэгт өвчтөн илгээх хуудсаар” харьяалалын дагуу УКТЭ-т илгээсэн байх бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 26-аас 21 хоног амбулаторийн кабинетаар ардын болон зүү эмчилгээг хийлгэсэн болохыг тодорхойлсон байна /хх-4/.
Нэхэмжлэгч *******-ийн эмчилгээ хийлгэсэн 21 хоногийн хугацааг календарын хоногоор тооцоход 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөр дуусаж байх бөгөөд үүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ******* өөрөө ирж нэхэмжлэл гаргасан, биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хөдөө хол замд явах боломжгүй байсан талаар шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхэд хүрэлцэн ирээгүй, 2017 оны 09 дүгээр сарын 12, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрүүдэд мэдэгдэх хуудас, 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хурлын тов мэдэгдэх бүрт 99900207 дугаарын утсаар холбогдоход Улаанбаатар хотод байгаа талаараа, 99482000 дугаар утсаар аавтай нь холбогдож шүүх хуралдааны товыг тус тус мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч өөрийгөө төлөөлх эрхийг Б.А-д олгосон 38 дугаартай Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нотариатчийн гэрчилсэн итгэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн байна /хх-28, 30, 38, 40/.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан ******* хөдөө хол замд явах боломжгүй гэх тайлбар баримтаар нотлогдоогүйн зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зйүлийн 32.1-д зааснаар иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцох эрхтэй учраас өөрийгөө төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах, ...анхан шатны шүүх хуралд оролцох ...бүрэн эрхийг 3 жилийн хугацаагаар итгэмжлэгдэгчид олгосон байна /хх-40/.
Түүнчлэн хариуцагч байгууллагын төлөөлөгчийн ******* 6 дугаар сард ажлаа хүлээлцэхдээ дутуу хүлээлцсэн зүйлсээ авчирч өгөөд өөрийн эд зүйлсээ авсан, 8 дугаар сард багшлах эрхийн шалгалтанд ороод тэнцсэн, одоо шүүхэд гомдол гаргана гээд явж байсан гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үгүйсгэж, маргаагүй болно /хх-шүүх хуралдааны тэмдэглэл/.
Нэхэмжлэгч *******-ийг ажилд томилсон Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******* цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/53 дугаартай тушаал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй боловч хариуцагч тал нэхэмжлэгчийг ажилд томилогдсон байдалд маргаагүй, хариуцагч байгууллагын хамт олны 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 30 минутад эхэлсэн хамт олны хурал дээр нэхэмжлэгч С.Ш-ийг ажлаас чөлөөлсөн талаар танилцуулсан болох нь хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна /хх-7, 36/.
Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч *******-ийн хүндэтгэн үзэх шалтгаантай байдал тогтоогдохгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд гомдлоо гаргасан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон, тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ажлаас халагдсан тушаалыг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гардан авсан атлаа шүүхэд гомдол гаргахад хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохоо баримтаар нотлоогүйн зэрэгцээ, эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлсэн болох нь Баянзүрх эмнэлгийн 2017 оны 02/87 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг дахин тайлбарлан өгч, шинээр гаргах хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг талуудаас тодруулахад нэхэмжлэгч тал байхгүй гэсэн тайлбар өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч *******-ийг ажлаас чөлөөлсөн тушаал 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гарсан бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгч тус цэцэрлэгт ажиллаагүй болохыг талууд тайлбарлаж, нэхэмжлэгч маргаагүй боловч *******-ийн 1101014 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн 4 дүгээр хуудсанд 2017 оны 6, 7 дугаар сарын бичилт хийгдсэн байгааг хариуцагч байгууллагын төлөөлөгч ээлжийн амралтын 48 хоногийн олговор хоёр хуваагдаж бичилт хийгддэг талаар тайлбарласныг нэхэмжлэгч тал үгүйсгэж маргаагүй болохыг дурдах нь зүйтэй /хх-13/.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан хэргийн 9-11 дүгээр хуудсанд авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой хөдөлмөрийн гэрээ, 14-17 дугаар хуудсанд авагдсан депозит дансны харилцагчийн хуулга зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байгууллагын дотоод журам, ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, цалингийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийн тухайд хариуцагч байгууллагаас хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам зэргийг нотлох баримтаар гаргасан, Төрийн банкны Говь-Алтай салбарт хаяглагдсан цалингийн тодорхойлолтыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсарган шүүхэд гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргуулахыг хүссэн баримтууд ирсэн байна, өөр хүсэлт байхгүй талаараа шүүх хуралдаан дээр тайлбарласан болно /шүүх хуралдааны тэмдэглэл/.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр Есөнбулаг сумын 4 дүгээр цэцэрлэгийн арга зүйч *******, эцэг эхийн төлөөлөл гэх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч ******* нэхэмжлэгч *******-ийг ажлаа хангалтгүй хийдэг, арга зүйн хурлаар хэлэлцэж байсан талаар, гэрч *******, ******* нар нь хүүхдэд анхаарал тавьдаггүй, энэ багшийн ангид орсноос хойш цэцэрлэгт явах дүргүй болсон, туслах багш нь ихэвчлэн хүүхдүүдтэй харьцдаг талаар тус тус мэдүүлсэн болно /хх-шүүх хуралдааны тэмдэглэл/.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн ******* овогт*******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ